Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2021/00497

 

2021 оны 03 сарын 02 өдөр

 

Дугаар 183/ШШ2021/00497

 

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ........... тоотод байрлах М ХХК/РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн ........... өөрийн байранд байрлах НШШГГхолбогдох

 

эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М ХХК-ийн захирал Ж.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц /ШТЭҮД:......../, гуравдагч этгээдийн төлөөлөгч О.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.Б /ШТЭҮД:000/, гэрч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч М ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.А шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 000 тоот шинжээч томилох тухай тогтоолоор томилогдсон М ХХК нь эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ........................... тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай дуусаагүй барилгын 2048 м.кв талбай бүхий зоорийн давхар, мөн хаягт байрлах 000000000000 тоот нэгж талбарын дугаар бүхий 2894 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай эзэмшил газрын эзэмших эрх зэрэг хөрөнгийг нийт 8.338.036.100 төгрөгөөр үнэлэгдсэн талаар 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр шуудангаар мэдэгдсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын томилсон М ХХК нь худалдаа үйлчилгээний төвүүдийг түшиглэсэн хүн ам, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний нягтрал ихтэй, худалдаа үйлчилгээний бүсэд байрладаг буюу цаашид үнэ цэнэ нь өсөх байршилд байдаг объектын үнийг хэт доогуур үнэлсэн байх тул хөрөнгийн үнэлгээг үл зөвшөөрч дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. М ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлангийн 2.3.2.1-д заасан үнэлгээний аргын сонголтын талаарх тайлбарт ...Тухайн объектыг өртгийн үнэлгээний аргаар үнэлэх боломжгүй бөгөөд өнөөдрийн байдлаар газрын түрээсийн зах зээл манайд бүрэн эдийн засгийн утгаараа бүрэлдээгүй тул орлогын хандлагын аргыг хэрэглэх мөн боломжгүй байна. Иймд зах зээлийн хандлагын аргаар үнэлж эцсийн үнэлгээг тогтоов гэж дүгнэсэн байна. Гэвч хөрөнгийг яагаад өртгийн үнэлгээний аргаар үнэлэх боломжгүй гэдгийг тодорхой бичээгүй байгаа боловч тайлангийн 4.1.1.1-т үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг өртгийн хандлагаар тооцож 2.607.897.600 төгрөг гэж үнэлсэн нь үндэслэлгүй байна. Баянзүрх дүүргийн .................. тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай дуусаагүй барилгын 2048 м.кв талбай бүхий зоорийн давхрыг зах зээлийн хандлагаар үнэлэхдээ 6.529.370.300 төгрөгөөр үнэлсэн байна. Хөрөнгийг зах зээлийн хандлагын аргаар үнэлэхдээ аль болох ижил төстэй хөрөнгүүдийн зах зээлийн мэдээллийг харгалзан харьцуулалт хийх замаар үнэ цэнийг тогтооно гэж байгаа боловч жишиг болгон хоёр худалдаа үйлчилгээний төвөөр харьцуулан үнэлжээ. Нэг дэх харьцуулсан объект болох Сандэй худалдааны төв нь бүтээц нь цутгамал бетон хийц нь адил боловч насжилтын хувьд зөрүүтэй, 2009 онд ашиглалтад орсон, агааржуулалтын систем байхгүй, цонх гаргаж агааржуулалтаа шийдсэн, давхрын өндөр нь 3 метр, барилгадаа 6 хүний 2 жижиг зорчигчийн лифттэй, талбайгаа зарахдаа цэвэр талбай дээр 40 хувь нийтийн эзэмшлийн зам талбайг оруулж тооцдог. Үнэлгээний компани харьцуулж жишсэн 28.9 м.кв талбайн 40 хувь буюу 11.56 м.кв нийтийн эзэмшил талбайг хасахаар цэвэр талбай 17.34 м.