Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/00514

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/00514

 

 

Э.Огийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2021/00223 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Огийн хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/01982 дугаартай захирамжаар төлбөр төлөгч болох Э.О, Ц.Ануужин нараас 114 443 166 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 730 165 төгрөг, нийт 115 173 331 төгрөгийг гаргуулан Авуурьд ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Хан-Уул дүүргийн ...дугаар хороо, Рапид харш хотхон, Махатма ганди гудамж 28 байр, ... тоот, Улсын бүртгэлийн Ү-2206030366 дугаартай, 31.87 м.кв талбай бүхий, нэг өрөө орон сууцыг хураан авах ажиллагаа хийсэн. НШШГГ-ын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 4-179/40444 дугаартай мэдэгдэлд үнэлгээг 66 225 000 төгрөг гэж мэдэгдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Дээрх орон сууц нь хотын төвд байршилтай, ирээдүйд үнэ цэнэ нь өсөх үл хөдлөх хөрөнгө бөгөөд зах зээлийн үнэ нь Монголын худалдааны төв сайт болох Үнэгүй.мн дээрээс үзвэл 80 000 000 төгрөгөөс 100 000 000 төгрөгийн үнэлгээтэй байна. Хөрөнгийг үнэлүүлэх талаар мэдэгдээгүй, хэт бага үнэлснийг зөвшөөрөхгүй. Мөн хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхэлдэг Баян модот ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд хөрөнгийн үнэлгээ хийх /2016.12.20-2019.12.20/ гээд хугацаа заасан боловч сунгасан талаар тэмдэглэгээ хийгдээгүй байна. Иймд орон сууцыг 66 225 000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас хэт доогуур байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 183/ШШ2019/01982 дугаар захирамжаар Э.О, Ц.Ануужин нараас 115 173 331 төгрөгийг гаргуулж, Авуурьд ББСБ ХХК-д олгож, төлбөрийг төлөөгүй тохиолдолд улсын бүртгэлийн Y-2206030366 дугаартай, Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, Махатма Ганди гудамж, Рапид харш хотхон, 28 дугаар байр, ....тоот, 31.87 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Y-22030327618 дугаартай, Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо, 1 дүгээр хороолол, Иргэний хуулийн тойруу гудамж, 34 дүгээр байрны,... тоот, 22 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Э.О, Ц.Ануужин нарт шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдлийг удаа дараа гардуулсан боловч төлбөр төлөгдөөгүй. Төлбөр төлөгч Ц.Ануужингийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, Махатма Ганди гудамж, Рапид харш хотхон, 28 дугаар байрны ....тоот, 31.87 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, хураан авсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талууд харилцан тохиролцоогүй бөгөөд төлбөр авагчаас шинжээч томилох хүсэлт ирүүлсэн тул 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 11/554 дугаар тогтоолоор шинжээчээр Баян модот ХХК-ийг томилоход үл хөдлөх эд хөрөнгийг 66 225 000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг 4-179/40444 дугаар албан бичгээр төлбөр төлөгч Э.О, Ц.Ануужин нарт мэдэгдсэн. Иймд хөрөнгийн үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан НШШГГт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Э.Огийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хариуцагч байгууллагын шинжээчийн үнэлгээтэй холбоотой гаргасан 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 4-179/40444 дугаартай мэдэгдэлд ...орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дах хэсэгт зааснаар үнэлүүлэхэд 66 225 000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг мэдэгдье. гэж заасан бөгөөд үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь энэ хөрөнгө нь хотын төвд байршилтай, ирээдүйд үнэ цэнэ нь өсөх үл хөдлөх хөрөнгө бөгөөд зах зээлийн үнэ нь Монголын худалдааны төв сайт болох Үнэгүй.мн дээрээс үзвэл 80 000 000 төгрөгөөс 100 000 000 төгрөгийн үнэлгээтэй байна. Хөрөнгийн үнэлүүлэх талаар мэдэгдээгүй, хэт бага үнэлснийг зөвшөөрөхгүй.

Мөн хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхэлдэг Баян Модот ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 6630 Хөрөнгийн үнэлгээ хийх /2016.12.20-2019.12.20/ гээд хугацаа заасан боловч сунгасан талаар тэмдэглэгээ хийгдээгүй байна.

Иймд орон сууцыг үнэгүйдүүлэн 66 225 000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас хэт доогуур байгаа зэргийг шүүх харгалзан үзэж шийдвэрлээгүй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...гомдлын шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч тал баримтаар нотлоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч тал баримтаар нотлоогүй... гэж заасан боловч нэхэмжлэгч талаас зах зээлийн ханштай холбоотойгоор гаргаж өгсөн баримтыг шүүх үнэлээгүй байна. Мөн тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянчимэг... гэж алдаатай гаргасан байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Э.О нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах гомдол гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, маргажээ.

Төлбөр төлөгч Э.О нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/01982 дугаар захирамжийг сайн дураар биелүүлээгүйн улмаас НШШГГ-аас тус шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 497 дугаартай захирамж, 53 дугаартай гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-т заасанд нийцжээ. /хх-20,21/

НШШГГ, төлбөр төлөгч Ц.Ануужингийн өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, ... дугаар хороо, Махатма ганди гудамж, Рапид харш хотхон, 28 байр, ... тоот, 31.87 м.кв талбай бүхий орон сууцыг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 20290148/01 дугаартай тогтоолоор битүүмжлэн, мөн оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 20290148/05 дугаартай тогтоолоор хураан авсан байна. /хх-29-30, 32-33/

Төлбөр төлөгч нар нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 200 000 000 төгрөгөөр үнэлэх үнийн санал ирүүлжээ. /хх36/ Уг саналыг төлбөр авагч Авуурьд ХХК зөвшөөрөөгүй, шинжээч томилуулах хүсэлт гаргасан учир дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг талууд тохиролцоогүй гэж үзэн шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 11/554 дугаар тогтоолоор шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасанд нийцжээ. Иймд шинжээч хөрөнгийг үнэлүүлэх талаар мэдэгдээгүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар маргаагүй, зөвхөн шинжээчийн үнэлгээ хуульд нийцсэн эсэхээр маргаж байна.

Хэргийн баримтаас үзвэл, шинжээч Баян модот ХХК нь Хан-Уул дүүрэг, ... дугаар хороо, Махатма ганди гудамж, Рапид харш хотхон, 28 байр, ... тоот, 31.87 м.кв талбай бүхий орон сууцыг үнэлэхдээ орлогын болон жишиг үнийн хандлагын аргыг ашигласан байх ба хөрөнгийн үнэлгээг 66 250 000 төгрөгөөр тогтоосон байна. /хх-45-54/

Шинжээч дүгнэлт гаргахдаа үнэлж буй хөрөнгөтэй жишиж болох буюу ижил дүүрэгт байрлах, 3 үл хөдлөх эд хөрөнгийг сонгон авч харьцуулан жишиг үнийг харгалзан үнэлгээ тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсэгт заасан шаардлагад тус тус нийцжээ.

Нэхэмжлэгч нь хотын төвд байршилтай, ирээдүйд үнэ цэнэ нь өсөх үл хөдлөх эд хөрөнгө бөгөөд зах зээлийн үнэ нь Үнэгүй.мн сайтад зааснаар 80 000 000- 100 000 000 төгрөгийн үнэлгээтэй гэх гомдлын үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Иймээс нотлох баримтыг үнэлээгүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь Баян модот ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан давж заалдах гомдлын нэг үндэслэлээ гэж тайлбарлаж байна.

Хэргийн 39 дүгээр талд авагдсан 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоолоор шинжээч С.Цэвээнроломд Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, маргааны зүйл болох орон сууцны үнэлгээг хийж, дүгнэлтийг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дотор ирүүлэхийг даалгажээ.

Баян модот ХХК-ийн үнэлгээчин С.Цэвээнроломын хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн хугацааг Сангийн сайдын 2019 оны 262 дугаар тушаалаар 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 3 жилийн хугацаагаар сунгасан байх тул эрх бүхий этгээд үнэлгээ хийсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэгийн нэрийг Б.Баянчимэг гэж буруу бичсэн алдаатай байгаа нь шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй гэж үзэв.

Дээрх хөрөнгийг үнэлүүлэх талаар мэдэгдээгүй, нотлох баримтыг үнэлээгүй, эрх бүхий этгээд дүгнэлт гаргаагүй гэх үндэслэлүүдээр гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2021/00223 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ч.ЦЭНД