Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00439

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00439

 

 

 

Б.Э-ыннэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2021/00086 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Э-ын нэхэмжлэлтэй хариуцагч А.М-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн, хариуцагч А.М шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа: А.Мт 2019 оны 11 дугаар сарын 13-ны өдөр 50 000 000 төгрөгийг 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлдэгч 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 15 000 000 төгрөгийг хүүд, 2020 оны 9 дугаар сарын 7-ны өдөр 20 000 000 төгрөгийг зээлд тус тус төлсөн. А.М нь үлдэгдэл 30 000 000 төгрөгийг 8 дугаар сарын 15-ны өдөр бүрэн төлж барагдуулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй тул 30 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа. А.Энх-Амарыг танихгүй, мөнгө зээлээгүй. Анх Б.Э-аас 50 000 000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5163248054 тоот дансаар шилжүүлж авсан. Энэ 50 000 000 төгрөг миний дансанд орж ирсэн даруйд Б.Э надтай холбогдож 10 000 000 төгрөгийг ахдаа шилжүүлчих гээд өөрийнхөө тоот Хаан банкны дансаар шилжүүлж авсан.

Б.Э нь ЭЭЭ ХХК-д ерөнхий зөвлөх хийдэг ба өөрийн компанид ирсэн ОТ төслийн ханган нийлүүлэх саналыг надад тавьж, би зөвшөөрч орсон ба бараа материалыг авахын тулд мөнгө зээлсэн. Анх мөнгө зээлэхэд тухайн төсөл бүрэн дуусаж, компани мөнгөө бүрэн шилжүүлсэн тохиолдолд миний зээлийг хаахаар тохирсон.

Анх зээл авахад Б.Э бид хоёр зээлийн хүүгийн талаар огт ярилцаагүй, зөвхөн хамтарч ажиллаж ашиг хуваана гэж ярилцсан. Б.Э 2020 оны 6 дугаар сарын дундуур надтай ирж уулзаад эхнэр уурлаад байна, миний дүү гэрээн дээр гарын үсэг зураад өг гээд гарын үсэг зуруулаад явсан. Тиймээс нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э-ынхариуцагч А.Мт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30 000 0000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талууд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Б.Э-ын Төрийн банк дах 1 дугаар данснаас зээлдэгч А.Мын Хаан банк дах  дугаарын дансруу 50 000 000 төгрөг шилжигдэн орсон үйл баримтын хувьд маргаангүй. Энэхүү төлбөрөөс 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 15 000 000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр 20 000 000 төгрөгийн төлөлт хийсэн дээр маргаагүй бөгөөд хавтаст хэрэгг энэхүү баримт нь нотлох баримтаар талууд хавсаргасан болно.

Гэтэл шүүхээс дээрх нөхцөл байдал болон бусад нотлох баримтыг үнэлэлгүйгээр нэхэмжлэгчийг хариуцагчаас гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж дүгнэж, цаашлаад маргааны агуулгад орж дүгнэлт өгөлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Шүүхээс хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй гэх тайлбарыг үндэслэж хэргийг хэрэгсэхгүй болсон.

Гэтэл 50 000 000 төгрөг шилжигдэн орсон талууд маргаагүй үйл баримтыг дүгнээгүй. Хариуцагчид яаралтай мөнгө хэрэгтэй болсон ба уулзах завгүйгээс зээлийн гэрээн дээр тухайн өдрөө гарын үсэг зурах үйлдлээ түр хойшлуулсан ба мөнгөө яаралтайгаар банкаар шилжүүлэн авах саналыг өөрөө тавьсаны дагуу мөнгийг түүнд шилжүүлсэн. Тохиролцсоны дагуу анх тохиролцсон нөхцөлөөр хариуцагч нь сайн дураараа гарын үсэг зурж, Б.Э надтай зээлийн гэрээг бичгээр байгуулан гэрээг баталгаажуулсан идэвхитэй үйлдлийг өөрөө хийсэн. Энэхүү идэвхитэй үйлдлээ хийгдээгүй, хууль бус, хуурамчаар хийгдсэн гэж хариуцагч маргаагүй. Үүнийгээ үгүйсгэх нотлох баримтыг шүүхэд өгөөгүй.

Зээлийн гэрээг бичгээр байгуулахаасаа өмнө мөнгөө шилжүүлж болохгүй гэсэн хориглосон зохицуулалт иргэний эрх зүйн харилцаанд байхгүй.

Хамгийн гол нь шүүхээс 2020 оны 9 дүгээр сард гаргасан нэхэмжлэлийг маань хүлээн авч, 3 сар гаруйн хугацаанд шүүхийн ажиллагаа хийж, зохигчдын зүгээс иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, хэн хэнээс маань тодорхой цаг хугацаа, хөлс хөдөлмөрөө зарцуулагдсаны дараа ийнхүү Б.Эыг нэхэмжлэл гаргах эрхгүй харин нөхөр Б.Эыг нэхэмжлэл дахин гаргах эрхтэй гэж шийдвэрлэсэн нь шүүхийн болон хэргийн оролцогч нарын хувьд цаг хугацаа, хөлс хөдөлмөрийг үндэслэлгүйгээр барсан шийдвэр боллоо. Энэхүү 50 000 000 төгрөг нь хэдий миний данснаас гарсан ч Б.Э бид хоёрын гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө. Б.Э шаардсан, Б.Э шаардсан ч хариуцагч А.Маас авах л ёстой мөнгө. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Б.Мөт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч гэрээг Б.Этай байгуулсан гэж маргажээ./хх 1,25/

Талууд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөр огноолж 50 000 000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр нөхөж байгуулсан үйл баримтад маргаангүй бөгөөд энэ нь зохигчийн тайлбараар нотлогдож байна./хх 6/ Мөн дээрх зээлийн гэрээний зүйл болох 50 000 000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Б.Э-ынданснаас Э М-т гэсэн утгаар шилжүүлсэн нь мөнгөн гуйвуулгын баримтын эх хувиар нотлогдсон. /хх 5/

Дээрх гэрээний үүрэгт хариуцагч нь 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 15 000 000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр 20 000 000 төгрөг төлсөнд талууд маргаангүй./хх 44-45/

Хэдийгээр зохигч бичгээр байгуулсан зээлийн гэрээнд гарын үсэг зурсанд маргаангүй байгаа ч хариуцагч нь гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг Б.Этай амаар байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр авсан Б.Эаас мөнгө аваагүй, зээлийн гэрээний үүрэгт 35 000 000 төгрөгөөс гадна 10 000 000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлажээ. /хх 44 дүгээр хуудасны ар тал, 45/

Иймд Б.Э, А.М хоёрын хооронд бичгээр байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр эсэх, Б.Эд төлсөн 10 000 000 төгрөгийг хасч тооцогдох эсэх нь маргаантай байна.

Анхан шатны шүүх талуудын маргааны зүйлийг зөв тодорхойлж, нотлох баримтыг дүгнээгүйгээс гадна хэргийн оролцогчийн хэрэгт ач холбогдолтой хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулжээ. /хх 45-47/

Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Мөн зохигч нь нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх хэдий ч шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргах юм. Талуудын маргааны зүйлд хамааралтай 10 000 000 төгрөг төлсөн гэх баримтаа гаргах боломжоор хангахыг хариуцагч шүүх хуралдаанд хүссэн боловч анхан шатны шүүхээс уг хүсэлтийг шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасан хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн зөрчилд хамаарч байна.

Түүнээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дах хэсэгт зааснаар шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болох юм.

 

Талууд иргэн Б.Эд 10 000 000 төгрөг зээлийн гэрээний үүрэгт төлөгдсөн эсэх, нэхэмжлэлийн зүйл болох 50 000 000 төгрөг нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн эсэх маргаантай байгаа нөхцөлд анхан шатны шүүхээс Б.Эы эрх, ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй талаар тодруулаагүй байна. Хэдийгээр нэхэмжлэгч Б.Э нь Б.Этай хууль ёсны гэр бүл гэж тайлбарлаж байх боловч энэ үйл баримт нь Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар гэрлэхийг хүсэгчдийн гэрлэлтээ гэрчийн этгээдийг байлцуулан улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн гэрчилгээгээр нотлогдох юм. Хэрэгт ач холбогдолтой баримт болох Б.Э, Б.Э нарын гэрлэлтийн гэрчилгээ авагдаагүй тохиолдолд гэр бүлийн гишүүний хамтран өмчлөх эд хөрөнгө гэж үнэлэж, тэдгээрийн аль нэг нь шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.

 

Дээрх ажиллагаануудыг гүйцэтгэснээр хэргийн үйл баримт бүрэн тодорч, хуулийг тайлбарлан хэрэглэх боломжтой болох бөгөөд давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2021/00086 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД