Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
Хэргийн индекс | 128/2022/0076/З |
Дугаар | 128/ШШ2022/0307 |
Огноо | 2022-04-21 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2022/0307
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Б***********” ХХК
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга нарын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Б***********” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э*********** , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*********** , Б.Т*********** , гэрч Т.О*********** , Д.Д*********** нар биечлэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:
1.1.”Б***********” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 457 дугаар шийдвэрийн “Б***********” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байгаагаа илэрхийлсэн болно.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар /хуучин нэрээр/ Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2005 оны 7 дугаар сарын 28-ны өдөр “Э*********** ” ХХК-д Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг Егүзэр нэртэй 79 гектар талбай ашигт малтмалын ашиглалтын 1022*А дугаартай тусгай зөвшөөрлийг олгожээ.
2.2.Хожим Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар /хуучин нэрээр/ Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 62* дүгээр шийдвэрээр “Б***********” ХХК-д шилжүүлэн бүртгэсэн байна[1].
2.3.”Б***********” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын 1022*А дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлж авсан цагаас 2020 оныг хүртэлх хугацааны Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө”, 34 дүгээр зүйлийн 34.2-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” үүргээ хэрэгжүүлж байсан[2] атлаа 2021 оны ээлжит төлбөрөө хуульд заасан хугацаанд төлсөн талаарх баримтыг холбогдох албан тушаалтанд хүргүүлээгүй байна.
2.4.Ээлжит төлбөр төлсөн баримт ирүүлээгүйтэй холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 4/3495 дугаар албан бичгээр “...34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд төлөх боломжтой...” гэх мэдэгдлийг[3] “Б***********” ХХК-д хүргүүлжээ.
2.5.Харин нэхэмжлэгч компаниас 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн АБ№21/001 албан бичгээр “...MV-*********** тоот Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн 17 дахь жилийн төлбөр болон алдангийг төлсөн...”[4], тухай мэдэгдсэн бол 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн АБ№21/003 албан бичгээр “...коронавируст халдварын тархалтын буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас компанийн үйл ажиллагаа түр хугацаанд тасалдаж хэвийн ажиллах боломжгүй болсон нөхцөл байдлыг харгалзан үзэж манай MV-*********** тоот Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр хэвээр байлгаж бидний ажилд гүн туслалцаа үзүүлнэ үү...” гэх хүсэлтийг тус тус Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан болно[5].
2.6.Гэвч хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга дээрх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтэд дурдсан асуудлыг харгалзан үзэлгүйгээр 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 457 дугаар шийдвэрээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг Егүзэр нэртэй 79 гектар талбай ашигт малтмалын ашиглалтын 1022*А дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж, уг шийдвэрээ 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 8/5248 дугаар албан бичгээр мэдэгджээ[6].
2.7.”Б***********” ХХК-иас “тусгай зөвшөөрөл цуцлах тухай” шийдвэрийг эс зөвшөөрч тус шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргасныг[7] шүүхээс шаардлагыг нь тодруулсны[8] эцэст 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 8/5248 дугаар албан бичгээр “...457 тоот мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн боловч маргаан бүхий актыг хуульд заасан журмын дагуу гардуулаагүй...”.
...Хугацаа хоцроосон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа ч хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Ашигт малтмал, газрын тосны газар нөхцөл байдлыг тодруулж, тайлбар авч, тайлбарт үндэслэх ёстой байсан.
... 2021 онд төлбөрийг төлөөгүй нь санаатай бус зайлшгүй нөхцөл байдал үүссэний улмаас төлж чадаагүй. 2 сая төгрөгийн төлбөрөөс болж цаашид ашиглаж үр шимийг нь хүртэх боломжтой болсон лицензээ алдахыг хүсэхгүй. Ковидын үр уршиг маш олон компанид бий болж байгаа. Тухайн үед ажиллаж байсан н.Ундармаа нягтлан 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрүүдэд ковид тусаж маргааш нь тусгаарлаж байхад үүнийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхээс өөр аргагүй.
