Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 183/шш2021/00549

 

2021 оны 03 сарын 09 өдөр Дугаар 183/ШШ2021/00549 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, тоот хаягт оршин суух, .... овогт Д..ы А.. /РД:.../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, тоот хаягт оршин суух, ... овогт Ч..ын А... /РД:.../-ын холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэг болон гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол 27 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, түүний өмгөөлөгч /, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч Д.А.. нь Ч.А...гийн хүсэлтээр 2019 оны 12 сарын 04-ний өдөр 10 000 000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай, 2 000 000 төгрөгийн хүүтэй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоногийн 0,3 хувийн алданги тооцох нөхцөлөөр гэрээ байгуулсан. Хариуцагч Ч.Алтантуяа нь танил тал ихтэй, шашны зан үйл үйлддэг хүн. Хэнээс ч хамаагүй 10 000 000 төгрөгийг зээлээд өг гээд гуйгаад байсан учраас өөрийн бүл дүү Т.Отгонцэцэгээс 8 000 000 төгрөгийг зээлж, өөрт байсан 2 000 000 төгрөгийг нэмээд нийт 10 000 000 төгрөг болгоод Ч.А...д өгсөн. Зээлийн гэрээнд заасан Ч.А...гийн төрсөн охины Хаан банкны дансанд 8 000 000 төгрөгийг шилжүүлж, 2 000 000 төгрөгийг бэлнээр өгөөд зээлийн гэрээ байгуулсан. Д.А.. нь 8 000 000 төгрөгийг Т.Отгонцэцэгээс сарын 5 хувийн хүүтэй зээлж хариуцагчид өгсөн. Хариуцагч зээлээ төлөөгүйтэй холбоотойгоор Д.А.. нь Т.Отгонцэцэгт нийт 7 300 000 төгрөгийн төлөлт хийсэн ба цаашид төлөх 4 700 000 төгрөг, нийт 12 000 000 төгрөгийн хохирол учраад байгаа. Нэхэмжлэгч нь анх шүүхэд зээлийн гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба ажиллагааны явцад шаардлагаа тодруулахдаа үндсэн зээл 10 000 000, хүү болон алдангид 5 000 000, хохиролд 12 000 000 төгрөг нийт 27 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна. Зээлийн гэрээг хариуцагчийн хүсэлтээр байгуулсан хүчин төгөлдөр гэрээ тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв...

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: ...Ч.Алтантуяа нь хариуцагчид 10 000 000 төгрөг зээлүүлээч гэж хүсэлт тавьсан нь үнэн. Зээлийн гэрээнд 10 000 000 төгрөг нь олдогдоогүй, Ч.А...гийн данс, охины дансаар ч 10 000 000 төгрөг олгогдоогүй. Ч.А...гийн охин О.Намууны 5099307088 гэсэн дансанд зээлдэгчээс 2019 оны 12 сарын 04-ний өдөр 8 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Ч.А... нь өөрийн охин О.Намуун, Энхжин нарын дансаар дамжуулаад 2 700 000 төгрөгийн зээлийн буцаан төлөлт хийсэн. Зээлийн гэрээний үлдэгдэл 5 300 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрдөг. Харин нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл болгож байгаа зээлийн гэрээ бодитоор хэрэгжээгүй, өөрөөр хэлбэл 10 000 000 төгрөгийг зээлдэгчид олгоогүй. Мөн тухайн зээлийн гэрээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой нөхцөл байдал үүсэхүйц, сард 60 хувийн хүүтэй мөнгийг зээлдэгчид өгөхөөр гэрээ хийсэн нь Иргэний хуулийн хуулийн 281 дүгээр зүйлд харшлах, хууль зөрчиж байгуулсан хэлцэл тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 12 сарын 04-ний өдрийн зээлийг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний хуулийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.А.. нь хариуцагч Ч.А...д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг, гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол 17 000 000 төгрөг, нийт 27 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 12 сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ....хариуцагчийн санал болгосон нөхцөл хүсэлтээр зээлийн гэрээ байгуулагдсан. Тухайн зээлийн мөнгөн хөрөнгө болох 8 000 000 бусдаас хүүтэй зээлж, үлдэх 2 000 000 төгрөгийг өөрөөсөө гарган нийт 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Гэрээнд заасны дагуу хүү, алданги тооцож байна. Бусдаас зээлж хариуцагчид өгсөн 8 000 000 төгрөгийн зээлийн төлөлттэй холбоотой 17 000 000 төгрөгийн хохирол учирсан... гэж,

Хариуцагч ...талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь зээлдэгчийн эрх ашигт хохиролтой, хууль зөрчсөн хэлцэл. Тухайн зээлийн гэрээний дагуу 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгч шилжүүлээгүй, тусдаа 8 000 000 төгрөгийг зээлсэн талаар маргахгүй... гэж тус тус тайлбарлаж байна.

 

Хэрэгт талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 12 сарын 04-ний өдрийн зээлийн гэрээ нотлох баримтаар авагдсан ба уг гэрээгээр, зээлдүүлэгч Д.А.. нь 10 000 000 төгрөгийг 2019 оны 12 сарын 04-ны өдрөөс 2019 оны 12 сарын 13-ны өдрийг хүртэл 10 хоногийн хугацаатай, зээлийн хугацааны хүүд 2 000 000 төгрөг байхаар, зээлдэгч Ч.А... нь хугацааны эцэст үндсэн зээл, хүүгийн хамт төлж дуусгахаар, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги тооцох нөхцөлөөр харилцан тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.2-т ...Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэнэ. Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог. Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана. гэж заасан.

