| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 106/2020/0029/Э |
| Дугаар | 388 |
| Огноо | 2020-04-02 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Эрдэмбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 388
2020 4 2 2020/ДШМ/388
М.С-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Эрдэмбаатар,
шүүгдэгч М.С-, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/78 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.С-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1905023031062 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Загал боржгон овгийн Мөнхсайханы М.С-, 20.. оны 2 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .......... хамт ......... дүүргийн 16 дугаар хороо, ............... хотхоны ....... дүгээр байрны...12 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..................../;
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/949 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан.
М.С- нь 2019 оны 5 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвийн орчим байрлуулж тавьсан байсан Ж.Ц-ын эзэмшлийн 98-32 УНИ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн автомашинд буюу тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтрэн орж автомашиныг жолоодон хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 8.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 23В байрны 123 тоотод оршин суух Е.Е-гийн хүн байнга амьдрах зориулалттай өрөөнд нэвтэрч “Самсунг эс плас-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 430.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: М.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.С-ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байран нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлйн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар М.С-ыг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан М.С-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/949 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 37 хоногийн хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 2 жил 1 сар 7 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар М.С-т оногдуулсан 2 жил 1 сар 7 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар М.С-ын 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл баривчлагдсан, цагдан хоригдсон 106 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, М.С- нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар М.С-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.С- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би хэрэгт шалгагдаж эхэлсэн үеэс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан ба өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, цаашид дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байж, эцэг эхээ зовоохгүй, зөв шударгаар сурч, ажиллаж чадахаа илэрхийлж байна. Миний анхны алдааг уучилж, нэг удаа итгэл үзүүлэн надад оногдуулсан хорих ялыг багасгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ялын хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч М.С-ын өмгөөлөгч Н.Цэцэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.С-т анхан шатны шүүхээс оногдуулсан ял тохироогүй, хүндэдсэн гэж гомдол гаргаагүй. Гагцхүү Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах боломжтой байна гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Эрхэм шүүгч та бүхэн үүнийг анхаарч үзэж, оногдуулсан ялыг нь хөнгөрүүлж өгнө үү. Түүнчлэн, М.С- 10 дугаар сард хоригдсоноос хойш биеийн байдал нь муудаж, онош нь тодорхойгүйгээр татаж унадаг өвчтэй болсон. Миний бие 3 дугаар сарын 15-ны өдөр эргэхээр очих үед хорих 409 дүгээр ангид байхгүй байсан. Гэтэл амралтын өдөр татаж унаад түргэнээр хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэж, 10 хоногийн эмчилгээ хийлгэж байгаад гарч ирсэн байсан. Энэ талаар би хорих 461 дүгээр ангиас “тодорхойлолт гаргаж өгөөч” гэх хүсэлт гаргасан боловч ажлын 14 хоногт гардаг гэсэн тул өнөөдрийн шүүх хуралдаанд баримт авчирч чадаагүй. Иймд шүүгдэгчийн биеийн байдал, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдлыг харгалзан үзэж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, оногдуулсан ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.
Прокурор Г.Эрдэмбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.С-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэж 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч М.С- нь 2019 оны 5 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо Гэмтэл согог судлалын үндэсний төвийн орчмоос хохирогч Ж.Ц-ын эзэмшлийн 98-32 УНИ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашинд нэвтэрч, уг автомашиныг жолоодон авч явж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 8.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо 23В дугаар байрны 123 тоотод оршин суух Е.Е-гийн хүн байнга амьдрах зориулалттай өрөөнд нэвтэрч Самсунг эс плас-8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 430.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
хохирогч Ж.Ц-ын “...Ганбат ах хөлөө боолгочихоод гарч иртэл манай аав Жамбалдорж төөрөөд алга болчихсон байсныг ах бид хоёр машин дээрээ ирээд мэдээд буцаад гарч аавыг хайхаар явсан. Явахдаа түлхүүрээ машиндаа үлдээгээд онгорхой, асаалттай орхичихсон. Буцаж орж ГССҮТ дотор аавыгаа хайж байгаад олоод буцаад иртэл машин алга болсон байсан. ...” /хх-36/,
