Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00627

 

 

 

 

 

 

 

 

                        “ХХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2021/00094 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “ХХБ” ХХК-ийн хариуцагч Д.М, Ж.Тнарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 167 480 697.48 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандах, хариуцагч Ж.Т итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Д.М, Ж.Тнар тус банктай 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр №ЗГ-RCC2015030404-1 тоот орон сууцны зээлийн гэрээ, №БГ-RСС2015030404-1-1 тоот үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулан 136 600 000 төгрөг жилийн 15.60 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар зээлдэн авсан. Үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Д.Мы өмчлөлийн ...92.79 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй тул гэрээний 9.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1-д заасны дагуу нэг талын санаачлагаар, шүүхийн журмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 120 622 704.52 төгрөг, зээлийн хүү 46 817 759.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27 733.23 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 12 500 төгрөг нийт 167 480 697.48 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Д.Мы тайлбарт: Худалдаа хөгжлийн банкнаас 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 136 600 000 төгрөгийн орон сууцны зээл 15.6 хувийн хүүтэй 180 сарын хугацаатай авсан. Зээлийн эргэн төлөлт хийх хугацаанд лизингээр бараа зарах эрх цуцлагдаж, булган шуба, нэхий дээлийг хүмүүс бэлэн мөнгөөр худалдан авах нь буурсан. Ингээд хоёр хямд бараа оруулж ирж зарах болсон. Энэ хугацаанд банкны төлөлтөө төлж чадахгүй, графикт хугацаа өнгөрсөн. 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарыг дуустал 6 000 000 төгрөг банкинд төлсөн. Уг төлөлтөөс банк 300 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид суутгаж, 5 700 000 төгрөгийг зээлийн төлөлт гэж авсан. 2020 оны 2 сараас өнөөдрийг хүртэл ковид цар тахал гарсны улмаас бизнесийн үйл ажиллагаа бүр мөсөн зогсож зээлээ төлөх боломжгүй болсон. Бүх үйл ажиллагаа хэвийн явагдвал зээлийг 2 жилийн хугацаанд төлөх боломжтой. Зээлийн хугацааг 2 жилээр сунгаад, зээлийн төлбөрийг 50 хувиар буруулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Ж.Т тайлбарт: 2019 оны 1 сараас хойш зээлийн төлбөр төлөөгүй. Бид том дэлгүүрүүдээр худалдаа хийх гэсэн боловч ковид цар тахлаас болж орлогогүй болсон. 11 сараас өвлийн бараа зарагдахаар зээлийн төлөлтөө хийнэ гэж байсан боловч ковидоос шалтгаалаад бүх зүйл хаагдсан гэжээ.

  Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг тус тус баримтлан зохигчийн хоорондын 2015 оны 05 сарын 26-ны өдрийн №3Г-RCC2015030404-1 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч Д.М, Ж.Тнараас 167 480 697.48 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож,  Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар хариуцагч Д.М, Ж.Тнар нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2206040252 дугаарт бүртгэгдсэн, .... 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 065 554 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.М, Ж.Тнараас улсын тэмдэгтийн хураамж 1 065 554 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ”ХХБ” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.  

Хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл бүхий нөхцөл байдал бий болсон эсэхэд бодит дүгнэлт хийгээгүй. Хариуцагч нар нь зээлийн гэрээг байгуулахад урьдчилгаа 61 416 860 төгрөг, үндсэн зээл 12 274 924 төгрөг, зээлийн хүүнд 60 290 602 төгрөг тус тус нэхэмжлэгч “ХХБ” ХХК-д төлсөн. Зээлдэгч нар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахгүйгээр дахин графикт хугацааг шинэчлэн үргэлжлүүлэн төлөлт хийж өөрийн орон сууцыг авч үлдэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.  Мөн хариуцагч нар өвлийн гадуур хувцасны худалдаа наймаа эрхэлдэг боловч нийтийг хамарсан цар тахалтай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газраас хатуу хөл хорио тогтоосны улмаас татан авсан бараагаа худалдах боломж олдоогүй зэрэг байдлаа тодорхой тайлбарлан шүүх хуралдаанд өөрсдөө оролцсон. Эрх зүйн мэдлэггүйн улмаас өмгөөлөгчөөс туслалцаа аваагүй, зээлийн гэрээг цуцлахгүйгээр зээлээ гэрээнд заасан хугацаандаа төлөөд орон байртайгаа үлдэнэ гэдгээ илэрхийлж оролцсон. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас худалдаа бизнес тасалдсан, зогссон тул зээлийн төлөлтийг хойшлуулах, түр зогсоох хүртэл арга хэмжээ авч байхад анхан шатны шүүхээс ямар нэг дүгнэлт хийлгүй зээлийн гэрээг цуцалж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Үндсэн зээл, зээлийн хүүнд нийт 72 565 525 төгрөг, урьдчилгаа 61 416 860 төгрөг нийт 133 982 386 төгрөг төлсөн. Зээлийн гэрээг цуцалснаар зээлийн барьцаанд байгаа 198 013 860 төгрөгөөр үнэлэгдсэн орон сууцаа Худалдаа хөгжлийн банкинд алдана. Зээлийн гэрээг цуцлах зайлшгүй шаардлага байсан эсэхэд анхан шатны шүүх бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй. Зээлийн гэрээнд давагдашгүй хүчин зүйл тохиолдвол хэрхэх талаар, гэрээ цуцлагдсанаар ямар үр дагавар бий болох талаар тусгагдаагүй. Түүнчлэн шүүхийн шийдвэрээр гэрээг цуцалснаар зээлдэгч иргэд гэрээний хугацаа дуусахаас өмнө их хэмжээний төлбөр төлөх, барьцаа хөрөнгөө төлсөн төлбөр дээрээ нэмж алдах эрх зүйн үндэслэл бий болоод байна. Банк их хэмжээний ашиг хүртэх хэмжээнд хүрээд байгаа нь иргэдтэй хийсэн гэрээ хэт нэг талыг барьсан стандарт бус гэрээ болно. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооллын хувьд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “ХХБ” ХХК нь хариуцагч Д.М, Ж.Тнарт холбогдуулан зээл 120 622 704.52 төгрөг, зээлийн хүү 46 817 759.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27 733.23 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан зардалд 12 500 төгрөг, нийт 167 480 697.48 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Д.М, Ж.Тнар 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч “ХХБ” ХХК-аас орон сууцны зээлийн зориулалтаар 136 600 000 төгрөг, жилийн 15.60 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд ... 3 өрөө орон сууцыг барьцаалсан байна. /хх10-20/ Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй харин зээлийн тооцоолол, үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс үүсэх үр дагаврын талаар маргаж байна.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2019/02389 дугаар шийдвэрээр “ХХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.М, Ж.Тнарт холбогдох зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 152 61 011.32 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэргийг хянан шийдвэрлээд хариуцагч нараас үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 27 935 881 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш зээлдэгч нар гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлдүүлэгчийн зүгээс зээлээ төлөхийг мэдэгдэж байсан боловч үүргийн зөрчил арилаагүй байна. /хх23-28/

