Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2021/00414

 


 

 

 

 

2021 оны 02 сарын 24 өдөр

           Дугаар 183/ШШ2021/00414

                          Улаанбаатар хот

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “У р м с” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: “Ч-Ө” ХХК-д холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 49.324.604 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.уяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, нарийн бичгийн дарга Ш.Б оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ч-Ө” ХХК нь манай компанитай 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 20/07 дугаартай “Машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх тухай” гэрээ байгуулан, 250.000.000 төгрөгийн үнэтэй Комацу брэндийн D65-E-12 маркийн 65965 сериал дугаартай бульдозерыг 1 сарын 35.000.000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. “Ч-Ө” ХХК нь гэрээ байгуулснаас хойш төлбөрөө хувааж төлсөөр одоогийн байдлаар 33.237.605 төгрөгийн өр төлбөртэй байгаа ба үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулахыг удаа дараа хэлж шаардсан боловч өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Гэрээний 6.1-д “...түрээслэгч төлбөр төлөх үүргээ хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам төлөгдөх ёстой төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг түрээслүүлэгчид төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл алданги болох 16.086.998 төгрөгийг нэхэмжилж байгаа. Иймд “Ч-Ө” ХХК-иас түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 33.237.605 төгрөг, алданги 16.086.998 төгрөг, нийт 49.324.604 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас 33.237.605 төгрөг буюу түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. Харин алдангийг төлөх боломжгүй, хүлээн зөвшөөрөхгүй. Бид “Машин механизм, тоног төхөөрөмж түрээслүүлэх тухай” гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээгээр 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түрээслэхээр болсон. “Ч-Ө” ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Эм Эм И Кью” ХХК-тай уулын ажлын гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг.

Энэхүү уулын ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай машин механизмыг “У р м с” ХХК-иас түрээсэлсэн. Бид тус машин механизмаар ажил хийж гүйцэтгэсэн боловч “Эм Эм И Кью” ХХК-иас тухайн үед эрчимтэй тархаж буй Ковид-19 халдвараас улбаалан санхүүжилт саатаж хойшлогдсон. Олон улсад болон монголын хууль тогтоомжид тодорхойлсон давагдашгүй хүчин зүйлс болон хүндэтгэн үзэх шалтгаан буюу урьдчилан тооцоолшгүй хүчин зүйлсээс болж хугацаа хэтрүүлсэн нөхцөл байдал үүссэн. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар хэрэв хугацаа хэтэрсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. Иймд гэрээний дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги тооцож түрээсийн төлбөрийн нийт үнийн дүнгийн талыг гаргуулахаар нэхэмжилж буй нь үндэслэлгүй байна гэв.

 

Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

“У р м с” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Ч-Ө” ХХК-д холбогдох, түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 49.324.604 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

            “Ч-Ө” ХХК, “У р м с” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 20/07 дугаар “Машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээ”-ээр түрээслүүлэгч “У р м с” ХХК нь өөрийн өмчлөлийн Комацу D65E-12 маркийн бульдозерыг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч “Ч-Ө” ХХК нь нэг сарын түрээсийн төлбөрт 35.000.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон талаар зохигчид маргаагүй тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан хүчин төгөлдөр түрээсийн гэрээг байгуулагджээ.

 

            Уг гэрээний дагуу түрээслүүлэгч “У р м с” ХХК нь өөрийн өмчлөлийн Комацу D65E-12 маркийн бульдозерыг түрээслэгч “Ч-Ө” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр шилжүүлсэн, түрээслэгч нь 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар түрээсийн төлбөрт 33.237.605 төгрөгийг түрээслүүлэгчид төлөөгүй, түрээсийн гэрээний хугацааг 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаагаар сунгасан талаар зохигчид маргаагүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан Тооцоо нийлсэн актаар нотлогдож байна.

 

            Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч “Ч-Ө” ХХК-иас түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 33.237.605 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “У р м с” ХХК-д олгох нь зүйтэй болно.

 

            Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.1-д “түрээслэгч нь энэхүү гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөх ёстой төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг түрээслүүлэгчид төлнө” гэж заасны дагуу 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацааны 88 хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 33.237.605 төгрөгийн 0.5 хувиар алданги тооцон 16.086.998 төгрөгийг хариуцагч “Ч-Ө” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч “У р м с” ХХК-д олгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэж байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Ч-Ө” ХХК-иас түрээсийн гэрээний дагуу үлдэгдэл түрээсийн төлбөр 33.237.605 төгрөг, алданги 16.086.998 төгрөг, нийт 49.324.604 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “У р м с” ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Ч-Ө” ХХК-иас түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 49.324.604 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “У р м с” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “У р м с” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 404.574 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Ч-Ө” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 404.573 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Ж.СЭМЖИД