Гүйлгээ хийхэд гүйцэтгэх захирал, нягтлан хоёр төлбөрийн баримтад гарын үсэг зурдаг. Татварын ерөнхий хуульд зааснаар эмнэлгийн магадалгаа, давагдашгүй хүчин зүйл хүндэтгэн үзэх шалтгаанд орно гэж заасан. Компанийг төлөөлөх эрх бүхий этгээд н.Д*********** захирал, компанийн нягтлан ковид туссан нь эмнэлгийн магадалгаагаар нотлогдоно...” гэжээ.
3.2.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “...1022*А дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна. 43.2. Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна” гэж заасны дагуу 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 8/5248 дугаар албан бичгээр мэдэгдсэн...” гэжээ[9].
3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*********** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Манай захиргааны актыг хууль бус болох хууль зүйн үндэслэлийг огт дурдсангүй.
... Хуульд зааснаар төлбөр төлөх 365 хоног олгогдож, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-т “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасны дагуу нийт 395 хоног олгогддог. 2 сая 22 мянга, 650 төгрөгийг 395 хоногтоо хувааж ч төлж болно. Ковидын нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаан биш. Хүндэтгэн үзэх шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг нь хүлээн авч ажлаас чөлөөлсөн, дараагийн нягтлан бодогчийг ажилд томилсон зэргээр компанийн үйл ажиллагаа хэвийн явагдсан гэдгийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсч байна. Төлбөр төлөхөд их ажиллагаа, цаг зав шаардахгүй. Одоо цагт интернэтээр ч төлөх боломжтой. 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш Монгол улсын хэмжээнд бүх зүйлс цахимжсан гэж хэлж болно. Манайхаас явуулсан мэдэгдлийг хүлээж аваагүй нь төлбөрөө хугацаандаа төлөхгүй байх үндэслэл болохгүй. Түүнчлэн манай байгууллагын буруутай үйл ажиллагааг нотлогдсонгүй. “Монгол шуудан” ТӨХК-ийн шуудан зөөгч өөрийн дотоод итгэл үнэмшлээр мэдүүлэг өгч байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2012 оноос хойш энэ хаягтаа байгаа гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Төрийн захиргааны байгууллагын явуулсан мэдэгдлийг хүлээж аваагүй нь манай компанийн буруу биш. Энэ нь “Монгол шуудан” ТӨХК-ийн буруутай үйл ажиллагаа байна. Хуульд олгогдсон эрхээ эдэлж, үүргээ хүлээж 13 жил тасралтгүй төлбөрөө төлсөн байгууллага манай байгууллагын эсхүл “Монгол шуудан” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас төлбөрөө төлж чадаагүй гэж ярих нь зохимжгүй асуудал...” гэв
3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т*********** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...”Б***********” ХХК ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлж аваад геологи, хайгуулын ажлыг сайн хийсэн байсан. Геологи, хайгуулын зардалд 2,2 тэрбум төгрөг зарцуулсан талаарх нотлох баримттай танилцсан. Монголын ихэнх компаниуд хайгуулын зардалдаа ийм төсөв суулгаж чаддаггүй. Сайн ажилласан гэж хувьдаа дүгнэж байгаа. Цаашид олборлолтын үйл ажиллагаа эхлүүлэхээр бэлдэж байгаа гэж тайлбарлалаа. Засгийн газрын хөтөлбөр, шинэ сэргэлтийн бодлогод уул уурхайн түүхий эд, олборлолтоо нэмэгдүүлж боомтын хөгжлийг нэмэгдүүлэхээр тусгагдсан. Нэг ч гэсэн компани ажлын байр бий болгож, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр нөөцөө тогтоолгож, техник эдийн засгийн үндэслэлээ батлуулаад олборлолтоо эхлүүлбэл сайн байна. Ашигт малтмалын нөөц ашигласны татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар зэрэг олон татварыг улсын төсөв, орон нутгийн төсөвт төвлөрүүлж байгааг сайшааж байна.
