Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2023/00008

 

“МВКББСБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

          Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2022/03455 дугаар шийдвэртэй,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2022/01852 дугаар магадлалтай,

 

“МВКББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч Ж.Г, Э.Ат холбогдох

           

“Зээлийн гэрээний үүрэгт 794,111,996 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Угийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

  1. Нэхэмжлэгч “МВКББСБ” ХХК нь хариуцагч Ж.Г, Э.Ат холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 794,111,996 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” нэхэмжлэл гарган маргажээ.

 

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2022/03455 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Г, Э.Ааас зээлийн гэрээний үүрэгт 793,343,995.94 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “МВКББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 768,000.06 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Г, Э.А шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Ж.Гийн өмчлөлийн .................... дугаарт бүртгэлтэй хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 4,199,123 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Г, Э.Ааас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид нийт 4,194,869.97 төгрөг /4,124,669.97+70,200/-ийг гаргуулж нэхэмжлэгч “МВК” ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2022/01852 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2022/03455 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...793,343,995.94 төгрөг” гэснийг “...234,000,000 төгрөг” гэж, “768,000.06 төгрөг” гэснийг “...560,111,996” гэж, 3 дахь заалтын “...4,194,869.97” гэснийг “...1,327,950” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Алтантуяагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,124,670 төгрөгийг улсын орлогод үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,125,000 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэсэн.

 

            4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.У хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1 Давж заалдах шатны шүүхийн магадлалын “Хянавал" хэсгийн 5 дугаарт “Харин анхан шатны шүүх хугацаа хэтэрсэн зээлийн хүүг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2015.12.16-ны өдөр дууссан байхад нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа хэтэрснээс хойш хугацааны хүүд 528,426,663.33 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Талуудын байгуулсан гэрээний 4.8-д Зээлийн гэрээний хугацаа дууссан. Хугацаанаас өмнө цуцлагдсан нь зээлдэгч хугацаа хэтэрсэн зээл, үндсэн зээл, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж ерөнхий байдлаар заасан нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995.10.31-ний өдрийн/ 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж заасантай нийцэхгүй байна. Уг гэрээнд хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээ хэд байхыг заагаагүй тул нэхэмжлэгчид хугацаа хэтэрсэн зээлийн хүү шаардах эрх үүсэхгүй” гэжээ. Гэвч энэ нь үндэслэлгүй байна. Учир нь 1995.10.31-ний өдрийн “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай” хуулийн үйлчлэл 2021.05.21-ний өдрөөр дуусгавар болсон буюу тус хууль хүчингүй болж, мөн өдрөөс “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль” хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх хүчингүй болсон хуулийг үндэслэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 559,343,995.94 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дахь хэсэгт зааснаар хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй. Түүнчлэн, 2021.05.21-ний өдрийн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дахь хэсэгт "Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно" гэж, 21.2 дахь хэсэгт “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” тус тус заасан.

Харин тус хуульд хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг зээлийн гэрээнд заавал тусгах тухай тухайлсан зохицуулалт байхгүй. Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дахь хэсэгт зааснаар зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй бөгөөд хэтэрсэн хугацааны хүү гэсэн ойлголт нь үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн тохиолдолд хүлээх зээлдэгчийн хариуцлага юм.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2022.12.02-ны өдрийн 001ШХТ2022/01356 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

 

ХЯНАВАЛ:

 

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Угийн гомдлын зарим хэсгийг хүлээн авч, шийдвэр магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

7. Нэхэмжлэгч “МВКББСБ” ХХК нь хариуцагч Ж.Г, Э.Ат холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 794,111,996 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба шаардлагын үндэслэлээ “...2015.04.16-ны өдөр зээлдэгч Ж.Г, Э.Атай 6 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй, 160,000,000 төгрөгийн Бизнесийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулсан. ... зээлээ нэг ч төлөөгүй, ... 2 сараар гэрээг сунгасан, мөн л төлбөр төлөөгүй. ... 2015.12.16-ны өдөр үндсэн зээл, зээлийн хүүд 243,167,000 төгрөгийн өртэй байсан. ... барьцааны зүйл хувийн сууцаа манай өмчлөлд шилжүүлэхээр 2015.12.18-ны өдөр гэрээ байгуулсан. ... Гэвч уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэх тухай 2021.11.09-ний өдрийн Улсын дээд шүүхийн тогтоол гарсан. ... үндсэн зээл 160,000,000 төгрөг, 2015.04.16-ны өдрөөс 2022.03.29-ний өдрийг хүртэлх хугацааны нийт хүүгээс төлөгдсөн хүүг хасаад үлдэх 528,426,663.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 105,685,332.67 төгрөг, нийт 794,114,996 төгрөг, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар дээрх үүргийг хариуцагч нараас адил тэнцүү хэмжээгээр гаргуулна, барьцаа хөрөнгийн хувьд 68.12 м.кв 5 тоот подвал, 290.74 м.кв дутуу баригдсан сууцыг барьцаалахаар тохирсон. 2012.12.16-ны өдөр гэрээгээр барьцаа хөрөнгийг манай өмчлөлд шилжүүлсэн атлаа Б.Сүндэрьяа гэх хүнд худалдсан байсан. .... Үүгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна ... ” гэж тайлбарласан.

 

8. Хариуцагч Ж.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...234,000,000 төгрөгөөр зээлийн болон барьцааны гэрээгээ хаасан, ... 234,000,000 төгрөгөө төлвөл шилжүүлсэн байраа буцааж авна гэсэн тохироо хийсэн, ... мөнгөө төлөөд авах гэтэл байрны ханш өссөн гээд үгүй гэсэн. Шүүх дээр маргаан явж байх хооронд маш хурдан бусдад барьцаанд тавьсан. ... нэхэмжлэгч тал 2021.12 дугаар сард нэхэмжлэл гаргах хүртэл зээлийн өр төлбөрөө төлөхийг шаардаж байгаагүй, шаардах эрхгүй ба зээлийн гэрээний үүрэг 2015.12-р сард дуусгавар болгож, нийт өр төлбөрийг 234,000,000 төгрөгөөр тохирсон. ... зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүд ойролцоогоор 800,000,000 төгрөг шаардаж байгааг зөвшөөрөхгүй. ... хөөн хэлэлцэх хугацаа дууссан, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй буюу барьцаа хөрөнгө нэхэмжлэгчийн өмчлөлд байгаа ...” маргасан байна.

 

9. Хариуцагч Э.Алтантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “... нэг ч төгрөг аваагүй, зээлдэгч нь Ж.Г, ... түүний хэлснээр гэрээний харилцаа 2015.12.18-ны өдөр дууссан. Хэрэв манайхаас нэхэх боломжтой гэж үзсэн бол 2022.03 сар хүртэл нэхэх боломж нь байсан. ... хөөн хэлэлцэх хугацаа дууссан.” гэжээ.

 

10. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ингэхдээ ... шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй, Улсын дээд шүүхийн тогтоолоор холбогдох хэргийг эцэслэн шийдсэнээр хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсож дахин шинээр тоолно, ... 2015.04.16-2022.03.29-ний өдрийг хүртэл 83 сар, 13 хоногийн хугацаанд зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүд 793,343,995.94 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгон, эрхийн улсын бүртгэлийн Ү................дугаартай хөрөнгө нь Л.Самбуудуламын шударга эзэмшилд байх тул ипотекийн шаардлага хангах боломжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож, Ү................дугаартай үл хөдлөх эд хөрөнгө нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэлтэй хэдий ч Улсын дээд шүүхийн тогтоолоор хариуцагч Ж.Гийг өмчлөгчөөр тогтоосон гэж үзэн энэ хөрөнгөд үүссэн нэхэмжлэгчийн ипотекийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

 

11. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа гэрээнд хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг тухайлан заагаагүй тул хэтэрсэн хугацааны хүүгийн төлбөр шаардах эрхгүй гэх дүгнэлтэд суурилсан байна. Улмаар хариуцагч нар нь зээлийн үндсэн төлбөрт 160,000,000 төгрөг, 8 сарын хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 221,440,000 төгрөгийг төлөх үүрэгтэйгээс хариуцагчийн төлсөн 6,186,670 төгрөгийг хасаж 215,253,330 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж тооцжээ. Гэвч хариуцагч Ж.Г давж заалдах гомдолдоо 234,000,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна. 

 

12. Хариуцагч Ж.Г нь “МВКББСБ ХХК-тай 2015.04.16-ны өдөр 130 дугаартай Бизнесийн зээлийн гэрээ байгуулж 160,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй зээлсэн, энэ гэрээг нэг удаа 2 сараар сунгасан, өнөөдрийг хүртэлх хугацаанд  6,186,670 төгрөгийн эргэн төлөлт хийсэн үйл баримтыг маргаагүй бол, хариуцагч Э.Ань зээлийг бодитой хүлээн аваагүй, ашиглаагүй, гэрээнд эдийн болон хууль ёсны ашиг сонирхол анхнаасаа байгаагүй талаар тайлбарлан маргасан байна. Хоёр шатны шүүх нэг талаас зээлдүүлэгч МВКББСБ, нөгөө талаас зээлдэгч Ж.Г, Э.Аын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3, 242.11 дэс хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

13. Зохигч дор дурдсан асуудлаар маргаантай байна:

13.1. Хариуцагч нар шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг 2015.12.18-ны өдөр буюу зээлийн төлбөрт барьцааны зүйл болох орон сууц тооцон шилжүүлэхээр тохирсон өдөр дуусгавар болсон гэж тайлбарлаж байгаа бол нэхэмжлэгч ийнхүү орон сууц шилжүүлсэн талаар хариуцагч өөрөө шүүхэд маргаан үүсгэснээр  зээлийн гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж мэтгэлцсэн байна. Улмаар уг хэргийг Улсын дээд шүүхийн 2021.11.09-ний өдрийн тогтоолоор эцэслэн шийдвэрлэснээр тасалдал дуусаж, хөөн хэлэлцэх хугацаа дахин тоолж эхэлсэн гэжээ. Өөрөөр хэлбэл, 2015.04.16-ны өдрийн зээлийн гэрээний дагуу шаардлага гаргах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх асуудал нь тус маргааны зүйл болжээ.

13.2.Зээлдүүлэгч “МВК” ББСБ нь зээлийн үндсэн төлбөрт 160,000,000 төгрөг, 2015.04.16-ны өдрөөс 2022.03.29-ний өдрийг хүртэлх хугацааны нийт хүүгээс төлөгдсөн хүүг хасаад үлдэх 528,426,663.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 105,685,332.67 төгрөг, нийт 794,114,996 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзсэн бол хариуцагч Ж.Г зээлийн үндсэн төлбөр, нийт хүүгийн хэмжээнд бүхэлдээ 234,000,000 төгрөгийн өртэй гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, зээлийн хүү тооцох хугацаа, зээлийн хүүгийн хэмжээ нь тус маргааны зүйл болжээ.

            13.3. Зохигчийн хооронд үүссэн дараагийн маргааны зүйл нь ипотекийн зүйл болох Ү................дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой эсэх тухай асуудал байх ба нэхэмжлэгч тухайн эд хөрөнгө эрхийн улсын бүртгэлийн дагуу түүний нэр дээр байгаа хэдий ч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хариуцагчийг өмчлөгч гэж тогтоосон тул тус шийдвэрийг баримтлан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах асуудлыг шүүх шийдэх нь зүйтэй гэж, харин хариуцагч бүртгэлийн дагуу нэхэмжлэгчид өмчлөх эрх байгаа тул барьцааны шаардлага үндэслэлгүй гэж харилцан маргажээ.

 

14. Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй гэж үзэхдээ Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2, 79.7 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ. Шүүх зээлийн өрөнд тооцон орон сууцыг шилжүүлэхээр тохирсон 2015.12.18-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн Улсын дээд шүүхийн 2021.11.09-ний өдрийн тогтоол гарснаар зээлийн гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа шинээр тоологдоно гэж дүгнэсэн байх ба анхан шатны шүүхийн уг дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс буруутгаагүй, хэвээр үлдээсэн нь хуульд нийцжээ. Учир нь 2015.04.16-ны өдрийн 130 дугаартай Бизнесийн зээлийн гэрээний үүрэгт тооцож тус гэрээний барьцааны зүйл болох Ү................ үл хөдлөх эд хөрөнгийг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохирсон “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ” нь 130 дугаартай зээлийн гэрээний дагуу шаардлага гаргах эрх зээлдүүлэгчид бий эсэхтэй хууль зүйн хувьд шууд холбоотой байна.

 

15. Хоёр шатны шүүх зээлийн хүүг хэрхэн тооцох талаар зөрүүтэй дүгнэлт хийжээ. Тодруулбал, анхан шатны шүүх зээлийн гэрээний хугацаанд болон хугацаа дууссан эсэхээс үл хамааран хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхийг зээлдэгч эдэлнэ гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх гэрээнд заасан хүүгийн тохиролцооноос үл хамааран хэтэрсэн хугацааны хүү гэх тусгайлсан тохироог талууд хийж, хэмжээг заасан байх ёстой гэх дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэжээ.

Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995/-ийн 24 дүгээр зүйлийн 3-т “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө.” гэж, 25 дугаар зүйлийн 2-т “Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана.” гэж тус тус зохицуулсан бол. талуудын хооронд байгуулсан 130 дугаартай Бизнесийн зээлийн гэрээний 4.6-д “Зээлийн хүү нь зээлийн үлдэгдлийг бүрэн барагдуулж дуусах хүртэл хугацаанд тооцогдоно” гэж заажээ. Энэхүү зохицуулалтаас зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах хүртэл хугацаанд зээлийн хүүг гэрээнд тохирсон үндсэн зээлийн хэмжээгээр буюу 4 хувиар тооцохоор талууд тохирсон гэж дүгнэхээр байх тул зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хүү тооцогдохгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болжээ. 

