Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 209/МА2022/00104

 

*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа, шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  09 дүгээр сарын 26-ны өдрийн 135/ШШ2022/01321 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******,

                  ******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хэлцэл гэх зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээнээс татгалзаж, *******,******* нарын хууль бус эзэмшлээс Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 1 дүгээр баг ******* багийн 3 дугаар байрны 01 тоотод байрлах ******* дугаартай, улсын бүртгэлийн ******* дугаартай 18 мкв талбай бүхий 1 өрөө орон сууц цайны газрын тоног төхөөрөмж, эд хэрэгслийн хамт чөлөөлүүлэх” тухай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд, хариуцагч, хариуцагч*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын өмгөөлөгч Ө.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр миний өмчлөлийн *******, Улсын бүртгэлийн ******* дугаартай Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ******* багийн 3 дугаар байрны 1 тоот 18 мкв талбайтай 1 өрөө орон сууцыг 42,000,000 төгрөгөөр зээлээр худалдаж авахаар тохиролцсон болно. Үүнээс гадна 1,264,000 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг 2020 оны 03 дугаар сарын дотор 3 хувааж төлөхөөр хүлээн авсан. Мөн цайны газрыг хүлээлгэн өгөхдөө цайны газарт хэрэглэгдэх нийт 60 төрлийн тоног төхөөрөмж, эд хэрэгслүүдийг хүлээлгэн өгсөн.

Үндсэн төлбөр болох 42,000,000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон боловч тохирсон хугацаандаа мөнгөө өгөөгүй. Цайны газрыг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авснаас хойш нийт 2 жил 2 сарын хугацаанд ямар ч түрээс төлөхгүй.

Хариуцагч нар нь тохирсон хугацаандаа мөнгөө төлөхгүй намайг эрүүл мэнд болон санхүүгийн хувьд ихээхэн хохироож байна. Иймд би өөрийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэх үүднээс *******,******* нарыг Дархан-Уул аймаг, Шарын гол сум, 1 дүгээр баг, ******* баг 3 дугаар байрны 1 тоот 18 мкв талбай бүхий 1 өрөө орон сууц буюу цайны газрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг анх хүлээлгэн өгсөн нийт 60 төрлийн тоног төхөөрөмж, эд хэрэгслүүдийн хамт түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлагыг гаргаж байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

Бид тухайн үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар эзэмшээд байгаа зүйл огт байхгүй, хууль журмынхаа дагуу зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа юм. Учир нь нэхэмжлэгч *******тай бид тухайн үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 60 төрлийн тоног төхөөрөмж, эд хөрөнгийн хамт нийт 42,000,000 төгрөгөөр зээлээр худалдан авахаар тохиролцож 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл төлбөрийг бүрэн төлж дуусгахаар гэрээ байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн.

Ингээд 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 43,097,500 төгрөг төлж гэрээний үүргээ биелүүлж, 1,097,500 төгрөгийн илүү төлөлттэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар *******гийн нэхэмжлэлтэй хариуцагч *******,******* нарт холбогдох 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хэлцэл гэх зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээнээс татгалзаж, *******,******* нарын хууль бус эзэмшлээс Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 1 дүгээр баг ******* багийн 3 дугаар байрны 01 тоот 18 мкв талбай бүхий 1 өрөө орон сууц ******* дугаартай, улсын бүртгэлийн ******* дугаартай цайны газрын тоног төхөөрөмж, эд хэрэгслийн хамт чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрийн сан 100 190 000 941 тоот дансанд төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******гаас 70,200 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд давж заалдах гомдолдоо:

4.1 Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.2 Гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх гэх ойлголт нь нийт төлөгдсөн мөнгөний нийлбэр дүнгээр ойлгогдох төдий өрөөсгөл ойлголт биш бөгөөд талууд гэрээ хэлцлээр хэрхэн тохиролцсон түүнийгээ хэрхэн биелүүлсэн болох тухай цогц ойлголт буюу мөнгөн дүн, түүнийг төлөх хугацаа, төлөх хэлбэр гээд хэд хэдэн нийлбэр ойлголтын хүрээнд бүхэлд нь авч үзсэний эцэст гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэх дээр шүүх дүгнэлт хийх учиртай. Гэрээний үүрэг зөрчсөн тухай дээр нэхэмжлэгч тал анхнаасаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үе шатанд хариуцагчийг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тухай үндэслэл дэвшүүлж, баримт ишилж мэтгэлцсэн байхад гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлсэн тухай дээр зохигчид маргадаггүй хэмээн хийсвэр, ойлгомжгүй, илэрхий алдаатай дүгнэлт хийсэн байна.

4.3 Шүүх талуудын хооронд зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнээд хариуцагч талыг үүргээ зохих ёсоор биелүүлсэн тухай дүгнэлт хийсэн атлаа өмнөх дүгнэлтээ няцааж талуудын хооронд ердийн худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж нэг гэрээ хэлцэл дээр 2 өөр дүгнэлт хийсэн. 

Хас банкны төлөлт төлөх замаар мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгэх тухай талууд тохиролцсон байна гэж дүгнэсэн атлаа 10 хувиар алданги төлөхөөр тохиролцсон нь талууд хүү тооцоогүй гэсэн ойлгомжгүй дүгнэлт хийсэн. Хүү, алданги гэдэг ойлголт тус тусдаа үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэлбэр, хууль зүйн өөр өөр ойлголт. Гэтэл алданги тооцохоор тохирсон нь хүү тохироогүй гэх дүгнэлт хийхэд ямар байдлаар холбогдоод байгаа нь ойлгомжгүй.

Хүү тохиролцоогүй нь ердийн худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэл болсон мэт дүгнэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт зааснаар хэрвээ хүү тохиролцоогүй бол зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсанд тооцоод зөвхөн хүү авах эрхээ л худалдагч тал алддаг зохицуулалтай.

4.4 Анхан шатны шүүх шударга ёсны зарчим, гэрээний үүргийн зөрчлийг бодитоор үнэлж дүгнэж чадаагүй зөвхөн нийт хугацаанд, нийт төлөгдсөн мөнгөн дүн дээр дүгнэлт хийх замаар бага мөнгөний үлдэгдэлтэй тул гэрээний үүргийн ялимгүй зөрчил гэж үзнэ гээд гэрээнээс татгалзаж болохгүй хуулийн зохицуулалтыг хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм.

4.5 Анхан шатны шүүх гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх үүргийг ялимгүй зөрчих гэх хууль зүйн 2 ач холбогдол бүхий ойлголтыг хууль хэрэглээ талаасаа буруу тайлбарлан хэрэглэж нийт төлөгдсөн мөнгөн дүнд дулдуйдан хэт хийсвэр дүгнэлт хийсний улмаас талуудын хооронд үүссэн хууль зүйн хувьд ойлгомжтой боловч үйл баримтын хувьд төвөгтэй маргааныг нотлох баримтыг үнэлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг бүхэлд нь зөрчиж, хууль хэрэглээний алдаа гаргаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболдын гаргасан давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байгаа боловч хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх  тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.   

Хэргээс судлан үзэхэд:

 3. Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч нарт холбогдуулан *******,******* нарын хууль бус эзэмшлээс Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 1 дүгээр баг ******* багийн 3 дугаар байрны 01 тоотод байрлах ******* дугаартай, улсын бүртгэлийн ******* дугаартай 18 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцыг цайны газрын тоног төхөөрөмж, эд хэрэгслийн хамт чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн явцад 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хэлцэл гэх зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээнээс татгалзана гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргажээ.

4. Хариуцагч нарын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж, харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байхад ердийн худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэж тус тус маргаж байна.

5. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******,******* нарт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ******* багийн 3 дугаар байрны 1 тоотод байрлах 18м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай байрыг 42,000,000 төгрөгөөр худалдахаар 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хэлцэл хийж, нотариатаар батлуулсан бөгөөд гэрээний дагуу 2 жилийн хугацаанд төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр талууд тохиролцжээ. /хавтаст хэргийн 141/

6. Талуудын хэлцлийн дагуу худалдах, худалдан авахаар тохиролцсон дээрх эд хөрөнгө нь улсын бүртгэлийн Y-2001000150 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө байна.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “...зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан..., ...гэрээний үүргээ биелүүлээгүй учир Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-т заасны дагуу зээлээр худалдах-худалдан авах гэрээнээс татгалзана.” гэж мэтгэлцжээ.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасны дагуу зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Хэлцлийн дагуу худалдан авсан орон сууцны үнийг хэсэгчлэн төлөхөөр талууд тохиролцсон боловч төлбөрийг хэсэгчлэн төлөх хугацаанд хүү тооцох талаар хэлцэлд тусгаагүй, үнийг хэсэгчлэн төлж байгаа боловч тухайн эд хөрөнгийн үнэ нэмэгдээгүй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан... Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-т заасны дагуу зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзаж, талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй.” гэх гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

8. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т “хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн бол хэлцэл хийсэн гэж үзнэ.” гэж,

хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх…” гэж,

хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” гэж тус тус хуульчилжээ.

Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т заасан эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийг хийлгэхдээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн шилжилтийг бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаж, эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн тохиолдолд шинэ өмчлөгчийн өмчлөх эрх үүснэ.

Талууд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэх хуулийн шаардлага хангасан боловч харин үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлээгүй нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

9. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна.” гэж заасан  ба талуудын хооронд байгуулагдсан энэхүү хэлцэл нь анх хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

Хүчин төгөлдөр бус хэлцэл нь эрх зүйн үр дагавар үүсгэх үндэслэл болдоггүй, хуулиар хориглосон, эсхүл зөвшөөрөгдөөгүй агуулга, хэлбэртэй байдаг.

Тиймээс хэрэг хянан шийдвэрлэх явцад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасан нөхцөл байдал тогтоогдвол  шүүх талуудын хүсэлт байгаа эсэхээс үл хамааран тухайн хэлцлийн хүчин төгөлдөр бус байдлыг тогтоодог учир нэхэмжлэгч *******, хариуцагч *******,******* нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ******* багийн 3 дугаар байрны 01 тоот 18 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон 60 нэр төрлийн тоног төхөөрөмжийн хамт худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох нь зүйтэй.

9. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нар нь орон сууцны үнийн төлбөрт 39,990,200 төгрөг төлсөн талаар талууд маргахгүй байх тул нэхэмжлэгч *******гаас 39,990,200 төгрөг гаргуулж, хариуцагч *******,******* нарт олгож, хариуцагч *******,******* нарын эзэмшлээс  Шарын гол сумын ******* багийн 3-р байрны 01 тоот 18 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон 60 нэр төрлийн тоног төхөөрөмж зэргийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэв.

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  09 дүгээр сарын 26-ны өдрийн 135/ШШ2022/01321 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын

“Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар *******гийн нэхэмжлэлтэй хариуцагч *******,******* нарт холбогдох 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хэлцэл гэх зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээнээс татгалзаж, *******,******* нарын Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 1 дүгээр баг ******* багийн 3 дугаар байрны 01 тоот 18 мкв талбай бүхий 1 өрөө орон сууц ******* дугаартай, улсын бүртгэлийн ******* дугаартай цайны газрын тоног төхөөрөмж, эд хэрэгслийн хамт хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг,

“Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******, хариуцагч *******,******* нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ******* багийн 3 дугаар байрны 01 тоот 18 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон 60 нэр төрлийн тоног төхөөрөмжийн хамт зээлээр худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч *******,******* нарын эзэмшлээс  Шарын гол сумын ******* багийн 3-р байрны 01 тоот 18 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон 60 нэр төрлийн тоног төхөөрөмж зэргийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгч *******гаас 39,990,200 төгрөгийг гаргуулж хариуцагч *******,******* нарт олгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрийн сан 100 190 000 941 тоот дансанд төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******гаас 70,200 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.” гэснийг

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******гаас 70,200 төгрөг нөхөн гаргуулж төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч *******,******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                          

       

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.БАЙГАЛМАА

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Л.АМАРСАНАА

                                                  ШҮҮГЧ                                     Я.ТУУЛ