Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2017/0130/З |
Дугаар | 373 |
Огноо | 2017-10-16 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 373
П.Э-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч П.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэнгүүн нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 352 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2017/0535 дугаар магадлалтай, П.Э-ын нэхэмжлэлтэй, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 352 дугаар шийдвэрээр: 1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн 47.1.1, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг тус тус баримтлан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б-119, Б-120 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, П.Э-ыг урьд эрхэлж байсан тус яамны Бодлого төлөвлөлтийн газрын Санхүүгийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, 2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан П.Э-ын ажилгүй байсан хугацааны цалин 4,270,639.1 /дөрвөн сая хоёр зуун далан мянга зургаан зуун гучин ес/ төгрөгийг олгож, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд даалгаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2017/0535 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 352 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн 47.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь гэснийг тус тус хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Өнөрсайхан, гуравдагч этгээд Д.А нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2. 117 дугаар зүйлийг тус тус зөрчлөө. ЗХШХШТХ-ийн 21.1.2-т “энэ хуулийн 20.1.2-20.1.7-д заасан эрх” хариуцагч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд оролцох болон эдлэх эрхийг хангалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан, мөн 117.1 ”Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид давж заалдах шатны шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэж, тэдгээрийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангах үүрэгтэй” гэсэн хуулийг тус тус зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “мэргэшсэн нягтлан бодогч П.Э-ыг инженер, технологич мэргэжлийн шаардлага бүхий ажлын байранд томилохоор шийдвэрлэсэн нь албан ажлын зайлшгүй шаардлагаар шилжүүлсэн гэж үзэхгүй... нэхэмжлэгч П.Э-тай тохиролцсон талаар баримт байхгүй,...нотлогдохгүй... Төрийн албаны тухай хуулийн 22.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бий болоогүй байхад П.Э-ыг ажлаас чөлөөлсөн нь түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчжээ...” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн нь зөв байна.”, Магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “Төрийн албаны тухай хуулийн 22.1 дэх хэсэгт “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно.” гэж хуульчилснаас үзвэл шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан буюу байгууллагын захиргаа нь “албаны хэрэгцээ буюу ажлын зайлшгүй шаардлага” үүссэн, түүнчлэн тухайн төрийн жинхэнэ албан хаагчтай тус албанд шилжин ажиллах талаар “тохиролцсон нөхцөлд төрийн жинхэнэ албан хаагчийг нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэх боломжтой байна”, магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “Хариуцагч нь нэхэмжлэгчийг шилжүүлэн ажиллуулах болсон бодит нөхцөл, шаардлага, үндэслэлийг маргаан бүхий актад заагаагүй атлаа” гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “...ажлын байрны тодорхойлолтын мэргэжлийн шаардлагыг “..,мэргэшсэн нягтлан бодогч, эдийн засагч... мэргэшилтэй байх...” гэж, мөн ..., ажлын байрны тодорхойлолтын мэргэжлийн шаардлагыг инженер, технологич, бусад мэргэжил...” гэж зааснаас үзвэл хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна. Мөн ..., хариуцагчаас “Хөнгөн үйлдвэрийн салбарын бусад асуудал хариуцсан мэргэжилтэн”-ээр томилох талаар нэхэмжлэгчтэй урьдчилан тохиролцсон болох нь баримтаар тогтоогдоогүй байна” гэж шүүх хянасан нь захиргааны акт, түүний эрх зүйн хэм хэмжээ болох Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн хууль бусад холбогдох хууль тогтоомж, журамд үндэслэн, эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан хууль ёсны шийдвэрийн талаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг илт нэг талыг баримтлан хэрэглэж, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг дутуу хэрэглэсэн, хянан шийдвэрлэх ажиллагааны хууль, журмыг зөрчин шүүхийн шийдвэр гаргасныг тогтоон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
Шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б-119 дүгээр тушаалаар Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийг тус тус үндэслэн Бодлого, төлөвлөлтийн газрын Санхүүгийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогч П.Э-ыг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянуулан Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хөнгөн үйлдвэрийн салбарын бусад асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр томилох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулахыг Төрийн захиргааны удирдлагын газарт даалгаж, мөн өдрийн Б-120 дугаар тушаалаар Бодлого, төлөвлөлтийн газрын Санхүүгийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоор Д.А-г 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн томилсон байна.
Нэхэмжлэгчээс “шилжүүлэн ажиллуулах хэлбэрээр ажлаас чөлөөлсөн нь хууль бус” гэж, хариуцагч “албан ажлын зайлшгүй шаардлагаар шилжүүлэн ажиллуулахаар ажлаас чөлөөлсөн” гэж маргажээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэсэн үндэслэлээр П.Э-ыг эрхэлж байсан албан тушаалаас чөлөөлөх шийдвэрийг гаргахдаа хуулийн дээрх заалтад заасан шаардлагыг хангаагүй буюу урьдчилан тохиролцоогүй, албан ажлын зайлшгүй шаардлага үүссэн болох нь баримтаар тогтоогдоогүй байх тул маргаан бүхий Б-119, Б-120 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв байна.
Нэхэмжлэгч П.Э-ыг албан тушаалаас чөлөөлөх шийдвэрийг хариуцагч гаргахдаа чөлөөлөх болсон шалтгаан, үндэслэл, бодит нөхцөл байдлыг тодорхой заагаагүй нь Захиргааны ерөнхий хуульд нийцээгүй талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр товлон зарласан шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хойшлуулж, шүүх хуралдааны товыг мэдэгдэж улмаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.2-т “...шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй нь давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй” гэж заасантай нийцэж байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шүүх хуралдааны товыг мэдэгдэх, шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
Дээрх үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн уг магадлалын хянавал хэсгийн зарим хэсгийг дурдаж гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2017/0535 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН