Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/00927

 

 

 

 

 

 

 

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2021/00497 дугаар шийдвэртэй, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Алтанбилэг, түүний өмгөөлөгч Б.Цэцэнбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантөр, гуравдагч этгээд О.Дарханбаатар, түүний өмгөөлөгч О.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 4/217 тоот шинжээч томилох тухай тогтоолоор томилогдсон “Мөнх-Оргил трейд” ХХК нь “М” ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-55555 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13336/, Намъяанжугийн гудамж, 53 тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай дуусаагүй барилгын 2,048 м.кв талбай бүхий зоорийн давхар, мөн хаягт байрлах 136004/0020 тоот нэгж талбарын дугаар бүхий 2,894 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрх зэрэг хөрөнгийг нийт 8,338,036,100 төгрөгөөр үнэлэгдсэн талаар 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр баталгаат шуудангаар мэдэгдсэн.

 “Мөнх-Оргил трейд” ХХК нь худалдаа үйлчилгээний төвүүдийг түшиглэсэн хүн ам, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний нягтрал ихтэй, худалдаа үйлчилгээний бүсэд байрладаг буюу цаашид үнэ цэнэ нь өсөх байршилд байдаг объектын үнийг хэт доогуур үнэлсэн.

“Мөнх-Оргил трейд” ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлангийн 2.3.2.1-д заасан “үнэлгээний аргын сонголтын талаарх тайлбарт тухайн объектыг өртгийн үнэлгээний аргаар үнэлэх боломжгүй бөгөөд өнөөдрийн байдлаар газрын түрээсийн зах зээл манайд бүрэн эдийн засгийн утгаараа бүрэлдээгүй тул орлогын хандлагын аргыг хэрэглэх боломжгүй байна. Иймд зах зээлийн хандлагын аргаар үнэлж эцсийн үнэлгээг тогтоов” гэж дүгнэсэн байна. Гэвч хөрөнгийг яагаад өртгийн үнэлгээний аргаар үнэлэх боломжгүй гэдгийг тодорхой бичээгүй байгаа боловч тайлангийн 4.1.1.1-т “үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг өртгийн хандлагаар тооцож 2,607,897,600 төгрөг” гэж үнэлсэн нь үндэслэлгүй байна.

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13336/, Намъяанжугийн гудамж, 53 тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай дуусаагүй барилгын 2,048 м.кв талбай бүхий зоорийн давхрыг зах зээлийн хандлагаар үнэлэхдээ 6,529,370,300 төгрөгөөр үнэлсэн. Хөрөнгийг зах зээлийн хандлагын аргаар үнэлэхдээ аль болох ижил төстэй хөрөнгүүдийн зах зээлийн мэдээллийг харгалзан харьцуулалт хийх замаар үнэ цэнийг тогтооно гэж байгаа боловч тоног төхөөрөмж, барилга бүтцээрээ манай худалдааны төвтэй харьцуулшгүй барилгатай харьцуулж үнэлсэн нь бодит бус үнэлгээ болсон. Манай М-Скуэр худалдаа үйлчилгээний төв нь Улаанбаатар хотын худалдааны А зэрэглэлийн бүсэд байрлалтай, зоорийн давхартайгаа 11 давхар, дотоод интерьерийн зураг төслийг БНСУ-ын дизайнерууд олон улсын хамгийн сүүлийн үеийн худалдаа үйлчилгээний төвийн шийдлээр төлөвлөсөн, худалдааны төвийн 9, 10 давхартаа Монголд анх удаа олон улсын стандартад нийцсэн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй 960 хүний суудалтай кино театртайгаараа онцлогтой.

Манайх 2,894 м.кв талбай бүхий газрыг 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Белон” ХХК-аас 1,650,000 ам.доллараар буюу одоогийн ханш 4,605,958,500 төгрөгөөр худалдан авсан. Иймд эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын Дээд шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2016/00859 дүгээр тогтоолоор А.Уянгаас 1,715,488,699 төгрөгийг гаргуулж “Кредит монгол ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул “М” ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-55555 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намъяанжугийн гудамж, 57 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, мөн хаягт байрлах 2,894 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын хамт 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 17290140/05 тоот тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 17290140/05 дугаар тогтоолоор тус тус хураасан.

Төлбөр төлөгчид үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг 4/13083 дугаар албан бичгээр мэдэгдсэн ба төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй тул 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 4/217 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд үл хөдлөх эд хөрөнгийг 8,338,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн ба төлбөр төлөгч А.Уянга, төлбөр авагч “Кредит монгол ББСБ” ХХК-д 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 4/16402 дугаар мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлэн мэдэгдсэн.

Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 4/22501 дугаар мэдэгдэл, тогтоолыг төлбөр төлөгч А.Уянга, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Алтанбилэг, төлбөр авагч “Кредит монгол ББСБ” ХХК-д тус тус баталгаат шуудангаар хүргүүлэн мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан ба анхны албадан дуудлага худалдаанд ороход үнийн санал ирээгүй, хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 139-4/24301 дугаар мэдэгдэл, хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах 7/57 дугаар тогтоолыг баталгаат шуудангаар хүргүүлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар гомдол гаргах 7 хоногийг хэтрүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Кредит монгол ББСБ” ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргана гэж заасан хугацаа хэтэрсний дараа буюу 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гомдлоо гаргасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 8,338,036,100 төгрөгөөр тогтоосон нь зэх зээлийн үнэ ханштай нийцсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчээс тухайн барилгыг 80 хувийн гүйцэтгэлтэй баригдсан гэсэн атлаа үлдсэн 20 хувийг дуусгахад 2 тэрбум орчим төгрөг шаардлагатай гэж тайлбарлаж санхүүжилт олохоор явж байгааг энгийн аргаар тооцон үзэхэд дуусаагүй 20 хувийн гүйцэтгэл 2 тэрбум төгрөг бол, 80 хувийн гүйцэтгэлд 8 орчим тэрбум төгрөг зарцуулсан байх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчээс нийт 50 орчим тэрбум төгрөгөөр 80 хувийн гүйцэтгэлтэй барилгыг барьсан гэх боловч түүнийгээ нотолсон ямар ч баримт гаргаж өгөөгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13336/, Намъяанжугийн гудамж, 53 тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай барилга, 2016 м.кв талбай бүхий зоорийн давхар, мөн хаягт байрлах 136004/0020 тоот нэгж талбарын дугаар бүхий 2894 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай эзэмшил газрын эзэмших эрхийг нийт 8,338,036,100 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс шинжээчээр томилогдож үнэлгээ хийсэн “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасан. Гэтэл анхан шатны шүүх хүсэлтийг хүлээн аваагүй бөгөөд “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн захирлыг гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн хариуцагчаа сонгох эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолоор “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилсон. Хөрөнгийн үнэлгээний компани нь үл хөдлөх эд хөрөнгийг 8,338,036,100 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэлгээг харгалзахгүй бодит байдалтай огт нийцэхгүй байна.

“М” ХХК нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 20/17 тоот албан бичгээр үнийн саналаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт илгээсэн. Гэвч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2020 оны 04 сарын 20-ны өдрийн 4/217 тоот тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт заасныг зөрчиж байна. Учир нь үнийн саналаа илгээхээс өмнө хөрөнгийн үнэлгээний компанийг томилсон, үнийн санал ирүүлснээс хойш сайн дураар худалдан борлуулах хугацааг хуульд заасны дагуу олгоогүй нь дээрх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Үнэлгээнд тухайн хөрөнгийн талбайн хэмжээг өөрсдөө хэмжилт хийж тодорхойлсон байх бөгөөд үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээг эрх бүхий байгууллага гүйцэтгэдэг болно. Энэхүү нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй, хангах үндэслэлгүй гэж зөрүүтэй дүгнэлт хийсэн гэж дүгнэхээр байх боловч шийдвэрийн үндэслэх хэсгийн агуулгаас дүгнэвэл эхний хийсэн дүгнэлтийг техникийн алдаанд тооцох нь зүйтэй байна.

 

 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/02271 дүгээр шийдвэр,  Улсын Дээд шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2016/00859 дүгээр тогтоолоор А.Уянгаас 1,706,796,765 төгрөг гаргуулж “Кредит Монгол ББСБ” ХХК-д олгох, төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намъяанжугийн гудамж, 53 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-55555 дугаарт бүртгэлтэй, 2,048 м.кв талбай бүхий, 30 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилга, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 136004/0020 нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, 378903 дугаартай, 2,894 м.кв талбайтай газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр үүсгэсэн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг төлбөр төлөгч А.Уянгад удаа дараа мэдэгдсэн, төлбөр төлөгч шийдвэрийг биелүүлээгүй. Ийнхүү шийдвэрийг биелүүлээгүй нь барьцааны хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах үндэслэл болох юм.

