Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 1376

 

 

 

 

 

 

 

 

 

 

 “Э ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2018/01138 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Э ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Х-д холбогдох

 

30 789 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э ББСБ” ХХК нь Г.Х-тэй 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 15-272 дугаартай зээлийн гэрээ байгуулж 15 000 000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Фолксваген Амарок маркийн, 89-33 УНД улсын дугаартай автомашиныг фидуцийн гэрээ байгуулж барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн хүүнд 4 620 230 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхгүй байгаа ба зээлдүүлэгчийн зүгээс зээлээ төлөх шаардлага, мэдэгдэл өгч ажилласан боловч өнөөдрийг хүртэл зээлээ бүрэн төлж барагдуулаагүй. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу Г.Х-гээс зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 15 000 000 төгрөг, зээлийн хүү 13 157 500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 631 500 төгрөг, нийт 30 789 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн болон фидуцийн гэрээг нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байгуулаагүй. “Эко капитал ББСБ” ХХК нь хуулийн этгээдийн статустай, тусгай зөвшөөрөлтэй байгууллага. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 11 дүгээр зүйлийн 11.1.10-т зааснаар Б.Лхагвасүрэн гэдэг хүн уг хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй байна. Гэтэл дээрх үйлдсэн гэрээнүүдэд Б.Лхагвасүрэн гэдэг хүн гарын үсэг зураагүй. Хэрэв менежер нь ч юм уу гарын үсэг зурах шаардлагатай юм бол тэр нь улсын бүртгэлд тус компанийн гүйцэтгэх захирлаар бүртгүүлсэн байх ёстой. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, зээлийн гэрээний 3 дугаар зүйлд зааснаар зээлийн гэрээг 3 сарын хугацаатай гэж, мөн 4.4-д зээлийн гэрээг бичгээр харилцан тохиролцож, сунгаж болохыг заасан байна. Гэвч талууд гэрээний хугацааг сунгаагүй. Нэхэмжлэгч 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шаардах эрх нэгэнтээ үүсчихсэн байгаа асуудал дээр 2017 оныг дуустал юу ч хийгээгүй. Үүнд нэхэмжлэгч талын буруутай үйл ажиллагаа байна. Нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүйн төлөө золиосонд Г.Х- орсон. Энэ нь шударга биш. Иймд 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөр төлөх үндэслэлгүй. Зээлдэгч нийт 7 удаагийн эргэн төлөлтийг хийсэн. Эдгээр нь дандаа хугацаа хэтрэлттэй эргэн төлөлтүүд байдаг. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д зааснаар эхлээд үндсэн үүрэг, дараа нь хүүг тооцох зарчмаар хандах ёстой тул тооцоолол дээр маргаж байгаа. Тооцоолол хийгээд үзэхээр зээлдэгчээс төлсөн 4 620 230 төгрөгийг үндсэн зээлээс хасах бүрэн үндэслэл байна. Ингээд 15 000 000 төгрөгөөс 4 620 230 төгрөгийг хасаад 10 379 770 үлдэнэ. Үүн дээрээ үндсэн хүү болох 1 912 500 төгрөг, дээр нь нэмэгдүүлсэн хүү болох 382 500 төгрөгийг нэмээд нийт 12 674 770 төгрөгийг хэрэв зээлийг хүчин төгөлдөр гэж үзэх юм бол хариуцагч төлөх ёстой. Иймд Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 56 дугаар зүйлийн 56.1.5, 56.1.8-д заасан үндэслэлүүд байх тул тэдгээрийг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар  зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Х-гээс нийт 27 052 577 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Э ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 736 423 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 311 895 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 293 213 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2018/01138 дугаар шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч байх тул дараах гомдлыг гаргаж байна.

1. Талууд 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 15-272 дугаартай Зээлийн гэрээг
байгуулсан. Энэхүү гэрээний 3.4 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор
байгуулсан фидүцийн гэрээ нь гэрээний салшгүй хэсэг байна гэж заасан. Талууд 2015 оны 12-р сарын 16-ны өдөр 15-272 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийг гэрээний 3.3, 3.5 дуграар зүйлд заасны дагуу Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 17 /10+7/ хоногийн дараа худалдан борлуулж хохиролоо барагдуулахаар заасан. Гэвч нэхэмжлэгч тал Зээлийн гэрээ болон Фидуцийн гэрээнд заасны дагуу Зээлийн гэрээг цуцлаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг худалдан борлуулахаар харилцан тохиролцсон тохиролцооноос гадуур шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, Зээлийн гэрээний дагуу 2016 оны 03 дугаар сарын 10-ны дотор үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн гэрээний 6.2.4, 9.2 дугаар зүйлд заасны дагуу гэрээг цуцлан эд хөрөнгийг худалдан борлуулж хохиролоо барагдуулахаар талууд харилцан тохиролцсон тохиролцооноос өөр байгаа болно.

2. Нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан нэхэмжлэлд Г.Х-гээс 30 789 000
төгрөгийг гаргуулахаар шаардсан. Гэтэл талуудын хоорондын гэрээ, хэлцлүүдэд энэ
талаар тусгагдаагүй байна. Тодруулбал, талууд Зээлийн гэрээ байгуулж түүнийхээ үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд эд хөрөнгийг нь борлуулах журмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон. Гэрээний дээрх зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч тал эд хөрөнгийг борлуулах замаар хохиролгүй болох, энэ ажиллагааг хийхэд ямар нэг саад учирсан тохиолдолд шүүхэд маргаан, нэхэмжлэл гаргахаар зохицуулсан талуудын хоорондын гэрээ хэлцэл хүчин төгөлдөр байна.

Фидуцийн гэрээний ач холбогдол, түүний агуулгыг нэхэмжлэгч тал бүрэн ойлгоогүйн улмаас төөрөгдөж шүүхэд хандсан нь буруутгах аргагүй. Гэвч анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг үл хайхран Иргэний хуульд заасан фидуцийн гэрээний талаар ямар нэгэн хууль зйн дүгнэлт өгөөгүй нь гэрээг ямар ч ач холбогдолгүй зүйл болгон хувиргалаа. Өөрөөр хэлбэл, нэгэнт Зээлийн гэрээний маргааан шүүхээр хянан шийдвэрлэгдсэн тохиолдолд Фидуцийн гэрээг хамтад нь дүгнэн маргааныг нэг мер шийдвэрлэх учиртай. Ингэлгүйгээр фидуцийн гэрээ нь Зээлийн гэрээний салшгүй нэг хэсэг гэсэн ойлголтыг үгүйсгэн шийдвэрлэсэн нь хууль зүйн өөр үр дагаварыг бий болгож байна. Энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн шаардлагыг хангахгүй байгаад зогсохгүй Зээлийн гэрээний дагуу төлбөр гаргуулах уу Эсхүл Фидуцийн гэрээний дагуу эд хөрөнгийг гаргуулах уу гэсэн ойлгомжгүй нөхцөл байдлыг бий болгосон гэж үзэхээр байна.

3. Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрт заасны дагуу тооцоолол хийхэд нийт үндсэн зээлийн үлдэгдэл нь 11 624 900 төгрөг гарч байгаа бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэлт 671 258 төгрөгөөр зөрүүтэй байна. /15 000 000 - 38 842 - 101 580 - 656 830 - 696 320 - 675 000 - 692 100 - 500 000 =11 624 900 төгрөг/

Эндээс үзвэл анхан шатны шүүхийн шийдвэрийн тооцоолол хэсэгт үндсэн зээлийн үлдэгдэл  12 296 158 төгрөг гэсэн нь үндэслэлгүй болох нь илэрхий харагдаж байна.

Нөгөө талаар Фидуцийн гэрээний шаардлагыг хамтад нь шийдвэрлэх боломжтой байхад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа энэ талаар тусгаагүй байгаа нь хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн шийдвэрлэх боломжгүй байсан гэж үзнэ.

Иймээс шийдвэрийг хүчингүй болгон дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн  боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

 

Нэхэмжлэгч “Эко капитал ББСБ” ХХК-аас хариуцагч Г.Х-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 15 000 000 төгрөг, хүү 13 157 500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 631 500 төгрөг, нийт 30 789 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “...гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардаагүй цаг хугацаа алдсанд нэхэмжлэгч буруутай, ...үүргийг хангах дарааллыг буруу тооцсон буюу тооцоолол алдаатай, ...зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, 56.1.8-д заасан үндэслэлд хамаарна” гэж маргажээ.

 

Талуудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 15-272 дугаартай зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулагдаж, хариуцагч нь 15 000 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, сарын 4.5 хувийн хүүтэй нэхэмжлэгчээс зээлж, үүргийн гүйцэтгэлийн биелэлтийг хангуулахаар хариуцагч нь WV1ZZZ2HZCA046079 арлын дугаартай, 89-33 УНД улсын дугаартай, 2012 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн “Волксваген амарок” /Wolkswagen Amarok/ маркийн автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн байх ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан зээл болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний харилцаа тус тус үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. /хэргийн 6-8, 15-16 дугаар тал/

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, 56.1.8-д заасан үндэслэлүүд хамаарч байгаа” гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох үндэслэл тогтоогдохгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр дуусаж, талууд гэрээний хугацааг сунгаагүй байх бөгөөд хариуцагч нь гэрээний хугацаанд 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 10 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 562 500 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 682 630 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 656 830 төгрөг, бүгд  1 911 960 төгрөг, гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 696 320 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 675 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 692 100 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 500 000 төгрөг, бүгд 2 563 420 төгрөг, нийт 4 475 380 төгрөг төлсөн талаар маргаагүй байна. Шүүх гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш төлсөн төлбөрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үндсэн зээлээс хасч тооцох талаар зөв дүгнэсэн боловч хүүгийн хэмжээг буруу тооцсон байна.

 

Мөн талууд зээлийн гэрээний 4.8-д “зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөгдөөгүй үндсэн өрийн үлдэгдлээс өр үүссэн үндсэн хүүг 20 хувиар нэмэгдүүлэн тооцож, зээл төлөгдөж дуустал үндсэн хүүг тус тус тооцож авна.” гэж заасан байгаа нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээгээр тохиролцож болох тухай зохицуулалтыг зөрчсөн байх тул нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй байна. Гэтэл анхан шатны шүүх нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас гаргуулсан нь буруу байна.

 

Иймээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн үлдэгдэл төлбөр 11 807 800 төгрөг, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсний хүү 11 733 313 төгрөг, нийт 23 541 113 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2018/01138 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Х-гээс нийт 23 541 113 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Э ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 247 887 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтын “293 213” гэснийг “275 655” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293 213 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ   

 

                                              ШҮҮГЧИД                            Ч.ЦЭНД

                       

                                                                                           С.ЭНХТӨР