Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2021/00943

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2021/00565 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Б-ийн хариуцагч Э- ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний биө 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Оюу толгойн далд уурхайн төслийг хэрэгжүүлэгч Э- ХХК-д инженер засварчинаар ажиллаж эхэлсэн бөгөөд ажиллах хугацаандаа ажил үүргээ хариуцлагатай гүйцэтгэж ирсэн. 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ажлаа хийж байх явцад миний эрүүн доор зовиурлаж эхэлсэн тул уурхайн эмчид үзүүлэхээр очиж эм бичүүлж авсан. Эм уусан боловч өвдөлт намдаагүй, эмнэлэг орж дахин үзүүлсэн боловч тодорхойгүй, өвчин намдаах тариа хийсэн боловч намдаагүй. Ингээд миний бие уурхайн эмчийн хамт 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр оройн 22 цагийн нислэгээр Улаанбаатар хотод ирсэн. 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нэгдүгээр эмнэлэгт эрүү нүүрний тасагт хагалгаанд орсон. Эрүүн дотор зүсэлт хийж идээг гадагшлуулж, аман дотор зүсэж шүлсний сувагт бий болсон чулууг авсан. Эмчийн зүгээс эрүүн доорх шарх эдгэсний дараа шүлсний булчирхайг хагалгаа хийж авна гэсэн боловч корона вирусээс болж хагалгаа хийх өдөр хойшлогдсоор 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хоёр дахь хагалгаанд орсон бөгөөд зүүн талын эрүүн доорх шүлсний булчирхайг авсан. Ингээд эмчийн хяналтад байж байгаад 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр ажилдаа явсан. Очоод ажлаа хийж байх явцад дахин эрүүн доорх оёдлоор шүүс гарсан тул 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хотод ирж нэгдүгээр эмнэлэгт үзүүлсэн. Гэтэл чулуу дутуу үлдсэн байна гэсэн тул 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр дахин хагалгаанд орж авахуулсан. Ингээд эмчийн заавар зөвлөгөөгөөр 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүртэл эмчийн хяналтад байсан. Энэ хугацаанд Э- ХХК-ийн хүний нөөцтэй харилцаа холбоотой байсан бөгөөд биеийн эрүүл мэндийн талаар байнга хэлж мэдэгдэж байсан. Ингээд 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Интермэд эмнэлэгт үзлэгт ороод ажилдаа орох гэтэл Э- ХХК-ийн хүний нөөцөөс намайг дуудаж хөдөлмөрийн гэрээ дууссан цаашид ажиллуулахгүй гэж хэлээд ажлын байраар хангахгүй байна. Э- ХХК-тай байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр гэрээний хугацааг 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл байхаар хугацаа зааж өөрчилсөн нь хөдөлмөрийн хуулийг зөрчиж байна. Иймд Э- ХХК-тай байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн нэг дэх заалт болох хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан хэсгийг хүчингүй болгож, Ч.Б- намайг урьд эрхэлж байсан ажлын байраар хангахыг Э- ХХК-д даалгаж өгнө үү гэсэн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөдөлмөрийн гэрээний 1 дэх заалтыг хүчингүй болгуулах тухай шаардлагаасаа татгалзаж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндсэн шаардлага Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байна. Хамгийн сүүлд нэхэмжлэлийн шаардлагыг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өөрчилсөн шаардлагаар ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гэсэн. Гэтэл шүүхэд гаргасан нэхэмжлэл нь ажил үүргээр хангахгүй байгаа учраас үйлдэл хийх буюу ажил үүргээр хангахыг даалгаж өгнө үү гэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан шүүхээр шийдвэрлүүлэх маргаан биш гэж үзэж байна. Хэргийн үйл баримтын тухайд 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр байгууллагатай уулзсан. Байгууллага эрүүл мэндийн шаардлага хангаж байвал уурхай руу явуулдаг. Ингээд 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т зааснаар түр ажлын байранд томилсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар талууд харилцан тохиролцож хугацаатай гэрээ байгуулсан. Төслийн хугацаа дууссан тул Ч.Б-т 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр мэдэгдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул цаашид сунгах боломжгүй гэсэн хэсэгт хамаарна. Нэхэмжлэгч 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Аливаа эрх зүйн үр дагавар гараагүй байхад нэхэмжлэл гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т Хөдөлмөрийн тухай хууль дуусгавар болсон тохиолдолд маргаан үүснэ. 2020 оны 8 дугаар сарын 25-ний өдөр ажил олгогчтой уулзахаар тохиролцсон байсан. Харин уг уулзах хугацааг нэхэмжлэгч 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдөр уулзахаар хойшлуулсан. Гэтэл шүүхээс нэхэмжлэл гардаж авах тухай бичиг ирсэн. Ингээд Ч.Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгахгүй болсон үндэслэлээр хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан. Нэхэмжлэгчийн үндсэн шаардлага дээр нэхэмжлэгч эмчийн хяналтанд байгаа гэдгээ тогтоосон. Оюу толгой ХХК-д ажиллаж байгаа тохиолдолд Сосмедикал эмнэлэг болон бусад эмнэлгээр гүний уурхайд ажиллах боломжтой эсэхийг тодорхойлдог. Ингээд 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Интермед эмнэлэгт үзүүлсэн байдаг. Үүний дараа 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлийн шаардлага бол хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан гэдгийг хүчингүй болгуулах, мөн урьд эрхэлж байсан ажлын байраар хангахыг даалгах байсан. Үүнийг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах гэж нэмэгдүүлсэн. Үүнийг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өөрчилсөн. Тус өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлага аль нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байгаа нь тодорхойгүй. Хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа юм уу. Эсхүл урьд эрхэлж байсан ажлын байраар хангаж өгөхийг даалгах гэж байна. Тус нэхэмжлэлийн шаардлага хөдөлмөрийн тухай хуульд хамаарахгүй. Тодорхой үүрэг гүйцэтгэхийг даалгах гэдэг бол Иргэний хуульд хамааралтай заалт юм. Эсхүл 2021 оны 01 дүгээр сарын 07-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн юм уу. Энэ нь ойлгомжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зайлшгүй тодруулах нь зүйтэй гэж үзэж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа үндэслэл нь туршилтын хугацааг өнөөдрийг хүртэл шийдэж өгөөгүй байна. Ажилд эгүүлэн тогтоох шаардлага гаргасан боловч аль ажлын байрандаа орох шаардлага гаргаж байгаа юм. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болоржаргал гурван үндэслэл тайлбарласан. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасныг тайлбарлаж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэг яригдана. Гэхдээ 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Ч.Б-ийн өвчтэй байсан акт дууссан гэдгийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаагийн тайлбараар нотлогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар талуудын тайлбар нотлох баримт болно гэж заасан. Мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоно. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 яригдахгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд зааснаар хугацаа тоолдог. 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хугацаа дууссан. Ажил олгогч удаа дараа ажлын байр санал болгосон. 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр мөн 2020 оны 8 дугаар сар гэх мэт. Мөн ажиллаж болно гэх Интермед эмнэлгийн тодорхойлолт авсан. Тус тодорхойлолтыг авсаныхаа дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар талууд тайлбараа нотлох ёстой. Гэвч нэхэмжлэгч тал ажил олгогч ажил үүргээр хангаагүйг нотолж чадаагүй. Гэрээний хугацаа дуусах, өөр ажлын байр санал болгох гэдэг чинь хоёр өөр эрх зүйн харилцаа юм. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Баззаррагчаа хөдөлмөрийн харилцаа үргэлжилж байна гэх тайлбар хэлдэг. Тэгвэл хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үргэлжилж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл хоёр уялдаатай байх ёстой. Туршилтын хугацааг хүлээн зөвшөөрөөгүй юм бол Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8-т зааснаар нэхэмжлэл гаргах ёстой байсан. Талууд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан. 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаатай гэрээ байгуулсан. Энэ нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж байна гэж үзвэл 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан. Харин Ч.Б- нэхэмжлэл гаргаагүй. Мөн анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа одоо өөрчилсөн тул хугацаатай байгуулсан гэрээн дээр маргах зүйл байхгүй. 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн ажлын байр санал болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт зааснаар зөвхөн туршилтын хугацаа санал болгосныг хүлээн зөвшөөрөөгүй байна гэж ойлгож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч тодорхойлдог. Харин нэхэмжлэгчийн 2 өмгөөлөгч тодорхойлсон болон үндсэн шаардлагыг нэхэмжлэгчийн шаардлага хоорондоо тохирохгүй байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ч.Б-ийг Э- ХХК-ийн инженер, засварчны ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Эпорик монголиа ХХК-иас 27 959 578 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Б-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт зааснаар Ч.Б-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлүүлж, зохих журмын дагуу дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Э- ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Э- ХХК-иас 367 947 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчигдсөн тухайд шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй, шүүх хуралдааны дундуур гаднаас нотлох баримт оруулж, хариуцагчид танилцуулж шийдвэрлэсэн. Шүүгч шүүх хуралдааныг эхлүүлж, зохигчдын хүсэлтийг шийдвэрлэсэн. Ингэхдээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмнөх захирамжийн биелэлтийг хангуулах хүсэлтийг гаргасан болно. 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд Ч.Б-ийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах хүсэлтийг гаргасан бөгөөд шүүгч хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаан эхэлж, хариуцагчийн шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулах хүсэлтийг хангахгүй орхисон. Ингэхдээ Ч.