Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00547

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2021/00085 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Д-гийн хариуцагч Ш.Т-т холбогдуулан гаргасан Лансын хишиг ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн тогтоол болон 2016 оны 4 дүгээр сарын 13, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр өөрчлөн бүртгүүлсэн дүрмийн Ш.Т-т холбогдох хэсгийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, Лансын хишиг ХХК-ийн хувьцааг Д.Д-гийн эзэмшилд бүртгэж, холбогдох өөрчлөлт оруулахыг улсын бүртгэлийн байгууллагад даалгах, гэм хорын хохиролд 78 243 990 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Т-, Д.Д- нар нь 2011 оны 4 сард махны үйлдвэрт хөрөнгө оруулалт хийхээр тохиролцож, хөрөнгө оруулсан хэмжээгээр компанийн хувьцааг эзэмшиж, ашиг хүртэхээр тохиролцсон. Махны үйлдвэр барьж байгуулахад 500 000 000 орчим төгрөг хэрэгтэй гэж тооцоолон, Ш.Т- 30 хувь буюу 150 000 000 төгрөг, Д.Д- 60 хувь буюу 300 000 000 төгрөг, Б.Алтанцаг 10 хувь буюу 50 000 000 төгрөгийг гаргахаар тохирсон. Үйл ажиллагааг бүхэлд нь хариуцаж байсан хүн нь хариуцагч Ш.Т-. Хариуцагч нь Д.Д-гээс 316 000 000 төгрөгийг хоёр хуваан авч баримт үйлдсэн байдаг. 2015 оныг хүртэл Ш.Т- хариуцаж байсан, 2015 оноос хойш Ш.Т- нь төрийн албанд томилогдож, Д.Д- тухайн бизнесийг хариуцах болсон. Түүний дараа 2 жил орчим Б.Алтанцаг бизнесийг хариуцаад Д.Д-г хариуц гэж хүссэний үндсэн дээр тухайн бизнест анх орсон. Ороход санхүүгийн ямар нэгэн баримт байхгүй, анх хөрөнгө оруулалт оруулсан талаарх баримт бичиг байхгүй байсан. Бодитой байсан хөрөнгө нь тоног төхөөрөмж болон 360 м.кв сэндвичэн байшин. Энэ нь хөрөнгө оруулалтын анхны хэмжээнд хүрэхээргүй байсан. Үүнтэй холбоотойгоор талууд зөвшилцөж, байгаа хөрөнгө, мөнгө төгрөгийг юунд зарцуулсан талаар ярилцах гэж оролдсон боловч амжилт олоогүй. Д.Д- нь Төв магис ХХК-ийг хүлээж авахад эзэмшигчийн өмч гэсэн балансад 34 100 000 төгрөг, үндсэн хөрөнгөд 99 300 000 төгрөг байсан. Үндсэн хөрөнгөд барилга байгууламж тоног төхөөрөмж, бараа материал зэрэг нь 99 300 000 төгрөг байна гэдэг нь анх хөрөнгө оруулсан 500 000 000 төгрөгөөс хол зөрүүтэй. Санхүүгийн балансыг хараад тайлбар хийж чадахгүй, мөнгөөр юу авсан зэргийг тайлбарлаж чадахгүй, нотлох баримт гаргаж өгөхгүй өнөөдрийг хүрсэн. Аудитын дүгнэлт гарсан Д.Д- гуай бизнесийг хариуцаж эхлэнгүүтээ Төв магис ХХК-ийн 60, 30, 10-ыг эзэмшээд, махны бизнес эхлээд, үүгээрээ хувьцаа болон ашиг хүртэж байх нь цаасан дээр өнөөдрийг хүртэл буугаагүй, ямар ч арга хэмжээ авахгүй, хэл амаа ойлголцохгүй байна гээд Лансын хишиг ХХК гэж шинэ компани байгуулсан. Лансын хишиг ХХК-ийг 2016 оны 4 сарын 06-ны өдөр байгуулсан тогтоол байгаа. Энэ тогтоолд Ш.Т- 30 хувь, Д.Д- 60 хувь, Б.Алтанцаг 10 хувь болох хувьцааг эзэмшихээр тохирсон. Хувьцаагаа тохирсон ч гэсэн энэ дээр мөнгөн хөрөнгө бодитоор байхгүй. Анх компани байгуулсан 1 000 000 төгрөг дээр хувьцаагаа гурвуулаа тохирсон. 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр талууд бүгд байж байгаад үндсэн хөрөнгийг бүртгүүлж, тооллого хийгээд 218 700 000 төгрөгийн хөрөнгө байна гэж үзсэн. 