Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 203/МА2022/00037

 

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 17 өдөр Дугаар 203/МА2022/00037 Даланзадгад сум

 

 

 

*******-ий нэхэмжлэлтэй,

*******д хариуцагдах

иргэний хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 143/ШШ2020/00552 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д хариуцагдах,

Зээлийн гэрээний үүрэгт 9,592,951 төгрөгийг гаргуулах иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн шаардлага:

Зээлийн гэрээний үүрэгт 9,592,951 төгрөгийг гаргуулах тухай

 

2. Нэхэмжлэлийн үндэслэл:

Бодь даатгал" ХХК нь *******-тай Зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ байгуулж, цалин барьцаалан олгож буй зээлийг даатгалд хамруулан даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд гэрээний дагуу даатгалын нөхөн олговор олгож ирсэн.

Энэхүү гэрээний 10 дугаар зүйлийн 10.6, Зээлийн өр төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2, 242.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу шилжиж ирсэн шаардах эрхийн хүрээнд нэхэмжлэл гаргаж байна.

*******-тай зээлдэгч *******, хамтран зээлдэгч ******* нар нь 2018 оны 02 сарын 02-ны өдөр, 3017-2018/58 тоот Цалингийн зээлийн гэрээ байгуулж, 12,000, 000 төгрөгийг, 48 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр зээлж авсан байна.

******* нь 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр нас барсны улмаас зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөн, зээл төлөх хугацаа хэтэрч Зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.5.1-д заасан даатгалын тохиолдол үүссэн. Ийнхүү ******* нь 2019 оны 02 дугаар сарын 19-ны өдөр даатгалын нөхөн төлбөр нэхэмжилснийг хүлээн авч Бодь Даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн В/121 тоот тушаалаар 9,710,913 төгрөгийг нөхөн төлбөрт тооцож *******-д олгосон.

Үүнээс хойш 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр тухайн цалингийн зээлд 117,962 төгрөг төлөгдсөнийг ******* нь манай дансанд шилжүүлсэн байх тул тус дүнг хасаж үлдэгдэл 9,592,951 төгрөгийг хамтран үүрэг гүйцэтгэгч болох *******гаас гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

3. Хариуцагч *******гийн татгалзал, түүний үндэслэл:

Нэхэмжлэгч нь *******-тай 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн өр төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэх гэрээний дагуу Капитрон банк-ны Өмнөговь салбартай 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 3017-2018/58 дугаартай зээлийн гэрээний үүргийг нэхэмжилж байна гэж ойлгож байна.

Манай нөхөр нь 2019 оны 02 дугаар сарын 12-нд нас барсан. Нас барахын өмнө Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын нийтлэг үйлчилгээний албанд ажиллаж байхдаа цалингийн зээлийн зориулалтаар Капитрон банк-аас зээл авсан бөгөөд эрүүл мэндийн улмаас ажлаасаа гарсан ч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн мөнгөөрөө зээлээ төлж байгаад нас барсан.

Нас барсны дараах 2 сарын зээлийг төлөөд дараагийн зээлийг төлж чадаагүй, захирал *******, зээлийн эдийн засагч Жамъянсүрэн нар 3 сард март, цэргийн баярын дунд үеэр юмдаг, хугацааг сайн санахгүй байна намайг дуудсан. Очиж уулзахад энэ хоёр хүн хоёулаа байсан.

Тэгээд гурван зээлдэгч нас барсныг судалж үзээд Танай ар гэрийн байдлыг харж үзээд танай нөхрийн зээлийг хаалаа гэж хэлсэн. Ингээд би зээлийн гэрээ дуусгавар болсон гэж байтал ийм нэхэмжлэл авлаа.

Банк, энэ компани хоёр даатгалын гэрээтэй, гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн гэж даатгалын байгууллага болох нэхэмжлэгч нь манай зээлийн төлбөрийг төлөөд, уг төлсөн мөнгөө надаас нэхэмжилж байгаа юм байна.

Зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тул зээлдэгч нас барснаар зээлийн үүрэг нь Иргэний хуульд зааснаар дуусгавар болсон. Цалингийн зээлд цалин авдаггүй намайг хамтран зээлдэгчээр оролцуулж гарын үсэг зуруулсан. Цалингийн зээлийн журмаар бол ажил олгогч, банк хоёр харилцан тохиролцож гэрээ байгуулсны үндсэн дээр ажилтанд түүний ирээдүйд авах цалингийн орлогыг барьцаалж зээл олгодог. Иймээс миний бие энэ зээлийг төлөхгүй. Мөн тухайн үеийн захирал, эдийн засагч нар зээлийг хаалаа гэж хэлсэн учир хэн дуртай нь хэзээ нэгэн цагт ийм байдлаар өр төлбөр шаардаж болохгүй гэжээ.