кв талбай болно. Зарах үнэ 160.000.000 төгрөгийг :17.34 м.кв талбайд хуваахад 9.227.000 төгрөг болж байна. Хоёр дахь харьцуулсан объект болох Нийслэл худалдаа үйлчилгээний төв нь ашиглалтад ороогүй, объектын өндөр нь 3 метр, давхартаа 2 лифттэй, агааржуулалтын системээ цонх гаргаж шийдсэн, гадна фасад нь хөөс, 1 м.кв талбайгаа 10.000.000 төгрөгөөр зарж байгаа. Дээрх хоёр худалдаан төвөөр жишиж харьцуулсан нь Сандэй худалдааны төв нь 11 жил ажилласан, зэрэглэл болон тоног төхөөрөмжийн ялгаатай, Нийслэл худалдааны төв нь ашиглалтад ороогүй, тоног төхөөрөмж, барилга бүтцээрээ манай худалдааны төвтэй харьцуулшгүй барилгатай харьцуулж үнэлсэн нь бодит бус үнэлгээ болжээ. Манай М-Скуэр худалдаа үйлчилгээний төв нь Улаанбаатар хотын худалдааны А зэрэглэлийн бүсэд байрлалтай, зоорийн давхартайгаа 11 давхар, дотоод интерьерийн зураг төслийг БНСУ-ын дизайнерууд олон улсын хамгийн сүүлийн үеийн худалдаа үйлчилгээний төвийн шийдлээр төлөвлөсөн, худалдааны төвийн 9, 10 давхартаа Монголд анх удаа олон улсын стандартад нийцсэн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй 960 хүний суудалтай кино театртайгаараа онцлогтой. Барилгадаа нэг лифт нь 21 зорчигчийн багтаамжтай 6 лифттэй, нэг удаа 126 хүн зорчино. Давхрын өндөр нь 5.1 метр, барилгын агааржуулалтын систем нь манай орны цаг уурын нөхцөлд тохирсон БНЧУ-ын хамгийн сүүлийн үеийн хөргүүрийн дэвшилтэт технологиор хийгдэж байгаа менежментийн давуу талтай, хүүхэд залуучуудад зориулсан энтертайнмент төвтэй автомат тоглоомын газар, үзэсгэлэн галерей болон кофе шоп, хүүхдийн тоглоомын төв, банк санхүүгийн байгууллага, үүрэн холбооны операторууд зэргийг нэг дор төвлөрүүлж өгснөөрөө давуу талтай. Гадна талдаа 16х16 харьцаатай 256 м.кв гадна дэлгэцтэй, хөнгөн цагаан фасадтай хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр төлөвлөсөн нь түрээслэгч үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг дээд зэргээр хангасан цогц шийдэлтэй худалдааны төв юм. Манай худалдааны төвийн ойролцоо Баялаг ундраа худалдааны төв нь 1 м.кв талбайгаа 8000 ам.доллартай тэнцэх монгол төгрөгөөр, Дүнжингарав худалдааны төв нь 1 м.кв талбайгаа 10000 ам.доллартай тэнцэх монгол төгрөгөөр тус тус худалдаж байгаа. Мөн ........../, Намъяанжугийн гудамж, 53 тоот хаягт байрлах 000000000 тоот нэгж талбарын дугаар бүхий 2894 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай эзэмшил газрын эрхийн үнэ цэнийг үнэлэхдээ 286.598.000 төгрөгөөр үнэлсэн байна. Үнэлгээг гаргахдаа доорх газрын үнэлгээгээр жишиж гаргажээ. 1. Баянзүрх дүүргийн ..............., Хавдар судлалын эмнэлгийн үүдэнд зүүн талд 2710 м.кв талбайтай газар 3.800.000.000 төгрөг, 2. Баянзүрх дүүрэг, ..................316 м.кв талбайтай газар 360.000.000 төгрөг, 3. Баянзүрх дүүрэг.......... 1500 м.кв талбайтай газар 2.200.000.000 төгрөгөөр зарлагдсан үнээр тус тус жишиж үнэлгээ гаргажээ. Дээрх газар нь худалдааны А зэрэглэлийн бүсэд хамрагддаггүй, Халдвартын эмнэлэг, автобусны буудлын ойролцоо, худалдаа үйлчилгээний төвүүдээс хол байрладаг манай газартай жиших нь ямар ч үндэслэлгүй юм. Манайх 2894 м.кв талбай бүхий газрыг 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Белон ХХК-аас 1.650.000 ам.доллараар буюу өнөөдрийн ханшаар 4.605.958.500 төгрөгөөр худалдан авсан юм. Иймд 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 000 тоот шинжээч томилох тухай тогтоолоор томилогдсон М ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

 

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Ншүүхэд гаргасан хариу тайлбартаа: Улсын Дээд шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 0000000 дүгээр тогтоолоор А.У-гаас 1.715.488.699 төгрөгийг гаргуулж К  ББСБХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул Мэргэн девелопментХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 000000000 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн .................... тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, мөн хаягт байрлах 2894 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын хамт 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 000000000 тоот тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ............. дугаар тогтоолоор тус тус хураасан. Төлбөр төлөгчид үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг 2020 оны ............. дугаар албан бичгээр мэдэгдэхэд ирүүлсэн ба төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй тул 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 4/217 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд Баянзүрх дүүргийн .................. тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн 0000000000000 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг 8.338.000.000 төгрөгөөр үнэлэгдсэнийг төлбөр төлөгч А.У, төлбөр авагч Кредит монгол ББСБХХК нарт 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн .......... дугаар мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлэн мэдэгдсэн. Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 4/22501 дугаар мэдэгдэл, тогтоолыг төлбөр төлөгч А.У, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, төлбөр авагч К  ББСБХХК нарт баталгаат шуудангаар хүргүүлэн мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан ба анхны албадан дуудлага худалдаанд ороход үнийн санал ирээгүй, хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 139-......... дугаар мэдэгдэл, хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах 7/57 дугаар тогтоолыг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Төлбөр төлөгч М ХХК-аас үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШЗ2020/00000000дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байх тул үнэлгээтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К  ББСБХХК-ийн төлөөлөгч О.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргана гэж заасан хугацаа хэтэрсний дараа буюу 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гомдлоо гаргасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шийдвэр гүйцэтгэгчээс үнэлгээ хийх эрх бүхий этгээд болох М-дХХК-ийг шинжээчээр томилоход Баянзүрх дүүргийн ................ тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай дуусаагүй барилгын 2048 м.кв талбай бүхий зоорийн давхар, мөн хаягт байрлах нэгж 00000000 тоот нэгж талбарын дугаар бүхий 2894 м.кв газрыг нийт 8.338.036.100 төгрөгөөр үнэлсэн нь зэх зээлийн үнэ ханштай нийцсэн гэж үзэж байна. Тухайн газрыг анх худалдаж авсан үнийг тооцоход 2.206.000.000 төгрөг болж байна. Шинжээч газрыг 3.139.319.200 төгрөгөөр үнэлсэн байгаа нь худалдаж авсан үнээс даруй 1 тэрбум төгрөгөөр илүү үнэтэй үнэлсэн байна. Мөн шинжээч Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Намъяанжугийн гудамж, 53 тоот хаягт байрлах дуусаагүй барилгыг 5.198.716 төгрөгөөр үнэлснийг хангалттай гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгчээс тухайн барилгыг 80 хувийн гүйцэтгэлтэй баригдсан гэсэн атлаа үлдсэн 20 хувийг дуусгахад 2 тэрбум орчим төгрөг шаардлагатай гэж тайлбарлаж санхүүжилт олохоор явж байгааг энгийн аргаар тооцон үзэхэд дуусаагүй 20 хувийн гүйцэтгэл 2 тэрбум төгрөг бол, 80 хувийн гүйцэтгэлд 8 орчим тэрбум төгрөг зарцуулсан байх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчээс нийт 50 орчим тэрбум төгрөгөөр 80 хувийн гүйцэтгэлтэй барилгыг барьсан гэх боловч түүнийгээ нотолсон ямар ч баримт гаргаж өгөөгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбар, гэрч Б.Э-ын мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Тус шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгч Д.Н-д мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч М ХХКнь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар холбогдуулан Баянзүрх дүүргийн ............ хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай барилга, 2016 м.кв талбай бүхий зоорийн давхар, мөн хаягт байрлах 000000000 тоот нэгж талбарын дугаар бүхий 2894 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай эзэмшил газрын эзэмших эрхийг нийт 8.338.036.100 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардаж байх ба уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэстэй гэж шүүх үзэв.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/0000000 дүгээр шийдвэр, Улсын Дээд шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2016/......... дүгээр тогтоолоор А.У-аас 1.706.796.765 төгрөг гаргуулж, төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд Баянзүрх дүүргийн ............ тоотод байрлах улсын бүртгэлийн ................... дугаартай 2048 м.кв 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга болон Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ....... нэгж талбарын дугаар бүхий, №378903 дугаартай 2894 м.кв талбайтай газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас уг шүүхийн шийдвэр, тогтоол болон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 00225 дугаар гүйцэтгэх хуудас, 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШЗ2016/........ дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шүүхийн шийдвэр биелүүлэхийг төлбөр төлөгч А.Уянгад удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 140/10 дугаар тогтоолоор М ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2...........9 дугаар бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 1............. тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 2048 м.кв талбайтай, 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг битүүмжилж, 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн .......... тоот тогтоолоор дээрх эд хөрөнгийг хураажээ.

 

Мөн шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 17290140/02 тогтоолоор төлбөр төлөгч А.У-ын эзэмшлийн Баянзүрх дүүргийн ........ нэгж талбарын ........... дугаар бүхий, эзэмших эрхийн гэрчилгээтэй 2894 м.кв талбайтай газрыг битүүмжилж, 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ........... дугаар тогтоолоор дээрх эд хөрөнгийг хураажээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч болон төлөгч нар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу барьцааны хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 4/217 дугаар тогтоолоор төлбөрт хураагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-.......... дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ............... тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай, 2048 м.кв талбайтай, 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, мөн хаягт байрлах нэгж талбарын ............. дугаар бүхий, 2894 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, эзэмших эрхийн гэрчилгээний .......... дугаарт бүртгэлтэй газарт үнэлгээ тогтоохоор М ХХК-ийг шинжээчээр томилжээ.

