Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2021/00565

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 10 өдөр                         Дугаар 183/ШШ2021/00565                         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ч.Б

  

Хариуцагч: Э.М ХХК

  

2018.01.12-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн нэг дэх заалтыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Ш.Б,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, нарийн бичгийн дарга С.Солонго нар оролцов..

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний биө 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Оюу толгойн далд уурхайн төслийг хэрэгжүүлэгч “ЭМ” ХХК-д инженер засварчинаар Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлан ажиллаж эхэлсэн бөгөөд ажиллах хугацаандаа ажил үүргээ хариуцлагатай гүйцэтгэж ирсэн. 2020.01.31-нд ажлаа хийж байх явцад миний эрүүн доор зовиурлаж эхэлсэн тул Уурхайн эмчид үзүүлэхээр очсон боловч эмч үзэлгүйгээр эм бичиж өгсөн. Эмийг уусан боловч өвдөлт намдаагүй тул эмнэлэг орж дахин үзүүлсэн боловч тодорхойгүй, өвчин намдаах хийсэн боловч намдаагүй. Эрүү зуурч эрүү шанаа хавдсан, өвчин намдаах тариа ойр ойрхон хийсэн. Ингээд миний бие уурхайн эмчийн хамт 2020.02.02-нд оройн 22 цагийн нислэгээр Улаанбаатар хотод ирсэн. 2020.02.05-нд нэгдүгээр эмнэлэгт эрүү нүүрний тасагт хагалгаанд орсон. Эрүүн дотор зүсэлт хийж идээг гадагшлуулж, аман дотор зүсэж шүлсний сувагт бий болсон чулууг авсан. Эмчийн зүгээс эрүүн доорх шарх эдгэсний дараа шүлсний булчирхайг хагалгаа хийж авна гэсэн боловч корона вирусээс болж хагалгаа хийх өдөр хойшлогдсоор 2020.03.30-нд хоёр дахь хагалгаанд орсон бөгөөд зүүн талын эрүүн доорх шүлсний булчирхайг авсан. Ингээд эмчийн хяналтад байж байгаад 2020.05.06-нд ажилдаа явсан. Очоод ажлаа хийж байх явцад дахин эрүүн доорх оёдлоор шүүс гарсан тул 2020.05.13-нд хотод ирж нэгдүгээр эмнэлэгт үзүүлсэн. Гэтэл чулуу дутуу үлдсэн байна гэсэн тул 2020.05.15-нд дахин хагалгаанд орж авхуулсан. Ингээд эмчийн заавар зөвлөгөөгөөр 2020.08.14-ийг хүртэл эмчийн хяналтад байсан. Энэ хугацаанд ЭМ ХХК-ийн хүний нөөцтэй харилцаа холбоотой байсан бөгөөд биеийн эрүүл мэндийн талаар байнга хэлж мэдэгдэж байсан. Хүний нөөцийн зүгээс биеэ сайн эдгээ, ажил асуудалгүй, зүгээр болсон үедээ эмчээсээ бичгээ авч ирээд гэрээт эмнэлэг Интермед эмнэлэгт үзлэгт ороод ажилдаа ороорой гэж хэлсэн. Ингээд 2020.08.18-нд Интермэд эмнэлэгт үзлэгт ороод ажилдаа орох гэтэл ЭМ ХХК-ийн хүний нөөцөөс намайг дуудаж Хөдөлмөрийн гэрээ дууссан цаашид ажиллуулахгүй гэж хэлээд ажлын байраар хангахгүй байна. ЭМ ХХК-тай байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр гэрээний хугацааг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл байхаар хугацаа зааж өөрчилсөн нь хөдөлмөрийн хуулийг зөрчиж байна. Иймд ЭМ ХХК-тай байгуулсан 2018.01.12-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн нэг дэх заалт болох хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан хэсгийг хүчингүй болгож, Ч.Б намайг урьд эрхэлж байсан ажлын байраар хангахыг ЭМ ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.  

