Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/00569

 

 

 

 

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/00569

 

 

 

 

                                 СГ ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2021/00133 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч СГ ХХК-ийн хариуцагч О.Бт холбогдуулан гаргасан автозогсоол захиалгын гэрээний үүрэгт 21 288 800 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайнсанаа, хариуцагчийн өмгөөлөгч Э.Жанчивдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: СГ ХХК хариуцагч О.Бт 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр авто зогсоол 26 900 000 төгрөгөөр худалдах гэрээ байгуулж, худалдан авагч нь төлбөрийг гэрээний 2.2, 2.3-т зааснаар 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулах үүрэг хүлээсэн. Нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг хариуцагчид хүлээлгэн өгсөн боловч хариуцагч нь үлдэгдэл 18 400 000 төгрөгөө төлөлгүй гэрээний зүйлийг өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж нэхэмжлэгчийг хохироож байна. Гэрээний 7.1-д “... захиалагч нь энэхүү гэрээний 2 дахь хэсэгт заасан төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.05 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлнө ..." гэж заасан. Хариуцагч нь 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүртэл нийт 314 хоногийн хугацаа хэтрүүлсэн тул алдангид /314 хоног* 9 200 төгрөг/ нийт 2 888 800 төгрөг төлнө. Иймд төлбөрийн үлдэгдэл 18 400 000 төгрөг, алданги 2 888 800 нийт 21 288 800 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ...авто зогсоолыг 26 900 000 төгрөгөөр худалдан авах тухай авто зогсоол захиалгын гэрээг байгуулсан. Автозогсоолын төлбөрөөс 8 500 000 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч захиалагчийн орон сууц өмчлөх эрхийг баталгаажуулахтай холбоотой хүсэлтийг Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлэхгүй байсан учраас автозогсоолын төлбөр төлөх графикт хугацааг хойшлуулсан. Автозогсоолоос гадна ...орон сууцыг 2018 онд захиалгаар худалдан авч, төлбөр тооцоог бүрэн дуусгасан боловч өнөөдрийг хүртэл өмчлөх эрхийг баталгаажуулаагүй. Автозогсоолын төлбөрийг бүрэн төлсөн ч СГ ХХК өмчлөх эрхийн гэрчилгээг өгөхгүй болох нь тодорхой байсан. СГ ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Үндсэн төлбөрийн үлдэгдлийг төлнө гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.4, 232.8-д зааснаар хариуцагч О.Бээс 19 844 400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч СГ ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 444 400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264 394 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч О.Бээс 257 172 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч СГ ХХК-д олгож, тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШЗ2020/16519 дугаар шүүгчийн захирамжийн биелэлт хүчин төгөлдөр болохыг дурджээ. 

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрээс алдангийн зарим хэсэг буюу 1 444 400 төгрөгийг эс зөвшөөрч байна. СГ ХХК-аас орон сууц худалдан авч төлбөрийг нь бүрэн төлж барагдуулсан байхад өмчлөх эрхийн гэрчилгээг одоог хүртэл гаргаж өгөөгүй. Автозогсоолын төлбөрийг төлсөн ч өмчлөх эрхээ баталгаажуулж чадахгүй нөхцөл байдал үүссэн учраас төлбөрөө төлөхийг зогсоосон. СГ ХХК хариуцагчид өнөөдрийг хүртэл уг автозогсоолыг  хүлээлгэж өгөөгүй атлаа төлбөр, алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Гэвч автозогсоолын төлбөрөөс 8 500 000 төгрөг төлсөн, үлдэгдэл 18 400 000 төгрөгийг төлөхөд маргахгүй. Хариуцагчийн хувьд автозогсоолыг эзэмшиж, ашиглаагүй тул алданги төлөх үндэслэлгүй. Энэ О.Бийн эрх ашигтай холбоотой биш, СГ ХХК-аас орон сууц, автозогсоол худалдан авчихаад төлбөр тооцоогоо бүрэн дуусгасан олон иргэний өмчлөх эрхээ баталгаажуулж чадахгүй эрх нь зөрчигдсөн асуудал юм. СГ ХХК иргэдээс алданги нэхэмжилж байгаа нь ёс зүйгүй үйлдэл мөн. Өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байх бодит нөхцөл байдлыг нотлохын тулд сөрөг нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж илт үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан. Хэрэв сөрөг нэхэмжлэлийг хүлээсэн авсан бол автозогсоол худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй гэдгээ нотлох байсан. Мөн төлбөр төлөхгүй байх бодит нөхцөл байдал үүссэн эсэхийг СГ ХХК-аас орон сууц, автозогсоол худалдан авч, төлбөрөө төлсөн ч өмчлөх эрхээ баталгаажуулж чадаагүй иргэдээс тодруулах боломж гарах байсан. Шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан талаар хэлээгүй. Татгалзсан хугацаагаа мэдээгүйгээс шүүгчийн захирамжид гомдол гаргах эрх зөрчигдсөн. Иймд шүүхийн шийдвэрийн О.Бээс 19 844 400 төгрөг гаргуулах гэснийг 18 400 000 төгрөг гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч СГ ХХК нь хариуцагч О.Бт холбогдуулан автозогсоол захиалгын гэрээний төлбөрт 18 400 000 төгрөг, алдангид 2 888 800 төгрөг, нийт 21 288 800 төгрөг нэхэмжилснээс хариуцагч 18 400 000 төгрөгийг зөвшөөрч, алдангийг эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр автозогсоол захиалгын гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь ...автозогсоолыг 2019 оны 2 дугаар улиралд багтаан барьж хүлээлгэн өгөх, хариуцагч нь гэрээний төлбөрт 26 900 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

 Хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх ба хэргийн 9 дүгээр тал дахь өглөг, авлагын дэлгэрэнгүй тайланд гэрээний төлбөрт нийт 8 500 000 төгрөг төлсөн, 18 400 000 төгрөгийн үлдэгдэлтэй талаар тусгагдсан, хариуцагч төлбөрийн үлдэгдлийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байна. Энэ талаар зохигчид маргаагүй, харин  гэрээний зүйлийг хугацаанд нь хүлээлгэж өгөөгүйгээс үүссэн үр дагаврын хувьд маргасан байна.

 

 Шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэн хариуцагчаас гэрээний зүйлийн үнийн үлдэгдлийг гаргуулсан нь зөв боловч алданги гаргуулах шаардлагын зарим хэсгийг хангасан шийдэл нь үндэслэл муутай болжээ. 

Талууд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагын талаар гэрээний 2.1, 2.2, 2.3, 7.1-д “захиалагч нь автозогсоолын урьдчилгаа төлбөрт 3 500 000 төгрөг 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төлж, үлдэгдэл 23 400 000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор сар бүр 3 900 000 төгрөгөөр төлөх, төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.05 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлөх”,  гүйцэтгэгч нь гэрээний 3.1, 3.3-т зааснаар “автозогсоолыг 2019 оны 2 дугаар улиралд багтаан барьж дуусган улсын комисс ажиллуулан ашиглалтад оруулна, автозогсоол ашиглалтад орсны дараа төлбөр, алданги болон бусад төлбөрийн тооцоогүй тухай нягтлан бодогчийн гаргасан төлбөрийн тодорхойлолтыг үндэслэн зогсоолыг захиалагчид актаар хүлээлгэн өгөх”-өөр тус тус тохиролцжээ. /хх7-8/

 

 Дээрхээс үзэхэд автозогсоолыг улсын комисс ажиллуулан ашиглалтад оруулах нь нэхэмжлэгчийн эхлэн гүйцэтгэх үүрэг байна. Хэрэгт нэхэмжлэгч нь автозогсоолыг ашиглалтад оруулсан талаар баримтгүй, хариуцагч маргаан бүхий автозогсоолыг ашиглах боломжтой гэх байдлаа нотлох баримтаар нотлоогүй байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт зааснаар алданги шаардах эрхгүй.

 

Хариуцагчийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан “автогзогсоолыг 2019 оны 2 дугаар улиралд ашиглалтад оруулаагүй, барилга баригдаж дуусаагүй байсан, хугацаандаа ашиглалтад орохгүй нь тодорхой байсан учир төлбөрөө хойшлуулах хүсэлт тавьсан” гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй. /хх41/

 

             Иймд хариуцагчийн энэ талаарх гаргасан гомдлыг хангаж нэхэмжлэлийн шаардлагаас алданги 2 888 800 төгрөгт холбогдох хэсэгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2021/00133 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “19.844.400”  гэснийг “18 400 000” гэж, “1.444.400” гэснийг “2 888 800” гэж, 2 дах заалтын “257.172” гэснийг “249 950” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 39 220 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

  ШҮҮГЧИД                                  Ч.ЦЭНД

                                                             А.МӨНХЗУЛ