Тусгай зөвшөөрлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй учраас алдангийн 30 хоног дуусч тусгай зөвшөөрөл цуцлагдсан. Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газраас процессын алдаа гаргаагүй. Ашигт малтмалын тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу үйл ажиллагаагаа явуулсан. Манайх “Б***********” ХХК-д давуу байдал үүсгэж, санаатайгаар эрх ашгийг нь зөрчөөгүй, өдөр тутамд явагддаг үйл ажиллагаа явагдсан. Ковидын нөхцөл байдал болох хүндэтгэн үзэх шалтгааныг ойлгож байна. Миний хувьд 2021 оны 11 дүгээр сард ковид тусч, миний эргэн тойрны бүх хүн ковидын халдвар авсан. Намар ковидын тархалт, нас баралт нилээд өндөр байсан тул тухайн үеийн нөхцөл байдлыг сайн ойлгож байна. Ковид 19 цар тахлын нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх эсэхийг шүүгч өөрийн итгэл үнэмшлээр үнэлэх байх. Бидний хувьд тусгай зөвшөөрлийг цуцаллаа, сэргээлээ гээд төрийн байгууллагад давуу байдал олгогддоггүй. Уг тусгай зөвшөөрөл цуцлагдлаа гэхэд нэмэлт хайгуул хийгдэх болно. Хайгуул хийгээд нөөцөө тогтоогоод олборлолт хийхэд бэлэн байгаа гэдэг нь үнэн...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Дөрөв. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1.Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч Т.О*********** , Д.Д*********** нарын мэдүүлэг, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4.2.Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална “ гэжээ.
4.3.Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 457 дугаар шийдвэрийг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” заасныг үндэслэжээ.
4.4.Ийнхүү цуцлах үндэслэл бүрдсэнийг Ашигт малтмал, газрын тосны газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 4/3495 дугаар албан бичгээр мэдэгдсэн байна.
4.5.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Б***********” ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг нэхэмжлэгч жил бүрийн 7 дугаар сарын 28-аас өмнө төлөх үүрэгтэй байхад[10] 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төлбөрөө төлсөн байна[11].
4.6.Шүүхээс “Б***********” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг хэзээ хүргүүлсэн талаар тодруулахад Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн мэргэжилтний компьютерт үзлэг хийхэд 2012 онд Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Моннис цамхаг” 14 давхар гэж бүртгүүлсэн[12] бүртгэлтэй байх ба уг бүртгэлд хойшид өөрчлөлт ороогүй.
4.7.Хариуцагч байгууллагаас хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг нэхэмжлэгч компанийн албан ёсны хаягийн дагуу 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүргүүлсэн[13] болох нь “Баримт бичиг хүлээлцэх” дэвтрийн бүртгэлд бүртгэгдсэн байна.
4.8.Гэвч “Монгол шуудан” ХК-ийн шууданч Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Моннис цамхаг” 14 давхарт хүргэлтээр очиход нэхэмжлэгч компани хаяг дээрээ байгаагүй тул 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 11:03 цагт Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн бичиг хэргийн ажилтан Д.Да*********** буцаан гардуулсан байна[14].
4.9.Мөн энэ талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “Монгол шуудан” ХК-ийн шууданч Т.О*********** “...Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Моннис цамхаг” 14 давхарт “Б***********” ХХК гэж байхгүй, “Э***********” ХК байдаг...”энэ аж ахуйн нэгж энэ хаягт байхгүй байсан ч байхгүй гэж орхиод явж болохгүй. Манай шуудангийн эрхлэгч биднийг шуудан үлдээсэн эсэхийг байнга шалгадаг...”гэж,[15] гэрч Д.Д*********** “...Уг компани нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хаягийн өөрчлөлт хийлгэсэн байна лээ. Шийдвэрийн дагуу хамгийн сүүлд ирүүлсэн албан бичгийн хаяг, эсхүл хариуцсан мэргэжилтний системээс баталгаажсан хаягаар хүргүүлдэг...” гэж[16] мэдүүлсэн болно.
