Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
Хэргийн индекс | 181/2021/01896/И |
Дугаар | 001/ХТ2023/00013 |
Огноо | 2023-01-17 |
Маргааны төрөл | Даатгал, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2023 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 001/ХТ2023/00013
Г.Сгын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2022/01796 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 210/МА2022/01939 дүгээр магадлалтай,
Г.Сгын нэхэмжлэлтэй
“АД” ХК-д холбогдох
Даатгалын нөхөн төлбөрт 60,788,742 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн төлөөлөгч Г.Цын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, өмгөөлөгч Д.М, Л.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Г.Сго нь хариуцагч “АД” ХК-д холбогдуулан Даатгалын нөхөн төлбөрт 60,788,742 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гарган маргажээ.
2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2022/01796 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Сгийн хариуцагч “АД” ХК-д холбогдох даатгалын нөхөн төлбөрт 60,788,742 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 461,894 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 210/МА2022/01939 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2022/01796 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “АД” ХК-аас 60,788,742 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Сгод олгосугай гэж өөрчлөн, 2 дахь заалтын “үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагч “АД” ХК-аас 461,894 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Сгод олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 461,894 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасныг үндэслэж, давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ мөн журмын 5.4.2-т даатгагч энэ журмыг зөрчиж ипотекийн даатгалын гэрээ байгуулснаас үүдэн даатгуулагч хохирсон нөхцөлд хохирлыг даатгуулагчаар төлүүлэх” арга хэмжээ авахаар заасан байдаг, “Зээлдэгчийн хуулиар олгогдсон, амь нас, эрүүл мэндийн даатгалын үндсэн эрсдэлүүдээс сонголт хийлгээгүй тухайд даатгуулагчийг буруутгах үндэслэлгүй бөгөөд даатгагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн буруутай байх тул даатгуулагчийн даатгалын зүйл болох гэнэтийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 90 хувиар алдсан эрсдэлийг даатгалын тохиолдол биш гэж үгүйсгэх үндэслэл болохгүй тул даатгуулагчид учирсан хохирлыг даатгагч хариуцан төлөх нь зүйтэй” гэж тус тус үндэслэж хэргийг шийдвэрлэсэн магадлалыг эс зөвшөөрч байна. Үүнд:
4.1 Талуудын хооронд байгуулагдсан 1920121856 тоот Орон сууц, Зээлдэгчийн амь насны даатгалын гэрээний 3-р зүйлийн 3.1.2.1 дахь хэсэгт "... зээлдэгч гэнэтийн ослын улмаас нас барах” гэж заасныг Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалын ХЯНАВАЛ хэсгийн 6 дахь заалтад “.... даатгалын зүйл болох гэнэтийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 90 хувиар алдсан... ” гэж гэрээгээр тохиролцсон нөхцөлөөс өөр агуулгаар явцууруулан тодорхойлж, энэ үндэслэлээр ердийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 90 хувиар алдсан эрсдэлийг даатгалын тохиолдол мөн гэж дүгнэсэн байх бөгөөд энэ нь тус гэрээний 3-р зүйлийн 3.2.1-3.2.5 дахь хэсгүүдэд “Гэнэтийн осол” гэдэгт дараах зүйлийг ойлгоно. Үүнд: “3.2.1 Үйлдвэрлэлийн осолд өртөх, Байгалийн эрсдэл, хүчит салхи, цасан болон шороон шуурга, цочир хүйтрэлт, хүйтэн бороо, үер усны аюул, аянга, гал түймэр, 3.2.3 Ахуйн эрсдэл, элдэв зүйлд цохигдох хавчигдах, хавчуулах, халтирах, унах, түлэгдэх, хөлдөх, осгох, наранд цохиулах, угаартах, хорт хий, эмийн зүйл ургамалд хордох, амьтан шавжинд өртөх, 3.2.4 Зам тээврийн осолд өртөх, 3.2.5 Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлээс үүссэн осол” гэж нэг бүрчлэн, тодорхой зааж тусгасан ямар тохиолдолд нөхөн төлбөр олгох болзол буюу даатгалын гэрээгээр тохиролцсон эрсдэлийн төрөл үүссэн эсэхийг харгалзан үзэж дүгнээгүй байна.
Дээрх тохиолдолд шүүх Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг харгалзсаны үндсэн дээр мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт “гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна’'’ гэж заасныг баримтлан гэрээг тайлбарлах ёстой байтал уг хуулийн заалтуудыг үл харгалзсан ба гэрээний гол нөхцөлийн утга агуулга нь хуульд заасан шаардлагыг хангасан тодорхой, ойлгомжтой байгаа нь илт байхад “...гэнэтийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 90 хувиар алдсан...” гэж дүгнэсэн нь илтэд хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэхээр байна.
4.2 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзэж шийдвэрлэхдээ Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 06 сарын 06-ны өдрийн 210 дугаар тогтоолоор батлагдсан “Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам”-ын хэм хэмжээг хэрэглэсэн боловч, уг нарийвчлан зохицуулсан эрх зүйн хэм хэмжээг бүрэн дүүрэн тал бүрээс нь зөв тайлбарлан хэрэглээгүй, мөн салбар эрх зүйн онцлог шинж болон даатгалын үйл ажиллагаа явуулсан нөхцөл байдлыг зөв дүгнээгүй гэж үзэж байна. Тодруулбал:
4.2.1 Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ “Ипотекийн үйл ажиллагааны журам”-ын утга агуулгыг бүрэн дүүрэн, бодитой үнэлээгүй мөн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэр тус журмын 4-р зүйлийн 4.5 дахь хэсэгт “4.5.Даатгагч, даатгалын зуучлагч нь даатгалын гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлага, даатгалын хураамжийг даатгуулагчид танилцуулж, энэ журмын 3 дугаар хавсралтад заасан “Мэдүүлгийн маягтын загвар”-ийн дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулсан байна.” гэж заасан зохицуулалт нь Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6 даатгалын хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг даатгуулагчид танилцуулах; гэж заасныг хэрэгжүүлэх зорилготой байсан ба даатгуулагч нь гэрээний нөхцөлтэй танилцаж, гарын үсэг зурсан болох нь гэрээний хуулбараар тогтоогдож байгаа бөгөөд даатгуулагч нь Даатгалын гэрээний 1-р зүйлийн 1.1.4-т “талууд гэрээг харилцан зөвшөөрч, гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан өдрөөс гэрээ хүчин төгөлдөр болж, ...” гэж заасны дагуу даатгуулагч нь даатгалын гэрээний бүх нөхцөлтэй танилцсан гэдгээ илэрхийлж гарын үсгээ зуран, даатгалын хураамжийг төлсөн байдаг. Энэ нь Иргэний хуулийн 189-р зүйлд заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд нийцэж байх бөгөөд даатгуулагч нь гэрээнд тусгайлан заасан эрсдэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тохиолдолд уг даатгалын гэрээг байгуулахгүй байх бүрэн боломжтой юм. Мөн дээрх журмын 4.5 дахь заалтад заасныг хэрэгжүүлээгүйгээс хохирсон гэж дүгнэсэн нь даатгуулагч, даатгагч нарын хооронд нэгэнт байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээг дүгнэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт нөлөөлөх үндэслэл болохгүй юм.
4.2.2 Түүнчлэн магадлалын 5.6 хэсэгт Мөн журмын 5.4.2-т “даатгагч энэ журмыг зөрчиж ипотекийн даатгалын гэрээ байгуулснаас үүдэн даатгуулагч хохирсон нөхцөлд хохирлыг даатгуулагчаар төлүүлэх” арга хэмжээ авах тухай заасан байна гэж үндэслэсэн байх боловч “Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам”-ын 5.4 Хороо нь энэ журмын хэрэгжилтэд хяналт тавих бөгөөд энэхүү журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэхээс гадна дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ: 5.4.2.Даатгагч энэ журмыг зөрчиж ипотекийн даатгалын гэрээ байгуулснаас үүдэн даатгуулагч хохирсон нөхцөлд хохирлыг даатгагчаар төлүүлэх гэж зааснаас үзэхэд зохицуулалттай, эрх бүхий байгууллагаас журам зөрчсөн эсэхийг тогтоогоогүй, шууд хамаарал шалтгаант холбоо байхгүй байхад хохирол учирсан гэж үндэслэлгүй дүгнэсэн байна.