 

4. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-ийн хариуцагч *******гаас 9,592,951 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168,437 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчиж, хууль зүйн үндэслэлгүй шүүхийн шийдвэр гаргасан. Хэрэгт авагдсан нотлох баримтад хуульд заасан үндэслэл журмын дагуу дүгнэлт, үнэлэлт өгөөгүй. Тухайлбал;

Нэгдүгээрт; Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Зээлийн гэрээний харилцаа үүсэх үндэслэл, байгуулагдсан гэрээний нөхцөл, зээл олгох, төлөх үндэслэл зэрэг нь *******ийн хөдөлмөрлөснийхөө төлөө ажил олгогчоос авах цалингийн орлогоос хамаарч байх тул *******ийн хувийн байдалтай салшгүй холбоотой үүрэг үүссэн ба Иргэний хуулийн 240.1.2 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой цалингийн зээлийн үүрэг зээлдэгч нас барснаар дуусгавар болох нь Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад тодорхой тусгагдсан байх тул хамтран зээлдэгч гэж гэрээнд заасан боловч хамтран үүрэг гүйцэтгэх боломжгүй хариуцагч *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэжээ.

Шүүхээс Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон. түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан гэж заасан. Уг зохицуулалтыг шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох эрх зүйн үндэслэл болгожээ.

Үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой байх хуульд заасан урьдчилсан нөхцөлийг шүүх тайлбарлахдаа зөвхөн үндсэн зээлдэгч нь цалин авч, тус цалингаа барьцаалж зээл авагч гэх байдалд тулгуурласнаас үүрэг гүйцэтгэхэд зээлдэгчийн ямар хувийн байдал салшгүй холбоотой, үүргийг биечлэн гүйцэтгэх ямар үндэслэл байгаа, зээлдэгч нас барсан бол үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй ямар нөхцөл үүссэн, хамтран үүрэг гүйцэтгэгчийг хэрхэн үзэх зэрэг эрх зүйн асуудалд хийвэл зохих дүгнэлтийг хийгээгүй.

Зээлдэгч ******* нь цалингаа барьцаалж, зээл авсан нь үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой байх хуульд заасан урьдчилсан нөхцөлд хамаарахгүй, үүрэг гүйцэтгэх нь зээлдэгчийн хувийн байдалтай холбоогүй, үүргийг биечлэн гүйцэтгэх шаардлагагүй, зээлдэгч нас барсан нь үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй нөхцөл байдлыг үүсгээгүй, хамтран үүрэг гүйцэтгэгч зээлийг төлөх үүрэг хүлээж байгаа болно.

Хэргийн үйл баримтаас үзвэл үндсэн зээлдэгч ******* нь нас барснаар Иргэний хуулийн 240.1.2-т заасан үүрэг гүйцэтгэгчийн үүрэг дуусгавар болсон гэх боловч хамтран үүрэг гүйцэтгэгч Шинэтуяагийн үүрэг дуусгавар болоогүй. Өөрөөр хэлбэл банктай байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгч нь хоёр субъект байсан. Шүүхээс үүрэг дуусгавар болсон гэж үзсэн бол хоёр субъектэд тус бүрд нь үүрэг дуусгавар болсныг дүгнэх шаардлагатай. Үүрэг гүйцэтгэгч Шинэтуяагийн хувьд энэ тохиолдолд үүрэг дуусгавар болоогүй, мөн Шинэтуяагийн үүрэг дуусгавар болсныг дүгнэхгүйгээр *******ийн үүрэг дуусгавар болсон тул Шинэтуяаг хамтран үүрэг гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлж, буруу дүгнэсэн.

Мөн Шүүхээс цалингийн зээлийн цалинг барьцааны зүйл гэж үзсэн атлаа үндсэн үүрэг буюу зээлийн үүргийг дуусгавар болно гэж үзсэн нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, 153 дугаар зүйлийн 153.4-т заасан хэм хэмжээг зөрчсөн. Барьцааны эрх нь үндсэн шаардлага буюу зээлийн гэрээнд хамаардаг, зээлийн гэрээгүйгээр бие даан хэрэгждэггүй салгаж үл болох эрх бөгөөд барьцааны зүйл үгүй болсноор барьцаа дуусгавар болохоос үндсэн үүрэгт нөлөөлөхгүй.

Иргэний хуулийн 240.1.2 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй байдалтай холбоотой гэдэг нь үүрэг гүйцэтгэгч нас барсан бөгөөд түүний оролцоогүйгээр үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон бол. тухайлбал ажил үүргийг биечлэн гүйцэтгэх боломжгүй үед дуусгавар болох нь логик шаардлага юм. Гэтэл шүүхээс хамтран үүрэг гүйцэтгэгчийг үүргийг гүйцэтгэх боломжтой эсэхэд дүгнэлт хийгээгүй.

Хоёрдугаарт; Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэгэнт үндсэн үүргийн харилцаа нь хуульд заасан үндэслэлээр дуусгавар болсон тохиолдолд дагалдах үүрэг үүсэхгүй... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь энэ тохиолдолд дагалдах үүрэгтэй байсан гэж үзэх хуулийн үндэслэлгүй. Иргэний хуулийн 242.2-т зааснаар Зээлийн гэрээний дагуу Шинэтуяад хамтран хүлээх үүрэг бий болсон. Хариуцагч нар нь Зээлийн гэрээ, барьцааны гэрээнд гарын үсэг зурж, хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд Иргэний хуулийн 242.2, 242.3-т зааснаар Шинэтуяа нь хамтран үүрэг гүйцэтгэгч мөн. Мөн зээлдэгч нарын банктай байгуулсан зээлийн гэрээний 5.1.23-т хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэж тодорхой заасан байдаг.

