Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2022/0384

 

 

 

     

                                

 

   2022          05          18                                           0384

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “Х*********” ГХОХХК

Хариуцагч: Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.У*********,

Гуравдагч этгээд: Н.М********* нарын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У*********, хариуцагч Б.У*********, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М*********, түүний өмгөөлөгч Ж.Г********* оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гомдол гаргагчийн гомдлын шаардлага:

1.1. Гомдол гаргагч шүүхэд Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн *дугаартай шийтгэлийн хуудас, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны даалгаврыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шат эхлэхээс өмнө эцсийн байдлаар уг гомдлын шаардлагаа дэмжиж байгаагаа илэрхийлсэн болно.

Хоёр: Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Иргэн Н.М********* “Х*********” ГХОХХК-ийн захирлын 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 18 тоот тушаал[1]-аар хүний нөөцийн мэргэжилтний албан тушаалд томилогдон ажиллаж байсан бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст хандан “...Х*********” ГХОХХК  миний 2019 оны 04 дүгээр сараас хойш нийгмийн даатгалын шимтгэлийг төлж ирсэн хэр нь цалин хөлсийг тогтоосон хугацаанд огт олгохгүй байгаа үйлдэл нь зөрчлийн шинжтэй байх тул зохих журмын дагуу зөрчлийн хэрэг нээн шалгаж, учруулсан хохирол болох 15,062,660 төгрөгийн хохирлыг гаргуулах” агуулга бүхий гомдол[2]-ыг гаргажээ.

2.2. Тус гомдлыг Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн улсын байцаагч Б.У*********  2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны тогтоол[3]-оор *дугаар зөрчлийн хэргийг нээн шалгасан байна.

Улмаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулан 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн тогтоосон” гэж үзэн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн *тоот шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-д заасныг баримтлан “Х*********” ГХОХХК-ийг 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж[4], 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны даалгавар[5]-аар 9,789,087 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхийг даалгаж шийдвэрлэсэн.

2.4. “Х*********” ГХОХХК-аас тус шийтгэлийн хуудас болон эрх бүхий албан тушаалтны тогтоолыг эс зөвшөөрч 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргад гомдол[6] гаргасан байх ба тус газраас 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 02-15/12 дугаар албан бичиг[7]-ээр “...тус хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.У*********ын 2021 оны *дугаартай зөрчлийн хэргийн шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлоо 30 хоногийн дотор Захиргааны хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү” гэх хариуг өгчээ.

2.4.Тус албан бичгийн дагуу гомдол гаргагчаас маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр анх шүүхэд нэхэмжлэлээ гаргаснаар[8] шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан бөгөөд энэ үйл ажиллагааны явцад гомдол гаргагчаас тэтгэмж болох 5,000,000 төгрөгийг Н.М*********д олгосон болно.[9]

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдлын шаардлагын үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...“Х*********” ГХОХХК нь Боловсрол, шинжлэх ухааны яамны тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг. Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн улсын байцаагч Б.У********* нь Н.М*********ийн гомдлын дагуу 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-т “...ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан” гэж заасны дагуу шийтгэлийн хуудас ногдуулсан.

1. Хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй”, 1.1-д “энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн”, 4-т “Энэ хуулийн тусгай ангид зөвхөн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахаар заасан бол торгох шийтгэлийн хэмжээг арав дахин багасгаж энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээтэй дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно” гэж заасны дагуу 100-5000 нэгжтэй торгох шийтгэлийн хөөн хэлэлцэх хугацаа 6 сар байна. Гэтэл улсын байцаагч нь 2019-2020 онуудад цалин хөлс олгоогүй гэх маргаанд 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зөрчлийн хэрэг нээсэн. Иймд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж хуулийг зөрчсөн.

2. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчсөн. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.3-т “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ” гэж заасан. Энэ хэрэгт удирдамж гарсан зүйл байдаггүй.

3. Хэргийн харьяалал зөрчсөн. Ажилтны цалин хөлстэй холбоотой маргааныг Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажилтан, ажил олгогчийн хоорондын ганцаарчилсан маргаан гэж үздэг. Н.М********* манай байгууллагад ажиллаж байх хугацаандаа 2016, 2018, 2020 онуудад дараалан төрсөн. Н.М********* нь манай байгууллагад ажиллаж байгаагүй ч Солонгосын визэнд орохын тулд нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлж, нийгмийн даатгалын шимтгэлээ өндрөөр төлүүлсний хариуд зарим визний асуудалд тусалъя гэсэн тохиролцоонд хүрсэн. 2020 оноос жирэмсний амралтаа аваад үргэлжлүүлэн хүүхэд асрах чөлөө авсан. Уг хугацаанд манайх нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлж байсан. Н.М********* ийн хувьд цалин хөлс аваагүй гэж үзэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаад явах боломжтой. Өөрөөр хэлбэл авах ёстой цалин хөлсийг нь бид хоцроосон бол захиргааны зөрчлийн маргаан болох байх. Гэтэл Н.М********* нь авах ёсгүй цалин хөлсөө нэхэмжилж байгаа тул иргэний маргаан юм. Өөрөөр хэлбэл авах ёстой цалин хөлсийг хохироосон нь захиргааны маргаан болох ч манай байгууллага тогтоосон хугацаанд цалин хөлсийг өгөөгүй бус цалин хөлс олгох ёсгүй байсан тул энэ үйл баримт иргэний журмаар тогтоогдох ёстой. Түүнчлэн эрх бүхий албан тушаалтны шийдвэрлэх асуудал биш.

4. Н.М*********ийн гомдлын дагуу шийдвэрлэхдээ бодит нөхцөл байдлыг үнэн зөвөөр тогтоож чадаагүй. Н.М*********ийн хүсэлт, гэрч н.Н*********-ийн мэдүүлгээр “Х*********” ГХОХХК нь яагаад Н.М*********ийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх болсон нь нотлогдоно. Н.М*********ийн Монгол улсын хилээр орсон, гарсан талаарх лавлагаа, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээр хэргийн нөхцөл байдлыг үнэн зөв тогтоож чадаагүй. Н.М********* нь 2019 оны 07 дугаар сард Монгол Улсын хилээр гараад, 2019 оны 09 дүгээр сард орж ирсэн. 2019 оны 10 дугаар сард гарч, 2019 оны 11 дүгээр сард орж ирсэн. 2019 оны 11 дүгээр сард гараад, 2020 оны 01 дүгээр сард орж ирсэн. Энэ хугацаанд Н.М********* ийг ажлаа гэрээсээ хийж байсан, ажилтнуудын визийг хөөцөлдөж ажлыг нь хийдэг байсан гэх боловч энэ үйл баримт нь хилээр орсон, гарсан лавлагаагаар үгүйсгэгдэж байгаа. Н.М********* нь 2020 онд хүүхэд гаргасан. Эдгээр нөхцөл байдлыг зөв тогтоож чадаагүй. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу шийтгэлийн хуудас, эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байна.

Эрх бүхий албан тушаалтны даалгавар хүчинтэй байснаар манай байгууллага биелүүлэх үүрэгтэй болох тул хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан. Зөрчлийн тухай хуульд заасан 6 сарын хөөн хэлэлцэх хугацаа тоологдох ёстой. Хөдөлмөрийн улсын байцаагч нь цалинг олгохоор шийдвэрлэх эрхтэй этгээд мөн эсэх буюу иргэний хэргийн шүүхийн үйл ажиллагаанд халдсан харагдаж байна. Цалин олгох эрх хэмжээ байхгүй гэж үзэж байгаа...” гэв.

3.2. Хариуцагч Б.У********* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Н.М*********ийн гаргасан өргөдөл гомдлыг хүлээн авч 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно” гэж заасныг үндэслэн зөрчлийн хэрэг нээж шалгасан. Зөрчил одоо болтол үргэлжилж байгаа тул зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй.

Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-т “ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан” гэж заасан зөрчилд аж ахуйн нэгжийг 5000 нэгжээр торгох санкцтай. Зөрчлийн тухай хуулийг баримтлан хяналт шалгалт явуулсан тул заавал удирдамжийн дагуу хяналт шалгалт хийх шаардлагагүй юм.

Н.М********* тус байгууллагад ажиллаж байгаад ажилласан хугацааны цалин хөлсөө аваагүй нь тогтоогддог. Нэхэмжлэгчийн талаас Н.М*********ийг 2018 оноос хойш энэ байгууллагад огт ажиллаагүй гэдэг боловч захирал "Ж*********"-ийН 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ээлжийн амралтын олговрыг ажилласан жилээр тооцож олгох талаарх 62 дугаар тушаал, Санхүүгийн албаны даргын 2020 оны 06 дугаар сард ээлжийн амралтын тооцоо олгох тухай баримтууд, 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ээлжийн амралт олгох тухай А/29 дүгээр тушаалын хавсралтаар ээлжийн амралтын олговрыг олгосон байх тул Н.М********* нь 2018 оноос хойш тус сургуульд огт ажиллаагүй гэдэг нь үндэслэлгүй. Тиймээс ажилласан хугацааны цалин хөлсийг нөхөж олгох нь зүй ёсны хэрэг юм.

Тухайн байгууллагад Н.М********* ажиллаж байсан талаарх 2019, 2020 онуудад ээлжийн амралтын олговор олгосон тушаалууд, гэрчүүдийн мэдүүлгүүд бий. Огт ажиллаагүй хүнд ээлжийн амралтын олговор олгох тушаал гаргах боломжгүй. Тухайн байгууллагад ажиллаж байсан учраас ээлжийн амралтыг нь тооцож олгож байсан. Цалин хөлсөө хэрхэн тохиролцсон болохыг мэдэхгүй байна.

Н.М********* ийн тухайн байгууллагын хүний нөөцөд ажиллаж байсан тушаал байдаг гэдэг ч Н.М********* ийн оронд Г.Д********* гэх хүн тухайн албан тушаалыг хашиж байсан учраас манай байгууллага давхардуулан 2-3 хүн цалинжуулах боломжгүй гэж тайлбарладаг. Гэвч Г.Д********* ын 2019 оны 01 дүгээр сараас 2020 оны 06 дугаар сар хүртэл, Р.Д нь 2019 оны 01 дүгээр сараас зөрчлийн хэрэг нээсэн үе хүртэл Н.М********* тэй хамт тус байгууллагад Захиргаа, хүний нөөцийн албанд хамт ажиллаж байсан нь тус байгууллагын цалин хөлсний хүснэгтээр тогтоогдсон...” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М********* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Манай үйлчлүүлэгчийн 2021 онд ажилласан цалин хөлсийг нөхөн гаргуулах бие даасан шаардлагыг шүүх хүлээж аваагүй. Хариуцагчийн гаргасан шийтгэлийн хуудас, эрх бүхий албан тушаалтны даалгавар хууль зүйн үндэслэлтэй. Н.М********* нь 2014 оноос хойш “Х*********” ГХОХХК-д ажиллаж байсан. 2016, 2018, 2020 онуудад хүүхэд төрүүлсэн нь, 2019 оны 4 дүгээр сараас 2020 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд Солонгос улс руу явсан нь үнэн ч ажлаа цалгардуулалгүй ажлаа хийгээд явж байсан. Манай зүгээс байцаагчийн 2019 оны 4 дүгээр сараас 2020 оны 12 дугаар хүртэлх хугацааны цалин хөлсийг тооцож олгохыг даалгасан эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хүлээн зөвшөөрч байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад ажлаа хийж байсан нь нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан, ээлжийн амралтын олговроор тогтоогдож байгаа. Хүнийг нэг өдөр ажиллуулсан ч цалин хөлсийг нь олгох ёстой...” гэв.