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2018 оны 01 дүгээр сарын 12-ний өдөр хугацаатай гэрээ байгуулсан. Тус гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан. Энэ гэрээний хугацаа дуусаж, гэрээ цааш үргэлжилж байгаа гэж ойлгож байна. Дараа нь ажилд эгүүлэн тогтооно гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ажлын байрыг бодитоор хангахгүй байгаа. Ажилгүй байсан хугацааны цалин 1 сарын цалин 4.922.362 төгрөг, нэг хоногт 223.743 төгрөгийн цалин авдаг юм байна. Улсын дээд шүүхийн тогтоолоор тухайн ажилтны 3 сарын дундаж цалингаар дундаж цалинг тооцно гэж заасан байдаг. Ингээд 2019 оны 10, 11, 12 саруудын дундаж цалингаар бодсон. Мөн үндсэн цалин болон уурхайн нэмэгдэл зэргийг тооцож дундаж цалинг бодсон. 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ажилдаа явж болно гэх зааврыг өгсөн. Харин үүнээс өмнөх 4, 5 саруудын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд бичилт хийгээгүйд нь нэхэмжлэгч гомдолтой байна. Тухайн хүн ЭМ ХХК-нд ажиллаж байхдаа гэмтэж бэртсэн. Ч.Б-г эмч 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ажиллаж болно гэсэн зааврыг өгсөний дагуу компани дээрээ очиж уулзахад ажлын байрыг өөрчлөх мөн цалинг нь бууруулсан албан тушаал санал болгосон байсан. Харин Ч.Б-н хувьд би хуучин ажлын байрандаа авч байсан цалингаа бууруулж гэрээ байгуулахгүй гэсэн хариуг хэлсэн. Хөдөлмөрийн тухай хууль дээр тухайн ажилтны ажиллаж байсан ажлын байрыг бууруулах тохиолдолд өөрөөс нь зөвшөөрөл авах ёстой. Гэвч тухайн байгууллагын зүгээс Ч.Б-т гаргаж буй хандлага нь гэрээг цуцлана, ажлаас хална гэсэн атлаа шийдвэр нь гараагүй. Бодитоор ажлын байраар хангах үүргээ биелүүлээгүй. Ингэж үл ойлголцол үүсэж байсан учраас шүүхэд хандаж байна. Иймд Ч.Б-г урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргаж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндсэн шаардлага Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг огт ойлгосонгүй. Нэхэмжлэлийн үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэд дүгээр зүйлийн хэдийн хэд дэх хэсэг юм. Бид энд дандаа өмгөөлөгчид сууж байгаа. Хамгийн сүүлд нэхэмжлэлийн шаардлагыг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өөрчилсөн шаардлагаар ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гэсэн. Гэтэл шүүхэд гаргасан нэхэмжлэл нь ажил үүргээр хангахгүй байгаа учраас үйлдэл хийх буюу ажил үүргээр хангахыг даалгаж өгнө үү гэж байна. Энэ тэгвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасан шүүхээр шийдвэрлүүлэх маргаан биш гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.  Харин одоо хэргийн үйл баримтын талаар тайлбарлая. 2020 оны 08 дугаар сарын 15-ний өдөр Ч.Б ЭМ ХХК дээр ирсэн. 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр байгууллагатай уулзсан. Байгууллага эрүүл мэндийн шаардлага хангаж байвал уурхай руу явуулдаг. Ингээд 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт зааснаар түр ажлын байранд томилсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2. дахь хэсэгт зааснаар талууд харилцан тохиролцож хугацаатай гэрээ байгуулсан. Төслийн хугацаа дууссан тул Ч.Б-т 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр мэдэгдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэт зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул цаашид сунгах боломжгүй гэсэн хэсэгт хамаарна. Хөдөлмөрийн гэрээ гэдэг бол Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэг, 21.1.2 , 21.1.3, 21.1.4 дэх хэсэгт заасан байдаг. Ажил санал болгосон гэдгийг нэхэмжлэгч тал тайлбартаа хэлж байна. Гэтэл нэхэмжлэгч 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Аливаа эрх зүйн үр дагавар гараагүй байхад нэхэмжлэл гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн тухай хууль дуусгавар болсон тохиолдолд маргаан үүснэ. 2020 оны 08 дугаар сарын 25-ний өдөр ажил олгогчтой уулзахаар тохиролцсон байсан. Харин уг уулзах хугацааг нэхэмжлэгч 2020 оны 08 дугаар сарын 30-ний өдөр уулзахаар хойшлуулсан. Гэтэл шүүхээс нэхэмжлэл гардаж авах тухай бичиг ирсэн. Ингээд Ч.Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгахгүй болсон үндэслэлээр хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан. Нэхэмжлэгчийн үндсэн шаардлага дээр нэхэмжлэгч эмчийн хяналтанд байгаа гэдгээ тогтоосон. ОТ ХХК-нд ажиллаж байгаа тохиолдолд Сосмедикал эмнэлэг болон бусад эмнэлгээр гүний уурхайд ажиллах боломжтой эсэхийг тодорхойлдог. Ингээд 2020 оны 08 дугаар сарын 18-ний өдөр Интермед эмнэлэгт үзүүлсэн байдаг. Үүний дараа 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлийн шаардлага бол хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан гэдгийг хүчингүй болгуулах, мөн урьд эрхэлж байсан ажлын байраар хангахыг даалгах байсан. Үүнийг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах гэж нэмэгдүүлсэн. Үүнийг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өөрчилсөн. Тус өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлага аль нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байгаа нь тодорхойгүй. Хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа юм уу. Эсхүл урьд эрхэлж байсан ажлын байраар хангаж өгөхийг даалгах гэж байна. Тус нэхэмжлэлийн шаардлага хөдөлмөрийн тухай хуульд хамаарахгүй. Тодорхой үүрэг гүйцэтгэхийг даалгах гэдэг бол Иргэний хуульд хамааралтай заалт юм. Эсхүл 2021 оны 01 дүгээр сарын 07-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн юм уу. Энэ нь ойлгомжгүй. Иймд  нэхэмжлэлийн шаардлагыг зайлшгүй тодруулах зүйтэй гэж үзэж байна.

Шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа үндэслэл нь туршилтын хугацааг өнөөдрийг хүртэл шийдэж өгөөгүй байна. Үүнийг л шийдээд өгнө үү гэсэн гэж тайлбартаа хэлж байна. Ажилд эгүүлэн тогтоох шаардлага гаргасан боловч аль ажлын байрандаа орох шаардлага гаргаж байгаа юм. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б гурван үндэслэл тайлбарлалаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 35  дугаар зүйлийн 35.1.3 дахь хэсгийг тайлбарлаж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэг яригдана. Гэхдээ 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Ч.Б-н өвчтэй байсан акт дууссан гэдгийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б-н тайлбараар нотлогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар талуудын тайлбар нотлох баримт болно гэж заасан. Мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоно. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 дахь хэсэг яригдахгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд зааснаар хугацаа тоолдог. Тэгвэл 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хугацаа дууссан. Ажил олгогч удаа дараа ажлын байр санал болгосон. 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр мөн 2020 оны 08 дугаар сар гэх мэт. Мөн ажиллаж болно гэх Интермед эмнэлгийн тодорхойлолт авсан. Тус тодорхойлолтыг авсаныхаа дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дахь хэсэгт зааснаар талууд тайлбараа нотлох ёстой. Гэвч нэхэмжлэгч тал ажил олгогч ажил үүргээр хангаагүйг нотолж чадаагүй. Гэрээний хугацаа дуусах, өөр ажлын байр санал болгох гэдэг чинь хоёр өөр эрх зүйн харилцаа юм. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б хөдөлмөрийн харилцаа үргэлжилж байна гэх тайлбар хэлдэг. Тэгвэл хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үргэлжилж байгаа бол 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.4 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлага үндэслэл хоёр уялдаатай байх ёстой. Туршилтын хугацааг хүлээн зөвшөөрөөгүй юм бол 128 дугаа зүйлийн 128.1.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах ёстой байсан. Маргааны зүйл нэхэмжлэлийн шаардлага маргааны зүйл хоёр хоорондоо уяалдахгүй байна. Маргааны зүйл нь юу вэ гэхээр туршилтын хугацаа байна. 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн удаа дараа ажилдаа орох тухай санал гаргасан. Үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн. Иймд нэхэмжлэлийг буцаах ёстой. 2018 оны 01 дүгээр сарын 12-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан. 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаатай гэрээ байгуулсан. Энэ нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж байна гэж үзвэл 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан. Харин Ч.Б нэхэмжлэл гаргаагүй. Мөн анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага одоо өөрчилсөн тул хугацаатай байгуулсан гэрээн дээр маргах зүйл байхгүй. 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ажлын байр санал болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт зааснаар зөвхөн туршилтын хугацаа санал болгосныг хүлээн зөвшөөрөөгүй байна гэж ойлгож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч тодорхойлдог. Харин нэхэмжлэгчийн 2 өмгөөлөгч тодорхойлсон болон үндсэн шаардлагыг нэхэмжлэгчийн шаардлага хоорондоо тохирохгүй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ч.Б “ЭМ” ХХК-д холбогдуулан 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн нэг дэх заалтыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ч.Б 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорыг шүүхийн шийдвэр гаргах өдөр хүртэл гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ. /1 дүгээр хавтас 164, 172 дугаар тал/

 

ЭМ ХХК инженер засварчны ажлын байранд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Ч.Б-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М 2018.01.12-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.1-д “Энэ гэрээний хугацаа ОТ далд уурхайн төслийг хэрэгжүүлэх үүднээс ОТ ХХК болон ЭМ ХХК-ийн хооронд 2016.09.01-ний өдөр байгуулагдсан ОТ далд уурхайн төслийн хугацаа /төслийн үндсэн хугацаа дуусгавар болтол, эсхүл ажил гүйцэтгэх гэрээнд оролцогч талын аль нэгний санаачлагаар ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдаж, дуусгавар болох хүртэл хугацаа/-нд хүчин төгөлдөр байхыг талууд харилцан тохиролцов” гэх заалтын дагуу хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ гэж маргаж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д “Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна”, Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Хууль, хэлцэл буюу шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааг хуанлийн он, сар өдөр, гаригаар буюу жил, улирал, сар, долоо хоног, цагаар тодорхойлно” гэх заалтын дагуу ажил олгогч гэрээндээ хугацаа заагаагүй байгаа тул ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулагдсан 2018.01.12-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ хугацаагүй байгуулагдсан гэрээ бөгөөд Ч.Б-н инженер, засварчны ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан байнгын ажил байр гэж дүгнэв.

 

Өөрөөр хэлбэл Ч.Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь ОТ ХХК-тай байгуулсан төслийн хугацаа дуусах хүртэл байгаа бөгөөд ЭМ ХХК, ОТ ХХК нарын хооронд байгуулагдсан төсөл хэрэгжилж байгаа бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-ын шүүх хуралдаанд тайлбарласан төслийн нөхцөл өөрчлөгдсөн нь зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл болохгүй юм.

 

ЭМ ХХК 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Ч.Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч, ажилтан нарын хооронд 2018.01.12-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд дараах өөрчлөлтийг оруулахаар харилцан тохиролцов гээд “Хөдөлмөрийн гэрээний хугацааг 2019 оны 08 дугаар сарын 01-нээс 2020 оны 08 дугаар сарын 31 хүртэл хүчин төгөлдөр байхаар” нэмэлт өөрчлөлт оруулжээ. /1 дүгээр хавтас 154 дүгээр тал/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн талуудын хооронд байгуулагдсан 2018.01.12-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ хугацаатай байгуулагдсан гэж маргаж байгаа үндэслэл нь хэргийн 154 дүгээр талд авагдсан гэрээний нэмэлт өөрчлөлтөөр хугацаа тогтоосон нэмэлт гэрээгээр үгүйсгэгдэж байна.

 

Ажил олгогч 2018.01.12-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018.12.01-ний өдөр хугацаатай болгож, нэмэлт өөрчлөлт оруулахдаа хөдөлмөрийн гэрээг хугацаатай болгосон тодорхой үндэслэл, шаардлага, шалтгаан, талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээндээ зайлшгүй тодорхой тусгах ёстой бөгөөд 2018.12.01-ний өдрийн нэмэлт өөрчлөлт оруулсан хөдөлмөрийн гэрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалтыг зөрчжээ.

 

Ч.Б- тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдлийг 2020.07.30-ны өдөр түүнд өгч, 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 20/223 дугаар захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 2018.01.12-ны өдөр байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээний 3.1, 2018.08.31-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт болон 2020.07.30-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох мэдэгдэл зэргийн үндэслэн MRS далд уурхайн засвар үйлчилгээний хэлтсийн Инженер, засварчин Ч.Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон дуусгавар болгожээ. /1 дүгээр хавтас 194 дүгээр тал/

 

Ажил олгогчийн ажилтаныг ажлаас чөлөөлсөн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн  Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т “эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа” ажилтны ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Мөн ажил олгогч хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг зөрчжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ажилтанд ажлын байрыг өөрчлөх саналыг тавьсан, одоо хүртэл уг санал хүчинтэй байгаа гэх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажилтны ажлын байрыг цомхотгосон, орон тоо хасагдсан эсэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул Ч.Б-г урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 27.959.578 төгрөгийг “ЭМ” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005.05.05-ны өдрийн дундаж цалин хөлс тодорхойлох 55 дугаар тушаалын дагуу Ч.Б-н ажлаа хэвийн хийж байсан үе буюу 2019 оны 10, 11, 12 дугаар сарын дунджаар тооцоход 1 сарын дундаж цалин 4.203.714 төгрөг байх бөгөөд түүний ажилгүй байсан хугацаа буюу 2020.08.18-наас шүүхийн шийдвэр гарах хүртэл 6 сар ажлын 14 хоногийн цалин 27.959.578 төгрөг болно. /4.203.714х6сар=25.222.284 төгрөг, 4.203.714:21,5=195.521 төгрөг, 195.521х14 ажлын хоног=2.737.294 төгрөг, 25.222.284+2.737.294=27.959.578 төгрөг/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т зааснаар Ч.Б-н Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

 

Тухайн нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргааны төрөл тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210.600 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж,  хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага буюу үнэлэх боломжгүй шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 297.747 төгрөг, нийт 367.947 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Баяуд овогт ЧБ-г “ЭМ” ХХК-ийн инженер, засварчны ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар хариуцагч ЭМ ХХК-иас 27.959.578 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Б-т олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т зааснаар Ч.Б-н нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлүүлж, зохих журмын дагуу дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ЭМ ХХК-нд даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210.600 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч ЭМ ХХК-иас 367.947 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.  

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.СОЛОНГО