Гуравдугаарт; ******* болон Капитрон банк нарын хооронд Зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ байгуулагдсан ба тус гэрээнд зээлдэгч нь нас барсан тохиолдлыг даатгалын эрсдэлд тооцон даатгалын нөхцөлд хамруулан даатгуулахаар талууд харилцан тохиролцсон. Үндсэн зээлдэгч ******* нь нас барснаар талуудын хооронд байгуулсан дээрх гэрээний дагуу даатгалын тохиолдол бий болж, *******-ийн зүгээс даатгалын тохиолдол үүссэн дээрх үндэслэлээр зээлийн үлдэгдэл төлбөр 9,592,951 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл шүүхээс даатгалын тохиолдол бий болсон гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүхээс Бодь даатгал ХК нь шаардах эрхийг шилжүүлж авсан, даатгуулагчид нөхөн төлбөрийг төлснөөр шаардах эрх шилжиж бий болж, нэхэмжлэл гаргасанд дүгнэлт гаргаагүй.

Зохигчийн хооронд үүссэн үүргийн харилцаа. үүргийн шинж чанар, гэрээний талууд, үндсэн болон нэмэлт үүргийг зааглан. маргааны зүйл, нэхэмжлэгчийн шаардах эрх, түүний урьдчилсан нөхцөлийг бүрэн тодорхойлж чадаагүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн эрх зүйн дүгнэлт хийх үүргээ анхан шатны шүүх биелүүлээгүй.

Нэг талаас тохирсон мөнгөн дүнг олгох, нөгөө талаас мөнгийг зохих хүүгийн хамт эсвэл хүүгүйгээр буцаан төлөх 2 талын үүрэг бүхий хэлцэл нь зээлийн гэрээ бөгөөд субъектээс буюу зээлдүүлэгчээс шалтгаалж гэрээний төрлийг банк, зээлийн үйл ажиллагаа эхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ хэмээн ангилсан. Талуудын хооронд уг хэлцэл байгуулагдсан талаар шүүх хуульд нийцсэн дүгнэлтийг хийсэн боловч гэрээний талууд, хариуцагч ******* яагаад үүрэг хүлээхгүй гэж үзсэн үндэслэлээ эрх зүйн хувьд дүгнээгүй. Зээл авах хүсэлтийг хамтран гаргасан, зээлийн гэрээнд үүргийг хамтран гүйцэтгэхээр оролцсон баримтыг шүүх ямар баримтаар үгүйсгэсэн талаар шийдвэр гаргаж, дүгнээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4. 116 дугаар зүйлийн 116.3-т заасныг зөрчсөн гэж үзнэ.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 143/ШШ2020/00552 дугаартай шийдвэрт өөрчлөлт (хариуцагч Шинэтуяагаас 9.592,951 төгрөгийг гаргуулж. Бодь даатгал ХК-д олгох талаар) оруулж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч ******* давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

Учир нь: 1. Капитрон банк, даатгал компани 2 хоорондоо даатгалын гэрээ байгуулсныхаа дагуу нөхөн төлбөрт Бодь даатгал нь Капитрон банканд төлбөр төлсөн байна.

2. Намайг зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, зээлийн мөнгийг хамт ашигласан гэж тайлбарлаж байгаа. Тэр зээл авах үед банканд хэрэглээний зээлтэй байсан. Нөхөр маань зээл авах үедээ гэрээнд гэр бүлийн хүний гарын үсэг зурах ёстой гэнэ, чамайг аваад ир гэхээр нь очиход зээлийн гэрээгээ хэвлээд тавьчихсан, энд гарын үсэг зур л гэсэн. Би тэгээд зурсан. Банкны ажилтан учрыг ойлгуулаагүй.

Талийгаач нас барсны дараа би банканд очиж энэ учир байдлаа хэлсэн. Өвчний учир ажлаасаа гараад группт орж группийн мөнгөөр зээлээ төлж байсныг банк бас мэдэж байсан. Ингээд би 2 зээлээ төлж явсан. Нэг өдөр Капитрон банкны захирал *******, эдийн засагч Жамьян 2 дуудсан. Нас барсан зээлдэгчийн материалыг судалж үзээд танай зээлийг эрсдэлийн сангаас хариуцаж барагдуулахаар боллоо. Та өөрийнхөө зээлийг төлөөрэй гэсэн. Би баярлаад явсан. Би өөрийнхөө зээлийг хугацаанд нь төлсөн. Үүнээс хойш надаас нэг ч удаа нэхээгүй. Хэрвээ нэхэх байсан бол би энэ банканд зээлээ төлж явж байснаас гадна миний дансанд ч шууд суутгаад авахад болохоор бага сага мөнгө ч байдаг байсан. Гэтэл гэнэт Бодь даатгалаас нэхэмжлэл ирж хурал дээр миний өмгөөлөгч даатгалын гэрээний дагуу нэхэмжлэл гаргасан уу, шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу зээлийн гэрээний үүргийг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна гэхэд зээлийн гэрээний хамтран зээлдэгч учраас зээлийн гэрээг шаардан нэхэмжилж байна гэж хэлж байсан. Ийм учраас би зээлийн гэрээг банк өөрийн санаачилгаар дуусгасан гэж хэлсэн учраас би хариуцах ёсгүй гэж бодож байна.

