Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 389

 

 

 

 

 

 

2020            4              2                                              2020/ДШМ/389

 

 

У.Э-д холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энхбат,

шүүгдэгч У.Э-, түүний өмгөөлөгч Б.Баттулга,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/93 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч У.Э-ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1908009340687 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Уранбилэгийн У.Э-, 19.. оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Булган аймгийн Өлзийт суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ............ нарын хамт .............. дүүргийн 5 дугаар хороо, ............. дугаар гудамжны 2 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: .........../;

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож, 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн прокурорын 688 дугаартай тогтоолоор 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан.

У.Э- нь:

1. 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 7-906Б тоот хашаанд байсан иргэн О.У-ын эзэмшлийн агуулахын зорилгоор ашиглаж байсан 60 тонны чингэлэгний хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, монгол гэр, дөл зуух зэрэг эд зүйлсийг, чингэлэгний хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад нийт 4.780.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин, механизм ашиглан, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

2. 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 41 дүгээр байрны тоглоомын талбайд насанд хүрээгүй буюу 9 настай А.Г-ын эзэмшлийн унадаг дугуйг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 201.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.Л- эзэмшлийн 17-06  УБЗ улсын дугаартай “Тоёота Ист” маркийн автомашины “засаад өгье” гэж бусдыг төөрөгдөлд оруулж, түүний автомашиныг унаж яваад буцааж авчирч өгөхгүй хуурч, мэхлэн залилж, бусдад 5.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Начин Заан” ломбардны гадна иргэн Д.Э-ийн “Самсунг эс-7” загварын гар утсыг “утсаар нь яриад өгье” гэж хэлэн хууран авч, залилж, бусдад 175.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Ж-с урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “гар утсаа өгч байгаач, дансны дугаар тэмдэглээд өгье” гэж зохиомол байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан “Самсунг эс-6 эдж” загварын гар утсыг залилан авч иргэн О.Жамбалдоржид 240.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, “Ред рок” баарны гадна иргэн Г.Б-г “утсаар чинь яриад буцаагаад өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан, “Самсунг жи-7” загварын гар утсыг нь залилан авч, 455.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Б-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж, бусдад 190.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2019 оны 7 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 39-14 тоот хашааны гадна байрлуулсан байсан иргэн Ч.Э-н эзэмшлийн 95-21 УБД улсын дугаартай хар өнгийн “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийн гурвалжин шилийг хагалан нэвтэрч тээврийн хэрэгслийн их гэрэл 2 ширхэг, гупер, ком багаж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 798.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 13-10 тоот хашааны гадна байрлуулсан иргэн Д.Г-н эзэмшлийн 132-43 УНВ улсын дугаартай “Тоёота приус-30” загварын тээврийн хэрэгслийн хаалга нь онгорхой байхад нь нэвтэрч, “Самсунг ж” загварын гар утас, цүнх, дайлантай хөөрөг, түрийвч, бэлэн 20.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 759.800 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын төв, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн П.Л-ны эзэмшлийн Бүгд найрамдах хятад ард улсад үйлдвэрлэсэн “Эко Даюун” загварын мотоциклийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 1.980.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн Сайхан сумын 6 дугаар багын иргэн У.Ц-н эзэмшлийн “Хонда Кросс РХ” загварын мотоциклийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

12. 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Булган аймгийн Сайхан сумын 4 дүгээр багын нутгаас иргэн Д.Б-н хар өнгийн мотоциклийг залилан мэхэлж, бусдад 1.439.200 төгрөгийн хохирол учруулсан,

13. 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Нисдэг машин” ХХК-ийн дэлгүүрийн орчимд урьдын танил Э.М-г “гар утсаа түр өгч бай” гэж хуурч, “хүний данснаас мөнгө авах ёстой юм аа” гэж зохиомол байдлыг бий болгож “Хуавэе П-20 лайт” гар утсыг залилан авч, бусдад 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: У.Э-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч У.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт болгон өөрчилж, У.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад заасан үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь залилан авсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч У.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан У.Э-д гэмт хэрэг тус бүрд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 11 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалт буюу У.Э-д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Э-д 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар У.Э-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 13 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Э-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан У.Э-ы энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 165 хоног, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолтой, эрүүгийн 1810015290817 дугаартай хэрэгт цагдан хоригдсон 85 хоног, нийт 250 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч У.Э-аас нийт 15.551.200 төгрөг гаргуулан хохирогч О.У-т 4.780.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч А.Гардид 201.000 төгрөг, Л.Лхагвадашид 778.200 төгрөг, Д.Э-т 175.000 төгрөг, О.Жамбалдоржид 240.000 төгрөг, Г.Банзрагчид 455.000 төгрөг, Д.Баатарт 190.000 төгрөг, Ч.Эрдэнэдалайд 903.000 төгрөг, Д.Ганболдод 759.800 төгрөг, П.Лхам-Отгонд 1.980.000 төгрөг, У.Цэндсүрэнд 3.200.000 төгрөг, Д.Баяндалайд 1.439.200, Э.Мягмаржаргалд 450.000 төгрөг тус тус олгож, У.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч У.Э- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Миний эх сахарын хүнд өвчтэй, аав минь тогтмол ажилгүй, эхнэр 2 хүүхдээ хараад гэртээ байдаг. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад энэ шийтгэл хүндээр тусч байгаа тул намайг залуу хүний хувьд харж үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж, нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлж өгнө үү. ... “ гэв.

Шүүгдэгч У.Э-ы өмгөөлөгч Б.Баттулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч У.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3 зүйл ангид заасан заалтаар ял шийтгэл оногдуулсан. Эдгээрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргүүд хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд дээрэмдэх гэмт хэрэгт 4 жил, залилах гэмт хэрэгт 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус  оногдуулсан. Энэ ял шийтгэл хүндэдсэн гэж үзэж байна. Мөн дэглэмийн хувьд хаалттай хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Хорих ангийн нээлттэй болон хаалттай дэглэмийн гол агуулга нь ялтныг сургах, байнгын тасралтгүй ажлын байраар хангах, ял эдлүүлэх орчин нөхцөлөөр хүний эрхийг хангасан, хорих ял эдэлж байгаа хүмүүсийг нийгэмшүүлэхэд чиглэсэн байдаг. Энэ утгаараа У.Э- нь 26 настай залуу хүн гэдгийг харгалзан үзэж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад,

 1. Шүүгдэгч У.Э- нь:

- 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 7-906Б тоот хашаанд байсан иргэн О.У-ын эзэмшлийн агуулахын зорилгоор ашиглаж байсан 60 тонны чингэлэгний хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, монгол гэр, дөл зуух зэрэг эд зүйлсийг, чингэлэгний хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, нийт 4.780.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин, механизм ашиглан, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн болох нь хохирогч О.У-ын мэдүүлэг /1хх 83-84, 87/, гэрч Д.Отгонбаатарын мэдүүлэг /1хх 31-32, 33-34/, гэрч Б.Алтангадасын мэдүүлэг /1хх 19-20/, гэрч М.Гантогтохын мэдүүлэг /1хх 41-42, 45-46/, шүүгдэгч У.Э-ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх 113-114/, хулгайд алдагдсан 60 тонны улаан өнгийн чингэлэг, монгол гэр, дөл зуух зэрэг эд зүйлсийг 4.780.000 төгрөгөөр үнэлсэн Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 164 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /1хх 75-77/;

- 2019 оны 7 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 39-14 тоот хашааны гадна байрлуулсан байсан иргэн Ч.Эрдэнэдалайн эзэмшлийн 95-21 УБД улсын дугаартай хар өнгийн Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийн гурвалжин шилийг хагалан нэвтэрч, их гэрэл 2 ширхэг, гупер, ком багаж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 798.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь гэрч Г.Уранчимэгийн мэдүүлэг /2хх 192/, хохирогч Ч.Эрдэнэдалайн мэдүүлэг /2хх 211/, хулгайд алдагдсан эд зүйлсийг 903.000 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн СХД3-19-618 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /2хх 201-202/,