   ҮНДЭСЛЭХ нь:

Дөрөв. Хэргийн харьяаллын тухайд:

4.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн  зорилт  нь  хүн,  хуулийн  этгээдээс   захиргааны  байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, 6.10, 6.11, 6.12, 6.14, 6.15, 6.16, 6.17, 6.18, 6.19, 6.20, 6.21, 6.22, 6.23, 6.24, 6.25, 6.27, 6.28, 6.31 дэх заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ.”, мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10 дах хэсэгт “мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ... 10.16 дугаар зүйлд заасан зөрчил”, Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлд “Хөдөлмөрийн тухай хууль зөрчих” гэж тус тус заасны дагуу уг маргааныг харьяалан шийдвэрлэхээр байна.

4.2. Иймд хэргийн харьяаллыг зөрчиж үйлдсэн гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзлээ.

 

Тав. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд:

5.1. “Х*********” ГХОХХК-ийн захирлын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/32 дугаар тушаалаар жирэмсний болон амаржсаны, хүүхэд асрах чөлөө авч, албан үүргээс түр чөлөөлөгдсөн[10] байх ба 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр анх Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст гомдол гаргасан бөгөөд дээрхээс үзвэл Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй:, 1.2.энэ хуульд хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн;”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Гомдол, бусад баримт бичгийг хугацаа дуусахын өмнө...өгсөн... бол хугацаа хэтэрсэнд тооцохгүй” гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна.

 5.2. Хэдийгээр шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзээгүй боловч зөрчлийг 2019 оны 4 дүгээр сараас 2020 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд үйлдэгдсэн гэж үзсэн атлаа зөрчил одоо хүртэл үргэлжилж байгаа гэж тайлбарлаж буй хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм.

Зургаа. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

6.1. Гомдол гаргагчаас “...Н.М********* нь тухайн хугацаанд манайд ажиллаж байгаагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд уг маргааныг иргэний журмаар шийдвэрлүүлэх байсан” гэж, хариуцагчаас “...Зөрчлийн материал авагдсан баримтаар Н.М********* нь тухайн хугацаанд ажиллаж байсан нь бүрэн нотлогдсон, зөрчлийн хувьд үргэлжилсэн шинжтэй байх тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн зүйл байхгүй...” гэж, гуравдагч этгээдээс “...шийтгэлийн хуудас, эрх бүхий албан тушаалтны даалгавар хууль зүйн үндэслэлтэй гарсан. Н.М********* нь тус хугацаанд ажлаа хийж байсан...” гэж тус тус тайлбарлан маргасан.

6.2. Хавтас хэрэгт иргэн Н.М*********ийг 2019 оны 4 дүгээр сараас 2020 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд “Х*********” ГХОХХК-д ажиллаж байсан эсэх талаар гэрч Х.М*********ын “...би 2020 оны 10 дугаар сард гарсан. 2019 оныг дуустал ажиллаад үргэлжлүүлж ажиллаагүй гэртээ байсан. Тэр хугацаанд Н.М********* ажиллаж байсан,...К********* дарга над руу багш нарын визний асуудлаас болж хааяа Н.М********* утсаа авахгүй байна, яаж холбогдох вэ, визний талаар юм хэлмээр байна гэж ярьдаг байсан. Би Н.М*********ийг ажиллаж байгаа юм байна гэж ойлгосон...” гэх мэдүүлсэн[11], Х*********” ГХОХХК-аас Н.М*********д 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 62 дугаар “Ээлжийн амралт олгох тухай” тушаал[12], “Х*********” ГХОХХК-ийн захирлын 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 318 тоот итгэмжлэл[13], 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 162 тоот итгэмжлэл[14] зэрэг бичгийн нотлох баримтуудаар иргэн Н.М********* “Х*********” ГХОХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ хэрэгжүүлж байсан гэж үзэхээр байх тул тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн  42.1.3-д заасан “гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах” үндсэн эрхээр хангагдах нь зүйд нийцнэ.

6.3. Харин Н.М*********-ийн Солонгос улс руу удаа дараа зорчиж байсан талаарх үйл баримтын хувьд “Х*********” ГХОХХК-иас энэ талаар өмнө ямар нэг гомдол гаргаж байгаагүй, түүнийг байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй болохыг шалгаж, тогтоон шийдвэрлэсэн баримтгүй байх тул энэ тухай гомдол гаргагчийн төлөөлөгчийн тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

6.4. Энэ тохиолдолд “Х*********” ГХОХХК  шаардлагатай тохиолдолд гэрээний чөлөөт байдлын зарчмыг баримтлан талууд өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн тусгайлан гүйцэтгүүлэх ажил, зарим хязгаарлалт болон нэмэгдэл баталгааг тусгайлан нэрших байдлаар хөдөлмөрийн гэрээний нөхцөлөө тухай бүр тохиролцох байдлаар гэрээг шинэчлэх, өөрчлөх замаар дахин байгуулаагүй атлаа өөрийн хүсэл зоригт нийцүүлэн цалин олгохгүйгээр нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх байдлаар тохиролцсон гэж тайлбарлаж байгаа нь гомдол гаргагчийг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжид нийцүүлэн ажиллах үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэхээр байна.

6.5. Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл хариуцагч Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.У********* нь хуульд заасан эрх хэмжээний хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, холбогдох зөрчлийг тогтоож, хуульд заасан шийтгэл ногдуулсан үйл ажиллагаа нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2-т “Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаас гадна дараах эрх эдэлнэ:, 162.2.5.иргэн болон хуулийн этгээдэд учруулсан хохирлыг нөхөн төлүүлж илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах талаар арга хэмжээг авах;”, мөн хуулийн 104 дүгээр зүйлийн 104.7-д “Хууль тогтоомжийн дагуу олговол зохих цалин хөлс, олговрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, ...бол буруутай этгээдэд энэ хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”, Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-т “ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан” гэж заасантай нийцэж байна.

6.6. Иймд Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн *дугаартай шийтгэлийн хуудас, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хууль бус болох, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул тэдгээр захиргааны актуудыг хүчингүй болгуулах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо.

6.7. Эцэст нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:, 31.1.1. “хяналт шалгалт” гэж иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/, түүнчлэн үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолборыг;” ойлгохоор заасан бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь тухайн байгууллагын үйл ажиллагааг дүгнэхэд чиглэгдээгүй, харин Зөрчлийн тухай хуульд шийтгэл оногдуулахаар заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг үйлдсэн эсэхийг хянах зорилгоор хийгдсэн ажиллагаа байх тул уг ажиллагааг төрийн хяналт шалгалттай холбон тайлбарлаж байгаа гомдол гаргагчийн тайлбар үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3, 162 дугаар зүйлийн 162.2, 104 дүгээр зүйлийн 104.7, Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-т заасныг баримтлан “Х*********” ГХОХХК-аас гаргасан Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн *дугаартай шийтгэлийн хуудас, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны даалгаврыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу тус тус хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.БАТБААТАР

 

 

 

 

 

[1] - Хавтаст хэргийн 39 хуудас

[2] 1Зөрчлийн хэргийн материал 6 хуудас

[3] 1Зөрчлийн хэргийн материал 2-3 хуудас

[4] Хавтаст хэргийн 78 хуудас

[5] Хавтаст хэргийн 79 хуудас

[6] Хавтаст хэргийн 24-26 хуудас

[7] Хавтаст хэргийн 27 хуудас

[8] Хавтас хэргийн 61 хуудас

[9] Хавтас хэргийн 132-134 хуудас

[10] 1Зөрчлийн материал 122 хуудас

[11] 1Зөрчлийн материал 106 хуудас

[12] 1Зөрчлийн материал 118 хуудас

[13] 2Зөрчлийн материал 109 хуудас

[14] 2Зөрчлийн материал 107 хуудас