Иймд тус шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хэрэг хянан шийдвэрлэх зарчимд нийцээгүй, хууль болон дүрэм, журам, заавар, гэрээний гол нөхцөлийн утга агуулгыг гуйвуулан буруу тайлбарласан байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э, Д.М нар хариуцагчийн төлөөлөгч Г.Цын хяналтын журмаар гаргасан гомдлыг эс зөвшөөрч “... давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан дүгнэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан. ...Магадлал хууль зүйн үндэслэл бүхий гарсан.” гэж хариу тайлбар ирүүлжээ.
6. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2022.12.23-ны өдрийн 001ШХТ2023/00003 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.
ХЯНАВАЛ:
7. Хариуцагчийн төлөөлөгч Г.Цын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахаас татгалзаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх үндэстэй гэж үзлээ.
8. Нэхэмжлэгч Г.Сго нь хариуцагч “АД” ХК-д холбогдуулан Даатгалын нөхөн төлбөрт 60,788,742 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба шаардлагын үндэслэлээ “...Г.Сго нь 2015.07.02-ны өдөр ХХБХХК-тай байгуулсан орон сууцны зээлийн гэрээнд үндэслэн “АД” ХК-тай 1920121856 тоот ипотекийн даатгалын гэрээ байгуулсан, ... орон сууц, зээлдэгчийн амь насыг даатган, хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувиар алдсан тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн зээлийг “АД” ХК бүрэн хариуцах тохиролцоог хийсэн. ... Даатгуулагч Г.Сго нь “МДМ” ХХК-д хүний нөөцийн ажилтнаар ажиллаж байгаад 2020.08.05-ны өдөр гэнэт цус харваж, ...2020.12.02-ны өдөр Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлаас тархины урд артерийн тромбозоос улбаалсан тархины шигдээс өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 90 хувиар буюу бүрэн алдсан акт гарсан. “МДМ” ХХК нь 2020.12.29-ний өдрөөр тасалбар болгон Г.Сгыг ажлаас чөлөөлсөн. ... цаашид хөдөлмөр эрхэлж, ипотекийн зээлээ үргэлжлүүлэн төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул “АД” ХК-аас даатгалын нөхөн төлбөрт орон сууцны зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 60,788,742 төгрөгийг гаргуулна.” гэж тодорхойлсон байна.
9. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “...Нэхэмжлэгчтэй байгуулсан даатгалын гэрээний 8 дугаар зүйлд нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүдийг тодорхой тусгасан, ...Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022.06.30-ны өдрийн 568 дугаар хариу албан бичигт Г.Сго нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээ тогтоолгосон өвчин нь олон улсын өвчний ердийн ангилалд хамаарна гэж тусгасан. Мөн хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан нь ердийн өвчнөөс болсон учир даатгуулагчтай байгуулсан даатгалын гэрээ нь дээрх тохиолдолд хамаарахааргүй байна. ...Санхүүгийн зохицуулах хорооны 210 дугаар тогтоолоор батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 2.2 дахь хэсэгт даатгагч нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэндийн даатгалаар дараах эрсдэлийг даатгана гэж заасан байдаг ба ердийн даатгалын хувьд гэж ялгасан. ... Мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2021.06.17-ны өдрийн 9/2161 тоот албан бичигт “АД” ХК-ийн нөхөн төлбөр олгохоос татгалзсаныг үндэслэлгүй гэж үзэхээргүй байна гэж дүгнэсэн нь бидний гаргасан шийдвэрийг хуулийн хүрээнд үнэн зөв шийдвэр гэдгийг давхар баталж байна. Даатгуулагчийн ашиг сонирхолд харшлахаар ямар нэг нөхцөлөөр даатгалын гэрээ байгуулаагүй бөгөөд даатгуулагч нь өөрөө хүлээн зөвшөөрч даатгалын гэрээнд гарын үсэг зурсан.” гэж маргасан байна.
10. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх “...даатгуулагчид гэрээний заалт түүний агуулгыг тайлбарлан ойлгуулаагүй, амь нас, эрүүл мэндийн даатгалын үндсэн эрсдэлүүдээс сонголт хийлгээгүйд даатгуулагч буруугүй ... даатгагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй ... даатгалын зүйл болох гэнэтийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 90 хувиар алдсан эрсдэл нь даатгалын тохиолдол” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
11. Зээлдүүлэгч “ХХБ” ХХК нь зээлдэгч Г.Сгод 77,000,000 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай зээлэхээр тохирч, 2015.07.01-ний өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулсан, уг гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банкны зээлийн гэрээ болох нөхцөл байдлын тухайд зохигч маргаагүй. Түүнчлэн уг зээлийн эрсдэлийг даатгуулах зорилгоор зээлдэгч Г.Сго нь “АД” ХК-тай 2019.09.24-ний өдөр Ипотекийн даатгалын гэрээ байгуулсан, тус даатгалын гэрээ нь 2020.09.22-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай бөгөөд гэрээ хүчин төгөлдөр байх үед зээлдэгч Г.Сго нь 2020.08.05-ны өдөр цус харваж, хөдөлмөрийн чадвараа 90 хувиар алдсан үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй. Эдгээр үйл баримт хэрэгт авагдсан даатгалын гэрээ, хөдөлмөрийн чадвар алдалтын 90 хувийг хугацаагүй сунгасан Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 2021.11.24-ний өдрийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон.
12. Зээлдэгч Г.Сго нь 2020.11.10-ны өдрийн байдлаар 60,788,742 төгрөгийг төлөөгүй, зээлийн үлдэгдэлтэй байгаа ба даатгалын гэрээний дагуу орон сууцны эрсдэлийн даатгалын хураамжид 131,400 төгрөг, зээлдэгчийн амь насны даатгалын хураамжид 63,330 төгрөг тус тус төлсөн нөхцөл байдал хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга, даатгагч буюу хариуцагч “АД” ХК-ийн тайлбар, зохигчийн хооронд байгуулсан даатгалын гэрээгээр тогтоогдсон.
13. Зохигч даатгалын гэрээний хүчин төгөлдөр байдал, даатгалын хураамж төлсөн эсэх асуудлаар маргаагүй бөгөөд гагцхүү даатгуулагч хөдөлмөрийн чадвараа 90 хувиар тогтонги алдах шалтгаан болсон цус харвалт нь даатгалын гэрээгээр хамгаалагдах эрсдэл мөн эсэх нь маргааны зүйл болжээ. Хоёр шатны шүүх уг асуудлаар зөрүүтэй дүгнэлт өгсөн байх ба анхан шатны шүүх “цус харвалт” нь талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан даатгалын эрсдэлд хамаарахгүй гэсэн бол давж заалдах шатны шүүх даатгалын гэрээ байгуулах тусгайлсан журмыг зөрчиж, гэрээний нөхцөлийн талаар тухайлан ойлгуулаагүй явдал нь цус харвалтыг даатгалын эрсдэлд хамааруулах үндэслэл болно гэж үзжээ.
14. Зохигчийн хооронд байгуулсан даатгалын гэрээ нь 10 бүлэгтэй, бүлэг тус бүр 3-21 хэсэг, 4-11 дэд хэсэг бүхий бүтэцтэй, харьцангуй жижиг үсгээр хэвлэгдсэн, бичгийн хэлбэр бүхий гэрээ байна. Даатгалын гэрээнд даатгалын зүйлийг 1) орон сууц, 2) амь нас, 3) гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувиар алдах явдал гэж тодорхойлсны зэрэгцээ даатгалын эрсдэлийг мөн гэрээний 3.1-д тав, 3.2-т хоёр тохиолдол байхаар жагсаан тодорхойлжээ. Улмаар гэрээний 3.3-т нэмэлт эрсдэл даатгуулахыг хүсвэл хураамж нэмж төлөх шаардлагатайг дурдсан боловч энэ хэсэгт ямар нэмэлт эрсдэл, хэдий хэмжээний нэмэлт хураамжийн талаар зохицуулсан нь тодорхойгүй байна. Харин тус гэрээний 3.4 дэх хэсэгт гэрээний даатгалын зүйлийн нийт үнэлгээ, хураамжийн хэмжээг зохицуулсан, ингэхдээ 3.3 дахь хэсгийг эш татаагүй нөхцөл байдал нь даатгуулагчийг төөрөгдүүлэх, тусгайлсан тайлбар, зөвлөмжгүйгээр арилжааны шинжтэй гэрээ байгуулах туршлагагүй энгийн хэрэглэгч шууд ойлгоход бэрхшээлтэй байдлаар томьёологджээ. Улмаар гэрээний 3.4-т даатгалын эрсдэлийг бусад зүйл заалтаас илүүтэй анхаарал татахуйц байдлаар хүснэгтлэн жагсаасныг хэрэглэгч шууд анзаарах боломжтой байна. Тус жагсаалтад “зүрх гэнэт зогсох”, “цус харвах” зэрэг эрсдэлийг тусгайлан бичиж, хураамж нь гэнэтийн ослын даатгалын хураамжийн дүнд багтахаар бага хэмжээтэй байхаар заажээ. Гэрээний 3.3 дахь хэсэг нь 3.4 дэх хэсэгтэй шууд хамааралтай нь илт ойлгогдохуйц томьёологдоогүйгээс даатгуулагч цус харвах, зүрх зогсох шалтгаанаар амь нас эрсдэх, эсхүл энэ шалтгаанаар хөдөлмөрийн чадвараа заасан хувь хэмжээгээр алдах нь даатгалын нөхөн төлбөрт хамаарах эрсдэл гэсэн ойлголт төрүүлэхүйц гэж үзэхээр байна.