 

Зохигчийн хүсэлтээр нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд утасны мессежээр харилцсан захидалд үзлэг хийгдсэн бөгөөд үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд хариуцагч Ч.А... нь нэхэмжлэгч Д.А..д ...эгчдээ 10 сая төгрөг зээлчих, эгч нь өдөр болгон 1 500 000-г хийгээд 20 хувийн хүүтэй 12 сарын 15 гэхэд дуусгана... гэж хүсэл зоригоо илэрхийлж, улмаар дээрх нөхцөлөөр зээлийн гэрээ байгуулагдсан байна.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар аливаа хэлцэл нь хуульд заасан хэлбэрээр хийгдсэн байхыг шаардах бөгөөд талуудын байгуулсан гэрээнд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.10 дахь хэсэгт заасан нөхцөл байдлууд тогтоогдож байвал аливаа хэлцэл хүчин төгөлдөр бус байдаг.

 

Иргэний хуулийн 189 дугаар зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. гэж тус тус заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 12 сарын 04-ний өдрийн зээлийн гэрээ нь талуудын зарчимд нийцсэн, хүүгийн хэмжээг хэлэлцэн тохиролцож тогтоосон гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээ нь хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Талууд гэрээг бичгээр байгуулж, хүсэл зоригоо гарын үсэг зурж баталгаажуулсан тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 232 дугаар зүйлийн 232.3, 281 дүгээр зүйлийн 281.1-т заасантай нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн ба талуудын хэн аль нь гэрээний үүрэг шаардах эрхтэй юм.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Д.А.. нь зээлийн гэрээ байгуулсан 2019 оны 12 сарын 04-ны өдрийн гэрээний 2.5-д заасан Хаан банк дахь 5099307088 тоот дансанд 8 000 000 төгрөг шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-5/

 

Нэхэмжлэгчийн ...2 000 000 төгрөгийг хариуцагчид бэлнээр өгсөн... гэх тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул зээлийн гэрээний дагуу зээлдэгч буюу хариуцагчид 8 000 000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн гэж дүгнэв.

 

Дээр дүгнэсэнчлэн, 10 000 000 төгрөгийг 10 хоног ашиглуулсны төлбөр буюу хүү нь 2 000 000 төгрөг төлөхөөр тохирсон тохиролцоо нь талуудын зарчимд нийцсэн гэж үзсэн тул гэрээний дагуу шилжүүлсэн 8 000 000 төгрөгт тооцогдвол зохих хүүг 1 600 00 төгрөг гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хариуцагч нь өөрийн төрсөн охин О.Энхжингийн Хаан банк дахь 5751278598 тоот данс, охин О.Намууны 5099307088 тоот дансаар нэхэмжлэгч Д.Алтантулгын 5007321476 тоот дансанд 4 удаагийн шилжүүлгээр нийт 2 700 000 төгрөгийн төлөлт хийсэн болох нь баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь дээрх үйл баримтын талаар маргаагүй.

 

Иймд хариуцагч зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8 000 000 төгрөг, ашигласан хугацааны хүү 1 600 000 төгрөг, нийт 9 600 000 төгрөг төлөх үүргээс 2 700 000 төгрөгийг төлөлтийг хасч тооцвол хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 6 900 000 төгрөг байна.

 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ, 222 дугаар зүйлийн 222.1-т үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасан ба хариуцагч нь гэрээнд заасан хугацааг хэтрүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь тогтоогдсон.

 

Гэрээний 2.7-д зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги тооцохоор тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тодорхойлолтод нийцсэн, гэрээг бичгээр байгуулсан тул зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй. Хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алданги тооцон гаргуулах нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцнэ.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо гаргуулахаар шаардах эрхтэй гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь ...Т.Отгонцэцэгээс 8 000 000 төгрөгийг зээлж хариуцагч Ч.Алтантуяад өгсөн. Хариуцагч зээлээ хугацаандаа төлөөгүйгээс Т.Отгонцэцэгт төлсөн болон цаашид төлөх 12 000 000 төгрөгийн хохирол учирсан... гэж тайлбарлаж байх ба гэрч Т.Отгонцэцэгийн мэдүүлэг, Д.А.., Т.Отгонцэцэг нарын хооронд байгуулсан 2019 оны 12 сарын 02-ны өдрийн зээлийн гэрээ, дансны хуулга зэрэг баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч Д.А.. бусадтай байгуулсан гэрээний үүргээ хариуцагчаас хохиролд тооцон шаардаж байгааг үндэслэлгүй гэж дүгнэлээ. Өөрөөр хэлбэл, энэ нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан хохирол гэдэгт хамаарахгүй болно.

 

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч Д.А.. нь хариуцагч Ч.А...гаас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-т зааснаар 10 350 000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

Иймд хариуцагч Ч.А...гаас зээлийн гэрээний үүрэг 10 350 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.А..д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16 650 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчээс төлсөн 307 950 төгрөг, хариуцагчаас төлсөн 174 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 180 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.А...гаас 10 350 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.А..д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16 650 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан 2019 оны 12 сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 108 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