3. Би энэ тайлбараа ч шүүхэд өгсөн. Нэхэмжлэгч миний тайлбарт ямар ч хариу тайлбар өгөөгүй байхаар нь би банкнаас зээл олгох журмыг гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтийг өгсөн. Ингээд ирсэн журмаар бол цалингийн зээл, өрхийн зээл гээд тус тусдаа өөр өөр баримт бүрдүүлдэг юм байна. Иймд энэ гэрээ журмыг харж хэрэгсэхгүй болгосон.

4. Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэл гаргасан боловч 9 сая гаруй төгрөгийн хэд нь үндсэн зээл, хэд нь хүү болохыг би ч мэдэхгүй, нэхэмжлэгч түүнийгээ ялгаж хэлдэггүй, шүүхэд гаргасан шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй. Иймээс шаардлага тодорхойгүй байгаа тул дахин шалгах тодруулах ямар ч зүйл байхгүй гэж бодож байна.

Миний бие эрүүл мэндийн улмаас шүүх хуралдаанд очиж чадахгүй тул намайг эзгүйгээр хурлыг хийж өгнө үү. Өмгөөлөгч өөр ажилтай байгаа. Хэрэгт бүх нотлох баримт хангалттай байгаа гэж бодож байна. Банк нэг талын санаачилгаар гэрээгээ хугацаанаас нь өмнө зээлдэгч нас барснаар цуцалж, үлдэгдэл төлбөрөө цуцалсан гэж ойлгож байна гэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.. гэснийг зөрчиж, хууль зүйн үндэслэлгүй шүүхийн шийдвэр гаргасан. Нэгдүгээрт, Үүргийн гүйцэтгэл, үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой байх хуульд заасан урьдчилсан нөхцөлийг шүүх тайлбарлахдаа зөвхөн үндсэн зээлдэгч нь цалин авч, тус цалингаа барьцаалж зээл авагч гэх байдалд тулгуурласнаас үүрэг гүйцэтгэхэд зээлдэгчийн ямар хувийн байдал салшгүй холбоотой, үүргийг биечлэн гүйцэтгэх ямар үндэслэл байгаа, зээлдэгч нас барсан бол үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй ямар нөхцөл үүссэн, хамтран үүрэг гүйцэтгэгчийг хэрхэн үзэх зэрэг эрх зүйн асуудалд хийвэл зохих дүгнэлтийг хийгээгүй гэж үзэж байна.

******* нь нас барснаар Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасан үүрэг гүйцэтгэгчийн үүрэг дуусгавар болсон гэх боловч хамтран үүрэг гүйцэтгэгч *******гийн үүрэг дуусгавар болоогүй. Энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй. Гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгч нь хоёр иргэн буюу хоёр субъект байсан. Шүүхээс үүрэг дуусгавар болсон гэж үзсэн бол хоёр субъект ба хоёр иргэнд тус бүрд нь үүрэг дуусгавар болсныг дүгнэх шаардлагатай.

Мөн *******гийн үүрэг дуусгавар болсныг дүгнэхгүйгээр *******ийн үүрэг дуусгавар болсон тул *******г хамтран үүрэг гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж үзэж байна.

Шүүхээс цалинг барьцааны зүйл гэж үзсэн. Гэтэл үндсэн үүрэг буюу зээлийн үүргийг дуусгавар болно гэж үзсэн нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, 153 дугаар зүйлийн 153.4-т заасан хэм хэмжээг зөрчсөн. Барьцааны эрх нь үндсэн шаардлага буюу зээлийн гэрээнд хамаардаг, зээлийн гэрээгүйгээр бие даан хэрэгждэггүй салгаж үл болох эрх бөгөөд барьцааны зүйл үгүй болсноор барьцаа дуусгавар болохоос үндсэн үүрэгт нөлөөлөхгүй.

Хоёрдугаарт, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэгэнт үндсэн үүргийн харилцаа нь хуульд заасан үндэслэлээр дуусгавар болсон тохиолдолд дагалдах үүрэг үүсэхгүй гэх дүгнэлт үндэслэлгүй байна. Учир нь энэ тохиолдолд дагалдах үүрэгтэй байсан гэж үзэх хуулийн үндэслэлгүй, гэрээний дагуу *******д хамтран хүлээх үүрэг бий болсон. Гэрээний 5.1.23-т хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэж тодорхойлсон байдаг.

Гуравдугаарт, ******* болон Капитрон банк нарын хооронд зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ байгуулагдсан ба тус гэрээнд зээлдэгч нь нас барсан тохиолдлыг даатгалын эрсдэлд тооцон даатгалд хамруулахаар талууд харилцан тохиролцсон. Үндсэн зээлдэгч ******* нь нас барснаар талуудын хооронд байгуулсан дээрх гэрээний дагуу даатгалын тохиолдол бий болсон. *******-ийн зүгээс даатгалын тохиолдол үүссэн дээрх үндэслэлээр зээлийн үлдэгдэл төлбөр 9,592,951 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл шүүхээс даатгалын тохиолдол бий болсон гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг дээрээ дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүхээс Бодь даатгал ХК нь шаардах эрхийг шилжүүлж авсан, даатгуулагчид нөхөн төлбөрийг төлснөөр шаардах эрх шилжиж бий болж, нэхэмжлэл гаргасанд анхан шатны шүүх дүгнэлт гаргаагүй. Энэ нь Даатгалын тухайн хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-т даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж заасан. Мөн шаардах эрх шилжүүлэх гэрээ талуудын хооронд байгуулагдсан байдаг. Зохигчийн хооронд үүссэн үүргийн харилцаа, үүргийн шинж чанар, гэрээний талууд, үндсэн болон нэмэлт үүргийг зааглан маргааны зүйл, нэхэмжлэгчийн шаардах эрх, түүний урьдчилсан нөхцөлийг бүрэн тодорхойлж чадаагүй. Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн эрх зүйн дүгнэлт хийх үүргээ анхан шатны шүүх биелүүлээгүй.

Нэг талаас тохирсон мөнгөн дүнг олгох, нөгөө талаас мөнгийг зохих хүүгийн хамт эсвэл хүүгүйгээр буцаан төлөх 2 талын үүрэг бүхий хэлцэл нь зээлийн гэрээ бөгөөд субъектээс буюу зээлдүүлэгчээс шалтгаалж гэрээний төрлийг банк, зээлийн үйл ажиллагаа эхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ хэмээн ангилсан. Талуудын хооронд уг хэлцэл байгуулагдсан талаар шүүх хуульд нийцсэн дүгнэлтийг хийсэн боловч гэрээний талууд, хариуцагч ******* яагаад үүрэг хүлээхгүй гэж үзсэн үндэслэлээ эрх зүйн хувьд дүгнээгүй. Зээл авах хүсэлтийг хамтран гаргасан. Зээлийн гэрээнд үүргийг хамтран гүйцэтгэхээр оролцсон баримтыг шүүх ямар баримтаар үгүйсгэсэн талаар шийдвэр гаргаж, дүгнээгүй.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 143/ШШ2020/00552 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Шинэтуяагаас 9,592,951 төгрөгийг гаргуулж, *******-д олгож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэв.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлтэй боловч энэ нь нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл болохгүй. Харин шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах үндэслэл болж байна гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 9,592,951 төгрөгийг гаргуулахаар шаардаж, шаардлагаа ******* болон *******-ий хооронд байгуулагдсан 2019 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн № СОА/07-19/01 дугаартай Зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ, 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Зээлийн өр төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэх гэрээ, ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №3017-2018/58 дугаар цалингийн зээлийн гэрээ зэрэгт үндэслэжээ. /хэргийн 03-09,11-17 дугаар хуудас/

 

3. Хариуцагч *******, түүний өмгөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байна.

 

5. Анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Саулегүль, ******* нар нь ...нэхэмжлэгч тал нь Улаанбаатар хотод байрладаг тул иргэний хэргийн материалтай өөрийн харьяа дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан танилцах, ....хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд цахим хэлбэрээр оролцох хүсэлтэй байгаа тул дээрх шалтгааныг харгалзан үзэж хамтад нь шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хэргийн 66 дугаар хуудас/

Шүүх хүсэлтийг хангаж, шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 143/ШЗ2020/0153 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн иргэн хэргийн анхан шатны шүүхэд даалгавар бичиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход хэрэгжүүлэх эрх, үүргийг, нөлөөллийн мэдүүлэг, хэргийн материалтай танилцуулах ажиллагааг гүйцэтгүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 67, 79, 80, 81 дугаар хуудас/

Нэхэмжлэгч талд хэргийн материал танилцуулах зэрэг дээрх ажиллагааг шүүхээс гүйцэтгэснээс хойш хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан эхлэх хүртэл хугацаанд хариуцагчийн өмгөөлөгчид эрх, үүрэг танилцуулах ажиллагаанаас өөр ажиллагаа хийгдээгүй, хэрэгт шинээр нотлох баримт авагдаагүй байна.

Иймд шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

6. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

6.1. *******-ий гүйцэтгэх захирлын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн В/121 дугаар тушаалаар Зээлийн эрсдэлийн даатгалын 03119019927 тоот нөхөн төлбөрийн шийдвэрийг үндэслэн Капитрон банканд 9,710,913 төгрөгийг олгох-оор шийдвэрлэсэн байна. /хэргийн 01,19 дүгээр хуудас/

6.2. ******* болон *******-ий хооронд 2019 оны 03 дугаар сарын 20-ний өдөр байгуулагдсан № СОА/07-19/01 дугаартай Зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ-ний 2.5-д даатгуулагч гэж зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдэгчтэй зээлийн гэрээ байгуулсан Капитрон банкийг ойлгоно заасан байх тул Капитрон банктай зээлийн гэрээ байгуулсан зээлдэгч болон хамтран зээлдэгч нь даатгуулагч биш, өөрөөр хэлбэл тухайн гэрээний нэг тал болохгүй байна.

6.3. № СОА/07-19/01 дугаартай гэрээний 5.1-д Энэхүү гэрээ нь 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ гэж гэрээний хугацааг заасан байна. /хэргийн 03-06 дугаар хуудас/

******* болон *******-ий хооронд № СОА/07-19/01 дугаартай Зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ байгуулагдахаас өмнө Капитрон банктай цалингийн зээлийн гэрээ байгуулсан зээлдэгч гэх ******* нь 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өвчний улмаас нас барсан байна.

№ СОА/07-19/01 дугаартай Зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ-нд гэрээ байгуулагдахаас өмнө үүссэн тохиолдлыг хамруулж болохоор заагаагүй.

6.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь даатгалын нөхөн төлбөрт төлсөн төлбөрөө гэм буруутай этгээдээс эсхүл талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийг шаардах эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр шаардаж байгаа гэх тодорхой бус агуулгатай байдаг.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.5.1-д заасан даатгалын тохиолдол үүссэн. ...Даатгалын нөхөн төлбөрт 9,592,951 төгрөгийг төлсөн гэх тайлбарладаг.

Иймд ******* болон *******-ий хооронд 2019 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн № СОА/07-19/01 дугаартай Зээлийн эрсдлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй үед даатгуулагчтай байгуулсан гэрээний нэг тал болох Зээлдэгч ******* нас барсан-ыг даатгагч, даатгуулагч нар нь цалингийн зээлийн эрсдэлд хамаарах тохиолдол бий болсон гэж үзэж, улмаар даатгуулагчаас даатгагчид нөхөн төлбөрийг олгосон гэж үзэх бөгөөд энэ үйл баримтын хууль зүйн үндэслэл нь энэ маргаанд хамааралгүй. /хэргийн 01, 66, 98 дугаар хуудас/

Иймд анхан шатны шүүхийн ...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан даатгалын тохиолдол бий болсон гэж үзэх үндэслэлгүй... гэсэн дүгнэлт үндэслэлтэй.

 

7. ******* болон *******-ий хооронд 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан Зээлийн өр төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэх гэрээ-ний Гурав. Гэрээгээр шилжүүлэх өр төлбөрийн мэдээлэл гэх хэсэгт *******ийн цалингийн зээлийн болон барьцааны гэрээний үүргийг нэхэмжлэх эрхийг *******-иас *******-д шилжүүлж буй агуулга тусгагдсан байна. /хэргийн 07-09 дүгээр хуудас/

Хариуцагч *******гийн нэхэмжлэгч нь *******-тай 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн өр төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэх гэрээний дагуу Капитрон банк-ны Өмнөговь салбартай 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 3017-2018/58 дугаартай зээлийн гэрээний үүргийг нэхэмжилж байна гэж ойлгож байна гэсэн тайлбарыг үгүйсгээгүй байна.

Гэрээний 10 дугаар зүйлийн 10.6-д даатгалын тохиолдол бий болсны дараа даатгагч нөхөн төлбөрийг олгосон нөхцөлд зээлдэгчээс төлбөр нэхэмжлэх банкны эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэсэн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч *******-д шаардах эрх үүсээгүй гэж үзнэ.

Иймд Зээлийн өр төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэх гэрээ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн тайлбарын агуулгаас үзвэл нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 123 дугаар 123.2.Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно гэж заасны дагуу Капитрон банк-иас олгосон шаардах эрхийн дагуу ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний харилцаанаас үүссэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар уг гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон гэх *******д холбогдуулан нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна. /хэргийн 01, 07, 98 дугаар хуудас/

 

8. Нэхэмжлэгч *******-ий зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа учир зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр эсэх, зээлийн гэрээний хугацаа, үүргийн ямар зөрчил хэзээ үүссэн, гаргуулахаар шаардаж буй мөнгөн дүнгийн үндэслэл, хамтран үүрэг гүйцэтгэгч хариуцлага хүлээх эсэхэд шүүхээс дүгнэлт хийх нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцнэ.

8.а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх талуудын мэтгэлцээний үндсэн дээр явагддаг тул хэргийн оролцогч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх үүрэг нэгэн адил тавигдана.

Шүүх нь Капитрон банк хуулбар үнэн. 2020.06.10 гэсэн тэмдэг дарж баталгаажуулсан ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан гэх 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №3017-2018/58 дугаар цалингийн зээлийн гэрээг шийдвэрийн үндэслэл болгожээ. /хэргийн 11-17 дугаар хуудас/

Гэвч нэхэмжлэгч, хариуцагч нар нь ******* болон ******* нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан үйл баримт, зээлийн гэрээ хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй тул Капитрон банк, иргэн ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.

