Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2017/0073

 

Иргэн Н.Мягмарсүрэнгийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгч Н.Мягмарсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Цагаан, нарыг оролцуулан хийж, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0021 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Н.Мягмарсүрэнгийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч А.Амгаланзаяа, Н.Бүрэнтэгш нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны       11 дугаар сарын 22-ны өдрийн 0021 дүгээр шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8, 10.12.2 дахь зүйл, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 7 дугаар зүйлийн 7.7, 17 дугаар зүйлийн 17.1, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.1.2, 19.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч иргэн Н.Мягмарсүрэнгийн Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №11-08-023/113 тоот актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, №11-08-023/113 тоот актаар тогтоосон 2592268 төгрөгийн төлбөрөөс үндэслэлгүй тогтоосон 82200 төгрөгийг хасаж төлбөрийг 2510068 төгрөг болгон багасгаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.Мягмарсүрэн давж заалдах гомдолдоо: “Эрхийн актгүй, акталж устгасан тэмдэглэлгүйгээр данснаас хассан эмийн үнийг төсөвт нөхөн төлүүлэх тухай” 2014 оны 07 дугаар сарын 31-ний 11-08-023/113 тоот актыг надад танилцуулаагүй, гомдол гаргах эрхийг зөрчсөн болохыг хүлээн зөвшөөрсөн атлаа хариуцагч талын хуурамч тайлбарт хөтлөгдөн тэднийд ашигтай шийдвэр гаргасан.

Эрхийн актгүй, акталж устгасан тэмдэглэлгүйгээр данснаас хассан эмийн үнийг төсөвт нөхөн төлүүлэх тухай” 2014 оны 07 дугаар сарын 31-ний 11-08-023/113 тоот актыг түдгэлзүүлэх тухай 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гаргасан миний хүсэлтийг 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хэлэлцээд 115/ШЗ2016/0095 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгож, энэ захирамжид давж заалдах гомдол гаргах эрхгүй гэж заасан. Гэтэл 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 115/ШЗ2016/100 дугаар захирамжаар “...гаргасан өдрөөс хойш 7 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай” гэж өөрчлөлт оруулсан байна. Энэ тухай өмгөөлөгчдөө хэлэхэд гомдол гаргах хугацаа дууссан тул боломжгүй болсон.

2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр миний бие 2014 оны 07 дугаар сарын 31-ний 11-08-023/113 тоот акт болон Нягтлан бодох бүртгэлийн журнал тайлангийн зөрүүг санхүүгийн санхүүгийн шинжээчээр дүгнэлт гаргуулах хүсэлтийг шийдвэрлээгүй атлаа шүүхийн шийдвэртээ “...тусгай мэдлэг шаардахгүй байх тул мэргэжлийн шинжээч томилох шаардлагагүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй байна” гэжээ.

Миний бие нэхэмжлэлдээ улсын байцаагчийн акт тавигдсан 1296134 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шаардлага гаргасан байхад үндэслэлгүй гэж үзсэн 82200 төгрөгийг хасаад 2510068 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэрт заасан нь 2014 оны 07 дугаар сарын 31-ний 11-08-023/113 тоот актаар “...захирлаар ажиллаж байсан Ж.Сарангуа, нягтлан бодогч Н.Мягмарсүрэн хувь адил төлүүлэх гэсэн заалттай зөрчигдсөн байна.

2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-г өмгөөлөгч Г.Цагаантай байгуулсан боловч өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах боломж олгоогүй, шүүгчийн туслахад өмгөөлөгч авсан тухай хэлж байсан.

Иймд Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0021 дүгээр шийдвэрийг зөвхөн хариуцагч талын саналыг үндэслэж, түүнийг дэмжсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэл муутай гарсан” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн гомдлоор хянан үзэхэд шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүрэн гүйцэд явуулаагүйгээр “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8, 10.12.2, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 7 дугаар зүйлийн 7.7, 17 дугаар зүйлийн 17.1, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.1.2, 19.1.3 дахь зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Мягмарсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, маргаан бүхий Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №11-08-023/113 тоот    актаар тогтоосон 2592268 төгрөгийн төлбөрөөс үндэслэлгүйгээр тогтоосон 82200 төгрөгийг  хасаж, уг актаар тогтоосон төлбөрийг 2510068 төгрөг болгон багасгаж, маргааны үйл баримтад дүгнэлт хийлгүйгээр, нотлох баримтад тулгуурлалгүй, хэргийн  үйл баримтын талаар дүгнэлт хийж шийдвэрлэсэн буруу юм.

Маргаан бүхий улсын байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 31-нийн өдрийн №11-08-023/113 тоот актаар “2010, 2013 онд эм, эмнэлгийн хэрэгслийн хугацаа дууссан, эвдэрч хэмхэрсэн гэх боловч бүртгэлгүй, хэний буруугаас эвдэрч хэмхэрснийг нотлох баримтгүй, акталж устгасан талаар тушаал шийдвэр гараагүй, хэрхэн устгасан талаар хурлын тэмдэглэлгүй, устгасан эсэх нь тодорхойгүй зөвхөн зарлагын баримтаар 2010 онд 1002867 төгрөгийн эмийг, 2013 онд нөөцөөс 1982469 төгрөгийн эмийг, сумдын тайлангаас 2001848 төгрөгийн, бүгд 4987184 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгслийн данс бүртгэлээс дур мэдэн хассан зөрчил гаргасан” гэж захирлаар ажиллаж байсан Ж.Сарангуа, нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Мягмарсүрэн нараар 2592268 төгрөгийг хувь адил төлүүлж, төсвийн орлого болгохоор тогтоожээ.

Шүүхэд иргэн Н.Мягмарсүрэн нь “байцаагчийн актад 2013 онд Н.Мягмарсүрэн нь 1296134 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгслийн данс бүртгэлээс дур мэдэн хассан гэж дурдсан боловч нягтлан бодох бүртгэлийн гүйлгээ журнал тайланд 2013 онд өссөн дүнгээр акталсан эм эмнэлгийн хэрэгсэл дансанд 1887523 төгрөг тусгагдсан байгаа боловч актад 3982184 гэж зөрүүтэй тавигдсан. Мөн миний ажиллаж байх хугацаанд нягтлан бодох бүртгэлийн гүйлгээ журнал тайланд 2013 оны 3 дугаар улиралд 950150 төгрөг акталсан эм эмнэлгийн хэрэгсэл дансанд бичигдсэн ба тухайн онд нийт 1887523 төгрөг байна. 2013 онд нийт гүйлгээ журналаар гарсан акталсан эм, эмнэлгийн хэрэгслийн хасалтыг нөөцийн агуулахаас эм зүйч бичилт хийдэг байсан. Байцаагч нар надад актыг танилцуулаагүй, уг актыг үзүүлэлгүй тайлбар авсанд гомдолтой байна” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ гаргажээ.

Хариуцагч “2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр акт гаргасан. 30-ны өдөр Н.Мягмарсүрэн гуай тайлбараа гаргаж өгсөн. Актыг танилцуулах гээд утастахад утас нь холбогдохгүй байсан. Актыг тухайн үед ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Баярням, Эрдэнэ-Очир нарт нэг хувийг хүлээлгэж өгсөн” гэж тайлбарлажээ.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д “Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ”, 5.7-д “Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ”, 5.8-д “Шаардлагатай бол улсын байцаагч хяналт шалгалтын үйл ажиллагааны явц болон илэрсэн зөрчлийг баримтжуулах /фото зураг, дүрс бичлэг/, түүнчлэн шалгуулагч этгээд, түүний албан ёсны төлөөлөгч, эрх бүхий албан тушаалтан хяналтын үйл явц, улсын байцаагчийн үйлдэл, илрүүлсэн зөрчлийг баримтжуулж болно”, 5.9-д “Хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд дараахь үндсэн мэдээллийг тусгана”, 5.9.1-д “шалгалтын явц болон шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал”, 5.9.2-д “улсын байцаагчийн санал, дүгнэлт”, 5.9.3-д “шалгуулагч этгээдийн санал, хүсэлт”, 5.10-д “Шалгуулагч этгээд шалгалтын тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд хэрэв гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ тухай шалгалтын тэмдэглэлд тусгана” гэж заажээ.

Тодруулбал, дээрх хуулийн заалт болон хэргийн үйл баримтаас үзэхэд маргаан бүхий улсын байцаагчийн актаар нэхэмжлэгч Н.Мягмарсүрэнгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, зөрчигдсөн эсэхийг тогтоох, уг нэхэмжлэлд үндэслэн улсын байцаагчийн үйл ажиллагаанд дүгнэлт өгөх нь чухал ач холбогдолтой юм.

