Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/00915

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/00915

 

 

    

Д.А нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2021/00549 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.А хариуцагч Ч.Ад холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг болон гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд 27 000 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Д.А нь Ч.Атай 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 10 000 000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай, 2 000 000 төгрөгийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоногийн 0,3 хувийн алданги тооцох нөхцлөөр гэрээ байгуулсан. Үүний дагуу би өөрийн бүл дүү Т.Оээс 8 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлж, өөрт байсан 2 000 000 төгрөгийг нэмээд нийт 10 000 000 төгрөг болгоод гэрээнд заасан Ч.Агийн төрсөн охины ХААН банкны дансанд 8 000 000 төгрөгийг шилжүүлж, 2 000 000 төгрөгийг бэлнээр өгөөд зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагч зээлээ төлөөгүйтэй холбоотойгоор Д.А нь Т.От нийт 7 300 000 төгрөгийн төлөлт хийсэн ба цаашид төлөх 4 700 000 төгрөг, нийт 12 000 000 төгрөгийн хохирол учирсан. Нэхэмжлэгч нь анх шүүхэд зээлийн гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа тодруулахдаа үндсэн зээл 10 000 000, хүү болон алдангид 5 000 000, хохиролд 12 000 000 төгрөг нийт 27 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ч.А нь хариуцагчид 10 000 000 төгрөг зээлүүлээч гэж хүсэлт тавьсан нь үнэн. Зээлийн гэрээнд заасан 10 000 000 төгрөгийг олгоогүй. Ч.Агийн охин О.Ны 5099307088 дансанд зээлдэгчээс 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 8 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Ч.А нь өөрийн охин О.Н, О.Э нарын дансаар дамжуулаад 2 700 000 төгрөгийн зээлийн буцаан төлөлт хийсэн. Зээлийн гэрээний үлдэгдэл 5 300 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрдөг боловч талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой нөхцөл байдал үүсэхүйц, сард 60 хувийн хүүтэй мөнгийг зээлдэгчид өгөх гэрээ юм. Энэ нь Иргэний хуулийн хуулийн 281 дүгээр зүйлд харшлах, хууль зөрчиж байгуулсан хэлцэл тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн зээлийг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Зээлийн гэрээг хариуцагчийн хүсэлтээр байгуулсан хүчин төгөлдөр гэрээ тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.Агаас 10 350 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16 650 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 108 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт заасны дагуу шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлээгүй, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 189 дүгээр зүйлийн 189.1, 208 зүйлийн 208.1, 222 дугаар зүйлийн 222.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь ойлгомжгүй, тодорхойлох, үндэслэх болон тогтоох хэсэг нь өөр хоорондоо зөрчилдсөн гэж үзэхээр байна. Тодруулбал, шийдвэрийн үндэслэх хэсэгт “...талууд гэрээг бичгээр байгуулж, хүсэл зоригоо гарын үсэг зурж баталгаажуулсан тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 232 дугаар зүйлийн 232.3, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх  хэсэгт заасантай нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн ба талуудын хэн аль нь гэрээний үүрэг шаардах эрхтэй юм” гэсэн байна.

Шүүхийн энэ дүгнэлтээр нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулагдсан гэх 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн гэж ойлгогдож байна. Тэгвэл дээрхи зээлийн гэрээний дагуу 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчид өгсөн үйл баримт нь баримтаар нотлогдох учиртай.

Гэтэл шүүх “....нэхэмжлэгчийн 2 000 000 төгрөгийг хариуцагчид бэлнээр өгсөн гэх тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул зээлийн гэрээний дагуу зээлдэгч буюу хариуцагчид 8 000 000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн гэж дүгнэв...” гэж дүгнэсэн байна.

Шүүхийн дээрх дүгнэлтээр нэхэмжлэгчийн хариуцагчтай хийсэн 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээ нь бодитой биелэгдээгүй буюу өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу 10 000 000 төгрөгийг бус харин хариуцагчийн охин О.Ны дансаар 8 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэсэн байна.

Иймд талуудын хооронд хэдийгээр зээлийн гэрээний харилцаа үүссэн нь маргаангүй боловч хийгдсэн гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт заасан бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй учир хүчин төгөлдөр бус төдийгүй нэхэмжлэгч хүү авах эрхээ алдсан байхад анхан шатны шүүх үндэслэлгүйгээр нэхэмжлэгчид 8 000 000 төгрөгийн ашигласан хугацааны хүү 1 600 000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн нь хуульд харшилсан шийдвэр болсон гэж үзэж байна.

Шүүх нэхэмжлэгчийг бичгээр хийх хуулийн шаардлагад нийцээгүй, хуульд заасны дагуу гэрээнд заасан мөнгөө шилжүүлээгүй гэрээний үүргийн биелэлтэд алданги шаардах эрхтэй гэж илт хууль бус дүгнэлтийг хийж 3 450 000 төгрөгийг алдангид төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна.

Хариуцагчийн нэхэмжлэгчээс зээлсэн 8 000 000 төгрөгөөс эргэн төлсөн 2 700 000 төгрөгийг хасаж тооцон нэхэмжлэгчид 5 300 000 төгрөгийн үлдэгдэлтэй байхаар анхан шатны шүүх шийдвэрээ гаргах үүрэгтэй байсан гэж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн 10 350 000 төгрөгийн шийдвэрээс 5 050 000 төгрөгийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байгаа болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Ч.Ат холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулах шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг, гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд 17 000 000 төгрөг, нийт 27 000 000 төгрөг гэж өөрчилсөн бөгөөд хариуцагч эс зөвшөөрч, талуудын хооронд байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:  

Талуудын байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн гэрээгээр зээлдүүлэгч Д.А нь 10 000 000 төгрөгийг 9 хоногийн хугацаатай, 2 000 000 төгрөгийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч Ч.А нь гэрээгээр тохирсон хугацаанд мөнгийг, хүүгийн хамт буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн болох хэрэгт авагдсан зээлийн гэрээ, талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /хх4,88/

Хариуцагч нь дээрх гэрээг байгуулсан үйл баримтад маргаагүй, харин гэрээнд заасан хэмжээгээр мөнгөн хөрөнгийг аваагүй, “8 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан” гэх үндэслэл заан маргажээ.

Зээлийн гэрээний дагуу Д.А нь Ч.Агийн ХААН банкны 5099307088 тоот данс руу 8 000 000 төгрөг шилжүүлсэн болох нь хэргийн 5, 88 дугаар талд авагдсан дансны хуулга, хариуцагчийн тайлбар зэрэг баримтаар нотлогдож байна. Харин нэхэмжлэгч нь “хариуцагчид 2 000 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн” гэх тайлбар гаргасан боловч нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг түүнд ногдох хүүгийн хамт хугацаанд нь зээлдүүлэгчид буцаан төлөх үүрэг үүссэн гэж үзнэ. Энэ талаар анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн тул хариуцагчийн “8 000 000 төгрөг шилжүүлсэн гэрээ нь бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй учир хуульд зааснаар хүү авах эрхээ алдсан” гэх гомдол хууль зүйн үндэслэлгүй.

            Хариуцагч нь зээлийн үүргээс нийт 2 700 000 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг төлөөгүй, зээлийн гэрээний үүргийг зөрчсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

            Талууд гэрээгээр зээлдэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт нийцжээ. Иймээс нэхэмжлэгч нь зээл, зээлийн хүү, алдангийг хариуцагчаас шаардах эрхтэй.

            Анхан шатны шүүх зээлийн гэрээний 2.2-т заасны дагуу хүүг тооцохдоо хариуцагчид шилжүүлсэн мөнгөн хөрөнгөд ногдох хэмжээгээр хувьчлан зээлийн үүргийг 6 900 000 төгрөгийн хэмжээнд тодорхойлж, уг үүргийн 50 хувиар алданги тооцон хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсгийн заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч нь гэрээнээс учирсан хохиролд 12 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэнтэй холбоотой түүнд хохирол учирсан гэх нөхцөл байдал эргэлзээгүй баримтаар тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй.  

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “..зээлийн гэрээнд сард 60 хувийн хүү төлөхөөр тохиролцсон нь хууль зөрчиж байгуулсан хэлцэл тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах” гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан үзлэг хийсэн тэмдэглэлийг үндэслэн хариуцагч Ч.А нь нэхэмжлэгч Д.Ад “...эгчдээ 10 сая төгрөг зээлчих, эгч нь өдөр болгон 1 500 000 төгрөгийг хийгээд 20 хувийн хүүтэй, 12 дугаар сарын 15-ны гэхэд дуусгана...” гэж хүсэл зоригоо илэрхийлэн, дээрх нөхцлөөр зээлийн гэрээ байгуулсан нь уг хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь зөв. /хх84-85/

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн       167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2021/00549 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 95 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                    ШҮҮГЧИД                                  С.ЭНХТӨР

 

                                                                                       Ч.ЦЭНД