Харин *******г хамтран зээлдэгч эсэхэд маргасан байна.

8.б. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн үнийн дүнг даатгуулагч *******-д нөхөн төлбөрт шилжүүлсэн үнийн дүнгийн хэмжээгээр тогтоосон нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, нэхэмжлэл, даатгалын байгууллагын гүйцэтгэх захирлын тушаал зэргээр тогтоогдож байна. /хэргийн 01, 07- 08, 19 дугаар хуудас/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг мөнгөн дүнд зээлийн хүү, хугацаа хэтэрсний хүү, нэмэгдүүлсэн хүү багтсан эсэх, гэрээний хугацаа дууссан эсэх талаар тодорхойлон заагаагүй байдал болон хариуцагч *******гийн *******ийг нас барсны дараа 2 сарын зээлийг төлсөн гэх тайлбар, 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр зээлдэгч ******* нас барсан, 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр даатгагчаас даатгуулагчид гэрээний 3.5.1-д заасан тохиолдол үүсэн гэж нөхөн төлбөр олгосон үйл баримт зэргийг харьцуулан дүгнэвэл, зээлдэгч ******* нас барсанаас өөрөөр ямар нэгэн зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн гэх үйл баримт бий болоогүй байхад банк нь даатгалын нөхөн төлбөр авсан байна.

8.в. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Зээлийн үндсэн төлбөрийг шаардах бүрэн эрхтэй... Капитрон банк нь эрсдэлээ хаах үүднээс *******-тай хамтран ажиллаж гэрээ байгуулсан..., бид нар даатгалын гэрээний мөнгө өг гэж хэлээгүй... гэж агуулга бүхий тайлбар гаргасан шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан./хэргийн 98, 99 дүгээр хуудас/

 

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь *******ийг өрхийн зээл, цалингийн зээл гэж авсан гэж зээлийн бүтээгдэхүүний төрлийг нэрлэж ойлгомжгүй тайлбар шүүх хуралдаан дээр гаргасан байна.

9.а. Хэргийн 40-55 дугаар хуудсанд авагдсан Капитрон банк-ны гүйцэтгэх захирлын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн а/104 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Хэрэглээний зээлийн журам-аас үзвэл,

А. 2.1.2. Цалингийн зээл: Банкны өөрийн ажилчид болон Банктай цалингийн зээлээр ХАГ байгуулсан хуулийн этгээдэд тогтвортой ажиллаж буй ажилтан, албан хаагчдад зориулсан тэдгээрийн цалингийн орлогоор эргэн төлөгдөх зээл, 4.4.3.1. зөвхөн үндсэн зээлдэгчийн цалингийн орлогод тулгуурлаж зээлийн хэмжээг тогтооно гэж цалингийн зээлийн талаарх нөхцөл, зээлдэгчид тавигдах шаардлагыг тусгасан байна.

Мөн журмын 2.1, 2.1.1-д зааснаар цалингийн зээл нь хэрэглээний зээлийн бүтээгдэхүүний нэг төрөлд хамаарч байна.

Б. Журмын 3.1.4. хэрэглээний зээлийг олгохдоо хамтран үүрэг гүйцэтгэгчтэй байхыг эрмэлзэх бөгөөд дараах шаардлагыг хангасан байна. 3.1.4.1. зээл хүсэгчийн гэр бүл, төрөл садангийн хүн байх; 3.1.4.2. Хамтран үүрэг гүйцэтгэхийг зөвшөөрсөн байх; 3.1.4.3. Сүүлийн 3 сар тогтвортой хөдөлмөр, бизнес эрхэлсэн, тогтмол орлоготой байх /жирэмсний амралт болон хүүхэд асрах чөлөөтэй тохиолдолд шаардлагагүй/;

3.1.4.1. Чанаргүй зээлийн түүхгүй байх гэж, 4.4.3. Цалингийн зээлийн хувьд: 4.4.3.2. Хамтран үүрэг гүйцэтгэгчтэй тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэгчийн орлогын судалгааг үндсэн зээлдэгч зээл төлөх чадваргүй болсон тохиолдолд зээл, зээлийн хүүг төлөх чадвартай эсэхийг тодорхойлох зорилгоор хийнэ гэж цалингийн зээлд оролцох хамтран үүрэг гүйцэтгэгчид тавигдах шаардлага, банкнаас гүйцэтгэх үүргийг тодорхойлсон байна.

В. Хэрэглээний зээлийн журам-ын 2.1.2-д цалингийн зээл, 2.1.3-д өрхийн зээл гэж хэрэглээний зээлийн бүтээгдэхүүний төрлийг өөрөөр томьёолж, тавигдах шаардлага болон зээл, хүүгийн төлбөр зэрэг нь өөр өөрөөр байхыг тусгайлан заасан байна.

9.б. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан шаардлага гаргасан үндэслэлээ ...үндсэн зээлдэгчийн хамт хамтран зээлдэгч гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсгээ зурж, эрх, үүргээ ойлгож, тухайн зээлийг авсан. ...Батцэнгэлийн гаргаж байсан хүсэлт нь өрхийн хэрэгцээнд зориулан тухайн зээлийг авна гэсэн. Тухайн зээлийг аваад хамтран үүрэг гүйцэтгэгчээр нь эхнэр болох ******* орсон гэж бид нар ойлгосон.... гэх агуулгаар тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. /хэргийн 98, 99, 101 дүгээр хуудас/

Харин уг тайлбараа нотолж ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан гэрээ нь цалингийн зээлд тавигдах банкны өөрийнх гаргасан дээрх журамд заасан шаардлагыг хангаж хамтран үүрэг гүйцэтгэгч оролцуулсан тухай нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

10. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ, мөн зүйлийн 242.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж хамтран үүрэг гүйцэтгэгчийн талаар зохицуулсан.

 

11. Банк болон ******* нарын хооронд байгуулагдсан гэрээг урт хугацаатай гэрээнд хамаарна гэж ойлгоно.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 221 дүгээр зүйлийн 221.1-т хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээг дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно, мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2-т гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж хуульчилсан байна.

 

12. Зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсон нь тогтоогдсон тохиолдолд хамтран хариуцагч гэх ******* нь зээлийн гэрээний үүргийг хариуцах үүрэгтэй гэж үзэх тул анхан шатны шүүхийн ...цалин авдаггүй ******* нь цалингийн зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр тусгагдсанаа мэдэж, ойлгосон байдал нь зээлдэгч А. Батцэнгэлийн гэрээний үүргийг шаардах... үндэслэл болохгүй, мөн зээлийн гэрээ нь зээлдэгч *******ийн хувийн байдалтай салшгүй холбоотой.. гэх агуулгаар хийсэн дүгнэлт үндэслэл муутай боловч банк нь өөрөө хамтран үүрэг гүйцэтгэгч *******гаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхээ хэрэгжүүлэхээс татгалзсан гэх үндэслэл тогтоогдож байна. Үүнд:

Хариуцагч ******* нь ...март, цэргийн баярын дунд үеэр юмдаг, хугацааг сайн санахгүй байна, ... захирал *******, зээлийн эдийн засагч Жамъянсүрэн нартай уулзахад ...Танай нөхрийн зээлийг хаалаа гэж хэлсэн. Ингээд би зээлийн гэрээ дуусгавар болсон..." гэх тайлбарыг 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан байх уг тайлбарыг нэхэмжлэгч талаас эсэргүүцэж, нотлох баримтыг ирүүлээгүй байна. /хэргийн 35 дугаар хуудас/

Мөн банкны эрх бүхий хүмүүстэй уулзсанаас хойш ******* зээл төлж байгаагүй ба үүнийг зээлдүүлэгч нь зээлийг буцаан төлөх үүргээ зээлдэгч биелүүлээгүй гэж үзэж зээл төлөх талаар мэдэгдэл хүргүүлж байгаагүй байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... зээлийн гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгч 2 субъект байгаа, хамтран зээлдэгчийн хувьд эрх зүйн харилцаа дуусгавар болоогүй... гэх шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэлгүй гэж үзэх ба харин банкийг зээлдэгч ******* нас барснаар зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгож, *******д шилжүүлсэн мөнгөн хөрөнгөөс төлөгдөөгүй байгаа үлдэгдэл хэмжээгээр даатгагчаас нөхөн төлбөр авсан гэх үйл баримт тогтоогдсон гэж үзнэ.

 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч өөрөө эрх нь хэрхэн зөрчигдсөн, яаж сэргээлгэхээ тодорхойлох эрхтэй.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэгжүүлэх эрх, үүргээ мэдэж ойлгосон талуудын мэтгэлцээгүй асуудлаар мэтгэлцүүлэх, нотлох баримт бүрдүүлэх зэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргээ мэдсэн боловч хэрэгжүүлээгүй тохиолдолд шүүхээс нотлох баримт гаргахыг шаардах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын санаачилга буюу хүсэлтийн үндсэн явагдах диспозитив зарчмыг зөрчих зөрчил болно.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөр өөр агуулгаар тодорхой бус тайлбарлаж байх боловч энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэх үндэслэлд хамаарахгүй байна.

Давж заалдах шатны шүүх нь дээр дурдсан үндэслэлүүдээр давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдсонгүй, харин нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хүрээнд зөвтгөн тайлбарлаж маргааныг шийдвэрлэх боломжтой байна гэж үзсэн.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 буюу даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэх маргаанд хамааралгүй хуулийн зүйл хэсгийг баримталсан байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг гэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

14. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзээгүй тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 168430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 143/ШШ2020/00552 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...431 дүгээр зүйлийн 431.1... гэснийг ...123 дугаар зүйлийн 123.1, 123.2, 451 дүгээр зүйлийн 451.1... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 168430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА

 

Л.НЯМДОРЖ