Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2021/00223

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 27 өдөр                           Дугаар 183/ШШ2021/00223                     Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: э.о

 

Хариуцагч: ншшгг

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У, нарийн бичгийн дарга С.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .......... дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/01982 дугаартай захирамжаар төлбөр төлөгч болох Э.О /РД: ХЕ00000000/, Ц.А /РД: УХ00000000 нараас 114.443.166 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 730.165 төгрөг, нийт 115.173.331 төгрөгийг гаргуулан “А ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу ............... дүүргийн 15 дугаар хороо, ............хотхон, Махатма ганди гудамж 28 байр, 94 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-000000000 дугаартай, 31.87 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөд гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа хөрөнгийг хураан авах ажиллагаа хийгдсэн. Тус хөрөнгийн шинжээчийн үнэлгээтэй холбоотой гаргасан 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 4-179/40444 дугаартай мэдэгдэлд “...орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар үнэлүүлэхэд 66.225.000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг мэдэгдье” гэж заасан бөгөөд үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь энэ хөрөнгө нь хотын төвд байршилтай, ирээдүйд үнэ цэнэ нь өсөх үл хөдлөх хөрөнгө бөгөөд зах зээлийн үнэ нь “Монголын худалдааны төв сайт” болох “Unegui.mn” дээрээс үзвэл 80.000.000 төгрөгөөс 100.000.000 төгрөгийн үнэлгээтэй байна. Хөрөнгийг үнэлүүлэх талаар мэдэгдээгүй, хэт бага үнэлснийг зөвшөөрөхгүй байгаа юм. Мөн хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхэлдэг “Баян Модот” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Хөрөнгийн үнэлгээ хийх /2016.12.20-2019.12.20/ гээд хугацаа заасан боловч сунгасан талаар тэмдэглэгээ хийгдээгүй байна. Иймд “........... дүүргийн 15 дугаар хороо, ......... хотхон, ............гудамж 28 байр, 94 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, 31.87 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай”-ийг үнэгүйдүүлэн 66.225.000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас хэт доогуур байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .............. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 183/ШШ2019/01982 дугаар захирамжаар Э.О, Ц.А нараас 115.173.331 төгрөгийг гаргуулж, ‘’АБСБ’’ ХХК-нд олгож, төлбөрийг төлөөгүй тохиолдолд улсын бүртгэлийн Y-000000000 дугаартай,  .................. дүүргийн 15 дугаар хороо, .................. гудамж, ............ хотхон, 28 дугаар байрны 94 тоот хаягт байршилтай 31,87 м2 талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Y-000000000 дугаартай, ............... дүүргийн 8 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Иргэний хуулийн тойруу гудамж, 34 дүгээр байрны 81 тоот хаягт байрлах 22 м2 талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 20290148 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч Э.О , Ц.А  нарт шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл удаа дараа гардуулсан боловч төлбөр төлөгдөөгүй. Төлбөр төлөгч Ц.А-н өмчлөлийн ........... дүүргийн 15 дугаар хороо, ........... гудамж, .............. хотхон, 28 дугаар байрны 94 тоот хаягт байршилтай 31,87 м2 талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 20290148/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 20290148/05 дугаар тогтоолоор хураан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудад үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд талууд харилцан тохиролцоогүй бөгөөд төлбөр авагч ‘’А. ББСБ’’ ХХК-иас хураагдсан хөрөнгөд шинжээч томилох хүсэлт ирүүлсэн тул 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 11/554 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилоход Баян модот ХХК 66.225.000 төгрөгөөр үнэлсэн болохыг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 4-179/40444 дугаар албан бичгээр төлбөр төлөгч Э.О , Ц.А нарт мэдэгдсэн. Иймд хөрөнгийн үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.О  нь НШШГГ холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үл хөдлөх хөрөнгөд хийгдсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж тайлбарлан маргасан.

................ дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/01982 дугаар “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар нэхэмжлэгч “А ББСБ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа 15.000.000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Ц.А, Э.О нар нь 114.443.116 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулж, дээрх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 9-10/

Төлбөр төлөгч Э.О нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас төлбөр авагчийн хүсэлтээр шүүхийн гүйцэтгэх хуудас олгосны дагуу хариуцагч НШШГГ 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 20290148 дугаар “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол”-оор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулж, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 20290148/05 дугаартай “Эд хөрөнгө хураах тухай тогтоол”-оор ............. дүүргийн 15 дугаар хороо, ............., ............... гудамж 28 дугаар байрны 94 тоот 31.87 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг хураан авсан болох нь хариуцагч талаас нотлох баримтаар гаргасан баримтуудаар тогтоогдох бөгөөд, эдгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар зохигчид маргаагүй болно. /хх-25, 32-33/

Харин нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураагдсан үл хөдлөх эд хөрөнгөд хийгдсэн үнэлгээг эс зөвшөөрч “зах зээлийн үнэ ханшаас хэт багаар тогтоогдсон” гэх агуулга бүхий тайлбар гарган үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч болон төлбөр авагчаас хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар санал асуухад талууд харилцан тохиролцоогүйн улмаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч болон төлбөр авагч нар дуудлага худалдаанд санал болгох доод үнийн талаар тохиролцоогүй гэж үзэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт зааснаар “Баян модот” ХХК-ийг шинжээчээр томилсон нь хуульд нийцсэн байна.

            Шинжээчээр ..” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээчин С.Ц ..........дүүргийн 15 дугаар хороо, ......., ........... гудамж 28 дугаар байрны 94 тоот 31.87 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 66.225.000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх-ийн 44-55/

Шг шинжээчийн дүгнэлтийг хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 4-179/4044, 4-179/40444 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Э.О, Ц.А нарт хөрөнгийн үнэлгээний талаар мэдэгдсэн байна. /хх-ийн 56-57/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон “Бм” ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлүүдэд заасан эрх үүргийн хүрээнд бодит үнэ цэний суурийг хэрэглэж, орлогын болон зах зээлийн хандлагын аргаар үнэлгээ хийсэн болох нь хэрэгт авагдсан үнэлгээний тайлангаар, шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэг, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17, 18 дугаар зүйлүүдэд тус тус нийцсэн байх тул “үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнэ ханшаас хэт багаар үнэлсэн” гэх нэхэмжлэгчийн гомдлын үндэслэл, тайлбар няцаагдаж байна.

            Түүнчлэн, маргаан бүхий хөрөнгүүдийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэх гомдлын шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч тал баримтаар нотлоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч нотолж чадаагүй байна.

            Мөн нэхэмжлэгч хөрөнгө үнэлсэн Бм ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /2016.12.20-2019.12.20/ гээд хугацаа заасан боловч сунгасан талаар тэмдэглэгээ хийгдээгүй байна гэх боловч хавтаст хэргийн 52 дугаар талд авагдсан С.Ц-ын хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг Сангийн сайдын 2019 оны 262 дугаар тушаалаар тусгай зөвшөөрлийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 3 жилийн хугацаагаар сунгасан байна.

            Иймд хариуцагч ншшгг нь шшгт тухай хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудын хүсэлтээр шинжээч томилж, шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын дагуу шинжээч дүгнэлт гарган үнэлгээ тогтоосон, дээрх ажиллагаа хууль зөрчөөгүй байх тул дээрх үндэслэлээр Э.О-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Э.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШЗ2021/00087 дугаар шүүгчийн захирамжийн биелэлт хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.СОЛОНГО