 

М ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар төлбөрт хураагдсан хөрөнгө болох Баянзүрх дүүргийн ................ тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай, дуусаагүй барилгыг 70-80 хувийн гүйцэтгэлтэй гэж дүгнэн 2016 м.кв талбай бүхий зоорийн давхрын хамт 5.198.716.900 төгрөгийн үнэтэй, мөн хаягт байрлах нэгж талбарын 136004/0020 дугаар бүхий, 2894 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, эзэмшил газрын эзэмших эрхийг 3.139.319.200 төгрөгийн үнэтэй болохыг тус тус тогтоожээ.

 

Улмаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ................, тоот мэдэгдлүүдээр төлбөр авагч болон төлбөр төлөгч, төлбөрт хураагдсан хөрөнгийн өмчлөгч нарт үнэлгээний талаар мэдэгдсэн байна.

 

Нэхэмжлэгч М ХХКнь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ............. тоот мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлснийг 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч танилцсанаас хойш дээр төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэлгээний талаарх нэхэмжлэлээ 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд гаргажээ.

 

Нэхэмжлэгч М ХХКнь төлбөрт хураагдсан хөрөнгүүдийг зах зээлийн үнэлгээнээс илтэд доогуур үнэлсэн гэсэн үндэслэлээр Баянзүрх дүүргийн ...............тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай барилга, 2016 м.кв талбай бүхий зоорийн давхар, мөн хаягт байрлах 136004/0020 тоот нэгж талбарын дугаар бүхий 2894 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай эзэмшил газрын эзэмших эрхийг нийт 8.338.036.100 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсан бол хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

 

Хариуцагчийн татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Учир нь М ХХК-ийн шинжээчийн дүгнэлт нь төлбөрт хураагдсан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14............... тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай барилга, 2016 м.кв талбай бүхий зоорийн давхар, мөн хаягт байрлах 136004/0020 тоот нэгж талбарын дугаар бүхий 2894 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай эзэмшил газрын эзэмших эрхийг тус тус зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, уг дүгнэлтийг хууль зөрчсөн, эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, нэхэмжлэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг нотолж, түүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй болно.

 

Шинжээчээс дүгнэлт гаргахдаа зах зээлийн болон өртгийн хандлагын аргыг хэрэглэсэн талаар тайландаа дурдаж, зах зээлийн хандлагаар хийсэн тооцооны дагуу үнэлж буй эд хөрөнгөтэй ойролцоо байршил, дэд бүтэц, төв замтай харьцах байдал, гадаргуугийн тэгш байдал, талбайн хэмжээтэй эд хөрөнгүүдтэй харьцуулан үзэж, дүгнэлтээ гаргасан нь үндэслэл бүхий болжээ.

 

М  ХХК-ийн газрын үнэлгээг гаргахдаа өртгийн хандлагын аргыг хэрэглэх боломжгүй тул зах зээлийн хандлагаар үнэлсэн талаар хөрөнгийн үнэлгээний тайлангийн 2.3.2.1 дэх хэсэгтээ дурдаж өгсөн байх бөгөөд нийт 2894 м.кв талбай бүхий газраас зоорийн давхарт ногдох 242.1 м.кв талбай газрыг хасаж, үлдэх 2651.9 м.кв талбайн газар эзэмших эрхийн үнэ, цэнийг 3.139.319.200 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн .................тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай дуусаагүй барилга, 2016 м.кв талбай бүхий зоорийн давхрын үнийг зах зээлийн хандлагын аргыг үндэслэн 5.139.319.200 төгрөгөөр тус тус тогтоосныг буруутгах боломжгүй.

 

Түүнчлэн шинжээч нь дүгнэлтээ гаргахдаа дутуу баригдсан байгаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоож байгааг анхааран үзэж, барилгыг иж бүрэн дуусгахад шаардлагатай өртөг зардлыг тооцон үзсэний үндсэн дээр иж бүрэн болсон үеийн үл хөдлөх хөрөнгийн үнэ, цэнээс иж бүрэн болгон дуусгахад шаардлагатай өртөг зардлыг хасаж, зохицуулалт хийх замаар үлдэгдэл үнэ, цэнийг тодорхойлсон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.3-т заасан хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх гэсэн шаардлагад нийцсэн байна.

 

Иймд төлбөр төлөгч Ц.У-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй, төлбөр төлөгчийн болон төлбөр хураагдсан хөрөнгийн өмчлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул НШШГГхолбогдох Баянзүрх дүүргийн ............... тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай барилга, 2016 м.кв талбай бүхий зоорийн давхар, мөн хаягт байрлах 136004/0020 тоот нэгж талбарын дугаар бүхий 2894 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай эзэмшил газрын эзэмших эрхийг нийт 8.338.036.100 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР