Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2021/00133

 

 

 

 

 

 

 

 

 

183/ШШ2020/03228

    2021         01             20                                            183/ШШ2021/00133

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: СГ ХХК

 

Хариуцагч:О.Б

 

Автозогсоол захиалгын гэрээний үүрэгт 21.288.800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С , Ж.Б , хариуцагч О.Б , нарийн бичгийн дарга С.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “СГ” ХХК болон хариуцагч О.Б нар нь 2018 оны 12-р сарын 12-ны өдөр GCG12-101 дугаартай “Авто зогсоол захиалгын тэрээ”-г байгуулсан. Тус гэрээний 1.1-т заасан гэрээний зүйлийг нэхэмжлэгч нь Батцэцэг-л 26,900,000 төгрөгөөр шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2, 2.3-т заасны дагуу хариуцагч нь 26,900,000 төгрөгийг нэхэмжлэгчид гэрээнд 2019 оны 6 сарын 15-ны дотор бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээсэн. Нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу гэрээний зүйлийг хариуцагч талд хүлээлгэн өгч гэрээний үүргээ биелүүлсэн боловч хариуцагч нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргээсээ үлдэгдэл 18,400,000 төгрөг төлөх үүргээ биелүүлэлгүй нэхэмжлэгчийг хохироож байна. Нэхэмжлэгч талаас удаа дараа хариуцагч талд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, төлбөрөө төлөхийг мэдэгдэж, мэдэгдэл явуулж байсан боловч хариуцагч нь төлбөр төлөх арга хэмжээ авалгүй гэрээний зүйлийг өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 7.1-д “...Захиалагч нь энэхүү гэрээний 2 дахь хэсэгт заасан төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,05 хувьтай тэнцэх алдангийг Гүйцэтгэгчид төлнө.." гэж заасан бөгөөд хариуцагч тал 2019 оны 06 сарын 15-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гарах өдөр буюу 2020 оны 08 сарын 24-ны өдөр хүртэл нийт 314 өдрийн хугацаа хэтэрч өдрийн 9,200 төгрөгөөр нийт 2,888,800 төгрөгийн алданги төлөх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1, 2.2-д заасан гэрээний үүргийн . үлдэгдэл төлбөр 18,400,000 төгрөг, алданги 2,888,800 нийт 21,288,800 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт буруутай этгээд болох иргэн О.Б-с гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч О.Б  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “СГ ХХК-тай миний бие 2018.12.12-ны өдөр Авто зогсоолын захиалгын 0С012-Ю1 тоот гэрээ байгуулж, Г  хотхоны 1205-р байрны 12-101 тоот авто зогсоолыг 26,900,000 төгрөгөөр захиалгаар худалдан авахаар тохиролцсон бөгөөд гэрээгээр тохиролцсон үнийн дүнгээс 8,500,000 төгрөгийг төлсөн болно. Гэрээний 2.3-т заасан графикт хугацаандаа төлбөрөө төлөөгүй шалтгаан нь Нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч “СГ” ХХК өөрөө гэрээгээр хүлээсэн үүрэг /гэрээний 3.4 дэх хэсэг буюу Гүйцэтгэгчээс төлбөрөө бүрэн төлсөн Захиалагчийн орон сууц өмчлөх эрхийг баталгаажуулахтай холбоотой хүсэлтийг Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэх/-ээ биелүүлэх боломжгүй болох нь илтэд тодорхой болсон учраас би авто зогсоолын төлбөр төлөх графикт хугацааг хойшлуулсан. Миний бие нэхэмжлэлд дурдсан авто зогсоолоос гадна Г хотхоны 1205-р байрны 202 тоот орон сууцыг 2018 онд захиалгаар худалдан авч, төлбөр тооцоог бүрэн дуусгасан боловч өнөөдрийг хүртэл миний өмчлөх эрхийг баталгаажуулаагүй. Ийм учраас би авто зогсоолын төлбөр төлөх графикт хугацааг хойшлуулсан, учир нь авто зогсоолын мөнгийг бүрэн төлсөн ч “СГ” ХХК өмчлөх эрхийн гэрчилгээг надад өгөхгүй болох нь хэнд ч тодорхой болсон. Орон сууцныхаа өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар “СГ” ХХК-д миний бие /манай хотхоны нийт оршин суугчид/ удаа дараа амаар, бичгээр шаардаж байгаа боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргах болно. “СГ” ХХК гэрээгээр хүлээсэн үүрэг /3.4/-ээ биелүүлээгүй нэхэмжлэлд дурдсан алданги болон төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өгсөн тохиолдолд авто зогсоолынхоо төлбөрийг би бүрэн төлөхийг дурдъя гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

“СГ” ХХК нь О.Б-т холбогдуулан авто зогсоол захиалгын гэрээний үүрэгт 21.288.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч О.Б  зогсоолын төлбөр 18.400.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин алданги 2.888.800 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр GCG12-101 дугаартай авто зогсоол захиалгын гэрээ байгуулагдсан бөгөөд энэ гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа байна.

 

Хариуцагч О.Б  гэрээний үүргээс 8.500.000 төгрөгийг төлж, үлдэх 18.400.000 төгрөгийг төлөөгүй бөгөөд уг үнийн дүн дээр маргаагүй, харин алданги 2.888.800 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 7.1, 7.4-д заасны дагуу алданги 2.888.800 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлтэй гэж маргаж байна.

 

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 тогтоол, 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181 дугаар тогтоол Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх хугацааг сунгах тухай, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 тогтоолоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоолуудаар Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлжээ.

 

Улаанбаатар хотыг Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байсан, хариуцагч нь 9 сартай жирэмсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасны дагуу алданги 2.888.800 төгрөгийг 50 хувь багасгаж, үндсэн төлбөр 18.400.000 төгрөг, алданги 1.444.400 төгрөг, нийт 19.844.400 төгрөгийг О.Б-с гаргуулж, СГ ХХК-нд олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т заасан хугацаа хүртэл тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 16519 дугаар шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасны удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.4, 232.8-д зааснаар хариуцагч О.Б-с 19.844.400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч СГ ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх, 1.444.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264.394 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Б-с 257.172 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч СГ ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШЗ2020/16519 дугаар шүүгчийн захирамжийн биелэлт хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

  

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.СОЛОНГО