 

Шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 140/10, 2017 оны 7296140/1, 2020 оны 17290140/5  тоот тогтоолоор дээрх уг үл хөдлөх эд хөрөнгө болох дуусаагүй барилгыг битүүмжил, хураасан. Энэ ажиллагаанд гомдол гараагүй, ажиллагаа хүчинтэй байна.   Мөн шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 17290140/02, 2020 оны 17290140/5 тоот тогтоолуудаар барьцааны зүйл болох газар эзэмших эрхийг битүүмжилж, хураасан, энэ ажиллагаанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй, ажиллагаа хүчинтэй байна.

 

Хураагдсан эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах доод үнийн талаар төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар тохиролцох, тохиролцоогүй тохиолдолд шинжээчээр хөрөнгийн зах зээлийн үнэлгээ гаргуулах ажиллагааг шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дах хэсэгт заасны дагуу явуулсан гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “М” ХХК-д 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 4/13083 тоот албан бичгээр үнийн саналаа 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдсэн,  2020 оны 04 дүгээр сарын 16-ын өдрийн 4/14248 тоот албан бичгээр үнийн санал ирүүлэх хугацааг дахин сануулсан байна. Мэдэгдэлд заасан хугацаанд “М” ХХК-иас үнийн санал ирүүлээгүй. Төлбөр авагч талаас шинжээч томилуулах хүсэлтийг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ирүүлсэн нь үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийн талаар талууд тохиролцох боломжгүй болсон тул хариуцагч байгууллагаас 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр шинжээч томилсон ажиллагааг буруутгах боломжгүй юм.

 

Төлбөр төлөгч “М” ХХК-иас үнийн санал гаргах хугацааг хэтрүүлж  2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан үнийн санал дээр талуудыг тохиролцуулах ажиллагаа хийх байсан гэж дүгнэхгүй юм.

 

Түүнчлэн шинжээч томилсон ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дах хэсэгт заасныг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйл заасан ажиллагаа нь хөрөнгийн үнэлгээ хийгдсэний дараа явуулах ажиллагаанд хамаарах юм. Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгч өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах санал гаргах үр дагаврыг хэрэгжүүлэхийн тулд хуульд заасан урьдчилсан нөхцөл болох  хөрөнгийн үнэлгээ шинжээчээр тогтоогдсон байх, уг үнэлгээний талаар талууд гомдол гаргаагүй байх юм.

 

Шинжээч “Мөнх-Оргил трейд”ХХК нь 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээний тайланг гаргаж шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсэн.Уг үнэлгээний тайланд барьцааны зүйл болох дуусаагүй барилгыг 70-80 хувийн гүйцэтгэлтэй, ашигтай талбайг 20,693 м.кв, зоорийн давхар тэнхлэгээрээ 2,016 м.кв, зоорийн ашигтай талбайг 1,896.40 м.кв гэж тодорхойлж, барилгын зах зээлийн үнийг 5,198,716,900 төгрөгөөр, газар эзэмших эрхийг 3,139,319,200 төгрөгөөр тус тус үнэлсэн байна.

 

Шинжээчийн үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.3-т заасан хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх гэсэн шаардлагад нийцсэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Энэ дүгнэлтэд зохигч давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

Хариуцагч байгууллага нь үнэлгээний талаарх мэдэгдлийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад мэдэгдсэн, “М” ХХК нь үнэлгээний талаарх гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд гаргасан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийн талаар зохигч давж заалдах гомдол гаргаагүй.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг тусдаа хэмжилт хийх эрх бүхий байгууллага хийдэг байхад шинжээчээр томилогдсон байгууллага өөрөө хийсэн нь буруу гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй болно. Учир нь хөрөнгийн үнэлгээний тайланд /тайлангийн 18 дахь тал/ барилгын ашигтай болон тэнхлэгээрхи талбайн тооцоог гарахдаа барилгын талбайн талаарх мэдээллийг батлагдсан барилгын зургаас түүвэрлэн авч нэгтгэн тооцсон гэж тэмдэглэгдсэн байна. Иймд шинжээчийг өөрөө эд хөрөнгийн талбайн хэмжээг хийсэн гэж дүгнэхгүй юм. Түүнээс гадна нэхэмжлэгч нь барилгын зураг төслөөр барилгын талбайн хэмжээ өөр байсан гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шинжээчээр оролцсон “Мөнх оргил трейд” ХХК-ийн үнэлгээг үндэслэн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах үнэлгээг тогтооно. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгууллагад хамааруулахгүй тул хариуцагчаар оролцуулах шаардлагагүй.  Харин шинжээчийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчээр нь эсхүл гэрчээр оролцуулах боломжтой.

 Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2021/00497 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.ДАВААДОРЖ

 

                                          ШҮҮГЧИД                                Д.НЯМБАЗАР

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА