Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2023/00027

 

“БД” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч М.Батсуурь, П.Соёл-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дүгээр сарын 15-ны өдрийн 143/ШШ2020/00552 дугаар шийдвэр,

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 203/МА2022/00037 дугаар магадлалтай,

“БД” ХК-ийн нэхэмжлэлтэй,

БШд холбогдох,

Даатгалын нөхөн төлбөрт төлсөн 9,592,951 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Иын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.И, нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “БД” ХК нь хариуцагч БШд холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт төлсөн 9,592,951 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2.Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дүгээр сарын 15-ны өдрийн 143/ШШ2020/00552 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “БД” ХК-ийн хариуцагч БШгаас 9,592,951 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “БД” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168,437 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3.Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 203/МА2022/00037 дугаар магадлалаар: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Иын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 143/ШШ2020/00552 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...431 дүгээр зүйлийн 431.1...” гэснийг “...123 дугаар зүйлийн 123.1, 123.2, 451 дүгээр зүйлийн 451.1...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 168,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.И хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэг, 172.2.3 дахь хэсгийг үндэслэн давж заалдах шатны шүүхийн магадлал болон анхан шатны шүүхийн шийдвэрийг тус тус хүчингүй болгуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах тухай.

Гомдлын үндэслэл:

4.1.Шийдвэр, магадлал утга агуулгын илэрхий алдаатай бөгөөд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байхад хэвээр үлдээж шийдвэрлэсэн тухайд;

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Зохигч талуудын хооронд банк, эрх бүхий этгээдтэй байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээнээс үүдэлтэй шаардах эрхийг шилжүүлсэнтэй холбоотой зээл болон барьцааны гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, гэрээ хуулийн шаардлага хангасан талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн холбогдох зохицуулалттай нийцсэн. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2018.02.02-ны өдрийн зээлийн гэрээнд хариуцагч БШ хамтран зээлдэгчээр оролцож, зээлдэгчийн үүргийг хүлээж, гэрээнд гарын үсэг зурсан байдаг.

Магадлалын хянавал хэсгийн 1-д “Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэх давж заалдах гомдол үндэстэй боловч энэ нь нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл болохгүй. Харин хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах үндэслэл болж байна гэж үзэв.” гэж дүгнэсэн нь илэрхий утга агуулгын алдаатай, ойлгомжгүй дүгнэлт болсон. Хэрвээ шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тохиолдолд хүчингүй болгож шийдвэрлэх байтал шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан гомдол гаргах үндэслэлийг хангаж байна.

4.2.Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хуулийг тайлбарлаж хэрэглэхдээ Улсын дээд шүүхийн хуулийг тайлбарлаж хэрэглэсэн тогтоолоос илт зөрүүтэй, өөрөөр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд;

Магадлалын хянавал хэсгийн 12-т “Зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсон нь тогтоогдсон тохиолдолд хамтран хариуцагч гэх БШ нь зээлийн гэрээний үүргийг хариуцах үүрэгтэй гэж үзэх тул анхан шатны шүүхийн “...цалин авдаггүй БШ нь цалингийн зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр тусгагдсанаа мэдэж, ойлгосон байдал нь зээлдэгч А.Бийн гэрээний үүргийг шаардах...” үндэслэл болохгүй, мөн “зээлийн гэрээ нь зээлдэгч А.Бийн хувийн байдалтай салшгүй холбоотой...” гэх агуулгаар хийсэн дүгнэлт нь үндэслэл муутай боловч банк нь өөрөө хамтран үүрэг гүйцэтгэгч БШгаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхээ хэрэгжүүлэхээс татгалзсан гэх үндэслэл тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Зээлийн гэрээнд хариуцагч БШ нь хамтран зээлдэгчээр оролцож, зээлдэгчийн үүргийг хүлээж, гэрээнд гарын үсэг зурсан байна. Талуудын хооронд байгуулсан гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч БШ нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж заасан байх тул хариуцагч БШ зээлийн гэрээнд заасан эрх үүргээ бүрэн ойлгож, хүлээн зөвшөөрч гэрээг байгуулсан үйлдэл нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт тус тус зааснаар түүний хүсэл зоригийн үндсэн дээр гэрээ байгуулагдсан, үүрэг үүссэн байх тул хууль, гэрээнд зааснаар үүрэг гүйцэтгэгчийн хүлээх үүргийг хүлээнэ. Иймээс зээлдэгч БШ зээлийн гэрээний үүргийг А.Бтэй хамтран хариуцахаар гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон тул тэрээр зээлийн үүргийг хамтран хариуцах этгээд мөн гэж үзнэ.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан “хамтран үүрэг гүйцэтгэгч” гэснийг зээлийн гэрээний хувьд “хамтран зээлдэгч” гэж ойлгох ба талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний агуулга, нөхцөлөөс үзвэл зээлдэгч нарын хэн аль нь зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчийн өмнө үүрэг гүйцэтгэх, нэхэмжлэгч нь зээлдэгч нарын хэн алинаас нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах боломжтой. Үүний зэрэгцээ Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7-д “Зээлийн гэрээнд зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа этгээдийг хамтран зээлдэгч гэнэ.”, 20.8.-д “Зээлийн гэрээнд зааснаар гэрээний үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээх үүрэг бүхий этгээдийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэнэ.” гэж заасан байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7 дахь хэсэг, 20.8 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагчийг хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хамтран зээлдэгч гэж үзнэ.

