Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2023/00034

 

БРгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч М.Батсуурь, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 135/ШШ2022/01321 дүгээр шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 209/МА2022/00104 дүгээр магадлалтай,

БРгийн нэхэмжлэлтэй,

УГ, НЭ нарт холбогдох,

2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн зээлээр худалдах-худалдан авах тухай гэрээнээс татгалзаж, УГ, НЭ нарын хууль бус эзэмшлээс Дархан-Уул аймгийн ..........од байрлах .......... дугаартай, улсын бүртгэлийн .......... дугаартай 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц цайны газрын тоног төхөөрөмж, эд хэрэгслийн хамт чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Ө.Гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч УГ, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Г, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч БР нь хариуцагч УГ, НЭ нарт холбогдуулан 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн зээлээр худалдах-худалдан авах тухай гэрээнээс татгалзаж, УГ, НЭ нарын хууль бус эзэмшлээс Дархан-Уул аймгийн ..........од байрлах .......... дугаартай, улсын бүртгэлийн .......... дугаартай 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц цайны газрын тоног төхөөрөмж, эд хэрэгслийн хамт чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2.Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 135/ШШ2022/01321 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар БРгийн нэхэмжлэлтэй хариуцагч УГ, НЭ нарт холбогдох 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хэлцэл гэх зээлээр худалдах-худалдан авах тухай гэрээнээс татгалзаж, УГ, НЭ нарын хууль бус эзэмшлээс Дархан-Уул аймгийн .......... 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц .......... дугаартай, улсын бүртгэлийн .......... дугаартай цайны газрын тоног төхөөрөмж, эд хэрэгслийн хамт чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрийн сан 100 190 000 941 тоот дансанд төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч БРгаас 70,200 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

3.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 209/МА2022/00104 дүгээр магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 135/ШШ2022/01321 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар БРгийн нэхэмжлэлтэй хариуцагч УГ, НЭ нарт холбогдох 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хэлцэл гэх зээлээр худалдах-худалдан авах тухай гэрээнээс татгалзаж, УГ, НЭ нарын Дархан-Уул аймгийн .......... 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц .......... дугаартай, улсын бүртгэлийн .......... дугаартай цайны газрын тоног төхөөрөмж, эд хэрэгслийн хамт хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг, “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч БР, хариуцагч УГ, НЭ нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 3 дугаар байрны 01 тоот 18 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон 60 нэр төрлийн тоног төхөөрөмжийн хамт зээлээр худалдах-худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч УГ, НЭ нарын эзэмшлээс Шарын гол сумын Хайрхан багийн 3-р байрны 01 тоот 18 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон 60 нэр төрлийн тоног төхөөрөмж зэргийг гаргуулж нэхэмжлэгч БРд олгож, нэхэмжлэгч БРгаас 39,990,200 төгрөгийг гаргуулж хариуцагч УГ, НЭ нарт олгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрийн сан 100 190 000 941 тоот дансанд төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч БРгаас 70,200 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч БРгаас 70,200 төгрөг нөхөн гаргуулж төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч УГ, НЭ нараас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч БРд олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч БРгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хариуцагч нарын өмгөөлөгч Ө.Г миний бие дараах гомдлыг хяналтын журмаар гаргаж байна. Үүнд:

4.1.БРгаас УГ, НЭ нарт холбогдуулан “2019.12.18-ны өдрийн гэрээнээс татгалзаж, 18 м.кв бүхий 1 өрөө орон сууц, цайны газрын тоног төхөөрөмж, эд хэрэгслийн хамт чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргадаг. Зохигчид буюу нэхэмжлэгч хариуцагчид нь 2019.12.18-ны өдөр байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус эсэх талаар анхнаасаа буюу анхан шатны шүүх хуралдаан дээр хүртэл маргадаггүй аль аль тал нь хүчин төгөлдөр хэлцэл гэж үздэг. Маргааны зүйл нь гэрээгээ зөрчсөн эсэх талаар байдаг. Гэтэл иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянаж үзэлгүй, маргаагүй асуудал болох хэлцлийг хүчин төгөлдөр эсэх талаар дүгнэлт хийж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж үзэж шийдвэрлэсэн.

