Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2023/00012

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

  

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2022/00579 дүгээр шийдвэртэй,

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 212/МА2022/00090 дүгээр магадлалтай,

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Ө.Е, А.Бнарт холбогдох

  

15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

 Хариуцагч Ө.Еы хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Ө.Е, хариуцагчийн өмгөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Ө.Е, А.Бнарт холбогдуулан 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гарган маргажээ.

2. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2022/00579 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч А.Б, Ө.Е нараас 15,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ө.Е, А.Бнараас 232,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 212/МА2022/00090 дүгээр магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2022/00579 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ө.Еы давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.Еы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Хариуцагч Ө.Е хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Анхан болон давж заалдах шатны шүүх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн.

4.1.1. Монгол улсын дээд шүүхийн 2017.12.25-ны өдрийн 02 дугаар “Худалдах, худалдан авах гэрээний зохицуулалт, шүүхийн практик, анхаарах асуудал” гэсэн гарчигтай зөвлөмжид зааснаар “Маргаж буй талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэсэн дүгнэлтэд хүрсэн бол шүүх гэрээ байгуулагдсан эсэх, гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар эрх зүйн дүгнэлтийг хийх шаардлагатай бөгөөд энэ нь гэрээний харилцааг тодорхойлоход зайлшгүй хийгдэх дүгнэлт юм. Хэрэв гэрээ хүчин төгөлдөр бус, эсвэл хүчин төгөлдөр бусд тооцогдсон бол тухайн харилцаанд худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтыг хэрэглэх үндэслэлгүй. Иргэний хуулийн худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтад гэрээ хэрхэн байгуулагдах талаар нарийвчлан заагаагүй тул нийтлэг эрх зүйн зохицуулалт буюу Иргэний хуулийн 42, 43, 110, 189, 195, 196 дугаар зүйл, гэрээ хүчин төгөлдөр эсэхийг Иргэний хуулийн 56, 109, 110 дугаар зүйлд заасан зохицуулалтын дагуу тус тус шийдвэрлэнэ” гэж заасан.

 

4.1.2. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хариуцагч Ө.Е намайг “А” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ хийсэн хэмээн ямар ч үндэслэлгүй хуульд нийцээгүй дүгнэлт хийсэн. Ө.Е би “А” ХХК-ийг төлөөлөн тухайн худалдан авах ажиллагаанд оролцсон. Төлөөлөл итгэмжлэлийн дагуу олгогдоогүй ч гэсэн үйлдлээрээ тус компанийг төлөөлөн бэлтгэн нийлүүлэгч А.Бд худалдан авсан малын үнийг тухай бүрт нь шилжүүлэх үүрэгтэй оролцсон. Гэтэл шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримт, тогтоогдсон үйл баримтуудыг зөв үнэлэн дүгнэхгүйгээр Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийг үндэслэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.  Би “А” ХХК-тай мал нийлүүлэх талаар тохиролцоогүй. Дээрх зөвлөмжид зааснаар гэрээний талууд худалдах, худалдан авах эд хөрөнгийн үнийг тохироогүй бол тэдгээрийн хооронд гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ гэж заажээ. Миний хувьд гэрээний үнэ байтугай ямар эд хөрөнгө нийлүүлэх талаар ч тохиролцоогүй. Тодруулж хэлбэл “А” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээний зүйлийн талаар огт тохиролцоогүй. Зөвхөн тухайн компанийг төлөөлөн А.Бгийн цуглуулж өгсөн малыг авч ирэхэд нь туслах зорилгоор хамт явсан. А.Бгийн “А” ХХК-тай уулзахдаа хэлсэн дуу бичлэг болон бусад нотлох баримтуудаар бүгд тодорхой байхад яагаад намайг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэрээний нэг тал хэмээн үзсэнийг огт ойлгохгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж миний эрхийг ноцтой зөрчиж байна.

 

4.1.3. Би жирийн нэгэн ажил хийдэг иргэн хүн. Энэ мөнгийг би аваагүй, хувьдаа зарцуулаагүй. Анхан шатны шүүх хуралдааны үед нэхэмжлэгч “А” ХХК-ийн захирал Х.Б нь “15 сая төгрөгийг А.Бгаас гаргуулахыг хүсэж байна” хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг буюу хариуцагчийг шууд тодорхойлсон. Энэ нь Ө.Е намайг тухайн мөнгийг аваагүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэлбэр, нөгөө талаас А.Бнь тухайн мөнгийг завшсан гэдгийг мэдсэний дараа ийм хүсэлт тавьсан. Гэтэл шүүх нь талуудын хүсэл зоригийг үл тоомсорлож надаас мөнгө гаргуулсан явдал нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэгждэг диспозитив зарчмыг зөрчсөн явдал болсон.