Гэтэл анхан шатны шүүх, “шүүх хуралдаанд хариуцагч нараас актыг нэхэмжлэгчид гардуулан өгөөгүйгээ зөвшөөрч байгаа тайлбараар тогтоогдож байх ба үүний улмаас нэхэмжлэгчийн зүгээс тухай үед Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан “хяналт шалгалтын шийдвэрийн талаар гомдол гаргах эрхээ” хэрэгжүүлж чадаагүй байна” гэж дүгнэсэн атлаа уг хяналт шалгалт нь дээрх хуульд заасан төрийн хяналт хийх нийтлэг үндэслэл, журамд нийцсэн эсэх талаар дүгнэлт хийгээгүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх төрийн хяналт шалгалт явуулах үндэслэл болсон Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөө болон тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2014 оны 02/42 дугаар хяналт шалгалтын удирдамжийг хэрэгт нотлох баримтаар цуглуулаагүй атлаа “...тухайн үед улсын байцаагч нараас хяналт шалгалтдаа хамруулсан санхүүгийн баримтуудыг шүүхээс шаардсаны дагуу Эм эргэлтийн Сан ОНӨААТҮГ-аас гарган ирүүлсэн нийт 12 сумын Эмийн сан нь 2013 оны 06 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал хугацаанд нийт 1177949 төгрөгийн, нөөц гэх буюу Дорноговь аймгийн Эм, эргэлтийн Сан ОНӨААТҮГ нь мөн 2013 оны 7, 9 дүгээр сард нийт 1414319 төгрөгийн эм, тариа, эмийн бодис зэргийг акталсан, хугацаа дууссан хагарсан гэх үндэслэлээр зарлагын болон бараа материалын тайлан гэсэн санхүүгийн баримтыг үйлдэж данс бүртгэлээсээ хассан болох нь тогтоогдож байна” гэж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзлээ.

Учир нь нэхэмжлэгч “сумдын Эмийн сангуудаас ирүүлсэн санхүүгийн анхан шатны баримт дутуугаас нягтлан бодогчийн журналд бүртгэж тусгаагүй” гэж маргаж байгаа.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.6-д “Анхан шатны баримтын бүрдэлт, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна” гэжээ.

Тиймээс ерөнхий нягтлан бодогч Н.Мягмарсүрэн нь акталсан гэх эм, тариа бодисыг сумдын Эмийн сангийн актлах эмийн бүртгэлийн данс болох 8701010000 тоот дансанд бүртгэж тусгаагүй нь тогтоогдож байгаа нөхцөлд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3-д зааснаар сумдын Эмийн сангаас нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, материалыг ерөнхий нягтлан бодогч Н.Мягмарсүрэн нь шаардаж байсан эсэхийг тодруулах нь мөн хэрэгт ач холбогдолтой юм.

Анхан шатны шүүх, маргаан бүхий улсын байцаагчийн актын зөрчилд дурдсан мөнгөн дүнгийн талаарх үндэслэлийг тодорхойлсон нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, нөгөөтэйгүүр ямар тооцооллоор хэрхэн бодож уг маргаан бүхий улсын байцаагчийн актын зөрчлийн мөнгөн дүнг зөв гэж үзсэн үндэслэлээ шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт тайлбарлаж дүгнэлгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д заасныг зөрчсөн байх тул “улсын байцаагч нар маргаан бүхий актаар зөрчлийн мөнгөн дүнг буруу тогтоосон, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудыг буруу үнэлсэн” гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд давж заалдах шатны шүүх шууд дүгнэлт өгөх боломжгүй байна.

Хэрэв улсын байцаагчийн актын мөнгөн дүнгийн тооцооллыг шүүх тодорхойлох боломжгүй тохиолдолд нягтлан бодох бүртгэлийн нарийн мэргэжлийн тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахаар шинжээч томилох зэргээр хэрэгт нотлох баримт цуглуулж дүгнэлт өгөх боломжтой юм.

Нэхэмжлэгч Н.Мягмарсүрэнгийн “өмгөөлөгчтэйгээ шүүх хуралдаанд оролцох талаар шүүгчийн туслахад хэлсэн” гэх давж заалдах гомдолдоо дурдсан үндэслэл нь хэрэгт баримтаар нотлогдохгүй байх тул түүнийг эрх зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхээр нь шүүх хангаагүй гэж шууд дүгнэх боломжгүй юм.

Тиймээс анхан шатны шүүх нь дээр дурдсан үйл ажиллагааг явуулж, холбогдох нотлох баримтуудыг бүрэн цуглуулж хэргийг шийдвэрлэх нь зөв гэж үзлээ.

Иймд, анхан шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны    11 дүгээр сарын 22-ны өдрийн 0021 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                    ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                   ШҮҮГЧ                                                                     Э.ЗОРИГТБААТАР

                   ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН

                   ШҮҮГЧ                                                              Э.ХАЛИУНБАЯР