 

16. Анхан шатны шүүх маргаан бүхий тохиолдолд хэтэрсэн хугацааны хүүг тогтоохдоо  “2015.04.16-ны өдрөөс 2022.03.29-ний өдрийг хүртэлх 83 сар 13 хоногийн хугацаанд тооцож 533,973,333.29 төгрөг” гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх  2015.04.16-ны өдрөөс 2015.12.16-ны өдрийг хүртэлх 8 сарын хугацааны 4 хувийн хүү 51,200,000 төгрөг гэж үзжээ. Дээр дурдсанчлан анхан шатны шүүхийн хууль хэрэглээ зарчмын хувьд үндэслэл бүхий байх боловч хүү тооцох хугацааг тодорхойлохдоо зохигчийн хэн алины буруугаас шалтгаалалгүй хугацаа удааширсан нөхцөл байдлыг анхаараагүй байна. Өөрөөр хэлбэл талууд 2015.12.18-ны өдөр гэрээ дуусгавар болгох талаар харилцан тохиролцож үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэхээр байгуулсан гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж эхэлсэн, улмаар уг маргааныг анхан шатны шүүх 2019.12.04-ний өдөр хянан шийдвэрлэсэн байна. Иймд зээлийн гэрээний хүү тооцох хугацааг 2015.12.18-ны өдрийн гэрээнээс үүссэн маргааныг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх хугацаагаар тогтоох нь үүргийг шударгаар гүйцэтгэх зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

17. Хариуцагч зээлийн хүүд төлсөн 6,186,670 төгрөгийг нэгэнт төлсөн үйл баримтын тухайд зохигч маргаагүй. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу 2015.04.16-2019.12.04-ний өдрийг хүртэлх 55 сар, 18 хоногийн хугацаанд нэг сарын 4 хувийн хүү 6,400,000 төгрөг, нэг хоногийн хүү 213,333 төгрөгөөр тооцон (352,000,000+3,839,994) 355,839,994 төгрөгийн хүүгийн төлбөрөөс төлөгдсөн хүү 6,186,670 төгрөгийг хасаж, зээлдэгч үндсэн хүүгийн үүрэгт 349,653,324 төгрөгийг шаардах эрхтэй.

 

18. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцох эрхтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэстэй. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 4.3-т “... нэмэгдүүлсэн хүүг ...зээлийн төлбөрийн үлдэгдлээс тооцно” гэж заасан байна. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “...үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зааж болно” гэж заасан. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т нийт нэмэгдүүлсэн хүүгийн дээд хэмжээг зохицуулсан ба талууд нэмэгдүүлсэн хүүг төлөгдөөгүй үндсэн төлбөрийн 20 хувиар тогтоохоор заасан нь уг дээд хэмжээний хязгаарт багтсан байна. Иймд нэмэгдүүлсэн хүүг үндсэн төлбөр 160,000,000 төгрөгийн 20 хувь буюу 32,000,000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ. 

 

19. Талууд 130 дугаартай Бизнесийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцааны гэрээ байгуулжээ. Барьцааны зүйлийн хувьд нэхэмжлэгч эрхийн улсын бүртгэлийн Ү-2205029313, Ү................дугаартай хоёр үл хөдлөх эд хөрөнгөөс ипотекийн эрх үүссэн үндэслэлээр шаардлагаа хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх Ү................дугаартай үл хөдлөх эд хөрөнгөд ипотек үүсээгүй,  Ү................ дугаартай хөрөнгийн талаар хүчин төгөлдөр ипотекийн эрх бий болсон гэж үзсэн нь үндэслэл бүхий болжээ. Эдгээр нөхцөл байдал хэрэгт авагдсан барьцааны гэрээ, ипотекийн бүртгэл, тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Ж.Г болохыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байна.

 

20. Эдгээр үндэслэлээр хариуцагч нараас зээлийн үндсэн төлбөр 160,000,000 төгрөг, хүүгийн төлбөр 349,653,324 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 32,000,000 төгрөг, нийт 541,653,324 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 252,458,672 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэр, магадлалд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2022/01852 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2022/03455 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Г, Э.Ааас зээлийн гэрээний үүрэгт 541,653,324 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “МВКББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 252,458,672 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 3 дахь заалтын  “...4,194,869.96...” гэснийг “...2,866,217...” гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч “МВКББСБ” ХХК-аас хяналтын журмаар гомдол гаргахдаа 2022.10.31-ний өдөр төлсөн 2,954,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 П.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                                   Н.БАЯРМАА

                                                                                    Д.ЦОЛМОН

                                                                                    Х.ЭРДЭНЭСУВД