 

4.1.4. Анхан болон давж заалдах шатны шүүхээс “А” ХХК-иас миний дансанд 15 сая төгрөг нь малын урьдчилгаа гэсэн утгатайгаар орсныг санаатай буруу тайлбарлан хэрэглэж миний эрхийг зөрчсөн. Би “А” ХХК-ийг төлөөлж, тус байгууллагын ажилтны хувиар А.Бмал өгсөн үедээ мөнгийг нь шилжүүлэхээр болж тухайн мөнгийг дансаар авсан ба 2019.12-02-р сарын сүүл хүртэл Х.Бын даалгавраар явж түүний шилжүүлсэн 15 сая төгрөгөөс 14.2 сая төгрөгийг 36 удаагийн гүйлгээгээр А.Бхонь худалдаж авч байна гэж надаар шилжүүлэг хийлгэсэн. Би энэ мөнгийг өөрийнхөө хүсэл зоригийн дагуу захиран зарцуулаагүй, компанийн захирлын хэлсний дагуу А.Бгийн хэлсэн дансанд тухай бүрт шилжүүлдэг байсан.

 

4.2. А.Бнь “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг гардан авсны дараа эс зөвшөөрч ямар нэг тайлбар ирүүлээгүй бөгөөд хамтран хариуцагч миний тайлбартай мөн танилцсан. Гэтэл А.Бнь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж буй үндэслэл, нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй боловч гаргаж өгөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэсний дагуу А.Бгаас 15 сая төгрөгийг гаргуулан шийдвэрлэх ёстой боловч хариуцагч Ө.Е надаас хамтран гаргуулсан явдалд гомдолтой байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2022.12.16-ны өдрийн 001ШХТ2022/01441 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

 

ХЯНАВАЛ:

 

6. Хариуцагч Ө.Еы хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

7. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Ө.Е, А.Бнарт холбогдуулан 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...2019.12.24-ний өдөр хариуцагч нар нь мал нядалгааны газарт мал бэлтгэн нийлүүлэхээр тохиролцож урьдчилгаанд 15,000,000 төгрөг авсан. ... хугацаандаа мал нийлүүлээгүй, мөнгөө буцааж өгөөгүй тул буцаан шаардаж байна.” гэж тайлбарлаж байх бол хариуцагч Ө.Е нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...би “А” ХХК-ийг төлөөлөн худалдан авах ажиллагаанд оролцсон. Х.Бын даалгавраар, ... итгэмжлэл олгогдоогүй ч үйлдлээрээ тус компанийг төлөөлөн бэлтгэн нийлүүлэгч А.Бгийн худалдан авсан малын үнийг тухай бүрт нь шилжүүлэх үүрэгтэй оролцсон. ...Мөнгийг өөрийнхөө хүсэл зоригийн дагуу захиран зарцуулаагүй, компанийн захирлын хэлсний дагуу А.Бгийн хэлсэн дансанд тухай бүрт шилжүүлдэг байсан.” гэж маргасан. Хариуцагч А.Бшүүхэд амаар болон бичгээр хариу тайлбар гаргаагүй.

 

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “А” ХХК болон А.Б, Ө.Е нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. ... хариуцагч А.БИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. ...” гэж дүгнэсэн ба давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

9. Нэхэмжлэгч “А” ХХК нь 2019.12.24-ний өдөр хариуцагч А.Б, Ө.Е нартай 15,000,000 төгрөгөөр хонь худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж тайлбарлан хоёр хариуцагчийг хамтран хариуцах үүрэгтэй гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. Хоёр шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ нэг талаас “А” ХХК нөгөө талаас А.Б, Ө.Е нарын хооронд байгуулагдсан гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны явцад гаргасан зохигчийн тайлбарыг бүрэн дүүрэн үнэлээгүй, нэхэмжлэгч “А” ХХК, хариуцагч Ө.Е нарын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсонгүй.

 

10. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2021.12.22-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байх ба даалгавар гүйцэтгүүлэх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2022.01.03-ны өдөр түдгэлзүүлжээ. Хариуцагч А.Бнэхэмжлэлийн хувийг 2022.04.04-ний өдөр гардан авсан байх бөгөөд 2022.04.29, 05.05, 06.02-ны өдрүүдэд хэргийн материалтай танилцуулах, шүүх хуралдааны тов мэдэгдэх зорилгоор А.Бтай утсаар харилцсан тухай тэмдэглэл, мэдэгдэх хуудсууд хэрэгт авагджээ. Хариуцагч А.Бдурдсан хугацаанд хариу тайлбараа шүүхэд бичгээр гаргаагүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирж оролцоогүй байна.

Иймд хэрэгт авагдсан дуу бичлэгийн үзлэгийн тэмдэглэл, зохигчийн тайлбарыг үнэлж Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн, 72.2, 77 дугаар зүйлийг дурдан хариуцагч А.Бнэхэмжлэгч “А” ХХК-тай хонь худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй. Хавтаст хэргийн 79-89 дүгээр талд авагдсан харилцан ярианд хийсэн үзлэгийн тэмдэглэлд “Бн дуу хоолойгоос би эхний 15,000,000 төгрөгтөө та нартаа хонио нийлүүлнэшдээ. Би өөрөө ирээд уулзаж байгаа шалтгаан маань энэ нь цагаан сарын дараа л болчихоод байна гэдгийг та нарт тайлбарлах гэж байгаа...”, “Г.Бы дуу хоолойгоос: ... бидний 15,000,000 төгрөг хаана байгаа юм бэ гэхэд Бн дуу хоолойгоос: 15,000,000 төгрөгийг урьдчилгаа мөнгө гэж өгсөн байхгүй юу” гэх яриа өрнөсөн нь тусгагдсан байна. Түүнчлэн тус ярианы тэмдэглэл, зохигчийн тайлбараар уг гэрээ нь үргэлжилсэн шинжтэй, олон үйлдлээр хэрэгжих агуулгатай байх ба 15,000,000 төгрөгийн хэмжээнд мал худалдах худалдан авах харилцаа амжилттай хэрэгжсэнээр дараагийн шилжүүлэг, худалдан авалт шалтгаалах байсан гэж дүгнэхээр байна. Хавтаст хэрэгт “А” ХХК болон А.Бнарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ гэх агуулгатай баримт бичгийн хуулбар (шүүхийн хуулбар үнэн тамга бүхий) авагдсан байх бөгөөд тус баримтыг зохигч харилцан үгүйсгээгүй. Уг гэрээний 2.1.4-т “урьдчилгаа авснаас хойш 5 хоногийн дотор эхний 300 хонийг нийлүүлнэ” гэж дурджээ.  

Дээр дурдсан нөхцөл байдлаас “А” ХХК нь эхний ээлжинд 300 хонь худалдан авах зорилгоор А.Бд урьдчилгаа 15,000,000 төгрөг шилжүүлж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэх дүгнэх үндэстэй.

 

11. Хэргийн баримтаас үзэхэд энэхүү худалдах, худалдан авах гэрээнд хариуцагч Ө.Е худалдагчийн хувиар оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Энэ талаар хариуцагч Ө.Еы гаргасан “би “А” ХХК-ийг төлөөлөн худалдан авах ажиллагаанд оролцсон. Х.Бын даалгавраар, ... итгэмжлэл олгогдоогүй ч үйлдлээрээ тус компанийг төлөөлөн бэлтгэн нийлүүлэгч А.Бгийн худалдан авсан малын үнийг тухай бүрт нь малчдад шилжүүлэх үүрэгтэй оролцсон” гэх агуулга бүхий гомдол үндэслэлтэй болжээ.

Хариуцагч Ө.Е нь “...“А” ХХК худалдагч А.Бтай байгуулсан худалдах худалдан авах гэрээний дагуу 15,000,000 төгрөгийг А.Бд шилжүүлэхээр тохирсон, ингэхдээ А.Бтай өмнө нь гэрээ хэлцэл байгуулж байгаагүй, анх тутам харилцаж байгаа нөхцөл байдлаас шалтгаалан хөдөөгүүр мал цуглуулахаар явахад нь дагалдан явахыг түүнээс хүссэн, “А” ХХК нь А.Бн зөвшөөрснөөр Ө.Ед 15,000,000 төгрөгийг шилжүүлж, мал худалдан авах тухай бүр А.Бн заасан этгээдэд мөнгө шилжүүлэх үүрэг хүлээсэн” гэх агуулга бүхий тайлбарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан байх ба нэхэмжлэгч уг тайлбарыг үгүйсгээгүй ч Ө.Еы дансаар мөнгийг шилжүүлсэн гэх үйл баримтад тулгуурлан түүнээс 15,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлээ гаргажээ.

 

12. Хэдийгээр хариуцагч Ө.Е 15,000,000 төгрөгийг хүлээн авсан үйл баримтыг хүлээн зөвшөөрдөг боловч уг мөнгөнөөс 14,200,000 төгрөгийг А.Бн заасан этгээдийн дансанд тухай бүр шилжүүлснээ дурдан дансны хуулгаа хэрэгт нотлох баримтаар өгчээ. Хариуцагч Ө.Еы “...Би Б-д итгэхгүй байна, чи түүнийг дагалдаж яваад мал худалдан авах хүнд мөнгийг нь шилжүүл, чиний зардал, хөлсийг тооцон төлнө” гэх тайлбарыг нэхэмжлэгч “А” ХХК-ийн төлөөлөгч үгүйсгэн маргаагүй нөхцөл байдлаас үзвэл “А” ХХК болон Ө.Е нарын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасан даалгаврын гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, даалгавар өгөгч “А” ХХК-ийн нэрийн өмнөөс даалгавар гүйцэтгэгч Ө.Е 15,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг А.Бд шилжүүлэх үүргийг хүлээсэн гэж үзэхээр байна. Харин уг үүргийг хариу төлбөртэй буюу хөлс мөнгөөр хийж гүйцэтгэхээр тохирсон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 400.4-т Даалгавар гүйцэтгэгч өгсөн даалгаврыг гүйцэтгэхээс татгалзсан тохиолдолд түүнийг гүйцэтгэхтэй холбогдуулан авсан зүйлийг гүйцэтгээгүй даалгаврын хэмжээгээр даалгавар өгөгчид буцааж өгөх үүрэгтэй. Нэгэнт” А” ХХК-ийг төлөөлөн А.Бд шилжүүлэхээр хүлээн авсан 15,000,000 төгрөгөөс 14,200,000 төгрөгийг А.Бн заасан этгээдэд шилжүүлсэн, 800,000 төгрөгийг шилжүүлээгүй талаараа маргаагүй бөгөөд даалгаврын гэрээний хөлс төлбөрийг хэрхэн тохирсон нь тодорхойгүй байх тул даалгаврын дагуу хүлээн авсан 800,000 төгрөгийг “А” ХХК-д буцаан төлөх нь зүйтэй. Иймд Ө.Ед холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсэгт холбогдох шаардлагыг хангаж, шийдвэр магадлалд зохих өөрчлөлтийг оруулав.

 

13. Дээрх дүгнэлттэй холбогдуулан “А” ХХК худалдах худалдан авах гэрээнээс татгалзсаны улмаас А.Бгаас 14,200,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэх нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасантай нийцнэ. Тодруулбал, худалдагч А.Бгэрээний дагуу “А” ХХК-аас 14,200,000 төгрөг хүлээн авсан боловч эхний ээлжинд нийлүүлбэл зохих хонийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлээгүйгээс гэрээнээс татгалзах эрх “А” ХХК-д үүсжээ. Улмаар “А” ХХК өөрийн шилжүүлсэн хэмжээний мөнгийг А.Бгаас шаардах үндэстэй.

 

14. Эдгээр үндэслэлээр хариуцагч Ө.Еы гаргасан “...“А” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээний зүйлийн талаар огт тохиролцоогүй. Зөвхөн тухайн компанийг төлөөлөн А.Бгийн цуглуулж өгсөн малыг авч ирэхэд нь туслах зорилгоор хамт явсан” гэх агуулга бүхий гомдлыг хангаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу хариуцагч А.Бгаас 14,200,000 төгрөгийг, Иргэний хуулийн 400 дүгээр зүйлийн 400.4-т заасны дагуу хариуцагч Ө.Еаас 800,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгон шийдвэр, магадлалд холбогдох өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 212/МА2022/00090 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2022/00579 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 400 дүгээр зүйлийн 400.4-т заасныг баримтлан хариуцагч А.Бгаас 14,200,000 төгрөг, хариуцагч Ө.Еаас 800,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгосугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Бгаас 228,950 төгрөгийг, хариуцагч Ө.Еаас 23,750 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “А” ХХК-д олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэр магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Ө.Е хяналтын журмаар гомдол гаргахдаа 2022.11.22-ны өдөр төлсөн 134,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                                   Н.БАЯРМАА

                                                                                    П.ЗОЛЗАЯА

                                                                                                 Б.МӨНХТУЯА

                                                                                               Х.ЭРДЭНЭСУВД