гэрч О.Жамбалдоржийн “...Автомашинаа ГГСҮТ-ийн гадаа байрлуулчихаад бид дотор орж боолтоо солиулж байх хооронд би гадаа гараад тамхи татчихаад буцаад боолт солиулсан газраа очтол манай хоёр надтай дотор зөрөөд явчихсан байсан. ... Буцаад гараад машин дээрээ очих гэтэл автомашин алга болчихсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. ...” /хх-23/,
гэрч П.Отгоны “...Даваадорж ах надад жаахан сэвтэй Приус-20 маркийн автомашин байна, чи сонирхох уу, машинаараа соливол сольё гэсэн. Тэгээд би ээжийг ажлаас нь хамт дуудаж гаргаж ирж байгаад ээжийн ажил буюу Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн гадаа бид гурав машинаа солилцсон. 98-32 УНИ улсын дугаартай Приус-20 маркийн автомашинаа 265.000 төгрөгийн засвар хийлгээд Төв аймагт явж байхад замын цагдаа зогсоогоод хулгайн тээврийн хэрэгсэл байна гээд хотоос хариуцсан мөрдөгч ирж авсан. ...” /хх-25/,
иргэний нэхэмжлэгч Э.Мөнхбаярын “... фейсбүүк дээр нэг группд 2004, 2014 оны Приус-20 маркийн автомашин 5.300.000 төгрөгөөс хямдхан зарна гээд 94115092 гэсэн дугаартай зар байсныг би хараад нөхрийн 88065598 дугаараас тэр орой 22 цагийн үед залгаж ярьтал Нарны хороололд байна, хүрч ирээд үзчих гэж хэлсэн. ...Үзэж байгаад бид гурав үнэ тохиролцохгүй нилээн ярилцаж байгаад 23 цагийн үед тэр автомашин 400.000 төгрөгийн торгуультай байсан болохоор 4.600.000 төгрөгөөр авахаар болоод манай нөхөр өөрийн Хаан банкны интернэт банкаар тэр залуугийн 5040177194 Явуухулан гэсэн нэртэй данс руу мөнгөө шилжүүлсэн. ...” /хх-42/,
гэрч О.Явуухулангийн “... Хаан банкны карттай хүн байна уу гэхээр нь зөвхөн надад тухайн үед миний Хаан банкны карт байсан болохоор байгаа гэтэл мөнгө аваад буцаагаад өгнө гэхээр нь би Санчирт өөрийн 5040177134 дугаарын данстай Хаан банкны картаа өгсөн. Удалгүй Санчир мөнгөө хар гялгар уутанд хийж гарч ирээд миний картыг буцааж өгсөн. ...Би хулгайн автомашин гэдгийг огт мэдээгүй. Анх унаж ирэхдээ миний автомашин гэж хэлсэн. ...” /хх-51/,
шүүгдэгч М.С-ын “...Би иргэн Ж.Ц-ын “Приус-20” маркийн автомашиныг хулгайлж авсан маань үнэн болно. Би хийсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. ...” /хх-87/,
хохирогч Е.Е-гийн “... 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ өөрийн гар утсаа хөргөгчин дээр цэнэглээд үлдээгээд усанд ороод гараад ирсэн чинь миний гар утас алга болчихсон хайгаад олдохгүй байхаар нь гар утас руугаа залгаж үзэхэд 3 удаа авсан ба цаан нь дуу сонсогдоод хүн хариулахгүй, машин дотор байгаа байдалтай, сигналын дуу сонсогдоод байсан. Хажуу өрөөнд Санчир нэртэй 23-24 насны эрэгтэй Толган, Торган, Айнүр гэсэн эмэгтэйтэй хамт байдаг. Санчир гэх залууг сэжиглэж байгаа. Намайг усанд орж байх үед Санчир манай өрөө рүү орсныг Айтохолын, Тилейгул нар харсан байна лээ” /хх-98/,
гэрч Х.Айтлохын “... Санчирыг сэжиглэж байна. Яагаад гэвэл өөр хүн гэрээс гараагүй. Ардаас нь 30 минутын дараа залгахад утасны цаана нь автомашины чимээ, гадаа байгаа дуу сонсогдсон. Тэр үед том өрөөнд байсан хүмүүс унтаж байсан” /хх-104/,
гэрч А.Тиелегулын “...Санчирыг сэжиглэж байна. Санчир Еримираг усанд орох гэж байхад ванны өрөөний үүдэнд таараад “чи усанд орох гэж байгаа юм уу. Тэгвэл би дараа нь орно” гэсэн ба Елимирагийн өрөөнд хүн байхгүйг мөн түгжээгүй байсныг Санчир л мэдэж байх ёстой” /хх-106/,
шүүгдэгч М.С-ын “...Тэгээд гарахдаа нөгөө өрөөг түрээсэлдэг Елимира гэх охины өрөө рүү харахад өрөөнд нь хүн байхгүй байсан. Тэгээд би усанд орж байхыг нь мэдээд Очирсүхийг “чи гарч бай” гэж гаргачихаад Елимирагийн өрөө рүү ороод орных нь цаана цэнэглээстэй байсан Самсунг галакси эс-8 гар утсыг авсан. Модны хоёрын зам дагуу байсан ломбарданд ороод Елимирагийн гар утсыг 250.000 төгрөгөөр барьцаанд тавьсан” /хх-120/ гэх мэдүүлгүүд,
“Ашид Билгүүн” ХХК-ийн Самсунг Эс-8 утсыг 430.0000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх 113-115/,
О.Явуухулангийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-244/,
“Дамно” ХХК-ийн 98-32 УНИ улсын дугаартай автомашиныг 8.500.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-45/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч М.С-ын хохирогч Ж.Ц-ын эзэмшлийн 98-32 УНИ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашинд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 8.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий тус автомашиныг жолоодон хулгайлсан, хохирогч хохирогч Е.Е-гийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 430.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг эс плас-8 загварын гар утсыг хулгайлан авсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “... хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч...” үйлдсэн хулгайлах гэмт хэргээр зүйлчлэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн этгээдэд хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуулчилсан бөгөөд анхан шатны шүүх тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг шүүгдэгч М.С-т сонгон хэрэглэжээ.
Түүнчлэн, шүүгдэгч М.С- нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 948 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, уг ялыг эдлээгүй болох нь хавтаст хэрэгт баримтаар тогтоогдсон /хх 220/ тул Эрүүгийн хуулийн тусгай ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 1 сар 7 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй. Түүнд оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, хувийн байдал, гэр буруугийн хэлбэрт тохирчээ.
Иймд шүүгдэгч М.С-ын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны дагуу шүүхээс оногдуулсан ялыг багасгаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. ...” гэх давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.С-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Б.ЗОРИГ