Б-ийн хүсэлт бичгээр байхгүй байсан болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаан эхэлж, шүүгч хэргийн талаар танилцуулж, нэхэмжлэгч нэхэмжлэлээ танилцуулах үед шүүгчийн туслах гаднаас нотлох баримт оруулж ирж шүүгч хурлын үйл явцыг түр зогсоон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат надад танилцуулсан болно. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлзх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгуй байхад хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн. Шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд удаа дараа нэхэмжпэлийн шаардлагыг тодруулсан бөгөөд тухай бүр өөр, өөр хариултыг тайлбарласан. Мөн шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэн зөв, хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, бодитой талаас нь үнэлээгүй. Ажил олгогч Э- ХХК болон Оюутолгой ХХК-ийн хооронд 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулагдсан бөгөөд тус гэрээний дуусах хугацаа 2020 оны 8 дугаар сарын 31 болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Тус гэрээ цаашид сунгагдаагүй, дуусгавар болсон болно. Хариуцагч байгууллага нь Интермед эмнэлэгт гэрээтэй байх бөгөөд уурхайд ажиллах, эрүүл мэнд хувьд ажиллах боломжтойг тус эмнэлгийн үзлэгээр тодорхойлдог болно. Энэ нь ажил олгогчийн зөвшөөрөлтэй үйл ажиллагаа тул нэхэмжлзгчийн дурьдсан эмнэлгийн үзлэгийг зохион байгуулагч нь ажил олгогч болно. Гэтэл шүүх нэхэмлэгчийн ажлын байраар хангаагүй гэх ямарч нотлох баримтгүй тайлбарыг нотлох баримт болгосон нь шүүх хөндлөнгийн байх зарчмаа алдсан гэж үзэх үндэслэлтэй юм. Мөн шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд хөдөлмөрийн гэрээг хугацаатай ба хугацаагүй байгуулж болдог. Тодорхой бус хугацаатай гэрээний хувьд тодорхой үйл явдал бий болсноор дуусгавар болгохоор хугацааг тохиролцож болдог. Тухайлбал, төслийн хугацаа, хүүхэд асрах чөлөөтэй байгаа хүний оронд авч буй бол хүүхэд асрах чөлөөтэй хүнийг ажилдаа эргэн орох хүртэлх хугацаа гэх мэт. Гэтэл шүүх нь Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2 дах хэсгийг зөрчиж тайлбарлан хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Талууд харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай байгуулсан. зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй. гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Ч.Б- нь анх Э- ХХК-тай Хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа хугацаатай байгуулсан бөгөөд хэрэв эрх нь зөрчигдсөн гэж үзсэн бол, байнгын ажпын байранд Хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах ёстой гэсэн гэрээний нөхцлийн нэхэмжлэлээ эрх нь зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргахаар байсан байна. 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай байгуулсан гэрээний заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар эрх зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор буюу 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор гаргахаар байсан. Нэхэмжлэгчийн хувьд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь, эсхүл богино хугацаагаар сунгасан нь тус тус хуульд нийцээгүй талаарх гомдлоо хариуцагчид холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8-д зааснаар шүүхэд гаргаагүй. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шүүх хуралдааны бичлэгийг хавтаст хэрэгт хавсаргах хүсэлт гаргасан болно. Шүүх хуралдааны тэмдэглэл бүхэлдээ товчилсон, нэхэмжлэгч болон хариуцагчийн мэтгэлцээнийг бүрэн дүүрэн оруулаагүй, мөн шүүх хурлын дундуур шүүгчийн туслах нотлох баримт оруулж, шүүгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулсныг шүүх хурлын тэмдэглэлд тусгаагүй. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Б- нь хариуцагч Э- ХХК-д холбогдуулан 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн нэг дэх заалт болох хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан хэсэг-ийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх-ийн 1-2, 164, 172-р тал/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Хариуцагч байгууллага нь байнгын ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэсэн агуулгаар тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж тайлбарласан байна.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Б- нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагч Э- ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан, инженер засварчнаар ажилд орсон байх бөгөөд хөдөлмөрийн гэрээний 3.1-т гэрээний хугацаа нь Оюу толгойн далд уурхайн төслийн хугацаанд хүчин төгөлдөр байх-аар тодорхой заасан байна. /хх-ийн 22-26-р тал/. Улмаар талууд дээрх хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр байхаар тохиролцжээ. /хх-ийн 22-26, 154-р тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор заасан. Энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах болсон шаардлага, шалтгааныг, мөн талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тусгах учиртай.

