Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2021/00094

 



2021 01 18 183/ШШ2021/00094

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, өөрийн байранд байрлах, ХХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Ривер стоун тоот хаягт оршин суух, Б.. овогт Д..гийн М.. /РД:..../,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3-р хороо, тоот хаягт оршин суух , Б.. овогт Ж..ын Т.., /РД:.../-т нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 167 480 697,48 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагч Д.М.., Ж.Т.., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэн Д.М.., Ж.Т.. нар нь тус банктай 2015.5.26-ны өдөр №ЗГ-RCC2015030404-1 тоот Орон сууцны зээлийн гэрээ, №БГ-RСС2015030404-1-1 тоот үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулан 136 600 000 төгрөгийг жилийн 15.60 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нар нь №ЗГ-RСС2015030404-1 тоот орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Д.М..ы өмчлөлийн бөгөөд Улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэгдсэн, Хан-уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 26а дугаар байрны 213 тоот хаягт байрлах 92.79-н м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгч нарт мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1-д заасны дагуу банкны зүгээс нэг талын санаачлагаар, шүүхийн журмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулахаар нэхэмжлэл гаргаж байна нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар буюу 2020. 10.14-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээлийн үлдэгдэл 120 622 704.52 төгрөг, зээлийн үндсэн хүү 46 817 759.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27 733.23 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 12 500 төгрөг нийт 167 480 697.48 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлдэгч нар нь уг төлбөрийг сан дураараа төлөөгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага байгаа барьцааны зүйлээр үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлээр хангуулж өгнө үү гэв

 

Хариуцагч Д.М.. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...М.. миний бие Худалдаа хөгжлийн банкнаас 2015.06.03-ны өдөр 136 600 000 төгрөгийн орон сууцны зээлийг 15,6 хувийн хүүтэйгээр 180 сарын хугацаатай авсан. Төлөлтийг хийж байх хугацаанд лизингээр бараа зарах эрх цуцлагдаж, булган шуба, нэхий дээл зэргийг тэр болгон хүмүүс бэлэн мөнгөөр худалдан авах нь буурсан. Тэгээд эхнэр бид хоёр хямд бараа оруулж ирж зарах болсон. Эхнэрийн маань танилын дүү н.Батсайхан гэдэг залуу богино хугацаанд мөнгө өсгөх боломж байна гэж ятгасаар байгаад 30 000 000 төгрөгийг бэлнээр авч дээрээс нь эхнэрийн AXIO авто машиныг өнөө маргаашдаа түр унаад өгье гэж хэлээд аваад явсан. Энэ хүнд хууртагдаж бид мөнгөгүй болоод цагдаагийн байгууллагаар явсан. Энэ хугацаанд банкны төлөлтөө төлж чадахгүй, графикт хугацаа өнгөрсөн. Үүнээс хойш Д.М.. миний бие учир шалтгаангүйгээр халуурч, эвэрхийн хортой хавдар байж болзошгүй гэсэн оношоор нэгдүгээр эмнэлэгт хэвтэн хагалгаанд орж, биеийн байдал сайжиртал гэртээ байсан. Энэ хугацаанд зээлийн төлөлт хийж чадаагүй, зогссон. Ийм учир шалтгааны улмаас 2019.11.08-ны өдрөөс хойш 2020.01 сарыг дуустал 6 000 000 төгрөгийг банкинд төлсөн. Төлөлтөөр хийсэн 6 000 000 төгрөгнөөс 300 000 төгрөгийг банк нь улсын тэмдэгтийн хураамжид суутгаж, 5 700 000 төгрөгийг зээлийн төлөлт болгож авсан. 2020 оны 02 сараас өнөөдрийг хүртэл ковид цар тахал гарсны улмаас бизнесийн үйл ажиллагаа бүр мөсөн зогссож банкинд зээлийн төлөлт хийх боломжгүй болсон. Миний зүгээс ковид 19 цар тахал хэзээ арилаад бизнесийн үйл ажиллагаа хэвийн болохыг мэдэхгүй байгаа. Бүх үйл ажиллагаа хэвийн явагдвал миний зүгээс зээлийг 2 жилийн хугацаанд төлөх боложмтой. Зээлийн хугацааг 2 жилээр сунгаад, зээлийн төлбөрийг 50 хувиар буруулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ж.Т.. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... 2019 оны 1 сараас хойш зээлийн төлбөр төлөөгүй. Бид хоёр том дэлгүүрүүдээр худалдаа наймаа хийх гэсэн боловч ковидоос болоод орлогогүй болсон. Хөдөө орон нутагт явж бараа зарах гэсэн боловч цагдаа нар нь заруулаагүй. Банкнаас бид хоёрт мэдэгдэл ирсэн. 11 сараас өвлийн бараа зарагдаад ирэхээр төлөлтөө хийнэ гэж байсан тул ковидоос болоод бүх зүйл хаагдсан гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ХХХК нь хариуцагч Д.М.., Ж.Т.. нарт холбогдуулан 2015 оны 05 сарын 26-ны өдрийн №3Г-RCC2015030404-1 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ-г цуцлах, үндсэн зээл 120 622 704,52 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 46 817 759,73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27 733,23 төгрөг, нэхэмжлэлтэй холбогдон гарсан зардал 12 500 төгрөг нийт 167 480 697,48 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэгдсэн, Хан-Уулд дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 26а байрны 213 тоотын 92,79 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Д.М.., Ж.Т.. нар ...коронвирус цар тахлын улмаас Улсын онцгой комиссын шийдвэрээр хол хорио тогтоосонтой холбоотойгоор бизнесийн үйл ажиллагаа бүрэн зогссон. Гэрээний үүргээ зөрчсөн нь биднээс шалтгаалаагүй тул гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг зөвшөөрөхгүй... гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Зохигчид 2015 оны 05 сарын 26-ны өдрийн №3Г-RCC2015030404-1 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч ХХХК нь орон сууцны зээлийн зориулалтаар 136 600 000 төгрөгийг 15 жил буюу 180 сарын хугацаатай, сарын 1,30 хувь, жилийн 15,60 хувийн хүүтэй, үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлөөр шилжүүлэх, зээлдэгч Д.Мэндбаяр, Ж.Т.. нь зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хүү, үндсэн зээлийн төлбөрийг сар бүр төлөхөөр харилцан тохиролцсон байна. Мөн өдөр талууд БГ- RCC2015030404-1-1 дугаар барьцааны гэрээ байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 26а байр, 213 тоотын 92,79 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд бариулжээ. /хх-10-19/

