Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 1138

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Махатма гандийн гудамж, Галакси тауэр, 1004 тоотод байрлах “Экокапитал ББСБ” ХХК /РД: 5419115/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ард аюуш гудамж, 13 дугаар байр 111 тоотод оршин суух, Бэсүд чандмань овогт Ганбаатарын Хонгорхүү /РД: ЧЛ82113011/-д холбогдох

 

30 789 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Экокапитал ББСБ” ХХК-ийн төлөөлөгч Б.Лхагвасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Экокапитал ББСБ” ХХК нь Г.Хонгорхүүтэй 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 15-272 дугаартай зээлийн гэрээ байгуулж 15 000 000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож “Фолксваген Амарок” маркийн, 89-33 УНД улсын дугаартай автомашиныг фидуцийн гэрээ байгуулж барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн хүүнд 4 620 230 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхгүй байгаа ба зээлдүүлэгчийн зүгээс зээлээ төлөх шаардлага, мэдэгдэл өгч ажилласан боловч өнөөдрийг хүртэл зээлээ бүрэн төлж барагдуулсангүй. Энэ нь манай байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Иймд Иргэний Хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу Г.Хонгорхүүгээс зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 15 000 000 төгрөг, зээлийн хүү 13 157 500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 631 500 төгрөг, нийт 30 789 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Хонгорхүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн болон фидуцийн гэрээг нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байгуулаагүй. “Эко капитал ББСБ” ХХК нь хуулийн этгээдийн статустай, тусгай зөвшөөрөлтэй байгууллага. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 11 дүгээр зүйлийн 11.1.10-т зааснаар Б.Лхагвасүрэн гэдэг хүн уг хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй байна. Гэтэл дээрх үйлдсэн гэрээнүүдэд Б.Лхагвасүрэн гэдэг хүн гарын үсэг зураагүй. Хэрэв менежер нь ч юм уу гарын үсэг зурах шаардлагатай юм бол тэр нь улсын бүртгэлд тус компанийн гүйцэтгэх захирлаар бүртгүүлсэн байх ёстой. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, зээлийн гэрээний 3 дугаар зүйлд зааснаар зээлийн гэрээг 3 сарын хугацаатай гэж, мөн 4.4-д зээлийн гэрээг бичгээр харилцан тохиролцож, сунгаж болохыг заасан байна. Гэвч талууд гэрээний хугацааг сунгаагүй. Нэхэмжлэгч 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр шаардах эрх нэгэнтээ үүсчихсэн байгаа асуудал дээр 2017 оныг дуустал юу ч хийгээгүй. Үүнд нэхэмжлэгч талын буруутай үйл ажиллагаа байна. Нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүйн төлөө золиосонд Г.Хонгорхүү орсон. Энэ нь шударга биш. Иймд 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөр төлөх үндэслэлгүй. Зээлдэгч нийт 7 удаагийн эргэн төлөлтийг хийсэн. Эдгээр нь дандаа хугацаа хэтрэлттэй эргэн төлөлтүүд байдаг. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д зааснаар эхлээд үндсэн үүрэг, дараа нь хүүг тооцох зарчмаар хандах ёстой тул тооцоолол дээр маргаж байгаа. Тооцоолол хийгээд үзэхээр зээлдэгчээс төлсөн 4 620 230 төгрөгийг үндсэн зээлээс хасах бүрэн үндэслэл байна. Ингээд 15 000 000 төгрөгөөс 4 620 230 төгрөгийг хасаад 10 379 770 үлдэнэ. Үүн дээрээ үндсэн хүү болох 1 912 500 төгрөг, дээр нь нэмэгдүүлсэн хүү болох 382 500 төгрөгийг нэмээд нийт 12 674 770 төгрөгийг хэрэв зээлийг хүчин төгөлдөр гэж үзэх юм бол хариуцагч төлөх ёстой. Иймд Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 56 дугаар зүйлийн 56.1.5, 56.1.8-д заасан үндэслэлүүд байх тул тэдгээрийг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Экокапитал ББСБ” ХХК нь хариуцагч Г.Хонгорхүүд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 15 000 000 төгрөг, хүү 13 157 500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 631 500 төгрөг, нийт 30 789 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардаагүй цаг хугацаа алдсанд нэхэмжлэгч буруутай, ...үүргийг хангах дарааллыг буруу тооцсон буюу тооцоолол алдаатай, ...зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, 56.1.8-д заасан үндэслэлд хамаарна” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 15-272 дугаартай зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулагдаж, хариуцагч нь 15 000 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл сарын 4.5 хувийн хүүтэй нэхэмжлэгчээс зээлж, үүргийн гүйцэтгэлийн биелэлтийг хангуулахаар хариуцагч нь WV1ZZZ2HZCA046079 арлын дугаартай, 89-33 УНД улсын дугаартай, 2012 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн “Волксваген амарок” /Wolkswagen Amarok/ маркийн автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн байна. Хэрэгт авагдсан баримтаар дээрх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь, зээлийн гэрээг нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Б.Лхагвасүрэн баталж, гарын үсэг зурж, тамга дарсан байх бөгөөд нэг талаас буюу зээлдүүлэгчийг төлөөлж зээлийн мэргэжилтэн Г.Ганчимэг, нөгөө төлөөс зээлдэгч буюу хариуцагч Г.Хонгорхүү нар харилцан гарын үсэг зурсан байгааг эрх зүйн чадамжгүй этгээдийн хийсэн, мөн хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээнд зээлдүүлэгчийг төлөөлж зээлийн мэргэжилтэн гарын үсэг зурсан нь талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй буюу уг гэрээг хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэл болохгүй. Нөгөөтэйгүүр, хариуцагч нь дээрх зээлийн гэрээний дагуу зээл 15 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс шилжүүлж авсан үйл баримтын талаар маргаагүй байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 15-272 дугаар зээлийн гэрээг хуульд заасан шаардлагыг хангасан, талуудын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдсан буюу Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан нөхцөл, шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Зээлийн гэрээний талуудын эрх зүйн байдал, эрх үүрэг, мөн гэрээний тохиролцоо буюу хариуцагч нь 15 000 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл сарын 4.5 хувийн хүүтэй нэхэмжлэгчээс зээлэх, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг 20 хувиар тогтоосон зэргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан гэрээний үүрэг үүссэн байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Нэхэмжлэгч нь гэрээний 3.1.3-т заасан гэрээний зүйл болох үндсэн зээл 15 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлснийг хариуцагч үгүйсгээгүй байна. Өөрөөр хэлбэл, талууд гэрээний зүйлийг шилжүүлсэн эсэх талаар маргаагүй байх тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх” үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

Нөгөөтэйгүүр, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга бөгөөд талуудын хооронд байгуулсан үндсэн гэрээ нь зээлийн гэрээ, харин фидуцийн гэрээ нь түүний дагалдах гэрээ. Иймд нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч нь эхлээд зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хариуцагчаас шаардсаныг буруутгах боломжгүй.

 

Гэрээний хугацаа 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр дууссаж, талууд гэрээний хугацааг сунгаагүй байх бөгөөд хариуцагч нь 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 10 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 562 500 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 682 630 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 656 830 төгрөг, гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 696 320 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 675 000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 692 100 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 500 000 төгрөг тус тус төлсөн байх бөгөөд талууд уг төлсөн төлбөрийн үнийн дүнгийн талаар маргаагүй байна.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний хугацааны дотор буюу  2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нийт 1 955 230 төгрөгийг төлсөн байх бөгөөд нэхэмжлэгч нь үүний 1 911 960 төгрөгийг зээлийн хүүнд, 43 270 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд суутгаж, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 2 665 000 төгрөгөөс 2 556 450 төгрөгийг зээлийн үндсэн хүүнд, 108 550 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд тооцсон байна. Нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүг тооцож эхлэхдээ хугацааг буруу тооцоолсноос нэхэмжлэгчийн гэрээний хугацаанд төлсөн 43 270 төгрөгийг бүхэлд нь нэмэгдүүлсэн хүүнд тооцсон нь үндэслэлгүй байна. Учир нь, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А-236 дугаар тушаалаар батлагдсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-д “нэмэгдүүлсэн хүүг” тодорхойлохдоо гэрээнд заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг эргүүлэн төлөөгүй тохиолдолд Иргэний хуульд заасан хувиас хэтрэхгүй хувь хэмжээгээр үндсэн хүүг нэмэгдүүлж тооцсон хүүгийн хувь хэмжээг хэлнэ гэжээ. Эндээс нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл төлөх үеэс тооцохоор байна. Иймд хариуцагчийн төлсөн 43 270 төгрөгөөс 1 хоногийн нэмэгдүүлсэн хүү болох /15 000 000 х 10.8 хувь х 1 хоног / 365 хоног = 4 428 төгрөгийг хасаад/ 38 842 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцвол, зээлийн гэрээний хугацаа дууссан 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үлдэгдэл 14 961 158 төгрөг болж байна. Түүнчлэн, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлж хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчиж, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагчийн төлсөн төлбөрийг бүхэлд нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд тооцсон нь үндэслэлгүй байх тул 2016 оны 3 дугаар сараас хойшхи төлөлтийг үндсэн зээлээс хасч тооцох нь зүйтэй.

 

Ийнхүү 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл үндсэн зээл 14 961 158 төгрөг, “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журар”-ын дагуу тооцоход 39 хоногийн зээлийн хүү 863 238 төгрөг /14 961 158 төгрөг *54 хувь * 39 хоног : 365 хоног/, 39 хоногийн нэмэгдүүлсэн хүү 17 266 төгрөг болох ба хариуцагчийн төлсөн 734 000 төгрөгийг үндсэн зээлээс хасаад үндсэн зээлийн үлдэгдэл 14 227 158 төгрөг болж байна. Дараагийн төлөлт нь 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хийгдсэн байх тул энэ хүртэлх хугацааны зээлийн хүү 30 хоног 631 452 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 126 290 төгрөг болох ба төлсөн 711 000 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдлээс хасч тооцвол, 13 516 158 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байна.

 

Хариуцагч нь 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 720 000 төлсөн байх бөгөөд үндсэн зээлээс хасвал 12 796 158 төгрөг, 29 хоногийн зээлийн хүү 579 899 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 115 980 төгрөг болж байна. Мөн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 500 000 төгрөгийг  үндсэн зээлийн үлдэгдлээс хасч тооцоход 12 296 158 төгрөг үлдэж байна. Уг өдрийг хүртэлх зээлийн хүү 75 хоногоор тооцвол 1 419 848 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 283.970 төгрөг болж байна. Үүнээс хойш хариуцагч төлөлт хийгээгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул энэ хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй. Нийт 491 хоног төлөлт хийгдээгүй байх ба зээлийн хүү 8 932 064 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 786 413 төгрөг болж байна. Хариуцагчийн зээлийн гэрээний дутуу төлөлт нь үндсэн зээлийн үлдэгдэл 12 296 158 төгрөг, зээлийн хүү 12 426 501 төгрөг /863 238 төгрөг +  631 452 төгрөг + 579 899 төгрөг + 1 419 848 төгрөг + 8 932 064 төгрөг = 12 426 501 төгрөг/, нэмэгдүүлсэн хүү 2 329 918 төгрөг /17 266 төгрөг + 126 290 төгрөг +  115 980 төгрөг + 283 970 төгрөг + 1 786 413 төгрөг = 2 329 918 төгрөг/, нийт 27 052 577 төгрөгийг нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар  зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас нийт 27 052 577 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 736 423 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх үүрэгтэй. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 17-03/13 дугаар, 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 17-03/134 дүгээр мэдэгдэлээр тус тус шаардаж байсан, уг мэдэгдэлийг хариуцагч тал хүлээн авсан зэрэг үйл баримтаас үзвэл нэхэмжлэгчийг гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлээгүй гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, гэрээний хугацаа 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр дууссан, нэхэмжлэгч гэрээний үүргийг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж шаардсаныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар  зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Хонгорхүүгээс нийт 27 052 577 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Экокапитал ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 736 423 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 311 895 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 293 213 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.БАЯСГАЛАН