Хариуцагч нь гэрээний хугацаанд нийт 352 553 944.52 төгрөг төлөхөөс 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээл 15 977 295.48 төгрөг, зээлийн хүү 61 491 295.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 214 142.11 төгрөг, нийт 77 682 733.27 төгрөг төлж, үүргийн зөрчил 2018 оны 6 дүгээр сараас үүссэн байна. /хх13-15, 29-30/

Анхан шатны шүүх “талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2030 оны 6 дугаар сарын 03-ны өдөр дуусах хэдий ч зээлдэгч нар гэрээгээр тохиролцсон хугацаа, хуваарийг удаа дараа зөрчсөн нь Иргэний хуулийн 225.4.1-д заасан ялимгүй зөрчил гэж үзэх боломжгүй тул мөн хуулийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар шаардах эрхтэй. Гэрээний 9.2.2-т заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нөхцөл үүссэн” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

Харин шүүх гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээ цуцлах хүртэл хугацаанд төлөх ёстой байсан зээлийн хүүгийн төлбөрийг буруу тооцоолон зөвхөн нэхэмжлэгчийн тодорхойлсон дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 183/ШШ2019/02389 дугаар шийдвэрээр хариуцагч талаас 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүүнд 27 918 693.11 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Зээлдэгч нь 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс шүүхэд хандсан өдрийг хүртэл 14 сарын зээлийн хүү төлөх үүрэгтэй бөгөөд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 121 774 553 төгрөг байна. Уг дүнгээс зээлийн хүүг тооцож үзэхэд хүүнд 22 162 968 төгрөг төлөхөөр байна. /121 774 553*1.30 хувь=1 583 069 төгрөг /1 сарын хүү/, 1 583 069*14 сар=22 162 968 төгрөг/ Уг дүнгээс хариуцагчийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зээлийн хүүнд төлсөн 1 974 827 төгрөгийг хасахад гэрээг цуцлах хүртэл хугацаанд зээлийн хүүнд 20 188 141 төгрөг төлөхөөр байна.

Мөн хариуцагч нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1 702 371 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 2 000 000 төгрөг, нийт 3 702 371 төгрөг үндсэн зээлд төлснийг зээлийн үлдэгдэл 121 774 553 төгрөгөөс хасахад 118 072 182 төгрөгийн үүрэгтэй байна. Иймд хариуцагчийн гүйцэтгэвэл зохих нийт үүрэг 138 260 323 төгрөг /118 072 182+20 188 141/ болно.

Нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг цуцалж, зээлийг буцаан шаардаж байх тул нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Нэмэгдүүлсэн хүү нь зээлийн үүргээ биелүүлээгүйтэй холбоотой үүсэх нэмэлт үүрэг буюу гэрээний үндсэн үүргийг хангахад чиглэсэн хариуцлага юм. Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсанаар хариуцагчийн гэрээгээр хүлээх үндсэн үүрэг дуусгавар болсон тул түүнтэй салшгүй холбоотой нэмэлт үүрэг дуусгавар болно.

Хариуцагч нь гэрээний үүргийг ноцтой зөрчсөн болох нь тогтоогдсон тул “гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл бий болоогүй” гэх хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй.

Тэрээр хариуцагч нь дэлхий нийтийг хамарсан цар тахал гарсны улмаас бизнесийн үйл ажиллагаа зогссон энэ үед зээл төлөлтийг хойшлуулах, түр зогсоох арга хэмжээ авч байхад шүүх гэрээг цуцалсан нь үндэслэлгүй гэж тайлбарладаг боловч зээлдэгчийн зүгээс зээл төлөлтийг хойшлуулах, зогсоох талаар банкинд хандаж байсан баримтгүй, короновируст цар тахал Монгол Улсад тархахаас өмнө гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн болох нь тогтоогдсон.    

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2021/00094 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасныг тус тус баримтлан талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн №ЗГ-RCC2015030404-1 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Д.М, Ж.Тнараас зээлийн гэрээний үүрэгт 138 260 323 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ХХБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 29 220 374 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дах заалтын “1 065 554” гэснийг “849 251” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 1 065 554 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ  

 

                                               ШҮҮГЧ                                Б.НАРМАНДАХ

                                                                                           А.МӨНХЗУЛ