4.10.Үүнээс үзвэл нэхэмжлэгч “Б***********” ХХК-ийг мэдэгдэл хүлээн аваагүй гэж зөвтгөх, шуудан хүргэгчийг мэдэгдлийг түүнд гардуулаагүй гэж буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
4.11.Товчхондоо хариуцагч тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргахаас өмнө мэдэгдэх ажиллагааг зохих ёсоор хийсэн байна.
4.12.Нэхэмжлэгч “Б***********” ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 17 дахь жилийн төлбөрийг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний төлсөн[17] байх бөгөөд хариуцагчаас энэ талаар маргаагүй.
4.13.Харин ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө хугацаа хожимдуулсан төлсөн үндэслэлээ, нягтлан бодогч У*********** 2021 оны 7 дугаар сарын 19-29-ний хооронд Ковид-19 халдвар авч тусгаарлалтанд байж байгаад 2021 оны 7 дугаар сарын 30-нд ажлаас гарсан.
...захирал н.Д*********** нь 2021 оны 9 дүгээр сарын 03-13-ны өдрүүдэд, шинээр ажилд орсон нягтлан бодогч н.Т*********** 2021 оны 9 дүгээр сарын 16-26-ны өдрийг хүртэлх хугацаанд тусгаарлалтад байсан гэж тайлбарласан.
4.14.Дээрх үйл баримт болон нийтэд илэрхий үйл баримтаар банкны төлбөр тооцоо цахимжсан, Ковид 19 нөхцөл байдлын үед илүүтэй хийх болсон, нэхэмжлэгчийн төлбөрийг “Моннис урбан девелопмент” ХХК цахимаар шилжүүлсэн баримт зэргээс үзэхэд гагцхүү Ковид19 нөхцөл байдал ээлжит жилийн төлбөрийг төлөхөд саад бэрхшээл болсон гэж үзэхээргүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*********** ийн “төлбөр төлөхөд цаг хугацаа их шаардагдахгүй” гэх тайлбар үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
4.15.Нөгөөтээгүүр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсээс маргаан бүхий актын гаргасан талаар Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5 “...Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, ...тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно” гэж заасны дагуу олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдээгүй хэдий ч олон нийттэй харилцах өөрийн албан ёсны сайтад мэдээлэл өгч байршуулсан тул уг үндэслэлээр маргаж буй 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 457 дугаар шийдвэрийг хүчингүй болгох бодит үндэслэл биш юм.
4.16.Иймд нэхэмжлэгч Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэсэн үүргээ биелүүлээгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй байх шалтгаан биш бөгөөд хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй байна.
4.17.Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж тус тус заасан үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 457 дугаар шийдвэрээр “Б***********” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 1022*А дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн 11.1.15 дахь заалтаар олгосон эрх хэмжээний хүрээнд хууль зүйн үндэслэлтэй гарсан шийдвэр байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус үндэслэн “Б***********” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 457 дугаар шийдвэрийн “Б***********” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР
[1] Хавтас хэргийн 57-58 хуудас
[2] Хавтас хэргийн 60-61 хуудас
[3] Хавтас хэргийн 53 хуудас
[4] Хавтас хэргийн 32, 81-84 хуудас
[5] Хавтас хэргийн 33-34 хуудас
[6] Хавтас хэргийн 6 хуудас
[7] Хавтас хэргийн 35-38 хуудас
[8] Хавтас хэргийн 39-40 хуудас
[9] Хавтас хэргийн 50-51 хуудас
[10] Хавтас хэргийн 60 хуудас
[11] Хавтас хэргийн 13-14 хуудас
[12] Хавтас хэргийн 108 хуудас
[13] Хавтас хэргийн 94, 109 хуудас
[14] Хавтас хэргийн 86-87,109 хуудас
[15] Хавтас хэргийн 231 хуудас
[16] Хавтас хэргийн 232 хуудас
[17] Хавтас хэргийн 13-14 хуудас