Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 115/ШШ2017/0007

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сийлэгмаа даргалж, шүүгч С.Отгонтуяа, шүүгч Б.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Сайншанд суманд оршин суух, иргэн Мгийн нэхэмжлэлтэй,

             Хариуцагч: Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны /хуучнаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын/ санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч Н.Б, А.А нарт холбогдох,

         Нэхэмжлэлийн шаардлага: Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №11-08-023/113 тоот актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М, түүний өмгөөлөгч Г.Ц, хариуцагч Н.Б, А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Я.Эрдэнэ-Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 07 сарын 31-ний өдрийн 11-08-023/113 тоот актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах хууль зүйн үндэслэлээр уг актын өөрт оногдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

         Улсын байцаагчийн 2014 оны 07 сарын 31-ний өдрийн 11-08-023/113 тоот актанд зааснаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн “Хяналт шалгалтын талаар гомдол гаргах эрх” 14.1, 14.2 дахь заалтыг зөрчиж гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй мөн иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр миний эсрэг шийдвэр гаргасанд гомдолтой байна. Улсын байцаагчийн  акт бичигдсэнийг би 2016 оны 06 сарын 27-ны өдрийн №26/23 тоот шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдлийг хүлээн авснаар мэдсэн.

         Уг актанд 2013 онд Мд 1296134 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгслийг данс бүртгэлээс дур мэдэн хассан гэж дурдсан боловч нягтлан бодох бүртгэлийн гүйлгээ журнал тайланд 2013 онд өссөн дүнгээр акталсан эм, эмнэлгийн хэрэгсэл дансанд 1887523 төгрөг тусгагдсан байгаа боловч актанд 3982184 төгрөг гэж зөрүүтэй тавигдсан байна. Миний ажиллаж байх хугацаанд санхүүгийн болон нөөцийн хоёр программ дотоод сүлжээгээр ажилладаг байсан ба нөөцийн программаас актлах эмийг нэр төрлөөр өртгөөр 8701010000 тоот дансанд 1115522,43 төгрөг шивэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл 2013 онд 8701010000 актлагдсан эм тариа дансанд: 1-р улиралд 772001,38 төгрөг нь зарах үнээр бүртгэгдсэн байсан энэ үед би ажиллаж байгаагүй тул надад хамааралгүй, харин 3-р улирлын 950,0 төгрөг, 4-р улирлын 165,0 төгрөг нийт 1115522,43 төгрөг миний ажиллаж байх хугацаанд нөөцийн программаас өртгөөр шивэгдсэн дүн юм. Анх намайг ажилд ороход тус байгууллагад нөөцийн программ ажилладаг байсан ба уг программыг эм зүйч Ц.Ц хариуцан эм захиалж орлого авах, зарлага гаргах падаан бичих эмийн сангуудад тараах зэрэг ажиллуудыг хариуцдаг байсан.

            Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “анхан шатны баримт гэж ажил гүйлгээ гарсныг нотолж бичгээр бүрдүүлсэн болон бусад нотолгоог” хэлнэ гэсэн энэ заалтанд сумдын эд хариуцагч нарын тайлан хамаарах боловч нягтлан бодогч түүнийг хянаж боловсруулсны дараа ажил гүйлгээг зөвшөөрч журналд тусгаснаар санхүүгийн анхан шатны баримт болно. Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн нягтлан бодогчийн эрх, үүргийн 19.1.3-д “нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт холбогдох бусад материалыг шаардан гаргуулах” гэсэн заалтын дагуу би эм зүйч Ц.Цд актлах эм дансанд зөвшөөрөлгүй зохих анхан шатны баримтыг бүрдүүлэхгүйгээр нөөцийн програмаас актлах эм дансанд гүйлгээ дотоод сүлжээгээр бичихгүй байхыг анхааруулж байсан боловч шаардлага хүлээж авдаггүй байсан. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д ”Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна” гэсэн байхад эзэн холбогдогчийг үндэслэлтэй тогтоогоогүй. Мөн Ж.Энь 2013 оны 10 дугаар сарын 1-нээс 2014 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэл тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан ба эд хариуцагч нарын тайланг шалгадаг байсан. Үүнд сумдуудын эмийн тайлан нөөцийн агуулах хамаардаг байсан. Иймээс уг төлбөрийг захирал Ж.С, эм зүйч Ц.Ц, тооцооны нягтлан бодогч Ж.Эбид 4 хамт хариуцах ёстой гэж үзэж байна