15. Санхүүгийн зохицуулах хорооны 2018.06.06-ны өдрийн 210 дугаар тогтоолын хавсралтаар Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмыг батлан даатгалын салбарт уг журам хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Журмын Даатгалын гэрээний зохицуулалт, тавигдах шаардлага гэх дөрөвдүгээр бүлгийн 4.2-т даатгагч даатгалын гэрээнд нөхөн төлбөр олгох, нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлийг тодорхой, хоёрдмол утга санаагүй, бусдад шууд ойлгогдохоор үг хэллэгтэй байхаар тусгах бөгөөд нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлөөс бусад тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж үл болно гэж, 4.5-д Даатгагч, даатгалын зуучлагч нь даатгалын гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлага, даатгалын хураамжийг даатгуулагчид танилцуулж, энэ журмын 3 дугаар хавсралтад заасан Мэдүүлгийн маягтын загварын дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулсан байна гэж заажээ.
16. Гэвч даатгагч “АД” ХК нь нэхэмжлэгч Г.Сгод даатгалын гэрээний нөхцөл шаардлагыг танилцуулж, мэдүүлгийн маягтын загварын дагуу мэдээллийг авч нэхэмжлэгчээр баталгаажуулсан эсэх нь тодорхойгүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Энэ талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. Даатгалын гэрээ нь стандарт нөхцөл бүхий гэрээ байхын зэрэгцээ уг гэрээний боловсруулалт, бичигдсэн техник, үсгийн фонд, хэлбэрийн онцлог байдал нь даатгагч гэрээ байгуулах үедээ даатгуулагчид тайлбар зөвлөмж өгсөн байх, даатгалын эрсдэлийн талаарх үндсэн ба нэмэлт нөхцөлийн ялгаа заагийг ойлгомжтой байдлаар тусгасан байхыг зүй ёсоор шаардахаар байна.
17. Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг стандарт нөхцөл гэж үзэхээр заасан. Зохигчийн хооронд байгуулсан гэрээний хэвшсэн хэлбэр, хэрэглэгчид санал болгож байгаа арга зам, гэрээ байгуулах санал гаргагчийн үйл ажиллагааны онцлог зэргээс уг гэрээ нь бүхэлдээ стандарт нөхцөл бүхий гэрээ байна. Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-д стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлахаар зохицуулсан. Мөн Ипотекийн даатгалын журмын 5.4.2-т даатгагч энэ журмыг зөрчиж ипотекийн даатгалын гэрээ байгуулснаас үүдэн даатгуулагч хохирсон нөхцөлд хохирлыг даатгуулагчаар төлүүлэх арга хэмжээ авах тухай заасан байна.
18. Иймд Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-д заасны дагуу маргаан бүхий тохиолдолд цус харвасны улмаас хөдөлмөрийн чадвараа 90-ээс дээш хувиар алдсан нөхцөл байдал нь даатгалын гэрээний эрсдэлд хамаарна гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байх тул хариуцагчийн төлөөлөгч Г.Цын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Н.БАЯРМАА
Б.МӨНХТУЯА