218 700 000 төгрөгийг хувь нийлүүлсэн хөрөнгөд бүртгэсэн. Тэндээс 60, 30, 10 хувиа албажуулсан. 2018 оны 4 сард Аквар аудит гээд компани хөдлөнгөөс аудит хийсэн. Аудитын дүгнэлтээр тухайн үеийн 2011 оны үнэлгээний нормоор бодоход энэ бизнес нь 181 769 000 төгрөгөөр боссон байна гэсэн. Нэхэмжлэгчээс 300 000 000 төгрөг авсан атал одоо бүх байгаа юмаа бичээд 181 769 000 төгрөг болоод байгаа нь энэ хүний анхны хөрөнгө оруулалт хийсэн 60 000 000 төгрөгөөс бага байгаа тул аргагүй байдалд орсон. Энэ нь иргэний гэхээс илүү гэмт хэргийн шинжтэй, хүний итгэл эвдсэн ийм асуудал байсан тул 2018 онд Хан-уул дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргаж, залилангийн гэмт хэргээр шалгуулсан. Шалгуулах явцад талуудын мэдүүлгээр хангалттай тогтоогддог, мөн шинжээчийн дүгнэлт гардаг. Шинжээчийн дүгнэлт гарахдаа Д.Д-гээс 316 000 000 төгрөг орсон байна. Энэ мөнгөөр тухайн бизнес 100 хувь боссон юм байна. Магадгүй анх эхлээд хөрөнгө оруулаад явж байсан байх. Үүнийг хожим Д.Д-гээс авсан хөрөнгө оруулалтаар нөхсөн байна. Мөн бусад хувьцаа эзэмшигч нар буюу хариуцагч нар энэ бизнест хөрөнгө оруулсан эсэх нь тогтоогдохгүй байна. Энэ талаар баримт алга, махны үйлдвэрийн бүх хөрөнгө 181 796 000 төгрөг байна гэж шинжээчийн дүгнэлтээр гаргасан. Үүнийг хожим прокуророос залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна гэж хэргийг шалгаад 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаасан. Хэрэг хаасан 586 дугаар тогтоолдоо Д.Д- гуайн 100 хувийн хөрөнгө оруулалтаар босгосон нь тогтоогдож байна. Ш.Т- бусдыг залилан мэхэлсэн болох нь тогтоогдож байна. Гэмт хэрэгт татах хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас биш бусдад учруулсан хохирлоо төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Прокурорын тогтоол дээр 316 000 000 төгрөг гэж тогтоосон нь анх нэхэмжлэгчээс авсан хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалт нь 300 000 000 төгрөгөөр тохироод 16 000 000 төгрөгийг эргэлтийн хөрөнгө гэж түр авсан байдаг. 16 000 000 төгрөг дээр нэмээд 24 000 000 төгрөг буюу нийт 40 000 000 төгрөгийг 2012 онд нэхэмжлэгчид буцаан өгсөн. Түр авсан 16 000 000 төгрөгөө өгөөд, үйлдвэр барьснаас таны 24 000 000 төгрөг хэмнэгдсэн гэж ойлгуулж өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс 316 000 000 төгрөгөөс 40 000 000 төгрөгийг хасаж байгаа. Лансын хишиг ХХК-ийн 60 хувь буюу 131 837 340 төгрөгийн хувьцаа нь Д.Д-д ирсэн. Одоо бодитой 144 162 660 төгрөг байхгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол байгаа. 10 сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 78 243 990 төгрөг нь хэвээрээ, Лансын хишиг ХХК-ийн 30 буюу 65 918 670 төгрөгийг хасаад, үүний оронд Лансын хишиг ХХК-ийн 30 хувийг эзэмшдэг Ш.Т-т холбогдох тогтоол, дүрэм холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Лансын хишиг ХХК-ийн 30 хувийг Д.Д-гийн хөрөнгө оруулалтад улсын бүртгэлд бүртгэхийг даалгаж өгөхийг хүссэн иргэний нэхэмжлэл гаргаж байна. 2016 онд дүрэм, тогтоолыг гаргаад, дүрмийг бүртгүүлээд хөрөнгө оруулагч бусад талууд нь хөрөнгө оруулаагүй юм байна. Энэ хөрөнгө нь ийм хэмжээний юу ч байхгүй бодит байдал байгаа юм байна гэдгийг мэдээгүй. Мэдээгүй учраас тогтоол гаргаж, дүрэм бүртгүүлсэн. 