Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00775

 

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00775

 

 

 

 

УНМС-ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2021/00414 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч УНМС-ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч Ө- ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 49 324 604 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ганхуяаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Аззаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Ч Ө- ХХК-тай 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 20/07 дугаартай машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээ байгуулж 250 000 000 төгрөгийн үнэтэй Комацу брэндийн D65-E-12 маркийн 65965 сериал дугаартай бульдозерыг 1 сарын 35 000 000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. Ч Ө- ХХК нь гэрээ байгуулснаас хойш төлбөрөө хувааж төлж 33 237 605 төгрөгийн өр төлбөртэй ба үлдэгдэл төлбөрийг төлөөгүй. Гэрээний 6.1-д ...түрээслэгч төлбөр төлөх үүргээ хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам төлөгдөх ёстой төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг түрээслүүлэгчид төлнө гэж заасны дагуу нэхэмжлэл гаргасан өдөр хүртэлх хугацааны алданги 16 086 998 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд Ч Ө- ХХК-аас түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 33 237 605 төгрөг, алданги 16 086 998 төгрөг, нийт 49 324 604 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Аззаяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас 33 237 605 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Харин алдангийг төлөх боломжгүй. Бид машин механизм, тоног төхөөрөмж түрээслүүлэх тухай гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээгээр 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түрээслэхээр болсон. Ч Ө- ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эм Эм И Кью ХХК-тай уулын ажлын гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч тухайн үед эрчимтэй тархаж буй Ковид-19 халдвараас шалтгаалж санхүүжилт саатаж хойшлогдсон. Давагдашгүй хүчин зүйлс болон хүндэтгэн үзэх нөхцөл байдал буюу урьдчилан тооцох боломжгүй хүчин зүйлсээс болж хугацаа хэтрүүлсэн нөхцөл байдал үүссэн. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар хэрэв хугацаа хэтэрсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. Иймд гэрээний дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги тооцож түрээсийн төлбөрийн нийт үнийн дүнгийн талыг гаргуулахаар нэхэмжилж буй нь үндэслэлгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч Ө- ХХК-аас түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 49 324 604 төгрөг гаргуулан нэхэмжлэгч УНМС-ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч УНМС-ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 404 574 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ч Ө- ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 404 573 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Аззаяа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан. Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болох зохицуулалттай. УНМС-ХХК болон Ч Ө- ХХК-ийн хооронд 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээний дагуу 16 086 998 төгрөгийг алдангид гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд гэрээ байгуулах үед корона вируст халдварын нөхцөл байдлыг харгалзаж үзэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж олон улсын хуваарьт нислэг, төмөр замын олон улсын болон дотоод зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоох, хот хоорондын хөдөлгөөнийг удаа дараалан зогсоох тухай шийдвэрийг гаргасан. Эдгээр баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар нийтэд илэрхий баримт байх тул дахин нотлох шаардлагагүй тул бичгээр нотлох баримт өгөөгүй ч шүүх хуралдаанаар дээрх нөхцөл байдлыг дурдсан боловч анхан шатны шүүх энэхүү үйл баримтыг үнэлээгүй. Өөрөөр хэлбэл, давагдашгүй хүчин зүйлс болон хүндэтгэн үзэх шалтгаан буюу урьдчилан тооцох боломжгүй байдлаас хугацаа хэтрүүлэх нөхцөл байдал үүссэн. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт хэрэв хугацаа хэтэрсэн нөхцөл байдал нь үүрэг нь гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг шаардлагаас алданги 16 086 998 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч талууд хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс нэхэмжлэлийн үнийн дүнд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч УНМС-ХХК нь хариуцагч Ч Ө- ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөр 33 237 605 төгрөг, алданги 16 086 998 төгрөг, нийт 49 324 604 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Ч Ө- ХХК нь Дэлхий нийтээр тархсан корона вирус буюу цар тахалын улмаас давагдашгүй хүчин зүйлээс хамаарч хугацаа хэтрүүлэх нөхцөл үүссэн тул алданги 16 086 998 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргасан.

 

Талуудын хооронд 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээ байгуулагдаж, түрээслүүлэгч УНМС-ХХК нь Комацу брэндийн D65УE-12 маркийн бульдозерыг түрээслэгч Ч Ө- ХХК-д шилжүүлэх, түрээслэгч нь 1 сарын түрээсийн төлбөр 35 000 000 төгрөгийг сарын бүрийн 20-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсоноос үзвэл тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хх-6-8/

 

Түрээслүүлэгч УНМС-ХХК нь түрээслэгч Ч Ө- ХХК-д Комацу брэндийн D65УE-12 маркийн бульдозерыг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн, харин түрээслэгч нь түрээсийн төлбөр 33 237 605 төгрөг төлөөгүй болох нь 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн актаар тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй. /хх-9-х/

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн төлбөрийн үлдэгдэл 33 237 605 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Төлбөрийн тооцооны талаар талууд маргаагүй. Харин алдангиас чөлөөлөх эсэх нь маргааны зүйл болжээ. Гэрээний 6.1-т түрээслэгч нь энэхүү гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ гэрээгээр тогтоосон хугацаанд багтаан бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөх ёстой байсан төлбөрийн төлөгдөөгүй байгаа үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг түрээслүүлэгчид төлөхөөр талууд тохиролцсон байна. /хх-6-8/

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ үргэлжлэх хугацаанд Дэлхий нийтээр тархсан корона вирусын халдвар буюу цар тахлын улмаас хариуцагч Ч Ө- ХХК түрээсийн гэрээний зүйл Комацу брэндийн D65УE-12 маркийн бульдозерыг ашиглах боломжгүй болсон нь нийтэд илэрхий үйл баримт байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар уг үйл баримтыг дахин нотлохгүй.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан. Үүргийн зүйлийг ашиглах боломжгүй байсан дээрх нөхцөл байдал нь талуудын хэн алинаас хамаарахгүй үүссэн тул үүссэн эрсдлийг харгалзан үзэхэд анзын хэмжээ илт их байна. Иймд үүссэн алданги 16 086 998 төгрөгийн 50 хувь 8 043 499 төгрөгийг хариуцагч Ч Ө- ХХК-аас гаргуулах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Ч Ө- ХХК-аас түрээсийн төлбөр 33 237 605 төгрөг, алданги 8 043 499 төгрөг, нийт 41 281 104 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч УНМС-ХХК-д олгох нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт нийцнэ.

 

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2021/00414 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч Ө- ХХК-аас 41 281 104 төгрөг гаргуулж нэхэмжлэгч УНМС-ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 043 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын ...404 573 төгрөг гэснийг ...364 356 төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 248 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Д.БАЙГАЛМАА