           Актлах эмийг зохих журам, зөвшөөрлийн дагуу анхан шатны баримт нь бүрдсэн үед 1501010001 тоот хөрөнгийн данснаас өртгөөр зарлагдах зарчимтай. Гэтэл сумдууд тайлангаа өртгөөр болон зарах үнээр 2 тайлан гаргасныг удаа дараа шаардаад гаргаж өгдөггүй. Зарах үнээрээ гаргаж явуулдаг байсан тул тухайн тайлангаас бэлэн мөнгөөр борлуулсан дүнг харилцахаар орж ирсэн орлоготой нь тулгаж, төсвийн байгууллагад өгснийг нэхэмжлэх падаантай нь тулгаж авлагын дансны “ДТ” борлуулалтын орлого дансны ”КТ“-д бичдэг байсан ба актлах эм гэсэн дүнг тухайн тайлангаас журналд бичдэггүй орхидог байсан учир нь зарах үнээр актлаж зардлаа өсгөж ашигаа бууруулах нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцэхгүй болно. Иймээс нягтлан бодох бүртгэлийн журналд тусгагдаагүй актын дүнг хариуцахгүй гэв.

        Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М гэдэг хүний гомдол гаргах эрх, боломжийг хаасан. Тэгээд энэ хүн хэзээ яаж мэдсэн юм бэ гэхээр бүр иргэний шүүх баталгаажуулаад, гүйцэтгэх хуудас шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад очоод тэрний дагуу ажиллагаа хийгээд тэтгэврийн дансыг хааснаар мэдсэн байдаг. Хууль зүйн болон санхүү талаас нэхэмжлэгч маш тодорхой ярилаа. Хариуцагч нарт улсын байцаагчийн эрх олгогдсон асуудлаар маргах зүйлгүй. Харин улсын байцаагч нь мэргэшсэн нягтлан байх тухай зохицуулалт Нягтлан бодох бүртгэлийн хуульд тодорхой байгаа. Гэтэл А.А нь мэргэшсэн нягтлан бодогч биш байдаг. Хариуцагч нар нэхэмжлэгчийг эм акталсан гээд байгаа, нягтлан бодогч баримт нь бүрдээгүй байхад актлаагүй гээд байгаа. Энэ бол зүгээр нэг бараа биш эм, эмнэлгийн хэрэгсэл. Үүнийг байгууллагын эм зүйчийн оролцоотойгоор санал санаачилгаар комиссоор орж байж актлах ёстой. Эцэст нь хэлэхэд улсын байцаагчийн акт үнэхээр ойлгомжгүй байна. Агуулга, гарчиг нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч Мг үнэхээр буруутай гэдгийг хөтөлбөргүй нотлох баримтаар үнэлэх ямар ч нотлох баримт алга. Иймээс улсын байцаагчийн актын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

          Хариуцагч, Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч Н.Б, А.А /хуучнаар Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч/ нарын шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын даргын баталсан 2/42 тоот удирдамжийн дагуу “Эм эргэлтийн сан” ОНӨААТҮГ-ын 2010, 2013 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийж гүйцэтгэсэн. Шалгалтаар 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Эрхийн актгүй, акталж , устгасан тэмдэглэлгүйгээр данснаас хассан эмийн үнийг төсөвт төлүүлэх тухай” 11/08/023-113 тоот актыг тогтоосон бөгөөд тухайн актад гомдол гаргах эрхийг зааж өгсөн.

           Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “анхан шатны баримт гэж ажил гүйлгээ гарсныг нотолж бичгээр бүрдүүлсэн болон бусад нотолгоог”, 7 дугаар зүйлийн 7.7-д “Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно”, 19 дүгээр зүйлийн нягтлан бодогчийн эрх үүргийн 19.1.3-д “нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, холбогдох бусад материалыг шаардан гаргуулах” гэж заасан. Гэтэл нягтлан бодогч нь эм, эмнэлгийн хэрэгслийн хугацаа дууссан, эвдэрч хэмхэрсэн гэх боловч бүртгэлгүй, хэний буруугаас эвдэрч хэмхэрснийг нотлох баримтгүй, акталж устгасан талаар тушаал шийдвэр гараагүй, хэрхэн устгасан талаар хурлын тэмдэглэлгүй, устгасан нь тодорхойгүй байхад шалтгааныг тодруулаагүй, данснаас хасах баримт хангалтгүй байхад зөвхөн зарлагын баримтаар 2010 онд 1002867 төгрөгийн эмийг, 2013 онд нөөцөөс 1982469 төгрөгийн эмийг, сумдын тайлангаас 2001848 төгрөгийн, бүгд 4 987 184 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгслийг данс бүртгэлээс дур мэдэн хассан зөрчил илэрсэн тул үнийг төсөвт нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд үүний 2010 оны  1002867 төгрөг нь Мд хамааралгүй, харин 2013 оны  нөөцийн 1982469 төгрөгөөс, сүүлийн хагас жилийн 1414319 төгрөг, мөн сумдын 2001848 төгрөгөөс 2013 оны 6 дугаар сарын 136935, сүүлийн хагас жилийн 1041014 төгрөг, нийт 2592268 төгрөгийн 50 хувь нь нэхэмжлэгчид хамааралтай.

           М нь тайлбартаа акталсан эм, эмнэлгийн хэрэгсэл дансанд 1887523 төгрөг тусгагдсан байхад актанд 3984317 төгрөгөөр бичсэн гэжээ. Энэ нь 3984317 төгрөгийн 1982469 төгрөг нь 2013 оны нөөцийн, 2001848 төгрөг нь 2013 оны сумдын дүн юм. Нөөцийн 1982469 төгрөгөөс 568150 төгрөг нь 2013 оны 1-3 дугаар сарын буюу Мг ажилд орохоос өмнөх дүн, харин 1414319 төгрөг нь 3 сараас хойшхи буюу Мд хамааралтай дүн байна.

           Няравын тайлангаар 2013 онд нөөцөөс 1982469 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгслийг акталсан тайлан гаргасан байсан. Гэтэл нягтлан бодогч нь 2013 оны санхүүгийн тайлангаар 1887523 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгслийг акталж, данснаас хассан. Харин 94946 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгслийг данснаас хасаагүй гэх боловч тухайн эм эмнэлгийн хэрэгслүүд нь тухайн үед тооллого хийхэд биетээр байгаагүй болно. Үүнд захирал, ерөнхий нягтлан бодогч нар хяналт тавьж ажиллаагүй.

           Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн яриад байгаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт нягтлан бодох бүртгэлийн ахлах болон улсын байцаагч нь мэргэшсэн нягтлан бодогч байна гэж заасан гэлээ. Гэтэл миний хувьд санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч юм. Энэ хоёр нь ялгаатай зүйлүүд, санхүүгийн хяналтын улсын байцаагчийн эрхийг Мэргэжлийн хяналтын газарт ажиллаж байхад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга буюу улсын ахлах байцаагчийн тушаалаар олгож байсан. Одоо санхүүгийн хяналт аудитын албанд шилжсэнээр Сангийн сайдын тушаалаар байцаагчийн эрх олгогдож байгаа. Мэргэшсэн нягтлан бодогч хүн байцаагчийн ажлыг хийхгүй байна гэсэн зүйл байхгүй гэв.

     Байгууллагын ерөнхий нягтлан бодогч гэдэг хүн журнал бичээд байна гэдэг асуудал биш. Байгууллагад холбогдолтой бүх л асуудлыг мэдэж байх ёстой. Гэтэл өөрөөсөө зайлуулахын тулд өөрөө буруугүй юм шиг яриад байна. Ерөнхий нягтлан бодогч гэдэг хүн байгууллагын үйл ажиллагааг аваад явна гэсэн асуудал юм. Мэргэшсэн нягтлан бодогч хүн хариуцлага гэдгийг мэдмээр байна. Тэгээд тооцооны нягтлан руугаа асуудлаа хийдэг. Тооцооны нягтлан бодогч хүнийг ерөнхий нягтлан бодогч хариуцах ёстой гэв.

          Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтэд: Би санхүүгийн талаар мэдлэггүй ч иргэн хүний хувьд аль нэг талд нь зогсох ёсгүй тул хувь хүнийхээ дүгнэлтийг хэлье. Нэхэмжлэгч М нь нягтлан бодогч хүн учраас ажлын өндөр хариуцлагатай байх ёстой. Бүх юмаа нямбай хийх ёстой гэж үзэж байна. Тэгэхээр өөрөө хариуцлага жаахан муутай байснаас болж энэ асуудалд орсон юм болов уу гэж бодогдлоо. Нягтлан бодогч хүн нарийн нягт тооцоотой байх ёстой байх. Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд ажиллаж байсны хувьд доод хүмүүстээ үлгэр жишээ ч, хариуцлагатай, даалгаврыг сайн биелүүлэхийг шаардсан хүн байх болов уу. Харин Санхүүгийн хяналт шалгалт, аудитын улсын байцаагч нар зөв шийдвэр гаргасан байх гэж бодож байна гэв.

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

        Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 11-08-023/113 тоот актаар , “2010, 2013 онд эм, эмнэлгийн хэрэгслийн хугацаа дууссан, эвдэрч хэмхэрсэн гэх боловч бүртгэлгүй, хэний буруугаас эвдэрч хэмхэрснийг нотлох баримтгүй, акталж устгасан талаар тушаал шийдвэр гараагүй, хэрхэн устгасан талаар хурлын тэмдэглэлгүй, устгасан нь тодорхойгүй зөвхөн зарлагын баримтаар 2010 онд 1002867 төгрөгийн эмийг, 2013 онд нөөцөөс 1982469 төгрөгийн эмийг, сумдын тайлангаас 2001848 төгрөгийн, бүгд 4987184 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгслийг данс бүртгэлээс дур мэдэн хассан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 7 дугаар зүйлийн 7.7, Эрүүл мэндийн сайд, Байгаль орчны сайдын хамтарсан 2002 оны 249/201 тоот тушаалаар баталсан “Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг ангилах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, устгах заавар”-ын 9.1-д заасныг тус тус зөрчсөн” гэх үндэслэлээр нийт 4987184 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгслийн үнийг нэр бүхий этгээдүүдээр төлүүлж, төсвийн орлого болгохоор тогтоосны, 2592268 төгрөгийг нягтлан бодогчоор ажиллаж байсан М, захирлаар ажиллаж байсан Ж.С нараар хувь адил төлүүлэхээр шийдвэрлэжээ.

          Нэхэмжлэгч М “актаар тогтоосон дээрх 2592268 төгрөгийн төлбөрийн, нөөцөд хамаарах 1414319 төгрөгийн төлбөрийн хувьд үнийн дүн зөрүүтэй, хариуцах эздийг нь зөв  тогтоогоогүй  /тухайн үед эм зүйчээр ажиллаж байсан Ц нөөцийн программаас актлах эмийн данс руу дотоод сүлжээгээр 1115522.43 төгрөгийн эмийг бичсэнээс болж энэ нь Гүйлгээ журналд шууд тусгагдсан байсан хэрэв хариуцлага хүлээх бол түүнийг үйлдсэн, шалгасан, хянасан этгээдүүд хамтарч хүлээх учиртай/, миний хувьд өөрөө дур мэдэн энэхүү үнийн дүн бүхий эм, эмнэлгийн хэрэгслийг данс бүртгэлд тусгаж акталсан зүйл байхгүй; харин сумдад хамаарах 1177149 төгрөгийн төлбөрийн хувьд огт данс бүртгэл /Гүйлгээ журнал/-д тусгаагүй, хариуцагчид хяналт шалгалтыг хийхдээ сумдын анхан шатны баримтыг гүйлгээ журналд хэрхэн тусгасантай тулгаж нягтлалгүйгээр зөвхөн сумдаас бичиж ирүүлсэн зарлагын баримтыг үндэслэн төлбөр тогтоосон нь үндэслэлгүй; мөн улсын байцаагчийн актын хавсралтад ганцхан А.А  гарын үсэг зурсан байдаг, түүний хувьд мэргэшсэн нягтлан бодогч биш учраас мэргэшсэн нягтлан бодогч Н.Б гарын үсэг зурж байж уг хавсралт хүчин төгөлдөр болно” гэж дээрх захиргааны актын өөрт холбогдох хэсэг /1296134 төгрөгийн  төлбөр/-ийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

        Хариуцагчид тухайн захиргааны актын үндэслэл болон нэхэмжлэгчид холбогдох хэсгийг “нягтлан бодогч нь эм, эмнэлгийн хэрэгслийн хугацаа дууссан, эвдэрч хэмхэрсэн гэх боловч бүртгэлгүй, хэний буруугаас эвдэрч хэмхэрснийг нотлох баримтгүй, акталж устгасан талаар тушаал, шийдвэр гаргаагүй, хэрхэн устгасан талаар хурлын тэмдэглэлгүй, устгасан нь тодорхойгүй байхад /данснаас хасах баримт хангалтгүй байхад/ шалтгааныг нь тодруулаагүй зөвхөн зарлагын баримтаар данснаас хассан /актлан устгасан/ байсан тул үнийг төсөвт нөхөн төлүүлэхээр акт тогтоосон, уг актаар нэхэмжлэгч М, захирал Ж.С нараар хувааж төлүүлэхээр тогтоосон 2592268 төгрөгийн төлбөрийн, 1414319 нь нөөцөөс акталсан эмийн үнийн дүн бөгөөд үүнд 2013 оны 7-р сарын 436789 төгрөгийн, 9-р сарын 950530 төгрөгийн эм хамаарч байгаа бол сумдын хувьд нийт 1177949 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл байгаагаас 2013 оны 6-р сард 136935 төгрөгийн, 7-12-р сард 1041014 төгрөгийн тооцоо гарсан” гэж тайлбарлаж байна .

      Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 327 дугаар тогтоолтой холбогдуулан Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн хяналт, шалгалтын чиг үүрэг тус аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанд шилжихээс өмнө, хариуцагч санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч /хуучнаар/ Н.Б, А.А нар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зарлагдсан хяналт шалгалтын объектын 2014 оны төлөвлөгөөний  хүрээнд Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2014 оны 2/42 тоот удирдамжийн  дагуу тус аймгийн “Эм эргэлтийн сан” ОНӨААТҮГ түүний 15 салбарын 2010-2013 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан хяналт шалгалт хийх нийтлэг үндэслэл, журам болоод Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 207 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага стандарт”-ын 9-ийн 1.2-т “Хяналт шалгалт нь төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн...хяналт гэж байна” 1.3-т “Хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хийнэ”, 1.4-т “Тухайн жилийн хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгаж нийтэд зарласан объектод төлөвлөгөөт хяналт шалгалт хийнэ”, 1.7-д “Төлөвлөгөөт...хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийнэ”, 1.15-д “Хяналт шалгалтын удирдамж нь эрх бүхий албан тушаалтнаар батлагдсан, нэгдсэн дугаартай байж хүчин төгөлдөр баримт бичиг болох...” гэж заасанд тус тус нийцсэн байна.

       Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн /2001 оны/ 3 дугаар зүйлийн 3.1.4-т “анхан шатны баримт гэж ажил гүйлгээ гарсныг нотолж бичгээр бүрдүүлсэн болон бусад нотолгоог”, 3.1.5-д “журнал гэж ажил гүйлгээг ерөнхий дэвтрийн дансанд шилжүүлэхийн өмнө цаг хугацааны дарааллаар нь эхэлж бүртгэх бичилтийг”, 3.1.6-д “ерөнхий дэвтэр гэж аж ахуйн нэгж, байгууллагын  санхүүгийн тайланг  бүрдүүлж байгаа дансыг”, 7 дугаар зүйлийн 7.1-д “анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно”, 7.5-д “анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно”, 7.7-д “Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно” гэж тус тус заажээ.

         Хариуцагч улсын байцаагч нар, маргаан бүхий захиргааны актын нэхэмжлэгчид хамаарах 2592268 төгрөгийн төлбөрийн 1414319 төгрөгийг нөөцөд, 1177949 төгрөгийг сумдад хамааралтай хэмээн тайлбарласантай  холбогдуулж тухайн маргааны үйл баримтуудыг мөн нөөц болон сумдаар ялган дүгнэлт өгсөн болно.

       1. Маргаан бүхий актаар тогтоосон 2592268 төгрөгийн төлбөрийн, нөөцөд хамаарах 1414319 төгрөгийн төлбөрийн хувьд:

        Тухайн хяналт шалгалтад хамрагдсан “Эм эргэлтийн сан” ОНӨААТҮГ-ын нөөцөөс 2013 оны 7 дугаар  сард 436739 төгрөгийн эмийг хугацаа дууссан гэж, 9 дүгээр сард 950530 төгрөгийн эмийг актлахаар тус тус анхан шатны баримтууд /Зарлагын падаан, Бараа материалын тайлан/-д бичилт хийсэн байх ба үүнээс 9-р сард бичигдсэн 950530 төгрөгийн үнэ бүхий эмийг тухайн байгууллагын дансны гүйлгээг хөтөлсөн баримт болох Гүйлгээ журналд “нөөц эмийн агуулах”-1501010001 данснаас “актлагдах эм, тариа”- 8701010000 данстай харьцсан гүйлгээний кредит талд, “актлагдах эм, тариа”- 8701010000 данснаас “нөөц эмийн агуулах”-1501010001 данстай харьцсан гүйлгээний дебет талд тус тус тусгасан нь хариуцагчдаас тухайн төлбөрийг тавихад үндэслэл болгосон гэх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд , шүүхээс явуулсан үзлэгийн тэмдэглэл , хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.

      Улсын байцаагчийн актад хугацаа дууссан, хагарч хэмхэрсэн зэрэг эм, эмнэлгийн хэрэгслийг актлахдаа Эрүүл мэндийн сайд, Байгаль орчны сайдын хамтарсан 2002 оны 249/201 тоот тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийн байгууллагын хог, хаягдлыг ангилах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, устгах журам”-ын 9.1-д заасныг зөрчсөн талаар үндэслэл болгосон байх боловч уг журам нь Эрүүл мэндийн сайдын 2011 оны 305 дугаар тушаалаар хүчингүй болсныг дурдах нь зүйтэй байна.

   Гэвч эм, эмнэлгийн хэрэгслийг актлахдаа тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2009 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан “Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагад тавих нийтлэг шаардлага” MNS 5530:2009  стандартын 14.4-т “Хадгалалтын явцад гэмтсэн, чанараа алдсан, хугацаа дууссан эмийг тусгаарлаж  хог, хаягдал устгах журмын дагуу устгана” гэж зааснаар Эрүүл мэндийн сайдын 2011 оны 305 дугаар тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг ангилан ялгах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, халдваргүйтгэх, устгах түр журам”, 158 дугаар тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийн байгууллагуудын хог хаягдлыг ангилан ялгах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, халдваргүйтгэх, устгах заавар”-ын дагуу устгал хийж үүнийгээ баримтжуулснаар энэ нь тухайн эмийг нягтлан бодох бүртгэлийн актлах дансанд тусгах үндэслэл /анхан шатны баримт буюу бусад нотолгоо/ болохоор байна. Гэтэл уг  950530 төгрөгийн үнэ бүхий эмийг устгасан талаар тодорхой баримтгүй байхад нягтлан бодох бүртгэлд тусгаж данснаас хассан болох нь нэхэмжлэгчийн “миний ажиллаж байх үед эрх бүхий этгээдээс эм актлах талаар гаргаж байсан тушаал болон эмийг устгасан талаар тэмдэглэл үйлдэж эмийг акталж байсан тохиолдол байгаагүй. Уг нь тушаал шийдвэр гарч, устгасан талаар тэмдэглэл баримт үйлдэгдэх ёстой. Би эм зүйч Ц.Цд актлах эм дансанд зөвшөөрөлгүй, зохих анхан шатны баримтыг бүрдүүлэхгүйгээр нөөцийн програмаас актлах эм дансанд гүйлгээ дотоод сүлжээгээр бичихгүй байхыг анхааруулж байсан” гэх тайлбараар  тогтоогдож байна. Мөн үүнээс гадна уг 950530 төгрөгийн эмийг актлахаар нөөцөөс бичилт хийсэн анхан шатны баримтууд /Зарлагын падаан, Бараа материалын тайлан/-д  түүнийг үйлдсэн болон зөвшөөрсөн, шалгасан  этгээдийн гарын үсэг зурагдаагүй, тэмдэг дарагдаагүй байгаагаас үзвэл тухайн анхан шатны баримтуудыг нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д зааснаар хүчин төгөлдөр баримт гэж үзэх боломжгүй байна.

          Нэхэмжлэгч нь дээрх 950530 төгрөгийн эмийг гүйлгээ журналд би тусгаагүй, тухайн үед эм зүйчээр ажиллаж байсан Ц нөөцийн программаас актлах эмийн данс руу дотоод сүлжээгээр бичсэнээс болж энэ нь нягтлан бодох бүртгэлийн журналд шууд тусгагдсан, хэрэв хариуцлага хүлээх бол түүнийг үйлдсэн, шалгасан, хянасан этгээдүүд хамтарч хүлээх учиртай хэмээн маргадаг боловч тэрээр тухайн байгууллагын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсны хувьд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т “...нягтлан бодогч нь...үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичилт хийж бүрдүүлнэ”, 19 дүгээр зүйлийн 19.1.2-т “...нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргах...ажлыг зохион байгуулах”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 2-т “Өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад бүртгэлээр тавих хяналт шалгалтыг тухайн хуулийн этгээдийн ерөнхий нягтлан бодогч хариуцна” гэж зааснаар байгууллагынхаа нягтлан бодох бүртгэл хөтлөлт, санхүүгийн тайлантай холбоотой бүхий асуудлыг хариуцан хэрэгжүүлэх үүрэгтэй байх тул хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар хийгдсэн дээрх гүйлгээг нягтлан бодох бүртгэлд тусгасан зөрчлийн хариуцлагыг эм зүйч Ц.Ц, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс тус байгууллагын тооцооны нягтлан бодогчоор томилогдсон  Ж.Энартай хуваан хариуцах үндэслэлгүй.

      Дээрх  нөхцөл байдлуудаас дүгнэхэд тухайн 950530 төгрөгийн үнэ бүхий эмийг нягтлан бодох бүртгэлд тусгасан үйл баримттай холбогдуулан нэхэмжлэгчийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн /2001 оны/ 19 дүгээр зүйлийн 19.1.3-т “нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, холбогдох бусад материалыг шаардан гаргуулах”, 19.1.5-д “эд хөрөнгө, өр төлбөрийн хүчин төгөлдөр бус баримтаар ажил гүйлгээг бүртгэхгүй байх”-аар заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д “Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно”, 20 дугаар зүйлийн 20.1-д “Нягтлан бодогчийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно”, 20.1.7-д “анхан шатны баримт бүрдүүлээгүй...байх” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

         Харин нөөцөөс 2013 оны 07 дугаар сард бичигдсэн 436739 төгрөгийн үнэ бүхий, хугацаа дууссан гэх эмийн хувьд тухайн байгууллагын Гүйлгээ журналд /актлах дансанд/ тусгасан нөхцөл байдал шүүхээс явуулсан үзлэгээр тогтоогдоогүй  бөгөөд хариуцагчид ч  энэхүү үндэслэлээ баримтаар нотлоогүй болно.

      Нэхэмжлэгч М нь мөн нөөцийн үнийн дүнг зөрүүтэй гэж маргадаг боловч хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд , хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд тэрээр 2013 оны 9 дүгээр сард бичигдсэн дээрх 950530 төгрөгийн үнэ бүхий эмнээс гадна мөн оны 12 дугаар сард 164767 төгрөгийн үнэ бүхий эмийг нягтлан бодох бүртгэлд тусгасан /Гүйлгээ журналын нөөц эмийн агуулах-1501010001 дансны кредит талд, актлах эм тариа -8701010000 дансны дебет талд/-аар  түүний Гүйлгээ журналд тусган акталсан гэх эмийн үнийн дүн 1115297 төгрөг болж байна. Гэвч энэхүү 164767 төгрөгийн эм нь улсын байцаагчийн актаар тогтоосон /нөөцийн 1414319 төгрөгийн төлбөрт/ төлбөрт ороогүй орхигдсон болох нь хариуцагчдын тайлбараар тогтоогдож байна. Тодруулбал, хариуцагчид нөөцийн 1414319  төгрөгийн төлбөрийг, 2013 оны 07 дугаар сарын 436739 төгрөгийн, 9 дүгээр сарын 950530 төгрөгийн анхан шатны баримтыг үндэслэн тогтоосон бол, нэхэмжлэгч нь тухайн актад хамааралгүй 164767 төгрөгийг тооцоонд оруулснаас шалтгаалж нөөцийн үнийн дүнг зөрүүтэй хэмээн маргасан байх ба энэ нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдсоноор хэргийн оролцогчид нөөцийн үнийн дүнгийн талаар маргаангүй болсон гэж үзлээ.

        2. Маргаан бүхий актаар тогтоосон 2592268 төгрөгийн төлбөрийн, сумдад хамаарах 1177949 төгрөгийн төлбөрийн хувьд:

           Хариуцагчдаас дээрх 1177949 төгрөгийн төлбөрийг тогтооход үндэслэл болгосон санхүүгийн бичиг баримтуудаас  үзвэл 2013 оны 06 дугаар сараас 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд тус “Эм эргэлтийн сан” ОНӨААТҮГ-ын харьяа салбар /Өргөн 116 656, Эрдэнэ 42420, Хатанбулаг 15180, Даланжаргалан 56475, Хөвсгөл 154960, Зүүнбаян 47070, Сайхандулаан 290786, Дэлгэрэх 58005, Иххэт 93580, Мандах 48940, Улаанбадрах 153890, “Баялаг тун” 99987/-уудаас нийт 1177949 төгрөгийн үнэ бүхий эм, эмнэлгийн хэрэгслийг хугацаа дууссан, хагарсан, актлах гэх зэргээр анхан шатны баримтуудад тусган тайлан гаргаж ирүүлсэн байх бөгөөд энэ нь улсын байцаагчийн актаар тогтоосон /хариуцагч нараас жагсаалтаар гаргаж ирүүлсэн/  сумдын үнийн дүнтэй тохирч байна.

       Харин маргаан бүхий актын үндэслэл болон хариуцагчдын тайлбарт дээрх үнийн дүн бүхий эм, эмнэлгийн хэрэгслийг данснаас хасах баримт хангалтгүй байхад нягтлан бодох бүртгэлийн журналд тусгаж хассан /актлан устгасан/ гэж,  нэхэмжлэгчээс  "сумдууд актлах эм тариагаа өртөгөөр нь жагсаалтаар гаргаж, актлах тухай тушаал, шийдвэрийг бүрдүүлж ирүүлдэггүй байсан учраас бүртгэл, тайланд тусгаагүй” гэж маргаж байгаатай холбогдуулан тус “Эм эргэлтийн сан” ОНӨААТҮГ-ын дансны гүйлгээг хөтөлсөн гол баримт болох “Гүйлгээ журнал”-д шүүхээс үзлэг хийж, холбогдох данс бүртгэлтэй тулган шалгасан боловч сумдаас актлахаар бичиж ирүүлсэн дээрх үнийн дүн бүхий эм, эмнэлгийн хэрэгслийг нягтлан бодох бүртгэлийн журналд тусгаж данснаас хассан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй  бөгөөд хариуцагч нарын зүгээс ч нэхэмжлэгчийг буруутгаж буй “данснаас хасах баримт хангалтгүй байхад зөвхөн зарлагын баримтаар данснаас хассан” гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй болно. 

          Дээрх нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч Мг улсын байцаагчийн актад дурдсанчлан Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д “анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно” гэснийг зөрчиж сумдын 1117949 төгрөгийн үнэ бүхий эм, эмнэлгийн хэрэгслийг зөвхөн зарлагын баримтаар дур мэдэн данснаас хасч, актлан устгасан гэж үзэх үндэслэлгүй байх ба харин ч эсрэгээр анхан шатны баримтын бүрдэлгүй гүйлгээг нягтлан бодох бүртгэлд тусгаагүй нь хуулийн энэхүү заалтад нийцсэн үйл ажиллагаа байна.

       Нэхэмжлэгч тал, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т улсын байцаагчийг мэргэшсэн нягтлан бодогч байна гэж заасан. Гэтэл маргаан бүхий актын хавсралтад мэргэшсэн нягтлан бодогч Н.Б гарын үсэг зуралгүй, мэргэшсэн нягтлан бодогчийн эрхгүй А.А гарын үсэг зурсан байдаг тул уг акт хүчин төгөлдөр бус гэж маргасан. Нэхэмжлэгч М нараар төсөвт нөхөн төлүүлэхээр тогтоосон төлбөрийг /үнийн дүнг/ улсын байцаагчийн актын хавсралтаар бус уг актын ТОГТООХ нь хэсгийн 1 дэх заалтаар 2592268 гэж тодорхой тогтоосон  улмаар тухайн акт нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 207 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт”-ын Хяналт шалгалтын баримт бичигт тавигдах ерөнхий шаардлага хэсгийн 1.8-д “Хяналт шалгалтын баримт бичиг нь улсын байцаагч гарын үсэг зурж, тэмдэг дарж, харьяа нэгжийн дарга буюу улсын ахлах байцаагчаар хянуулж, дугаар авснаар хүчин төгөлдөр болно”, 1.9-д Хэд хэдэн улсын байцаагч хяналт шалгалтыг хамтран хийсэн тохиолдолд ... ажлын хэсгийн гишүүн бүрийн албан тушаал, овог, нэрийг бичиж гарын үсэг зурж, тэмдэг дарна” гэж заасанд нийцсэн байна. Мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасан мэргэшсэн нягтлан бодогч байх шаардлага нь улсын мэргэжлийн хяналтын хүрээнд хяналт шалгалтыг хэрэгжүүлдэг санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчид бус нягтлан бодох бүртгэлийн хэрэгжилтэд мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчид хамааралтай байх тул нэхэмжлэгчийн маргаж буй энэ үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.

         Дээр тогтоогдсон нөхцөл байдлуудаас дүгнэхэд маргаан бүхий захиргааны актаар тогтоосон 2592268 төгрөгийн төлбөрийн, 950530 төгрөгийн төлбөрөөс бусад 1641738 төгрөгийн төлбөр үндэслэлгүй бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг, сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул улсын байцаагчийн 2014 оны 11-08-023/113 тоот актаар тогтоосон 2592268 төгрөгийн төлбөрөөс, үндэслэлгүй тогтоогдсон 1641738 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэгчид хамаарах хэсэг /820869 төгрөг/-ийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

       Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “хариуцагч улсын байцаагчдыг бие даасан хариуцагч биш тул байгууллагаасаа итгэмжлэл авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй” хэмээн маргаж тэдгээрийг байгууллагын итгэмжлэлээр шүүх хуралдаанд оролцуулахаар хүсэлт гаргасныг нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгосныг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгах замаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Нягтлан бодох бүртгэлийн тухай  хуулийн /2001 оны/ 3 дугаар зүйлийн 3.1.4, 7  дугаар зүйлийн 7.7, 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.5,  20 дугаар зүйлийн 20.1.7, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн  10 дугаар зүйлийн 10.12.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасныг тус тус баримтлан иргэн Мгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 11-08-023/113 тоот актаар тогтоосон 2592268 төгрөгийн төлбөрөөс, үндэслэлгүй тогтоогдсон 1641738 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэгч Мд хамаарах 820869 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, үлдэх 950530 төгрөгийн төлбөрт хамаарах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Мд олгосугай.

       3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болон давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай.

                                          

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.СИЙЛЭГМАА

                                                          ШҮҮГЧ                                        С.ОТГОНТУЯА

                                                          ШҮҮГЧ                                         Б.МӨНХЗУЛ