2016 онд Лансын хишиг ХХК-ийн хувийг тохирч байхдаа Д.Д-гийн 100 хувь өөрийнх нь мөнгөөр боссон компанийг хууль бусаар хувьцаа эзэмшээд ороод ирсэн. Хариуцагчийн зүгээс 65 900 000 төгрөгийн хөрөнгө оруулалт, бид нарын хууль ёсны 30 хувь гэвэл баримттай байх ёстой. 65 900 000 төгрөгөө оруулаагүй гэдэг нь аудитын дүгнэлт, цагдаа шүүх, шинжээчийн дүгнэлтээр гараад ирсэн. Огт мөнгө оруулаагүй этгээд хувьцаа эзэмшээд байгаа нь иргэний хуулийн 59.1, 59.2-д зааснаар хүчин төгөлдөр бусад тооцож болох хэлцэл байна гэж үзэж байгаа. Иймд Лансын хишиг ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн тогтоол болон 2016 оны 4 дүгээр сарын 13, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр өөрчлөн бүртгүүлсэн дүрмийн Ш.Т-т холбогдох хэсгийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, Лансын хишиг ХХК-ийн хувьцааг Д.Д-гийн эзэмшилд бүртгэж, холбогдох өөрчлөлт оруулахыг улсын бүртгэлийн байгууллагад даалгах, гэм хорын хохиролд 78 243 990 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нэхэмжилж байна гэж тодорхойлж байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болоод дүүргийн прокурорын 586 дугаар тогтоолд өөрчлөлт орсон. Улсын ерөнхий прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн улсын ерөнхий прокурорын орлогч төрийн хууль цаазын шадар зөвлөх н.Чинбатын тогтоол байгаа. Энэ тогтоолын агуулга нь Д.Д-гийн гомдлоор Ш.Т-т холбогдох байцаан шийтгэх ажиллагааны явц нь хууль зөрчсөн байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдаад байгаа Аквар аудитын дүгнэлт өөрөө эргэлзээтэй гарсан байна. Тиймээс энэ дүгнэлтээр тогтоох боломжгүй байна гэсэн. Өөрөө нэг талаасаа аудитын компани нь гэмт хэргийн улмаас хохирсон хохирлыг шууд нотолдог төрийн эрх бүхий байгууллага биш. Гэм буруугийн асуудлыг хуулийн байгууллага тогтоодог болохоос аудитын дүгнэлтээр тогтоох боломжгүй. Аудитын дүгнэлт нь санхүүгийн анхан шатны баримтуудад үндэслээгүй, хэрэгт авагдсан баримтууд эргэлзээ бүхий гарсан байна гэж прокурор дүгнэсэн. 586 дугаар тогтоолын хууль зүйн үндэслэл өөрчлөгдсөн байгаа. 586 дугаар тогтоолоор Ш.Т-т холбогдох хэрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж хэрэгсэхгүй болгосныг улсын ерөнхий прокурорын газраас гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Тиймээс өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад байгаа гэм хорын хохирол нь дээд шатны прокуророос үгүйсгэгдсэн нөхцөл байдал байна. 316 000 000 төгрөгийг Д.Д- өгсөн, Ш.Т- ажиллуулсан гэдэг агуулгын талаар тайлбар өгөх нь илүүц байна. Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл үгүйсгэгдсэн гэм хорын гэж үзэх боломжгүй болсон учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Талууд 2011 оноос харилцаад хамтарч ажиллаж эхэлсэн гэдэг боловч эхэлсэн үйл баримтаа Д.Д- ч нотолж чаддаггүй, ямар нэгэн баримт байдаггүй. Ш.Т-т зээлүүлсэн мөнгө гэж Б.Алтанцаг хэлдэг. Анх Б.Алтанцаг, Ш.Т- хоёр хамтарч бизнес хийе, Д.Д-гээс санхүүжилт авъя гэж ярьсан болохоос хамтарч ажиллая гэсэн асуудал яригдаагүй. Зээлийн асуудал нь Б.Алтанцагаар дамжиж Д.Д- рүү очихдоо маргаантай асуудал үүсгэсэн учраас 2015 оноос эхлээд талууд энэ компани дээр хувьцаа эзэмшээд яв гээд 2016 оны 4 дүгээр сарын 06-ны нэхэмжлэгчийн хэлээд байгаа цаг хугацаан дээр Б.Алтанцаг, Ш.Т-, Д.Д- нарын дунд нийт 8 удаагийн гэрээ нэг өдөр байгуулагдсан. Энэ нь гэм хорын хохирол биш талуудын дунд байгуулагдсан, 8 удаагийн гэрээ хэрэгт авагдсан. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 243 дугаар зүйлийн 243.1, 122 дугаар зүйлийн 122.2 дах хэсэгт заасныг эцэслээд бид ийм гэрээ байгуулж байна гээд сайн дураараа байгуулсан. Энэ нь иргэний хуулиар зохицуулагдах гэрээний эрх зүйн хэм хэмжээтэй холбоотой маргаан болохоос өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээр шууд гэм хорын хохирол гэж үзэж шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гэм хор гэдэг нь үгүйсгэгдэж байгаа учраас гэрээний эрх зүйн хэм хэмжээндээ үндэслээд нэхэмжлэлээ гаргаад гэрээний дагуу асуудлаа шийдвэрлүүлэх үндэслэлтэй. 30 хувийн хувьцааны хувьд гэрээний асуудалтай маргаан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Ш.Т-т холбогдох Лансын хишиг ХХК-ийн 2016 оны 4 сарын 06-ны өдрийн тогтоол, 2016 оны 4 сарын 13, 2017 оны 6 сарын 30-ны өдрүүдэд өөрчлөн бүртгүүлсэн дүрмийн Ш.Т-т холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Лансын хишиг ХХК-ийн хувьцааг Д.Д-гийн эзэмшилд бүртгэж, холбогдох өөрчлөлт оруулахыг улсын бүртгэлийн байгууллагад даалгах, гэм хорын хохиролд 78 243 990 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Д.Д-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугааар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 436 506 төгрөгөөс илүү төлсөн 329 594 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 1 106 912 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ материаллаг болон процессын хууль зөрчиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг биелүүлсэнгүй. Прокурорын томилсон шинжээчийн дүгнэлтэд санхүүгийн тайлан тэнцэлд тусгалгүй хувьдаа авсан байх магадлалтай гэсэн санал, дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэд завшсан, залилсан гэсэн үг байхгүй. Мэдээж залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн эсэх асуудлыг шүүх, прокурор тогтооно. Энд шинжээч гэмт хэрэг үйлдсэн гэж тогтоолоо мөрдөх байгууллага тогтоох ажиллагаа гэж маргах нь утгагүй. 01/12 тоот тогтоолын агуулга нь 1810002782 тоот эрүүгийн хавтаст хэрэгт огт байхгүй асуудлаар, 7 хоногийн дотор гомдол гаргах хугацаатай тогтоолд 1 жил 6 сарын дараа өөрчлөлт оруулан, энэ хэрэгт хамааралгүй 2 давхар дэлгүүр, газар, 170 00 000 төгрөг гэх мэт асуудлаар дүгнэлт хийж өөрчлөлт оруулсан нь ойлгомжгүй байна. 1/12 тоот прокурорын тогтоолыг анхаарч үзсэн бол агуулга нь бидний энэ маргаанд хамааралгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.2 дахь хэсэг нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай талаас нь үнэлнэ гэснийг хангахгүй байгааг шүүх анхаарч үзэх ёстой байсан. Нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаан дээр ирсэн нотлох баримттай танилцаж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаагүй шалтгаан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг харкуцан арилгах үүрэгтэй гэсэн хуулийн дээрх зохицуулалт шүүхээс өмнө заавал өөр эрх бүхий этгээдийн шийдвэрээр нотлогдсон байхыг шаарддаггүй, шүүх өөрөө үүнийг тогтоох бүрэн боломжтой байсантай холбоотой. Хэрэв өмнө нь шүүх, прокуророор заавал тогтоолгож байж иргэний шүүхэд гэм хорын эрх зүйгээр шийдвэрлэнэ гэх юм бол иргэний шүүх дамжлагын шинжтэй, шийдвэр гүйцэтгэх байгууллага болно. Тапууд анх 2011 онд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан эсэхтэй маргаагүй, маргааныг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтууд буюу аудитын дүгнэлт, санхүүгийн тайлан тооцоо, шинжээчийн дүгнэлт хэрэгт нотлох баримтаар авагдсан хариуцагч талаас дээрх баримтуудтай маргаагүй, үгүйсгэх нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй, Иргэний шүүхэд гэм хорын эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ эрх бүхий этгээдийн шийдвэрээр нотлогдсон байхыг шаардаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн гэм хорын эрх зүйн зохицуулалтыг ноцтой явцууруулсан, хуульд байхгүй урьдач нөхцөлийг шаардсан, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн шийдвэр болсон. Бидний маргааныг гэм хорын эрх зүйн хэм хэмжээгээр шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Шүүх шийдвэрээ танилцуулахдаа нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна гэж тайлбарласан. Бид шүүх хурал дээр нэхэмжлэлийн шаардлагаас хальсан нэг төгрөг ч нэхэмжлээгүй. Шүүх нэхэмжлэлд бичсэн хууль зүйн үндэслэлээр нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаагаа хэлсэн. Тэгвэл нэхэмжлэлийн шаардлагын хүрээ гэдэгт хууль зүйн үндэслэл нь хамаарах уу гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага гэдэг нь нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон нэхэмжлэлийн зүйл, шаардлагыг тодорхойлж байгаа нөхцөл байдлыг хэлнэ. Шүүх нөхцөл байдлыг зөв тодорхойлж, ямар материаллаг эрх зүйн харилцаанаас үүдэлтэй маргаан болохыг нь тогтоож, хэрэглэгдэх хууль түүний хэм хэмжээг зөв олж тайлбарлаж хэрэглэнэ. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээ нь нэхэмжлэлд заасан улсын тэмдэгтийн хураамж төлсөн үнийн дүнгээр хязгаарлагдах, эсвэл шүүхээр хийлгэхээр хүсэж нэхэмжлэлд дурдсан үйлдлээр хязгаарлагдах учиртай. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд түүний хууль зүйн үндэслэл хамаарахгүй. Шүүх гэм хорын, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, хамтран ажиллах гэх мэт ямар эрх зүйн хэм хэмжээ тогтоох нь хууль хэрэглээний асуудал, шүүхийн эрх мэдэл. Манай иргэний эрх зүй суурь үндэс нь Ром-германы буюу эх газрын эрх зүйн тогтолцоо бөгөөд энэ тогтолцооны иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог нь хэргийн оролцогч нар маргаж байгаа үйл баримтаа тайлбарлаж мэтгэлцэх, нотлох харин шүүх түүнд тохирох хэм хэмжээг зөв олж тогтоох, хууль хэрэглэх зарчим байдаг. Шүүх хэргийн оролцогчийг хууль заахыг шаардах, хууль зүйн үндэслэл буруу гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох, асуудлыг шийдвзрлэхээс татгалзаж эрхгүй. Лансын хишиг ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн тогтоол, 2016 оны 4 сарын 13, 2017 оны 6 сарын 30-ны өдрүүдэд өөрчлөн бүртгүүлсэн дүрмийн Ш.Т-т холбогдох хэсгийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Лансын хишиг ХХК-ийн тогтоолыг гаргахдаа нэхэмжлэгч тал хууртагдсан байсан. Хариуцагчийн хөрөнгө оруулалт хийгээгүй буюу тухай үед байгаа хөрөнгөд хариуцагчийн хөрөнгө байхгүй байгааг, өөрийнх нь хөрөнгө оруулалтад өгсөн хөрөнийг талуудтай хуваалцаж байгаагаа мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. Зөвхөн л бэлэн байгаагаа дансанд бүртгэж байна гэж ойлгосон. Хариуцагч тухайн бизнест хөрөнгө оруулаагүй байж хуурч тохиролцоо хийсэн нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцож болох хэлцэл юм. Хүчин төгөлдөр бусад тооцсоноор мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт заасны дагуу үр дагавар нь арилна гэж ойлгож байгаа. Өөрөө хөрөнгө оруулаагүй, хуурч мэхэлж хувьцаа эзэмшигч болж тогтоол гаргаж, дүрэмд өөрчлөлт оруулсан нь хожим хийгдсэн санхүүгийн баримтууд аудитын болон шинжээчийн дүгнэлтээр тодорхой болсон. Үүний дагуу шийдвэр гаргахдаа анхаарсангүй. Өмнө нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоож байж иргэний шүүхэд гэм хорын эрх зүйн маргаан болдог юм бол шүүх хуралдааныг бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийг зөрчиж байна Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө гэмт хэргийн шинжгүй гэсэн байна, гэм хор мөн, биш байлаа ч манай хохирол тодорхой хоёр шүүгч нь гарна л биз, маргааныг шийдвэрлэх боломжтой гэсэн тайлбар хэлсэн. Шүүх заавал эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон байж гэм хор болно гэж үзэж байсан юм бол шүүх хуралдааныг бүрэлдэхүүнтэй шийдвэрлэж процессын хууль зөрчиж байгаа нь ямар учиртай юм. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий л байх ёстой. Мөн улсын тэмдэгтийн хураамжийг нийт төлсөн тэмдэгтийн хураамжаас сүүлд гаргасан нэхэмжлэл болох 78 243 990 төгрөгийн тэмдэгтийн хураамж болох 549 169 төгрөг, хүчин төгөлдөр бусад тооцуулахаар төлсөн 70 200 төгрөгийг тус тус хасаад үлдсэн нь нэхэмжлэгчид буцаан олгох ёстой байтал 1 106 912 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Тэмдэгтийн хураамжийг зохих ёсоор тооцож нэхэмжлэгчид будаан олгоно уу. Хууль хэрэглээний мэдлэг маш хангалтгүй байдал нь шүүхийн нэр хүндийг доройтуулах, шүүхэд итгэх иргэний итгэлийг унагаах, хүний эрхийг хууль шүүхийн байгууллага өөрөө томоохон зөрчигч нь болох нөхцөлийг бүрдүүлж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т зааснаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Д- нь хариуцагч Ш.Т-т холбогдуулан Лансын хишиг ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн тогтоол болон 2016 оны 4 дүгээр сарын 13, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр өөрчлөн бүртгүүлсэн дүрмийн Ш.Т-т холбогдох хэсгийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, Лансын хишиг ХХК-ийн хувьцааг Д.Д-гийн эзэмшилд бүртгэж, холбогдох өөрчлөлт оруулахыг улсын бүртгэлийн байгууллагад даалгах, гэм хорын хохиролд 78 243 990 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага түүнийг нотлох баримт нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрт хамаарахаар заасан бөгөөд мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн тохиолдолд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулах ажиллагааг хийх ёстой.

 

Нэхэмжлэгч Д.Д- нь хариуцагч Ш.Т-ийг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн нь прокурорын тогтоолоор тогтоогдсон гэх агуулгаар тайлбарлаж байх боловч Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй юм.

 

Хариуцагч Ш.Т- нь залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ гэм хор учруулсан үйлдэл, хохирлын шалтгаант холбоог тогтоосон хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарч байна.

Өөрөөр хэлбэл, гэм хорын нэг төрөл нь гэмт хэрэг үйлдсэнтэй холбоотой байж болох боловч хариуцагчийг гэмт хэрэг үйлдсэн талаар шүүхийн шийдвэр гараагүй буюу учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдоогүй байхад дээрх хуулийг хэрэглэжээ. Үүнээс гадна шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 59 дүгээр зүйл буюу хууран мэхэлж хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцох үндэслэл, түүнтэй холбоотой хохирол арилгуулах заалтыг мөн хэрэглэсэн. Гэм хор учруулсан үйлдэл хийгдсэний улмаас эсхүл хожим хэлцлийг шүүхээс хүчин төгөлдөр буст тооцох хууран мэхэлсэн гэх үндэслэлээр шаардах эрхийн хууль зүйн үндэслэл тодорхойлсон нь ойлгомжгүй болжээ.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлд заасан гэм хорын хохирол гэдэг нь иргэний эрх зүйн харилцааны оролцогч хууль буюу гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор бусдад учруулсан хохирлыг хэлдэг.

 

Талуудын маргааны зүйл болж буй Лансын хишиг ХХК-д хэн нь хэдэн хувийн хувьцаа эзэмшихээр тохиролцсон, үүнтэй холбоотойгоор аль хувьцаа эзэмшигч ямар үүргийн зөрчил гаргаж, бусад хувьцаа эзэмшигчдэд ямар хэмжээний хохирол учруулсныг нэхэмжлэгч нотлох ёстой. Нэхэмжлэгч Д.Д- нь хариуцагч Ш.Т-ийг компанид оруулах хөрөнгө оруулалтын тохиролцоогоо зөрчсөн гэж үзэж хохирол нэхэмжилсэн, эсхүл компани үүсгэн байгуулахтай холбоогүйгээр хамтран ажиллах гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүйтэй холбоотой хохирол, зардал нэхэмжилсний аль үндэслэл болохыг тодруулснаар холбогдох хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой болно.

 

Энэ талаар талуудыг хангалттай мэтгэлцүүлж, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл түүнд өгөх хариуцагчийн хариу тайлбар тодорхой болсны дараа талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэх боломжтой юм. Түүнчлэн, нэхэмжлэгч нь Лансын хишиг ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн дүрмийн Ш.Т-т холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан боловч дээрх дүрэм хэрэгт авагдаагүй байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт зааснаар зохигчийн хүсэлтээр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн талаар магадлалд заагаагүй болно.

 

Иймд дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2021/00085 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 619 369 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Г.ДАВААДОРЖ