 

Зээлийн болон барьцааны гэрээг талууд гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 156 дугаар зүйлийн 156.1, 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлага хангасан, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2-т нийцсэн хүчин Т.. гэрээнүүд гэж дүгнэв.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч, барьцаалагч, барьцаалуулагч биелүүлэх үүрэгтэй. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Зээлдүүлэгч ХХХК нь гэрээний дагуу зээлдэгч нарт 136 600 000 төгрөгийг шилжүүлсэн, зээлдэгч нар нь зээлийн гэрээний хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөнөөс зээлдүүлэгч шүүхэд гэрээг цуцалж, гэрээний үүрэг шаардаж нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 08-ны өдрийн 183/ШШ2019/02389 дугаар шийдвэрээр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн үндсэн төлбөр 124 325 075 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй богож, гэрээний үүргийн зөрчил болох хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний дагуу үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээний зөрчлөө арилгаагүй буюу 2020 оны 01 сарын 30-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хугацаа хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзнэ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд зээлдэгч нар 2015 оны 06 сарын 20-ны өдрөөс 2020 оны 01 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөрт 15 977 295,48 төгрөг, зээлийн хүүнд 108 309 055,41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 241 875,34 төгрөгийг тус тус төлсөн байх бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй болно. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2030 оны 06 сарын 03-ны өдөр дуусах хэдий ч зээлдэгч нар гэрээгээр тохиролцсон хугацаа, хуваарийг удаа дараа зөрчсөн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан ялимгүй зөрчил гэж үзэх боломжгүй тул мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар шаардах эрхтэй. Гэрээний 9.2.2-т заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нөхцөл үүссэн байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй, 453 дугаар зүйлийн 453.1-т зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтрүүлсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй ба зээлийн тооцоолол үндэслэлтэй байх тул хариуцагч нараас үндсэн зээл 120 622 704,52 төгрөг, хүү 46 817 759,73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27 733,33 төгрөг нийт 167 468 198 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ХХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал 12 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, нотариатч Х.Цогзолмаагийн Худалдаа хөгжлийн банкинд гаргасан нэхэмжлэл, 12 500 төгрөгийн Мөнгөний тасалбар ирүүлсэн. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар нэхэмжлэгч дээрх зардлыг хохиролд тооцон шаардах эрхтэй болно.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан тул хариуцагч Д.М.., Ж.Т.. нар нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдийг худалдан борлуулах замаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн тул хариуцагч нарт хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг тус тус баримтлан зохигчийн хоорондын 2015 оны 05 сарын 26-ны өдрийн №3Г-RCC2015030404-1 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч Д.М.., Ж.Т.. нараас 167 480 697,48 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар хариуцагч Д.М.., Ж.Т.. нар нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэгдсэн, Хан-Уулд дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 26а байрны 213 тоотын 92,79 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 065 554 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М.., Ж.Т.. нараас улсын тэмдэгтийн хураамж 1 065 554 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХХК-нд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