 

Гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмын хүрээнд талууд харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах болсон шалтгаан нөхцөлийг гэрээний 3.1-т тодорхой зааж, хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр хугацааг нарийвчлан тохиролцсон гэж үзэхээр байна.

 

Оюу толгойн гүний уурхайн төслийн хүрээнд хийгдэж буй дотоодын үйлчилгээний гэрээний 12 дугаар зүйлд гэрээ дуусгавар болох хугацааг 2019 оны 8 дугаар сарын 31 гэж заасан байх бөгөөд тус гэрээнд 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгажээ. /хх-ийн 113-123-р тал/. Талууд харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээний хугацааг дээрх төсөл хэрэгжих хугацаатай нийцүүлэн тогтоосон байхад анхан шатны шүүх талуудын хооронд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Б- нь 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд эрүүл мэндийн шалтгааны улмаас ажил үүргээ гүйцэтгээгүй үйл баримт тогтоогдсон.

 

Хариуцагч Э- ХХК нь нэхэмжлэгч Л.Батбилэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусах гэж байгаатай холбогдуулан, инженер засварчнаар сарын 2 155 942 төгрөгийн цалинтай, туршилтын 3 сарын хугацаатай, 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах саналыг тавьсан боловч нэхэмжлэгч Ч.Б- нь өмнөх хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг дордуулсан, мөн туршилтын хугацаа заасан гэж үзэж уг саналыг хүлээн зөвшөөрөөгүй болох нь талуудын тайлбар, ажлын санал зэргээр тогтоогджээ. /хх-ийн 124-р тал/.

 

Нэхэмжлэгч Ч.Б- нь дээрх байдлаар ажлын саналыг хүлээн зөвшөөрөөгүй байх тул хариуцагч Э- ХХК-ийн ерөнхий захирлын 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 20/223 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. /хх-ийн 194-р тал/

Өөрөөр хэлбэл, тодорхой хугацаатай төслийн ажилтны ажлын байрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15.-д заасан байнгын ажлын байр гэж үзэх боломжгүй юм. Оюу толгойн далд уурхайн төсөл нь байнгын бус буюу тодорхой хугацаатай хэрэгжих үйл ажиллагаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул төслийн ажилтнуудын ажиллах хугацаа уг төслийн хугацаанаас шууд хамааралтай байна. Иймд талууд гэрээг хугацаатай байгуулж, уг хугацаа дууссан тул хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хариуцагч Э- ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч Ч.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2021/00565 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Э- ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч Ч.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөгийг Хан-Уул дүүргийн улсын тэмдэгтийн хураамжийн /100200100941 тоот/ данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Э- ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367 947 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Г.ДАВААДОРЖ