- 2019 оны 7 дугаар сарын 29-ний орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 13-10 тоот хашааны гадна байрлуулсан иргэн Д.Ганболдын эзэмшлийн 132-43 УНВ улсын дугаартай Тоёота приус-30 загварын тээврийн хэрэгсэлд нэвтэрч, Самсунг эс-3ж загварын гар утас, цүнх, дайлантай хөөрөг, түрийвч, бэлэн 20.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 759.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Д.Ганболдын мэдүүлэг /2хх 250/, хулгайд алдагдсан эд зүйлсийг 739.800 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн СХД3-19-680 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /2хх 240-241/ зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх гурван үйлдэлд нь прокуророос тус тусад нь зүйлчлэн ирүүлснийг анхан шатны шүүх үргэлжилсэн нэг үйлдэл гэж дүгнэж, зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

2. Шүүгдэгч У.Э- нь:

- 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.Л- эзэмшлийн 17-06  УБЗ улсын дугаартай Тоёота Ист маркийн автомашиныг “засаад өгье” гэж төөрөгдөлд оруулж, автомашиныг унаж яваад буцааж авчирч өгөхгүй хуурч, залилан авч, 5.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Л.Л- мэдүүлэг /1хх 244-247/, алдагдсан тээврийн хэрэгслийн хохирлыг 5.500.000 төгрөгийн шууд, 640.000 төгрөгийн эвдрэл гэмтлийн хохирлыг оролцуулан нийт 6.140.000 төгрөгөөр тогтоосон Мастер Үнэлгээ ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 19/059 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /1-р хх 236-237/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р хх 238/,

-  2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Начин Заан ломбардны гадна иргэн Д.Э-ээс “утсаар чинь яриад өгье” гэж хуурч, Самсунг эс-7 загварын гар утсыг залилж, 175.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Д.Э-ийн мэдүүлэг /2хх 40-42/, гэрч Д.Оюунгэрэлийн мэдүүлэг /2хх 29/, шүүгдэгч У.Э-ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2хх 49-51/, тухайн гар утсыг 175.000 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн СХД3-19-549 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /2-р хх 32-33/,

-  2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Жамбалдоржоос урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “гар утсаа өгч байгаач, дансны дугаар тэмдэглээд өгье” гэж зохиомол байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Самсунг эс-6 эдж загварын гар утсыг залилан авч, 240.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч О.Жамбалдоржийн мэдүүлэг /2хх 81-82/, тухайн гар утсыг 240.000 төгрөгөөр үнэлсэн Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 978 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /2-р хх 89-91/,

- 2019 оны 6 дугаар сарын 15-ны орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Ред рок баарны гадна иргэн Г.Банзрагчийг “утсаар чинь яриад буцаагаад өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан, Самсунг жи-7 загварын гар утсыг нь залилан авч, 455.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь гэрч З.Дэлгэрцэцэгийн мэдүүлэг /2хх 106/, хохирогч Г.Банзрагчийн мэдүүлэг /2хх 116-117/, гар утсыг 450.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ны №СХД3-19-511 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /2-р хх 116-117/,

- 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Баатарыг “хонь авах гэтэл мөнгө дутаад байна АТМ-с аваад буцаагаад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 190.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Д.Баатарын мэдүүлэг /2 хх 155-156/, гэрч О.Уранбилэгийн мэдүүлэг /2 хх 151/,

- 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Булган аймгийн Сайхан сумын 4 дүгээр багийн нутгаас иргэн Д.Баяндалайд “хүн /Энхболд ах гэх/-ээс зарах өвсийг нь үзээд ирье” гэж хуурч, өөр газар руу хамт явах зэргээр үйлдлээрээ зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, Вондерэр загварын хар өнгийн мотоциклийг залилж, 1.439.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Д.Баяндалайн мэдүүлэг /3хх 143-144/, /3хх 162-163/, гэрч Б.Дашчийрэвийн мэдүүлэг /3хх 147/, гэрч Г.Должинсүрэнгийн мэдүүлэг /3хх 149-150/, гэрч Р.Насан-Очирын мэдүүлэг /3хх 152/, Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн ТХҮ-519/064 дугаартай үнэлгээний дүгнэлт /3хх 154-157/,

- 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Нисдэг машин ХХК-ийн дэлгүүрийн орчимд урьдын танил Э.Мягмаржаргалыг “гар утсаа түр өгч бай, хүний данснаас мөнгө авах ёстой юм аа” гэж зохиомол байдлыг бий болгон хуурч, Хуавэе П-20 лайт гар утсыг залилж, 450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Э.Мягмаржаргалын мэдүүлэг /3хх 199-200/, Нисдэг машин ХХК-ийн дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх 195/, Дамно” ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн ЧД1-19-33 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /3-р хх 209-210/,

- 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 41 дүгээр байрны тоглоомын талбайд насанд хүрээгүй буюу 9 настай А.Г-ын эзэмшлийн унадаг дугуйг “дугуйг чинь унаж байр тойроод ирье” гэж хуурч, цааш авч яваад 201.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь гэрч Л.Алтанхуягийн мэдүүлэг /1хх 166-167/, насанд хүрээгүй хохирогч А.Г-ын мэдүүлэг /1хх 182-183/, шүүгдэгч У.Э-ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх 191-192/, тухайн унадаг дугуйны гэрэл зураг /1хх 169/, Дамно ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн СХ3-19-138 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 172-173/,

- 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн П.Лхам-Отгоны эзэмшлийн Эко Даюун загварын мотоциклийг “унаад ирье” гэж хуурч, цааш авч явсан залилж, 1.980.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч П.Лхам-Отгоны мэдүүлэг /3хх 81/, хохирогч Т.Пүрэвдуламын мэдүүлэг /3хх 57/, гэрч Т.Пүрэвмаагийн мэдүүлэг /3хх 60/, Тэнцвэр Эстимейт ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1288 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /3хх 66-68/ зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

3. Шүүгдэгч У.Э- нь 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн Сайхан сумын 6 дугаар багийн иргэн У.Цэндсүрэнгийн эзэмшлийн Хонда Кросс РХ загварын мотоциклийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох хохирогч У.Цэндсүрэнгийн мэдүүлэг мэдүүлэг /3хх 125/, гэрч Б.Сэр-Одын мэдүүлэг  /3хх 109/, гэрч Б.Жанчивдоржийн мэдүүлэг /3хх 110/, гэрч Ө.Ойдовийн мэдүүлэг /3хх 111/, Ашидбилгүүн ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ-519/063 дугаартай үнэлгээний дүгнэлт /3хх 114-117/ зэрэг хуульд заасан журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч У.Э-ы энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

Харин шүүгдэгч У.Э-ы үйлдлүүдээс хохирогч П.Лхам-Отгон, насанд хүрээгүй хохирогч А.Г- нарын мотоцикл болон унадаг дугуйг нь “унаад ирье” гэж хуурч, залилан авч хохирол учруулсан үйлдлийг анхан шатны шүүх хохирогч нарын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан “дээрэмдэх” гэмт хэрэг гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шийдвэрлэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Учир нь хохирогч нарын өөрсдийн эд хөрөнгийг сайн дураараа гэмт этгээдэд өгсөн үйлдлийг хүч хэрэглээгүй дээрэм гэж үзэхгүй.

Иймд шүүгдэгч У.Э-ы бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гурван удаагийн үргэлжилсэн үйлдлээс дээр дурьдсан П.Лхам-Отгон, А.Г- гэсэн хоёр хохирогчтой үйлдлүүдийг түүний бусдыг залилсан үйлдлүүдэд нэмж, ингэж дүгнэсэнтэй холбоотойгоор түүний дээрмийн гэмт хэргийн үйлдэлд анхан шатны шүүхээс оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлэн, 1 жил болгон өөрчлөхөөр давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин түүний хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, учруулсан хохирлын хэр хэмжээнд шүүхийн түүнд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тохирсон ба эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/93 дугаартай шийтгэх тогтоолын:

а. Тогтоох хэсэгт “Шүүгдэгч У.Э-ы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан зүйлчилснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

б. Тогтоох хэсгийн:

3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял, ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, ...” гэж,

4 дэх заалтын “...нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 11 /арван нэг/ жилийн...” гэснийг “...нэмж нэгтгэн 8 /найм/ жилийн ...” гэж,

6 дахь заалтын “...нийт эдлэх биечлэн эдлэх ялын 13 /арван гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай” гэснийг “... У.Э-ы нийт биечлэн эдлэх хорих ялыг 10 /арав/ жилийн хугацаагаар тогтоосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

в. Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.ОЧМАНДАХ

 

ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