Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 183/шш2021/00086

 

2021 01 15 183/ШШ2020/00086

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 19 хороо, \ тоотод оршин суух хаягтай, И... овогт Б...ын Э.../РД:..../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 хороо, 6 хэсэг, тоотод оршин суух хаягтай, .... овогтой А..ийн М... /РД:.../-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э..., хариуцагч А.М..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие А.М...ын хүсэлтээр 2019 оны 11 сарын 13-ны өдөр 50 000 000 төгрөгийг 3 хувийн хүүтэй зээлүүлсэн. 2020 оны 06 сарын 15-ны өдөр 15 000 000 төгрөгийг хүүнд, 2020 оны 09 сарын 07-ны өдөр 20 000 000 төгрөгийг зээлийн үндсэн үүрэгт тус тус төлсөн. А.М... нь үлдэгдэл 30 000 000 төгрөгийг 8 сарын 15-ны өдөр бүрэн төлж барагдуулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа тул М...аас 30 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би А.Э...гэдэг хүнийг танихгүй ба мөнгө зээлээгүй. Анх Б.Эрдэнэсайхан гэдэг хүнээс 50 000 000 төгрөгийг өөрийн хаан банкны 5163248054 тоот дансаар шилжүүлж авсан. 50 000 000 төгрөг миний дансанд орж ирсэн даруйд Б.Эрдэнэсайхан ах холбогдож 10 000 000 төгрөгийг ахдаа шилжүүлчих гээд өөрийнхөө 5131018330 тоот хаан банкны дансаар шилжүүлж авсан. Б.Эрдэнэсайхан гэдэг хүн нь Эс Энд Эй ХХК-д ерөнхий зөвлөх хийдэг ба өөрийн компанид ирсэн Оюу толгойн төслийн ханган нийлүүлэх санал тавьж, би зөвшөөрөн орсон ба тухайн бараа материалыг авахын тулд зээлсэн. Анх зээлэхэд тухайн төсөл бүрэн дуусаж, танай компани мөнгөө бүрэн шилжүүлсэн тохиолдолд би зээлээ хаана гэж тохирсон. Анх зээл авахад Б.Эрдэнэсайхан ах бид хоёр зээлийн хүү гэж огт ярилцаагүй, зөвхөн хамтарч ажиллах ашгийг хувааж авна гэж ярилцсан. Зээлийн гэрээг 2020 оны 06 дугаар сарын дундуур Б.Эрдэнэсайхан надтай ирж уулзаад эхнэр уурлаад байна. Миний дүү гэрээн дээр гарын үсэг зураад өг гээд гарын үсэг зуруулаад явсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага 30 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э...нь хариуцагч А.М...т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргав.

 

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагчийн хүсэлтээр 2019 оны 11 сарын 13-ны өдөр 50 000 000 төгрөгийг 3 хувийн хүүтэй зээлүүлсэн. 6 сарын 15-ны өдөр 15 000 000 төгрөгийг зээлийн хүүд тооцон авсан. 2020 оны 09 сарын 07-ны өдөр 20 000 000 төгрөг хариуцагч төлсөн. Зээлийн үндсэн үүрэгт 30 000 000 төгрөг төлөөгүй тул гаргуулна... гэж, хариуцагч ...нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй түүний нөхөр Б.Эрдэнэсайхантай тохиролцож 2019 оны 11 сарын 13-ны өдөр 50 000 000 шилжүүлж авсан ба мөн өдрөө 10 000 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. 40 000 000 төгрөгөөс 35 000 000 төгрөгийг Б.Эрдэнэсайханд буцаан өгсөн. 5 000 000 төгрөгийг Б.Эрдэнэсайханд төлөх үүрэг байгаа... гэж тус тус тайлбарлаж байна.

 

Хэрэгт 2019 оны 11 сарын 13 гэх огноо засвартай зээлийн гэрээ авагдсан ба уг гэрээгээр, А.М... нь Б.Энх-Амраас 50 000 000 төгрөгийг 3 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд 2020 оны 08 сарын 15-ны дотор төлж барагдуулна гэж тохиролцож, талууд гарын үсэг зурсан байна.

 

Хариуцагч нь дээрх гэрээнд 2020 оны 6 сарын үед Б.Эрдэнэсайханы хүсэлтээр гарын үсэг зурсан гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй ба уг гэрээ хожим нөхөж хийсэн болох нь тогтоогдож байна. Мөн 2019 оны 11 сарын 13-ны өдрийн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар Б.Эрдэнэсайханаас М...т гэх утгаар 50 000 000 төгрөгийн шилжүүлэг хийгдсэн байгаа зэргээс дүгнэхэд хариуцагчийн татгалзал үндэслэлтэй гэж дүгнэв.

Хэлцэл гэж хэлцэл хийгч этгээдийн өөрийн хүссэн тухайн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэгдсэн хүсэл зориг, түүний илэрхийллийг ойлгох бөгөөд энэхүү хүсэл зориг, түүний илэрхийлэл хууль зүйн дагуу байх, түүний хүсэл зоригийг нөгөө тал хүлээн авсан байх, ингэснээр тэдний хүсэл зориг харилцан нийцсэний үр дүнд аливаа гэрээ байгуулагдах учиртай.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Б.Э...болон хариуцагч А.М... нар ийнхүү тохиролцож, тэдгээрийн хороонд үүргийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүрэг шаардах эрхтэй этгээд биш байна.

Иймд нэхэмжлэгч Б.Э...ын хариуцагч А.М...т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30 000 0000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Зээлийн гэрээний үүрэг шаардах эрхтэй этгээд нь хариуцагчид холбогдуулан шаардлага гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э...ын хариуцагч А.М...т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30 000 0000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.МӨНХЦЭЦЭГ