Зээлийн гэрээнд хариуцагч БШ өөрийн гэр бүлийн хүнтэй хамтран үүрэг хүлээхээр хамтран зээлдэгчээр оролцож, өрхийн хэрэглээндээ ашиглахаар зээл авахыг хүсч, хүсэл зоригоо илэрхийлэн гэрээнд гарын үсэг зурсан нөхцөл байдлыг анхан болон давж заалдах шатны шүүх үнэлээгүй байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 167 дугаар зүйлийн 167.1.4-т нийцээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

Үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой байх хуульд заасан урьдчилсан нөхцөлийг шүүх тайлбарлахдаа зөвхөн үндсэн зээлдэгч нь цалин авч, тус цалингаа барьцаалж зээл авсан гэх байдалд тулгуурласнаас үүрэг гүйцэтгэхэд зээлдэгчийн ямар хувийн байдал салшгүй холбоотой, үүргийг биечлэн гүйцэтгэх ямар үндэслэл байгаа, зээлдэгч нас барсан бол үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй ямар нөхцөл үүссэн, хамтран үүрэг гүйцэтгэгчийг хэрхэн үзэх зэрэг эрх зүйн асуудалд хийвэл зохих дүгнэлтийг анхан болон давж заалдах шатны шүүхээс хийгээгүй.

4.3.Нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тухайд;

Магадлалын хянавал хэсгийн 12-т “Хариуцагч БШ нь “...март, цэргийн баярын дунд үеэр юмдаг, хугацааг сайн санахгүй байна”, “...захирал н.М, зээлийн эдийн засагч н.Ж нартай уулзахад” “...танай нөхрийн зээлийг хаалаа гэж хэлсэн. Ингээд би зээлийн гэрээ дуусгавар болсон...” гэх тайлбарыг 2020.08.14-ний өдөр шүүхэд гаргасан байх уг тайлбарыг нэхэмжлэгч талаас эсэргүүцэж, нотлох баримтыг ирүүлээгүй байна гэжээ.” дүгнэсэн хэт нэг талыг барьсан, эргэлзээтэй дүгнэлт болсон.

Давж заалдах шатны шүүхээс хариуцагч БШгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлсэн тайлбарыг үндэслэл болгож, Банк нь шаардах эрхээ хэрэгжүүлэхээс татгалзсан байна гэж дүгнэж байгаа нь давж заалдах шатны шүүх үйл баримтыг үндэслэл бүхий тодорхойлж, зохигчийн хооронд үүссэн харилцаанд үндэслэн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж, дүгнээгүй гэх үндэслэлийг бий болгосон.

Хэргийн үйл баримтаас үзвэл үндсэн зээлдэгч А.Б нь нас барснаар Иргэний хуулийн 240.1.2-т заасан үүрэг гүйцэтгэгчийн үүрэг дуусгавар болсон гэх боловч хамтран үүрэг гүйцэтгэгч БШгийн үүрэг дуусгавар болоогүй. Өөрөөр хэлбэл Банктай байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгч нь хоёр субъект байсан. Шүүхээс үүрэг дуусгавар болсон гэж үзсэн бол хоёр субъектэд тус бүрд нь үүрэг дуусгавар болсныг дүгнэх шаардлагатай. Үүрэг гүйцэтгэгч БШгийн хувьд энэ тохиолдолд үүрэг дуусгавар болоогүй, мөн БШгийн үүрэг дуусгавар болсныг дүгнэхгүйгээр А.Бийн үүрэг дуусгавар болсон тул харин хамтран үүрэг гүйцэтгэгч БШгаас шаардах эрхээ банк хэрэгжүүлээгүй тул хамтран үүрэг гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлж, буруу дүгнэсэн.

Зээлдэгч А.Б нь цалингаа барьцаалж, зээл авсан нь үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой байх хуульд заасан урьдчилсан нөхцөлд хамаарахгүй, үүрэг гүйцэтгэх нь зээлдэгчийн хувийн байдалтай холбоогүй, үүргийг биечлэн гүйцэтгэх шаардлагагүй, зээлдэгч нас барсан нь үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй нөхцөл байдлыг үүсгээгүй, хамтран үүрэг гүйцэтгэгч зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь төлөх үүрэг хүлээж байгаа болно.

Мөн шүүхээс цалингийн зээлийн цалинг барьцааны зүйл гэж үзсэн атлаа үндсэн үүрэг буюу зээлийн үүргийг дуусгавар болно гэж үзсэн нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэг, 153 дугаар зүйлийн 153.4 дэх хэсэгт заасан хэм хэмжээг зөрчсөн. Барьцааны эрх нь үндсэн шаардлага буюу зээлийн гэрээнд хамаардаг, зээлийн гэрээгүйгээр бие даан хэрэгждэггүй салгаж үл болох эрх бөгөөд барьцааны зүйл үгүй болсноор барьцаа дуусгавар болохоос үндсэн үүрэгт нөлөөлөхгүй.

4.4.Эцэст нь нэгтгэн дүгнэвэл анхан болон давж заалдах шатны шүүх үйл баримтыг үндэслэл бүхий тодорхойлж, зохигчийн хооронд үүссэн харилцаанд үндэслэн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж, дүгнээгүй, хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн. Улсын дээд шүүхийн хамтран зээлдэгч нас барсантай холбоотой нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг шийдвэрлэсэн тогтоолоос илт зөрүүтэй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зэрэг үндэслэлүүдийг хангаж байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Иын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.01.10-ны өдрийн 001/ШХТ2023/00059 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зөв гэж үзлээ.

7.Нэхэмжлэгч “БД” ХК нь хариуцагч БШд холбогдуулан 9,592,951 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ ““КБ” ХХК-тай “зээлийн эрсдэлийн талаар хамтран ажиллах гэрээ байгуулж тус банкнаас цалин барьцаалж олгож буй зээлийн эрсдэлийг даатгалд хамруулж, даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд нөхөн төлбөр олгож ирсэн. БШ, А.Б нар тус банкнаас хамтран зээл авсан боловч А.Б нь 2019.02.12-ны өдөр нас барж зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөж даатгалын тохиолдол бий болсон, банкны шаардлагаар 2019.03.13-ны өдөр зээлийн үлдэгдэл 9,710,913 төгрөгийг төлсөн, харин БШ зээлээс 117,962 төгрөг төлсөн гэж банк уг мөнгийг манай компанид буцаан төлсөн. Иймээс хамтран зээлдэгч БШгаас мөнгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “нөхөр А.Б цалингаа барьцаалж зээл авсан, нөхрийг нас барсны дараа банкнаас дуудаад тухайн үеийн захирал, эдийн засагч нар танай ар гэрийн байдлыг харж үзээд зээлийг хаалаа гэж хэлсэн, зээлийн гэрээ дуусгавар болсон гэж ойлгосон, цалингийн зээлд цалин авдаггүй намайг хамтран зээлдэгчээр оролцуулж гарын үсэг зуруулсан, дуртай үедээ ийм байдлаар өр төлбөр шаардаж болохгүй” гэжээ.

8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд дүгнэлтээ “...А.Б, БШ нар “КБ” ХХК-аас 12,000,000 төгрөгийн зээл авч, А.Бийн цалингийн орлогоос сар бүр эргэн төлөлт хийх нөхцөлөөр тохирсон, зээлийн харилцаа үүсэх үндэслэл, гэрээний нөхцөл, зээл олгох, төлөх үндэслэл нь А.Бийн цалин орлогоос хамаарч байх тул түүний хувийн байдалтай салшгүй холбоотой, тэрээр нас барснаар Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар зээлийн үүрэг дуусгавар болно, ...цалин авдаггүй БШ гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр тусгагдсанаа мэдэж, ойлгосон нь түүнээс зээлийн гэрээний үүрэг шаардах боломжгүй, иймээс нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй” гэжээ.

