Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2021/00085

 

2021 оны 01 сарын 15 өдөр Дугаар 183/ШШ2021/00085 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, Г.Солонго нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, тоот хаягт оршин суух, Ш. овогт Д.гийн Д.Д. /РД:.../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хурд хороолол хаягт оршин суух, Б овогт Ш. Ш.Т. /РД:.../-т холбогдох,

 

Л..ХХК-ийн 2016 оны 04 сарын 06-ны өдрийн тогтоол, 2016 оны 04 сарын 13, 2017 оны 06 сарын 30-ны өдрүүдэд өөрчлөн бүртгүүлсэн дүрмийн Ш.Т.т холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Л..ХХК-ийн хувьцааг Д.Д.гийн эзэмшилд бүртгэж, холбогдох өөрчлөлт оруулахыг Улсын бүртгэлийн байгууллагад даалгах, гэм хорын хохиролд 78 243 990 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ш.Т., Д.Д. нар нь 2011 оны 4 сард талууд хэд хэдэн удаа уулзаад махны үйлдвэрт хөрөнгө оруулалт хийе. Хөрөнгө оруулсан хэмжээгээрээ компанийнхаа хувьцааг эзэмшээд ашиг хүртээд явъя гэсэн тохиролцоо байсан. Махны үйлдвэр барьж байгуулахад 500 орчим сая төгрөг хэрэгтэй. Эхний ээлжинд боломжийнхоо хэмжээгээр мөнгөө босгоё гээд Ш.Т. нь 30 хувь буюу 150 000 000 төгрөг, Д.Д. нь 60 хувь буюу 300 000 000 төгрөг, Б.Алтанцаг нь 10 хувь буюу 50 000 000 төгрөгийг гаргахаар тохирсон. Үйл ажиллагааг бүхэлд нь хариуцаж байсан хүн нь хариуцагч Ш.Т.. Хариуцагч нь Д.Д.гээс316 000 000 төгрөгийг хоёр хуваан авч баримт үйлдсэн байдаг. 2015 оныг хүртэл Ш.Т. хариуцаж байсан, 2015 оноос хойш Ш.Т. нь төрийн албанд томилогдож, Д.Д. тухайн бизнесийг хариуцах болсон. Түүний дараа 2 жил орчим Б.Алтанцаг бизнесийг хариуцаад Д.Д.г хариуцаач гэж хүссэний үндсэн дээр тухайн бизнест анх орсон. Ороход санхүүгийн ямар нэгэн баримт байхгүй, анх хөрөнгө оруулалт оруулсан талаарх баримт бичиг байхгүй байсан. Бодитой байсан хөрөнгө нь тоног төхөөрөмж болон 360 м.кв сэндвичэн байшин. Энэ нь хөрөнгө оруулалтын анхны хэмжээнд хүрэхээргүй байсан. Үүнтэй холбоотойгоор талууд зөвшилцөж, байгаа хөрөнгө, мөнгө төгрөгийг юунд зарцуулсан талаар ярилцах гэж оролдсон боловч амжилт олоогүй. Д.Д. нь Төв Магис ХХК-ийг хүлээж авахад эзэмшигчийн өмч гэсэн балансад 34 100 000 төгрөг, үндсэн хөрөнгөд 99 300 000 төгрөг байсан. Үндсэн хөрөнгөд барилга байгууламж тоног төхөөрөмж, бараа материал зэрэг нь 99 300 000 төгрөг байна гэдэг нь анх байгуулсан 500 000 000 төгрөгөөс хол зөрүүтэй. Санхүүгийн балансыг хараад тайлбар хийж чадахгүй, мөнгөөр юу авсан зэргийг тайлбарлаж чадахгүй, нотлох баримт гаргаж өгөхгүй өнөөдрийг хүрсэн. Аудитын дүгнэлт гарсан Д.Д. гуай бизнесийг хариуцаж эхлэнгүүтээ Төв магис ХХК-ийн 60:30:10-ыг эзэмшээд, махны бизнес эхлээд, үүгээрээ хувьцаа болон ашиг хүртэж байх нь цаасан дээр өнөөдрийг хүртэл буугаагүй, ямар ч арга хэмжээ авахгүй, хэл амаа ойлголцохгүй байна гээд Л..ХХК гэж шинэ компани байгуулсан. Л..ХХК-ийг 2016.04.06-ны өдөр байгуулсан тогтоол байгаа. Энэ тогтоолд Ш.Т. 30 хувь, Д.Д. 60 хувь, Б.Алтанцаг 10 хувь болох хувьцааг эзэмшихээр тохирсон. Хувьцаагаа тохирсон ч гэсэн энэ дээр мөнгөн хөрөнгө бодитоор байхгүй. Анх компани байгуулсан 1 000 000 төгрөг дээр хувьцаагаа гурвуулаа тохирсон. 2017.06.30-ны өдөр талууд бүгд байж байгаад үндсэн хөрөнгийг бүртгүүлж, тооллого хийгээд 218 700 000 төгрөгийн хөрөнгө байна гэж үзсэн. 218 700 000 төгрөгийг хувь нийлүүлсэн хөрөнгөд бүртгэсэн. Тэндээс 60:30:10 хувиа албажуулсан. 2018 оны 04 сард Аквар аудит гээд компани хөдлөнгөөс аудит хийсэн. Аудитын дүгнэлтээр тухайн үеийн 2011 оны үнэлгээний нормоор бодоход энэ бизнес нь 181 769 000 төгрөгөөр боссон байна гэсэн. Нэхэмжлэгчээс 300 000 000 төгрөг авсан атал одоо бүх байгаа юмаа бичээд 181 769 000 төгрөг болоод байгаа нь энэ хүний анхны хөрөнгө оруулалт хийсэн 60 000 000 төгрөгөөс бага байгаа тул аргагүй байдалд орсон. Энэ нь иргэний гэхээс илүү гэмт хэргийн шинжтэй, хүний итгэл эвдсэн ийм асуудал байсан тул 2018.11.20-ны өдөр Хан-уул дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргаад залилангийн гэмт хэргээр шалгуулсан. Шалгуулах явцад талуудын мэдүүлгээр хангалттай тогтоогддог, мөн шинжээчийн дүгнэлт гардаг. Шинжээчийн дүгнэлт гарахдаа Д.Д.гээс 316 000 000 төгрөг орсон байна. Энэ мөнгөөр тухайн бизнес 100 хувь боссон юм байна. Магадгүй анх эхлээд хөрөнгө оруулаад явж байсан байх. Үүнийг хожим Д.Д.гээс авсан хөрөнгө оруулалтаар нөхсөн байна. Мөн бусад хувьцаа эзэмшигч нар буюу хариуцагч нар энэ бизнест хөрөнгө оруулсан эсэх нь тогтоогдохгүй байна. Энэ талаар баримт алга, махны үйлдвэрийн бүх хөрөнгө 181 796 000 төгрөг байна гэж шинжээчийн дүгнэлтээр гаргасан. Үүнийг хожим прокуророос залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна гээд хэргийг шалгаад 2019.05.08-ны өдөр хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэргийг хаасан. Хэрэг хаасан 586 дугаар тогтоолдоо Д.Д. гуайн 100 хөрөнгө оруулалтаар босгосон нь тогтоогдож байна. Ш.Т. бусдыг залилан мэхэлсэн болох нь тогтоогдож байна. Мөн эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа учраас гэмт хэрэгт татах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр, бид нарын зүгээс гэмт хэрэгт татах хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас биш бусдад учруулсан хохирлоо төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Прокурорын тогтоол дээр 316 000 000 төгрөг гэж тогтоосон нь анх нэхэмжлэгчээс авсан хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалт нь 300 000 000 төгрөгөөр тохироод 16 000 000 төгрөгийг эргэлтийн хөрөнгө гэж түр авсан байдаг. 16 000 000 төгрөг дээр нэмээд 24 000 000 төгрөг буюу нийт 40 000 000 төгрөгийг 2012 онд нэхэмжлэгчид буцаан өгсөн. Түр авсан 16 000 000 төгрөгөө өгөөд, үйлдвэр барьснаас таны 24 000 000 төгрөг хэмнэгдсэн гэж ойлгуулж өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс 316 000 000 төгрөгөөс 40 000 000 төгрөгийг хасаж байгаа. Л..ХХК-ийн 60 хувь буюу 131 837 340 төгрөгийн хувьцаа нь Д.Д.д ирсэн. Одоо бодитой 144 162 660 төгрөг байхгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол байгаа. 10 сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 78 243 990 төгрөг нь хэвээрээ, Л..ХХК-ийн 30 буюу 65 918 670 төгрөгийг хасаад, үүний оронд Л..ХХК-ийн 30 хувийг эзэмшдэг Ш.Т.т холбогдох тогтоол, дүрэм холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Л..ХХК-ийн 30 хувийг Д.Д.гийн хөрөнгө оруулалтад улсын бүртгэлд бүртгэхийг даалгаж өгөхийг хүссэн иргэний нэхэмжлэл гаргаж байна. 2016 онд дүрэм, тогтоолыг гаргаад, дүрмийг бүртгүүлээд хөрөнгө оруулагч бусад талууд нь хөрөнгө оруулаагүй юм байна. Энэ хөрөнгө нь ийм хэмжээний юу ч байхгүй бодит байдал байгаа юм байна гэдгийг мэдээгүй. Мэдээгүй учраас тогтоол гаргаж, дүрэм бүртгүүлсэн. 2016 онд Лансын хишгийн хувийг тохирч байхдаа Д.Д.гийн 100 хувь өөрийнх нь мөнгөөр боссон компанийг хууль бусаар хувьцаа эзэмшээд ороод ирсэн. Хариуцагчийн зүгээс 65 900 000 төгрөгийн хөрөнгө оруулалт, бид нарын хууль ёсны 30 хувь гэвэл баримттай байх ёстой. 65 900 000 төгрөгөө оруулаагүй гэдэг нь аудитын дүгнэлт, цагдаа шүүх, шинжээчийн дүгнэлтээр гараад ирсэн. Огт мөнгө оруулаагүй этгээд хувьцаа эзэмшээд байгаа нь иргэний хуулийн 59.1, 59.2-д зааснаар хүчин төгөлдөр бусад тооцож болох хэлцэл байна гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн зүгээс 2020.05.18-ны өдөр, 2020.10.27-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсний хууль зүйн үндэслэлийг гаргахад, үлдэгдэл 144 162 660 төгрөгийг иргэний хуулийн 497.1, 510.1-д заасныг үндэслэж хариуцагчаас гаргуулж өгнө үү гэсэн. Мөн 10 сарын 27-ны өдөр, өнөөдрийн шүүх хуралдаан дээр гаргаж байгаа тодруулсан шаардлагын хууль зүйн үндэслэлээ Төмөрсүхээс 2019.05.08-ны өдрийн дүүргийн прокурорын 586 дугаар тогтоол, иргэний хуулийн 497.1, 510.1-д хэсгийг үндэслээд 78 243 990 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн шаардлага гаргасан. Энэ хууль зүйн үндэслэлийг харахад гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нэхэмжилж байна гэж тодорхойлж байна. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр гэм хороор нэхэмжилж байна гэж тодруулж хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болоод дүүргийн прокурорын 586 дугаар тогтоолд өөрчлөлт орсон. Улсын ерөнхий прокурорын газрын 2020.10.19-ны өдрийн дугаартай гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өөрчлөлт оруулах тухай гэсэн улсын ерөнхий прокурорын орлогч төрийн хууль цааз, шадар зөвлөх н.Чинбатын тогтоол байгаа. Энэ тогтоолын агуулга нь Д.Д.гийн гомдлоор Ш.Т.т холбогдох байцаан шийтгэх ажиллагааны явц нь хууль зөрчсөн байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдаад байгаа Аквар аудитын дүгнэлт өөрөө эргэлзээтэй гарсан байна. Тиймээс энэ дүгнэлтээр тогтоох боломжгүй байна гэсэн. Өөрөө нэг талаасаа аудитын компани нь гэмт хэргийн улмаас хохирсон хохирлыг шууд нотолдог төрийн эрх бүхий байгууллага биш. Гэм буруугийн асуудлыг хуулийн байгууллага тогтоодог болохоос аудитын дүгнэлтээс тогтоох боломжгүй. Аудитын дүгнэлт нь санхүүгийн анхан шатны баримтуудад үндэслээгүй, хэрэгт авагдсан баримтууд эргэлзээ бүхий гарсан байна гэж прокурор дүгнэсэн. 586 дугаар тогтоолын хууль зүйн үндэслэл өөрчлөгдсөн байгаа. 586 дугаар тогтоолоор Ш.Т.т холбогдох хэрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж хэрэгсэхгүй болгосныг улсын ерөнхий прокурорын газраас 1.1-ээр буюу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдгээр хэрэгсэхгүй болгосон. Тиймээс өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад байгаа гэм хорын хохирол нь дээд шатны прокуророос үгүйсгэгдсэн нөхцөл байдал байна. 316 000 000 төгрөгийг Д.Д. өгсөн, Ш.Т. ажиллуулсан гэдэг агуулгын талаар тайлбар өгөх нь илүүц байна. Түүний баримт шаардлагатай бол би дараагийн шатанд гаргая. Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл үгүйсгэгдсэн гэм хорын гэж үзэх боломжгүй болсон учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Талуудын хооронд 2011 оноос харилцаад хамтарч ажиллаж эхэлсэн гэдэг боловч эхэлсэн үйл баримтаа Д.Д. ч нотолж чаддаггүй, ямар нэгэн баримт байдаггүй. Ш.Т.т зээлүүлсэн мөнгө гэж Б.Алтанцаг хэлэх юм байна лээ. Анх Б.Алтанцаг, Ш.Т. хоёр хамтарч бизнес хийе, Д.Д.гээс санхүүжилт авъя гэж ярьсан болохоос хамтарч ажиллая гэсэн асуудал яригдаагүй. Зээлийн асуудал нь Б.Алтанцагаар дамжиж Д.Д. рүү очихдоо маргаантай асуудал үүсгэсэн учраас 2015 оноос эхлээд талууд энэ компани дээр хувьцаа эзэмшээд яв гээд 2016.04.06-ны нэхэмжлэгчийн хэлээд байгаа цаг хугацаан дээр Б.Алтанцаг, Ш.Т., Д.Д. нарын дунд нийт 8 удаагийн гэрээ нэг өдөр байгуулагдсан. Энэ нь гэм хорын хохирол биш талуудын дунд байгуулагдсан, 8 удаагийн гэрээ хэрэгт авагдсан, сая товьёглоод өгч байсан Иргэний хуулийн 189.1, 243.1, 122.2 заасныг эцэслээд бид ийм гэрээ байгуулж байна гээд сайн дураараа байгуулсан. Энэ нь иргэний хуулиар зохицуулагдах гэрээний эрх зүйн хэм хэмжээтэй холбоотой маргаан болохоос өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээр шууд гэм хорын хохирол гэж үзэж шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гэм хор гэдэг нь үгүйсгэгдэж байгаа учраас гэрээний эрх зүйн хэм хэмжээндээ үндэслээд нэхэмжлэлээ гаргаад гэрээний дагуу асуудлаа шийдвэрлүүлэх үндэслэлтэй. 30 хувийн хувьцааны хувьд гэрээний асуудалтай маргаан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Д. нь хариуцагч Ш.Т.т холбогдуулан гэм хорын хохиролд 144 162 660 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ...Л..ХХК-ийн 2016 оны 04 сарын 06-ны өдрийн тогтоол, 2016 оны 04 сарын 13, 2017 оны 06 сарын 30-ны өдрүүдэд өөрчлөн бүртгүүлсэн дүрмийн Ш.Т.т холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Л..ХХК-ийн хувьцааг Д.Д.гийн эзэмшилд бүртгэж, холбогдох өөрчлөлт оруулахыг Улсын бүртгэлийн байгууллагад даалгах, гэм хорын хохиролд 78 243 990 төгрөгийг гаргуулахгэж өөрчлөн, энэхүү шаардлагаа дэмжиж мэтгэлцэв. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...Миний бие хариуцагч Ш.Т. болон Б.Алтанцаг нартай хамтран махны үйлдвэр барьж ажиллуулахаар болж, би 60 хувь, Ш.Т. 30 хувь, Б.Алтанцаг 10 хувийн хөрөнгө оруулахаар тус тус тохиролцсон боловч Ш.Т., Б.Алтанцаг нар нь тохирсон хөрөнгөө оруулаагүй. Миний оруулсан 316 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар махны үйлдвэр 100 хувь боссоноос гадна мөнгө илүү гарсан нь тогтоогдсон. Ш.Т. 30 хувийн хөрөнгө оруулалтаа оруулаагүй атлаа хуурч мэхлэн Л..ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн тул хувьцаа эзэмшигчдийн шийдвэр хүчин төгөлдөр бус, хариуцагч Ш.Т.ийн эзэмшлийн 30 хувийн хувьцааг нэхэмжлэгч Д.Д.гийн эзэмшилд шилжүүлэн авна. Анх оруулсан хөрөнгө 316 000 000 төгрөгөөс Л..ХХК-ийн өөрийн эзэмшдэг 60 хувийн хувьцаанд ногдох 131 837 340 төгрөгийг, 2012 онд буцаан өгсөн 40 000 000 төгрөгийг, хариуцагч Ш.Т.өөс шилжүүлэн авах 30 хувийн хувьцаанд ногдох 65 918 670 төгрөгийг тус тус хасч тооцоход 78 243 990 төгрөгийн гэм хорын хохирол учирсан... гэж тайлбарлаж байна.

Зохигчдын тайлбар хэрэгт авагдсан баримтаар 2011 онд Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутагт Төв магис ХХК-ийн хашаанд махны үйлдвэр барьж ашиглалтад оруулан, 2012 он хүртэл хариуцагч Ш.Т., 2014 оны 11 сар хүртэл Б.Алтанцаг, 2014 оны 11 сараас нэхэмжлэгч Д.Д. нар үйл ажиллагааг тус тус хариуцан явуулж, улмаар 2015 оны 04 сарын 29-ны өдөр Л..ХХК-ийг мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаа болон бусад чиглэлээр үйл ажиллаагаа явуулахаар үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирал буюу компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээр нэхэмжлэгч Д.Д. бүртгэгдсэн байна. /хх-163/

 

Л..ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 04 сарын 06-ны өдрийн хурлын тогтоолоор компанийн хувьцаа эзэмшигчээс Төв магис ХХК-ийг хасч, хувьцаа эзэмшигчээр Ш.Т., Б.Алтанцаг нарыг нэмж, компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 30 хувийг Ш.Т., 10 хувийг Б.Алтанцаг, 60 хувийг Д.Д. нарт тус тус эзэмшүүлж, компанийн дүрмийг шинэчлэн батлахаар шийдвэрлэж, хувьцаа эзэмшигч Д.Д., Төв магис ХХК-ийг төлөөлж захирал Б.Алтанцаг нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Улмаар компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх-164, 167-175/

 

Нэхэмжлэгч ...Ш.Т. нь хөрөнгө оруулаагүй атлаа хуурч мэхлэн миний оруулсан хөрөнгийг хувааж компанийн 30 хувийн хувьцаа эзэмшигч болсон нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст 2018 оны 11 сарын 21-ны өдөр гаргасан өргөдлийн дагуу хэргийг шалгах явцад томилогдсон шинжээчийн дүгнэлтээр, Хан-Уул дүүргийн прокурорын 583 дугаар тогтоолоор тус тус тогтоогдсон тул хувьцаа эзэмшигчийн хурлын тогтоолыг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлтэй... гэж тайлбарласан,

хариуцагч ...Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын 2019 оны 05 сарын 08-ны өдрийн 583 дугаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолыг Монгол Улсын Ерөнхий прокурорын газар хянаад 2020 оны 10 сарын 19-ны өдрийн 1/12 дугаартай прокурорын тогтоолоор шинжээчийн дүгнэлт хууль ёсны шаардлага хангаагүй, Ш.Т. нь Д.Д.гээс 316 000 000 төгрөгийг залилан авсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэх үндэслэлээр тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй... гэж татгалзаж байна.

 

Хавтаст хэрэгт, нэхэмжлэгчийн эрүүгийн журмаар гаргасан гомдлын дагуу эрүүгийн хэрэг үүсгэж, ажиллагааны явцад хийгдсэн 2019 оны 04 сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлт авагдсан байх бөгөөд дээрх дүгнэлтээр ...махны үйлдвэрийн барилга байгууламж, тоног төхөөрөмж, тавилга эд хогшилд нийт 181 769 200 төгрөгийн зардал гарсан. Махны үйлдвэрийн зардлыг Д.Д. 100 хувь санхүүжүүлсэн байх магадлалтай... гэж дүгнэсэн, Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын 2019 оны 05 сарын 08-ны өдрийн 583 дугаар тогтоолд ...Ш.Т. нь бусдыг залилан мэхэлсэн болох нь тогтоогдсон боловч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан... гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэснийг Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2020 оны 10 сарын 19-ны өдрийн 1/12 дугаартай прокурорын тогтоолоор ...гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй... гэх үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бий болсон дээрх дүгнэлтийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ашиглах боломжтой, уг нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангах хэдий ч иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд шууд нотлох баримт болохгүй юм.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.

 

Дээрх хуулийн зохицуулалтаар хариуцагчийн хууль бус үйлдэл байх, гэм буруутай нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр нотлогдсон байх, гэм хор учруулсан байх, гэм буруу, хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байх урьдчилсан нөхцөл бүрдсэн байхыг шаардана.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдохгүй байх тул шалтгаант холбоо үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Ш.Т.ийн хууль бус үйлдэл эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч Д.Д.д гэм хорын хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Түүнчлэн маргааны зүйл болох 2016 оны 04 сарын 06-ны өдрийн Ласын хишиг ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна. 62 дугаар зүйлийн 62.1.1-т компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах буюу компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах нь хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарна. гэж зааснаар компанийн хувьцаа эзэмшигчдийн эрхээр тодорхойлогдохоор байхад Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй., 59.2-т Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. гэж заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Д.Д.гийн Л..ХХК-ийн 2016 оны 04 сарын 06-ны өдрийн тогтоол, 2016 оны 04 сарын 13, 2017 оны 06 сарын 30-ны өдрүүдэд өөрчлөн бүртгүүлсэн дүрмийн Ш.Т.т холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Л..ХХК-ийн хувьцааг Д.Д.гийн эзэмшилд бүртгэж, холбогдох өөрчлөлт оруулахыг Улсын бүртгэлийн байгууллагад даалгах, гэм хорын хохиролд 78 243 990 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч Ш.Т.т холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 436 506 төгрөгөөс илүү төлсөн 329 594 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 1 106 912 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Ш.Т.т холбогдох Л..ХХК-ийн 2016 оны 04 сарын 06-ны өдрийн тогтоол, 2016 оны 04 сарын 13, 2017 оны 06 сарын 30-ны өдрүүдэд өөрчлөн бүртгүүлсэн дүрмийн Ш.Т.т холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Л..ХХК-ийн хувьцааг Д.Д.гийн эзэмшилд бүртгэж, холбогдох өөрчлөлт оруулахыг Улсын бүртгэлийн байгууллагад даалгах, гэм хорын хохиролд 78 243 990 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Д.Д.гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугааар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаарнэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 436 506 төгрөгөөс илүү төлсөн 329 594 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 1 106 912 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.