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан дээр хэлцлийн хүчин төгөлдөр эсэх талаар талуудаас асууж тодруулаагүй, шууд шүүх бүрэлдэхүүн хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж эрх зүйн өөр дүгнэлт өгч шийдвэрлэж байгаа нь талуудын тэгш мэтгэлцэх зарчим болон хэргийг диспозитив зарчмын хүрээнд шийдвэрлэх зарчмыг алдагдуулсан шийдвэр болсон.

4.2.Магадлалын хянавал хэсэгт: Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3, 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1-т тус тус заасан мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т заасныг үндэслэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Заавал тус хэлцлийг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх ёстой мэтээр дүгнэж байгаа нь буруу юм. Бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх асуудал нь төлбөрийг бүрэн төлж дууссаны дараагаар зохицуулагдах хэмж хэмжээ юм.

Учир нь 2019.12.18-ны өдөр байгуулсан хэлцэл нь талууд гол нөхцөлөө маш тодорхой, ойлгомжтой тохироод байгуулсан хэлцэл байдаг. Хэлцлээр 1 өрөө орон сууцыг эд хогшлын хамт 42,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч 2020.01.15-ны өдрөөс 2021.01.15-ны өдрийг хүртэл 15,166,000 төгрөгийг төлөх, үлдэгдэл 26,834,000 төгрөгийг 2022.01.15-ны өдрийн дотор төлөхөөр тохирч төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхөөр талууд тохирсон нь хэлцлээс маш тодорхой харагддаг. Энэ нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж зохицуулсан. Үүнээс харахад хэлцлийн дагуу үнийг бүрэн төлсөн тохиолдолд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдагч буюу нэхэмжлэгч нь баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй юм. Мөн хуулийн 44-р зүйлийн 44.1-т “Тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэх, эсхүл хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцож хийсэн хэлцлийг болзол тавьж хийсэн хэлцэл гэнэ” энэ нь хэлцлийн дагуу 42,000,000 төгрөгийг бүрэн төлсөн нөхцөлд өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохирсон байх тул хүчин төгөлдөр хэлцэл юм.

2019.12.18-ны өдрийн хэлцэл нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний талуудыг чөлөөт байдлын хүрээнд хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл байхад иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

4.3.Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Г хяналтын журмаар гаргасан нэмэлт гомдолдоо: Худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр хөрөнгийн өмчлөх эрх шилжих үйл явц нь цаг хугацааны хувьд гэрээг бичгээр хийж нотариатаар гэрчлүүлэх үед үүсэхгүй байх боломжтой. Өмчлөх эрхийн буюу уг гэрээний бүртгэл нь өмчлөх эрхийг баталгаажуулж байгаа хэлбэр бөгөөд энэ нь гуравдагч этгээд буюу бүртгэлийн байгууллагын хувьд өмчлөгчийг таних хууль зүйн гаргалгаа юм. Талуудын өмчлөх эрхийг мөнгө бүрэн төлж дуусахад бүртгүүлэх тохиролцоо нь хуулиар хориглоогүй тул хуульд нийцсэн гэрээний үүрэг гэж үзэх үндэслэлтэй.

Мөн тухайн төрлийн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг зөрчсөн гэж үзэж байгаа бол энэ нь хэлцлийг хийхэд хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн боловч агуулгын хувьд байж болох хэлцэл энэ зүйлийн зохицуулалтад хамаарахгүй гэсэн дээд шүүхийн тайлбар байдаг болно.

Иймд ИХШХШТХуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тул гомдлыг хүлээн авч давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5.Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Гийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.02.02-ны өдрийн 001/ШХТ2023/00122 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.

7.Нэхэмжлэгч БР нь хариуцагч УГ, НЭ нарт холбогдуулан зээлээр худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, хариуцагч нараас Дархан-Уул аймгийн ..........од байрлах .......... дугаартай, улсын бүртгэлийн .......... дугаартай 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг, цайны газрын тоног төхөөрөмжийн хамт гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч нар төлбөр төлөх гэрээнд заасан хугацааг хэтрүүлж үүргийн зөрчил гаргасан гэж тайлбарласан.

Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “нийт 42,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаанд, сар бүр хэсэгчлэн төлөхөөс 39,955,766 төгрөг төлсөн, үлдэх төлбөрийг төлөх үед шүүхэд хандсан байна, үүргээ зөрчөөгүй” гэжээ.

8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, “...зохигчийн хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ бус мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, хариуцагч нар 42,000,000 төгрөгийн төлбөр төлөх үүргийн дийлэнх буюу 39,955,766 төгрөгийг төлсөн нь тогтоогдсон, нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах хуульд заасан журам зөрчсөнөөс гадна хариуцагч нар төлбөрийн үлдэх хэсгийг төлөөгүй нь ялимгүй зөрчил тул гэрээнээс татгалзах үндэслэлгүй” гэсэн дүгнэлт хийсэн бол давж заалдах шатны шүүх “...зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, харин тухайн гэрээний зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж байгаа бол гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд өмчлөх эрхээ бүртгүүлснээр уг гэрээ хүчин төгөлдөр болно. Талууд гэрээг бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн боловч улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлага хангаагүйгээс тухайн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл, ийм тохиолдолд мөн хуулийн 56.5-д заасан хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах үр дагавар үүсэх тул орон сууц, тоног төхөөрөмжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс мөнгийг гаргуулж хариуцагчид олгох үндэслэлтэй” гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

9.Дээрх байдлаар хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар өөр өөр зөрүүтэй дүгнэлт хийжээ.

10.Хэргийн баримт, зохигчийн тайлбараас үзэхэд, зохигч 2019.12.19-ний өдөр гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь хариуцагчид Дархан-Уул аймгийн ..........од байрлах .......... дугаартай, улсын бүртгэлийн .......... дугаартай 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 42,000,000 төгрөгөөр, цайны газрын тоног төхөөрөмжийг 1,264,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон, төлбөрийг нэхэмжлэгчийн “ХБ” ХХК-аас авсан зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу сар бүр хэсэгчлэн 2020.01.15-2021.01.15-ны өдрийн хооронд нийт 15,166,000 төгрөг, хоёр дахь жил буюу 2021.01.15-2022.01.15-ны дотор үлдэх 26,834,000 төгрөг төлөх, төлбөр төлөгдсөн тохиолдолд өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр болсон, хариуцагч нар дээрх хугацаанд нийт 39,990,200 төгрөг төлсөн талаар зохигч маргаагүй байна.

11.Гэрээний төрлийн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээх зээлээр худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулаагүй.

Учир нь, зээлээр худалдах-худалдан авах гэрээ нь худалдах-худалдан авах гэрээний нэг төрөл боловч өөрийн онцлогтой, үнийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон шинж дангаар тухайн гэрээний агуулгыг тодорхойлохгүй, худалдан авагч тал худалдан авсан эд зүйлийн үнийг тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн төлөхөөс гадна хүү төлөх үүрэг хүлээдэг болохыг Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3-т заасан байна.

Иймд зохигчийн хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ гэж үзсэн нь хуульд нийцнэ.

12.Анхан болон давж заалдах шатны шүүх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар өөр өөр дүгнэлт хийсэн ба гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэл муутай болжээ.

Үл хөдлөх эд хөрөнгө худалдаж байгаа гэрээний хувьд гэрээг бичгээр байгуулах нотариатчаар гэрчлүүлэх хэлбэрийн шаардлагыг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д шаардсан ба энэ хэлбэрийн шаардлагыг талууд зөрчөөгүй, тухайлбал, гэрээг бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн байна.

Худалдах-худалдан авах гэрээ нь нэг талаас үүргийн хэлцэл, нөгөө талаас өмчийн хэлцлийн шинжтэй бөгөөд зохигчийн тайлбарт дурдсанаар төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон байх ба энэ тохиролцоог үгүйсгэх боломжгүй.

Нөгөө талаар Улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.

Түүнчлэн Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан, энэ нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх аливаа хэлцлийн дагуу үүсэж, дуусгавар болохыг зохицуулсан. Харин давж заалдах шатны шүүх дээрх зохицуулалтыг гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөх хэлбэрийн шаардлагын талаарх хэм хэмжээ гэж үзэн, зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүйгээс хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь буруу байна.

13.Гэрээ хүчин төгөлдөр учир гэрээний талууд үүргийн биелэлтийг харилцан шаардах эрхтэй, нэхэмжлэгч нь хариуцагч нарын эзэмшилд орон сууц, тоног төхөөрөмжийг шилжүүлэн өгсөн, хариуцагч нар 39,990,200 төгрөг төлсөн үйл баримт тогтоогджээ.

14.Нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн зүйлээ буцаан авах шаардлагын үндэслэлийг үүргийн зөрчилтэй холбон тайлбарласан, анхан шатны шүүх хариуцагч нар төлбөрийн үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзсэн нь зөв байна.

Учир нь 1/.Гэрээнд эхний жилд 15,166,000  төгрөг, дараагийн жилд нь үлдэх 26,834,000 төгрөг, нийт 42,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон, үүнээс нэхэмжлэгч нар эхний жилд нийт 22,603,400 төгрөг, дараагийн жилд 17,386,800 төгрөг тус тус төлсөн, төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр нь 2,009,800 төгрөг байна.

Нэхэмжлэгч 2022.02.14-ний өдөр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаснаас үлдэх төлбөрийг төлөөгүй байгаа талаар хариуцагч тайлбар гаргасан бөгөөд эдгээрээс үзэхэд үүргийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй.

2/.Зохигч, хариуцагч нарын сар бүрийн гүйцэтгэх үүргийн хэмжээний талаар маргасан ба нэхэмжлэгч нь түүний сар тутам банкинд төлөх нийт төлбөрийг хариуцагч нар төлбөр төлөх байсан гэж, хариуцагч нар нь зөвхөн үндсэн зээлийн төлбөрийг төлөхөөр тохиролцон жилд төлөх нийт үүргийг тодорхойлсон гэсэн тайлбарыг өгчээ.

Гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч нар нэхэмжлэгч БРгийн “ХБ” ХХК-аас зээлсэн 42,000,000 төгрөгийн төлбөрийг буцаан төлөх хуваарийг үндэслэн мөнгийг сар бүр төлөх үүргийг хүлээсэн хэдий ч уг зээлийн хуваарьт зааснаар БР нь 2020.01.15-2021.01.15-ны хооронд “ХБ” ХХК-д зээл, хүүд 24,216,103 төгрөг, 2021.01.15-2022.01.15-ны өдөр хүртэл 18,821,297 төгрөг төлөх үүрэгтэй байжээ. Үүнээс дүгнэхэд БРгийн ХБинд сар тутам төлөх үндсэн зээл, түүний хүүгийн нийт төлбөрөөс хариуцагч нарын сар тутам гүйцэтгэх үүрэг нь багаар тогтоогдсон гэж үзнэ.

3/.Сарын төлбөрийн хугацаа зарим талаар хэтэрсэн боловч хариуцагч нар тухайн сард багтааж төлөх төлбөрийн хэмжээнд буюу түүнээс илүү хэмжээгээр мөнгийг төлсөн болох нь хэргийн баримтаар тогтоогджээ.

4/.Зарим сард төлбөрийг хугацаанд нь төлөөгүйгээс банкинд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлж хохирсон гэх боловч нэхэмжлэгч энэ үндэслэлээ нотолж, тайлбар, тооцооллыг гаргаагүй, “ХБ” ХХК-ийн зээлийг төлж гэрээний үүрэг дуусгавар болсон байна.

5/.Үүргийн зөрчил гарсан бол тэр цаг хугацаанд гэрээнээс татгалзах саналыг нөгөө талдаа мэдэгдэж нэмэлт хугацаа олгох Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан журмыг нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй байна.

15.Дээр дурдсанаар гэрээнээс татгалзах үндэслэл бүрдээгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар шаардлага гаргах эрхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болсон гэж үзэв.

16.Давж заалдах шатны шүүх гэрээ хэлбэрийн шаардлага зөрчөөгүй байхад гэрээг хүчин төгөлдөр бус гэсэн дүгнэлт хийснээс гадна Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг хэрэглэж гэрээг “хууль зөрчсөн” гэсэн нь зөрчилтэй буруу байна.

Дээрх үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 209/МА2022/00104 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 135/ШШ2022/01321 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгч Ө.Гийн гомдлыг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч УГ /өмгөөлөгч Ө.Г/-ны 2023.01.02-ны өдөр төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       М.БАТСУУРЬ

                                                                        Н.БАЯРМАА

                                                                        П.ЗОЛЗАЯА