Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2023/00029

 

 Х.О-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Д.Эрдэнэбалсүрэн, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2022/02365 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2023/00032 дугаар магадлалтай,

 Х.О-н нэхэмжлэлтэй

М ХХК, Х ХХК-д тус тус холбогдох

 Даатгалын нөхөн төлбөр 26,988,281 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгч Х.О-н хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ц, хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, хариуцагч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г, П.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч Х.О-с хариуцагч М ХХК, Х ХХК-иудад холбогдуулан даатгалын нөхөн төлбөр 26,988,281 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

 2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2022/02365 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т зааснаар хариуцагч М ХХК-иас 26,988,281 /хорин зургаан сая есөн зуун наян найман мянга хоёр зуун наян нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч Х ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх эсэгт зааснаар нэхэмжлэгч Х.О-с улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 292,891 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч М ХХК-иас 292,891 төгрөг гаргуулж Х.Л-д олгож шийдвэрлэжээ.

 3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2023/00032 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2022/02365 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй тул хариуцагч М ХХК, Х ХХК-д холбогдох даатгалын нөхөн төлбөр 26,988,281 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.О-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгч ******* журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсгийн 5.4-т заасан дүгнэлтийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Х.О, 2021.05.15-ны өдөр нас барсан нөхөр Ж.С бид Х-тай  байгуулсан зээлийн гэрээний нэг тал, М ХХК-тай байгуулсан даатгалын гэрээний нэг тал бөгөөд хоёр шатны шүүхэд талууд маргаагүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 9 дүгээр хуудас үндэслэх хэсэгт зээлдэгч болон даатгуулагч Ж.Снас барсан шалтгааны талаар болон даатгалын тохиолдлын талаар ...даатгалын зүйл болох амь насаа өвчний улмаас алдсан эрсдэлийн тохиолдлыг даатгалын тохиолдол биш гэж үзэх үгүйсгэх үзэх үндэслэл болохгүй, даатгуулагчийн хохирлыг даатгагч хариуцагч хариуцан төлөх үндэслэлтэй.... гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсгийн 5.3-т даатгуулагч Ж.С-н амь нас эрсдэх болсон шалтгааныг 5.4-т ...гэнэтийн осолд хамаарахгүй учир даатгалын тохиолдол бий болсон гэж үзэхгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Даатгуулагч Ж.С-н амь нас барах эрсдэлт шалтгааныг хөдөлмөрийн чадварыг 80 хувиар алдсан үедээ эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлттэй 2021.04.13-ны өдрөөс корона вирусээр үүсгэгдсэн халдварт өвчин, хүндэвтэр хэлбэр, вирусын хатгалгаа өвчний эмчилгээ хийлгэж байгаад нас барсан буюу гэнэтийн тохиолдол гэж үзнэ.

Даатгуулагч Ж.С хөдөлмөрийн чадварыг 80 хувиар алдаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ хуульд зааснаар өрхийн болон шаталсан эмнэлгийн тусламж авах болон өөрийн дархлаа, гэр бүлийн гишүүдийн асаргаа сувилгааны хүчээр цаашид жам ёсны үхэл хүртлээ хэдэн жил амьд байх байсныг таах боломжгүй. Харин дэлхий нийтийг хамарсан гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл болох ...корона вирусын халдвар авснаар амьд явах эрхээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжгүй байдал үүссэн буюу талуудын байгуулсан гэрээний зүйл болох даатгуулагчийн амь насанд мөн гэрээний 3.1.1.1 т зааснаар ...гэнэтийн осол бий болж улмаар нас барах гэсэн тохиолдол, эрсдэлт хүчин зүйл болон гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож , шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2-т зааснаар гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэн тул зээлдэгч, даатгуулагч Ж.С зээлийн болон даатгалын гэрээний үүргийг биелүүлэх боломж үүсээгүй, гэрээний хугацаа сунгагдахгүй, нөгөө талаас гэрээгээр хүлээсэн үүргийг хамтран үүрэг хүлээгч нэхэмжлэгч Х.О шаардах эрхтэй. Корона вирус, цар тахал нь хүний эрүүл мэнд,эдийн засагт нөлөөлж улс орон даяар тэг зогсолт хийж, бүх нийтээр вакцинжуулснаар тэг ковид бодлого ч хэрэгжих, дэлхийн улс орнууд, манай улс орон нутаг хооронд зорчих хил хаасан ч хамарсан гамшгийн хэмжээнд байсан энэ тохиолдлыг... гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл гэнэтийн осол гэж үзэн хяналтын гомдол гаргаж буйг хүлээн авна уу гэжээ.

 5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгч Х.О-н гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2023.02.02-ны өдрийн 001/ШХТ2023/00126 дугаар тогтоолыг гаргажээ.

 ХЯНАВАЛ:

6. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 7. Нэхэмжлэгч Х.О нь хариуцагч М ХХК, Х ХХК-иудад холбогдуулан даатгалын нөхөн төлбөр 26,998,261.41 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...2016.07.20-ны өдөр нөхөр Ж.С-н хамт Х-с орон сууцны зээл авсан. М ХХК болон зуучлагчаар Х-тай 2021.03.24-ний өдөр Ипотекийн зээлийн барьцаа хөрөнгийн даатгалын баталгааны болон Ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалын баталгааны гэрээ байгуулсан. Гэтэл миний нөхөр Ж.С 2021.05.15-ны өдөр нас барсан, энэ үед зээлийн үлдэгдэл төлбөр 53,976,562.81 төгрөг байсан тул үүний 50 хувь болох 26,988,281.41 төгрөгийг М ХХК-аас амь насны даатгалын нөхөн төлбөрт олгохыг хүссэн боловч олгоогүй, энэ талаар Санхүүгийн зохицуулах хороонд хандахад М ХХК нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэсэн хариу өгсөн. ...М ХХК нь гэрээний 3.1.1, 3.1.2.1, 3.1.1.2-т заасан заалтуудаа зөрчиж байгаа тул даатгалын нөхөн төлбөр 29,988,281.41 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тайлбарласан,

 Хариуцагч М ХХК: ...даатгуулагч Ж.С өвчний улмаас нас барсан нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирлын онош, хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдсон, ...зээлдэгчийн амь насны даатгалын баталгааны гэрээнд даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдсан бол даатгалын тохиолдолд хамаарахаар заасан, ...даатгуулагч өвчний улмаас нас барах нь даатгалын гэрээний эрсдэлүүдэд хамаарахгүй тул даатгагчаас нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэрээ үндэслэлтэй гэж үзэж байна, ...нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргасан,

 Хариуцагч Х ХХК: ...Нэхэмжлэгч Х.О нь тус банктай 2016.07.20-ны өдөр .... тоот Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, банк 67,300,000 төгрөгийг жилийн 5 хувийн хүү, 180 сарын хугацаатайгаар зээлдэгч Х.О, Ж.С нарт олгосон. Монгол банкны 2008.10.17-ны өдрийн 446-Н тоот тушаалаар батлагдсан Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам болон Санхүүгийн зохицуулах хорооны 2018.06.06-ны өдрийн 210 тоот тогтоолоор батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журамд тус тус заасны дагуу зээлдэгч нарыг амь нас болон барьцаа хөрөнгийн даатгалд хамруулсан.

Ингэхдээ Х ХХК талуудын хооронд зуучлагчийн үйл ажиллагаа хэрэгжүүлсэн тул даатгалын нөхөн төлбөр төлөх үндэслэлгүй... гэжээ.

 8. Анхан шатны шүүх М ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 26,988,281 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Х ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх М ХХК, Х ХХК-иудад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

9. Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх даатгалын гэрээ болон Даатгалын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрүүтэй хэрэглэсэн бөгөөд энэ талаарх нэхэмжлэгч Х.О-н  гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийн хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

 10. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 11. Хэрэгт цугларсан баримтаар:

2016.07.20-ны өдөр Х болон Ж.Соронзонболд, Х.О нар Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, банк зээлдэгчид 67,300,000 төгрөгийн зээлийг жилийн 5 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай олгосон,

2021.03.24-ний өдөр даатгуулагч Ж.С, Х.О нар болон даатгагч М ХХК-ийн хооронд 4ASSR20210307539 дугаартай Ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалын баталгааны гэрээ байгуулагдсан,

Тус гэрээгээр даатгуулагч даатгалын зүйлийг даатгуулж хураамж төлөх, даатгагч даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу гэрээгээр тохирсон нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгохоор харилцан тохиролцжээ.

 Гэрээний 2.1.1-д зааснаар даатгалын зүйл нь даатгуулагчийн амь нас, 3.1.1-д даатгагч нь даатгалын зүйлд даатгалын тохиолдол болсон үед даатгалын нөхөн төлбөр олгоно гэжээ.

 Даатгалын хугацаанд буюу 2021.05.15-ны өдөр даатгуулагч Ж.С Корона вирусээр үүсгэгдсэн халдварт өвчин, хүндэвтэр хэлбэр, вирусын хагалгаа, ходжкины бус Т эсийн лимфом, Анн Арбор IV үе шат, IPI 4 /эрсдэл өндөр/ өвчнөөр нас барсан үйл баримт тогтоогджээ.

 12. Зохигчийн хооронд даатгалын гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д нийцсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 Нэхэмжлэгч Х.О-с гэрээний хугацаанд нөхөр Ж.С нас барсан нь даатгалын тохиолдол бий болсон, улмаар гэрээнд зааснаар зээлийн үлдэгдэл төлбөрийн 50 хувьд ногдох төлбөрийг даатгагчаар гаргуулахаар шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ, 433 дугаар зүйлийн 433.1-д даатгагч нь гарын үсэг зурсан даатгалын баталгааг даатгуулагчид гардуулах үүрэгтэй, 433.2-т даатгалын баталгааг тодорхой этгээдэд нэр заасан буюу мэдүүлгийн баталгааны хэлбэрээр олгоно... гэж зохицуулсан.

 Мөн Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д даатгалын баталгааг гэрээнд заасан хугацаанд даатгуулагчид олгох, 9.1.6-д даатгалын хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг даатгуулагчид танилцуулах үүрэгтэй гэж, Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 4.5-д Даатгагч, даатгалын зуучлагч нь даатгалын гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлага, даатгалын хураамжийг даатгуулагчид танилцуулж, энэ журмын 3 дугаар хавсралтад заасан Мэдүүлгийн маягтын загвар-ын дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулсан байна, 5.4.2-т Даатгагч энэ журмыг зөрчиж ипотекийн даатгалын гэрээ байгуулснаас үүдэн даатгуулагч хохирсон нөхцөлд хохирлыг даатгагчаар төлүүлэх гэж заажээ.

 13. ... дугаартай Даатгалын гэрээний Хоёрт Даатгалын зүйл гэж, 2.1.1-д даатгуулагчийн амь нас /зээлдэгч нас барах, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах/ гэж тодорхойлсон байх бөгөөд Гуравт Даатгалын эрсдэлийн төрөл, хураамж гэж, 3.1.1-д Даатгуулагчийн амь насны даатгалын үндсэн эрсдэл, үүнд: даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барах, даатгуулагч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах гэж, 3.1.2-т Даатгуулагч нэмэлт хураамж төлөн хамрагдах нэмэлт эрсдэл, үүнд: зүрх гэнэт зогсох /нас барах/, цус харвах /нас барах, хөдөлмөрийн чадвараа ...алдах/ гэж тус тус тодорхойлсон боловч даатгуулагч аль даатгалыг тохиолдлыг хэрхэн сонгосон нь тодорхойгүй байна.

 Харин гэрээний 3.2-т заасан хүснэгтээр даатгалын зүйлийн нийт үнэлгээ, хураамжийн хэмжээг тодорхойлсон байна.

 Хүснэгтэд, даатгалын зүйл Зээлдэгчийн амь нас /нас барах, хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу 70 хувиас дээш алдах/ бол даатгалын жилийн хураамж нь даатгалын үнэлгээ болох зээлийн үлдэгдэл төлбөрийн үнийн дүнгийн 0.10%, даатгуулагчийн амь насны нэмэлт эрсдэл болох зүрх гэнэт зогсох, цус харвахад тус тус зээлийн үлдэгдэл төлбөрийг 0.015 хувиар хураамж төлнө гэсэн байх ба даатгуулагч Х.О, Ж.С нар гэрээ байгуулах үеийн зээлийн үлдэгдэл 53,976,562 төгрөгийн 0.10% болох 53,976.6 төгрөгийг даатгалын хураамжид төлсөн тул зээлдэгчийн амь насны /нас барах/ даатгалын хураамжийг төлсөн гэж үзнэ.

 14. Хариуцагч М ХХК даатгуулагч Ж.С-той даатгалын гэрээ байгуулах үедээ гэрээний нөхцөл шаардлага, даатгалын хураамжийг танилцуулж, тайлбарласан, мэдүүлгийн маягт хөтлөх үүргээ хэрэгжүүлсэн болохоо баримтаар нотлоогүй тул тэрээр даатгуулагчид даатгалын үндсэн эрсдэлүүдээс сонголт хийлгээгүй, сонголт хийх эрх олгоогүй гэж үзэх бөгөөд даатгуулагч даатгалын хугацаанд нас барсныг даатгалын тохиолдол биш гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 Хариуцагч М ХХК нь амь насны даатгалын үндсэн эрсдэл нь гагцхүү гэнэтийн ослын улмаас даатгуулагч нас барах, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш алдагдуулах нь даатгалын тохиолдолд хамаарах, түүнчлэн цус харвах, зүрх гэнэт зогсох зэрэг нэмэлт эрсдэлийг даатгуулах боломжтой байсан эсэх, эдгээрээс бусад тохиолдолд даатгуулагч нас барах нь даатгалын тохиолдолд хамаарахгүй талаар даатгуулагчид тайлбарлаж ойлгуулсан болохоо нотлоогүй байна.

 15. Зохигчийн хооронд байгуулсан гэрээ Иргэний хуулийн 200 дугаар зүйлд заасан стандарт нөхцөл бүхий гэрээ байх бөгөөд хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-д зааснаар стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана.

 Давж заалдах шатны шүүх даатгуулагч Ж.С нь өвчний улмаас нас барсан нь даатгалын тохиолдолд хамаарахгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж дүгнэсэн боловч даатгагч нь гэрээний нөхцөл, даатгалын хураамжийн талаар даатгуулагчид тайлбарлаагүй, мэдүүлгийн маягт хөтлөөгүй, даатгуулагчид даатгалын эрсдэлийг сонгох боломж олгоогүй зэрэг хариуцагчийн хууль хэрэгжүүлээгүй гэм буруу, түүнээс гарах үр дагаврын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгээгүй байна.

 16. Анхан шатны шүүх хариуцагч М ХХК-аас даатгалын нөхөн төлбөрийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Х ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэгт цугларсан баримтад тулгуурлан зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 118 дугаар зүйлийн 118.4-т заасан шаардлагад нийцжээ.

 Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2023/00032 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2022/02365 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Х.О-н гомдлыг хангасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Х.О-с 2023.01.19-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 292,891 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 ШҮҮГЧИД Н.БАЯРМАА

 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

Х.ЭРДЭНЭСУВД