Давж заалдах шатны шүүх “анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт буруу, гэвч “КБ” ХХК болон “БД” ХК-ийн хооронд 2019.03.20-ны өдөр даатгалын хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, зээлдэгч А.Б уг гэрээ байгуулагдахаас өмнө буюу 2019.02.12-ны өдөр нас барсан, иймээс дээрх даатгалын гэрээнд хамааруулах боломжгүй, нөгөө талаар “КБ” ХХК болон “БД” ХК-ийн хооронд 2020.06.10-ны өдөр байгуулагдсан “зээлийн өр төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэх гэрээ”-нд цалингийн зээлийн болон барьцааны гэрээний үүргийг БШгаас шаардах эрхийг банк даатгалын компанид шилжүүлсэн агуулга тусгагдсан, уг гэрээний дагуу нэхэмжлэгч шаардлагаа мөн тодорхойлсон боловч А.Б нас барснаас хойш БШ 2 сарын зээлийг төлсөн атал даатгалын компани даатгалын тохиолдолд бий болсон гэж банкинд нөхөн төлбөр төлсөн буюу үүрэг зөрчигдөөгүй байхад тухайн мөнгийг шаардан авснаар зээлийн хамтран зээлдэгч БШгаас зээлийн үүргийг шаардах эрхээс татгалзсан гэж үзнэ” гэх агуулгаар дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдлийг хэвээр үлдээсэн байна.

9.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх маргааны үйл баримт, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож, зайлшгүй хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг бүрэн хийгээгүй, Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2, 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

10.Хэргийн баримт, зохигчийн тайлбараар А.Б 2018.02.02-ны өдөр “КБ” ХХК-аас өрхийн хэрэглээний зориулалтаар цалин болон гэр, бусад эд хогшлоо барьцаалж 12,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаагаар зээлж авсан, уг гэрээнд хамтран зээлдэгчээр БШ оролцсон болох нь зээлийн болон барьцааны гэрээгээр тогтоогдсон байна.

Зээлдэгч А.Б 2019.02.12-ны өдөр нас барсан бөгөөд энэ үйл явдлыг “КБ” ХХК нь “БД” ХК-тай байгуулсан “зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ”-нд заасан даатгалын тохиолдол үүссэн гэж үзэн зээлийн гэрээний дагуу 2019.02.19-ний өдрийн байдлаар төлбөл зохих нийт үлдэгдэл 9,710,913 төгрөгийн төлбөрийг “БД” ХК-аас шаардсаныг тус компани 2019.03.13-ны өдөр төлсөн байна.

Хожим тус хоёр компанийн хооронд 2020.06.10-ны өдөр “зээлийн өр төлбөрийг шаардах эрх шилжүүлэх гэрээ” байгуулагдсан, уг гэрээнд “КБ” ХХК нь БШгаас зээлийн үүргийг шаардах эрхээ “БД” ХК-д шилжүүлэх агуулга тусгагдсан, эдгээр үйл баримт тогтоогджээ.

11.Дээрхээс үзэхэд “КБ” ХХК болон А.Б, БШ нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасан хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, “КБ” ХХК болон “БД” ХК-ийн хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан даатгалын гэрээ болон 123 дугаар зүйлийн 123.1-д заасан шаардах эрх шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдсан гэж үзнэ.

12.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж, цалин барьцаалсан явдлыг зээлдэгч А.Бийн хувийн байдалтай салшгүй холбоотой гэж үзэн, түүний зээл төлөх үндсэн үүрэг дуусгавар болсон, улмаар энэ тохиолдол нь хамтран зээлдэгч БШгаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийг ч мөн адил дуусгавар болгоно гэх агуулгатай дүгнэлт хийсэн нь хуульд нийцээгүй байна. Үүргийн гүйцэтгэл нь үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой гэдэг нь дагалдах үүрэгт бус үндсэн үүрэгт хамааралтайн зэрэгцээ зээлийн үүргийн гүйцэтгэлийг түүний оролцоогүйгээр бусад байдлаар хангах боломжгүй гэж үзэх ойлголт бөгөөд ийм үндэслэл тогтоогдоогүй байна.

13.Давж заалдах шатны шүүх, 2019.03.20-ны өдрийн “зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ”-ний дагуу нэхэмжлэгч “БД” ХК нь “КБ” ХХК-д даатгалын нөхөн төлбөр хэлбэрээр А.Б, БШ нарын зээлийн үүргийг гүйцэтгэснээр өөрт учирсан хохирлыг, эсхүл тус хоёр компанийн хооронд 2020.06.10-ны өдөр байгуулагдсан “зээлийн өр төлбөрийг шаардах эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу аль ч үндэслэлээр БШгаас төлбөрийг шаардах эрх үүсэхгүй байгаа талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

14.Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т “хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ, 242.3-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасан байна.

А.Б, БШ нар гэр бүлийн хүмүүс байсан бөгөөд хамтын амьдралын явцад өрхийн хэрэглээг хангах зорилгоор зээл авч, нөхөр А.Бийн  цалин, мөн гэр, эд хогшлоо барьцаалсан, зээлийн гэрээнд БШ оролцож гарын үсгээ зурсан байх тул тэдгээрийг хамтран зээлдэгч гэж үзэх нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д нийцнэ, иймээс мөн зүйлийн 242.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч банк БШгаас үүргийг бүхэлд нь шаардах эрхтэй байжээ.

15.Нэхэмжлэлийн үндэслэл болгож буй 2019.03.20-ны өдрийн “зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ” байгуулагдахаас өмнө буюу 2019.02.12-ны өдөр зээлдэгч А.Б нас барсан болох нь тогтоогдсон боловч тухайн хоёр компанийн хооронд байгуулагдсан дээрх гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөр төлөгджээ. Гэвч, “БД” ХК нь “КБ” ХХК-д даатгалын нөхөн төлбөр төлсөн нөхцөл байдал нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй байна.

15.1.“КБ” ХХК болон “БД” ХК-ийн хооронд байгуулагдсан “зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ”-ний 4.5.1-д зээлдэгч нас барсан нь даатгалын эрсдэлд хамаарахыг заасан бөгөөд зээлдэгч А.Б нас барсан боловч тухайн зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Тухайлбал, хэргийн баримтад авагдсан зээлийн гэрээ, зээл төлөлтийн дансны мэдээллээс үзэхэд зээлдэгч нар төлбөрийг сар бүр төлөх үүргийг хүлээж, төлбөрийг цаг хугацаанд нь төлж байсан, А.Бийг нас барсны дараа хамтран зээлдэгч БШ 2 удаа зээлийн төлбөрийг төлжээ.

15.2.Нөгөө талаар, “КБ” ХХК нь зээлдэгч А.Б нас барсантай холбоотой “БД” ХК-тай байгуулсан “зээлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ”-ний дагуу даатгалын тохиолдол бий болсон гэж үзэн зээлийн төлвөл зохих үлдэгдэл төлбөрийн нийт хэмжээгээр тус компаниас даатгалын нөхөн төлбөр шаардаж, улмаар зээлийн гэрээг дуусгавар болгох, эсхүл зээлийн гэрээг үргэлжлүүлэн хамтран зээлдэгч БШгаар зээлийг төлүүлэх, үүрэг зөрчигдсөн бол зээлийн ба барьцааны гэрээний дагуу үүргийг шаардах эрхийн аль нэгийг сонгох боломжтой байсан хэдий ч даатгалын нөхөн төлбөрийг “БД” ХК-аас авч, улмаар зээлдэгч нарт холбогдох зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгосон байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 158 дугаар зүйлийн 158.1-д заасан зээлийн гэрээний үүрэг болон барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах БШтай холбоотой шаардлага гаргах эрхээсээ татгалзсан гэж үзнэ.

16.Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан “хууль гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрх шилжүүлж болно” гэж заажээ.

Шаардах эрх эзэмшигч нь шаардах эрх хэвээр, хүчинтэй байгаа тохиолдолд тухайн эрхээ бусдад шилжүүлж болох ба дээр дурдсанаар “КБ” ХХК нь зээлдэгч А.Бийн нас барсантай холбоотойгоор зээлийн гэрээний үүргийг 2019.03.13-ны өдөр даатгалын нөхөн төлбөр хэлбэрээр бүхэлд нь авсан, хамтран зээлдэгч БШгаас зээлийн төлбөрийг шаардах эрхгүй болсон атлаа, 2020.06.10-ны өдөр “зээлийн өр төлбөр шаардах эрх шилжүүлэх гэрээ”-г “БД” ХК-тай байгуулсан байх тул уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас мөнгийг шаардах эрх үүсэхгүй байна.

17.Түүнчлэн Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасан “даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ” гэсэн зохицуулалтаар “БД” ХК нь БШгаас төлбөрийг шаардах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, БШгийн үйлдэлтэй холбоотой зээлийн төлбөр төлөгдөхгүй байх эрсдэл үүсэж даатгалын тохиолдол бий болоогүй байх тул түүнээс даатгалын эрх зүйн харилцаанаас үүсэх үр дагаврын дагуу мөнгийг шаардах үндэслэлгүй болно.

18.Дурдсан үндэслэлээр “БД” ХК нь хариуцагч БШгаас Даатгалын тухай хууль болон Иргэний хуульд зааснаар өөрийн хохирлыг шаардах эрхгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 203/МА2022/00037 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “БД” ХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.И/-ийн 2022.12.13-ны өдөр төлсөн 168,438 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРМАА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       М.БАТСУУРЬ

                                                                        П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД