Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2022/0510

 

2022.07.22-ны өдөр 221/МА2022/0510

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

  захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э

Нэхэмжлэгч “Б” ХХК

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 307 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э Ж.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн

Хэргийн индекс: 128/2022/0076/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Б” ХХК-иас “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 457 дугаар шийдвэрийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 307 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус үндэслэн “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 457 дугаар шийдвэрийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тухайд түүний шүүх хуралдаанд оролцогч болон бусад оролцогчтой нэг бүрчлэн танилцах, төлөөлөх эрхтэй этгээдийн хувьд төлөөлөх бичиг баримттай холбоотой шалгаж санал өгөх эрхийг хэрэгжүүлэхгүй байх, мөн нэхэмжлэгчийн шүүхэд хуульд заасан эрхийн хүрээнд гаргасан хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулах, гэрчээс асуух асуултыг хууль бусаар хязгаарлах, хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгч авах эрхийг нь хангахгүй байх,

3.1.1. шүүх хуралдаанд хэлээгүй үгийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгах зэргээр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тухайд тэдний биеийн байцаалтыг шалгалгүй хэн болохыг тогтоолгүй оролцуулах, ашиг сонирхлын зөрчилтэй эсэх нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэг зуруулахгүй байх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлттэй холбоотойгоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс санал авахгүй байх, нэхэмжлэгч талын хүсэлтийг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой эсэх талаар шүүхээс шийдвэрлэхгүй орхигдуулах, уг асуудалтай холбоотой мэтгэлцээний зарчмыг зөрчих, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд оролцох эрх, үүргийг шүүхээс танилцуулалгүй орхигдуулах зэргээр,

3.1.2. Гэрч нарын тухайд хууль заасны дагуу гэрчүүдийг хооронд нь харилцуулахгүй байлгах талаар шүүх хуралдаан даргалагч арга хэмжээ авалгүй шүүх хуралдаан эхлэхээс гэрчүүд шүүхэд мэдүүлэг өгөх хүртэл хамтад нь байлгах нөхцөлийг бүрдүүлэх, шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгийг шүүхийн шийдвэрт гуйвуулан бичих, нэхэмжлэгчийн зүгээс гэрчээс асуух асуултыг үндэслэлгүй хязгаарлах, гэрчийн мэдүүлгийг газар дээр нь шалгалгүй үнэлэх зэргээр,

3.1.3. Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт өгсөн гэж шүүхээс дүгнэсэн тухайд, шүүх үзлэг хийсэн тэмдэглэлдээ хөндлөнгийн гэрч оролцуулалгүй хууль зөрчиж авсан нотлох баримтад үндэслэсэн, бодит нөхцөл байдлыг бүрэн шалгалгүй тал бүрээс дүгнэх боломж нөхцөлийг алдагдуулсан, хуульд заасан үүргийн хүрээнд нотлох баримтуудыг бүрэн цуглуулж дүгнээгүй гэж үзэж байна.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.1-д “анхан шатны шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг нь хангалгүй хэргийг шийдвэрлэсэн” гэж заасан үндэслэлийн тухайд

4.1. Анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй байсан бөгөөд даргалагчийн зүгээс хэргийн оролцогч нараас ирцтэй холбоотой санал, хүсэлт байгаа эсэх талаар тодруулалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байна. Хуульд зааснаар хэргийн оролцогч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болдог. Гэтэл хэргийн хянан шийдвэрлэсэн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчиж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцох боломжгүй болсон талаарх асуудлыг шалгаж хэрхэх эсэх асуудлаар шийдвэрлээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд туршлага байхгүй байгаатай холбогдуулан шүүх хуралдаанаар хэргийг үргэлжлүүлэн хэлэлцсэн нь нэхэмжлэгчийн зүгээс гомдолтой байна. Зүй нь шүүх хуралдаан даргалагчаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2, 91.1, 96.2-д зааснаар хууль зүйн үндэслэл бүрдсэн эсэхийг шалгасны үндсэн дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг оролцуулах эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой байтал шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас хэргийн оролцогчдын ирцийг танилцуулсны дараагаар шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн байна. Шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 1341 дугаартай тэмдэглэлд “шүүх хуралдаан даргалагч нь хэргийн оролцогчдоос ирцтэй холбоотой саналыг асуусан” мэтээр бичиж тэмдэглэсэн байсныг нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдааны явцыг дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулан бичлэгтэй албан ёсоор танилцаж, шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах хүсэлтээ гаргасан болно.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-д “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал” гэж заасан үндэслэлийн тухайд

5.1. Хариуцагчийн зүгээс 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг төлөөлөн Б.Т гэх хүнийг оролцуулахаар урьд томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б-тэй хамт шүүх хуралд оруулахаар итгэмжлэл олгосон гэх хэдий ч 2 хоногийн дараа хуралдаж байгаа шүүх хуралдаанд хэргийн оролцогчтой нэг бүрчлэн танилцаж, төлөөлөх бүрэн эрхийг олгосон эсэхийг шалгалгүй шүүх хуралдааныг хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

5.2. Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн ажиллагааны баримтуудтай нэг бүрчлэн танилцахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т-д хуульд заасан эрх, үүргийг тайлбарласан, нөлөөллийн мэдүүлгийг танилцуулсан талаар хэргийн материалд нотлох баримт байхгүй, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд Б.Т нь өөрөө оролцсон уу, эсхүл өөр этгээд өмнөөс нь оролцсон уу гэдэг нь эргэлзээтэй байхад хуралдааныг үргэлжлүүлсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 39 дүгээр зүйлийн 39.3, 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хариуцагч байгууллагын албан ёсны сайтад үзлэг хийлгүүлж, “Б” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан талаарх шийдвэрийг хэзээ нийтэд мэдээлсэн эсэхийг тодруулах”-аар хүсэлт гаргасан. Гэтэл шүүх хуралдаан даргалагчийн зүгээс дээрх хүсэлттэй холбоотойгоор хариуцагч талаас санал аваагүй, тухайн хүсэлт нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой эсэх талаар шийдвэрлээгүй орхигдуулж, хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн нь хуульд заасан журмыг зөрчсөн.

5.3. Тодруулбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлт нь үндэслэл бүхий эсэх талаар талуудыг мэтгэлцүүлж, уг мэтгэлцээний үндсэн дээр шийдвэр гаргах ёстой бөгөөд хэрэв хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн тохиолдолд гомдол гаргах эрхтэй байсан болохыг шүүх анхаарч үзнэ үү. Мөн шүүхээс 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр .... хариуцагч байгууллагын тусгай зөвшөөрлийн нэгдсэн системд болон баримт бичигт үзлэг хийсэн бөгөөд үзлэгийг шүүгч, шүүгчийн туслах нар зохион байгуулж явуулсан байна. Гэтэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1, 41.3, 41.4, 41.5-д тус тус заасныг зөрчсөн. Шүүхийн үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал нь шүүхийн шийдвэрт тусгагдсан байх ба шүүхийн үзлэгт хөндлөнгийн гэрчийн этгээдүүдийг оролцуулж, гарын үсэг зуруулаагүй байна.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж заасан. Шүүх хуралдаанд гэрчээр Т.О, Д.Д нар оролцсон бөгөөд гэрчүүдийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.9-т тусгасан байна.

6.1. Гэрч Т.О нь шүүх хуралдаанд “... нэхэмжлэгчийн үйл ажиллагаа явуулдаг эсэхийг “Э” ХК-ийн ресепшнээс тодруулж лавлахад байхгүй” гэсэн агуулга бүхий мэдүүлгийг өгсөн байтал шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт гэрчийн өгсөн мэдүүлгийг гуйвуулан тайлбарласан байна. Шүүх хуралдааны явцыг баталгаажуулсан дуу-дүрсний бичлэгийн 17:20 минутад даргалагчаас тус гэрчийн биеийн байцаалттай танилцсан болохоос гэрчийн хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй байгаа бөгөөд зөвхөн баримтад гарын үсэг зуруулсан нь хуульд заасан эрх, үүргийг зохих ёсоор тайлбарлаж өгсөн гэж үзэх үндэслэлгүй. Түүнчлэн дуу-дүрсний бичлэгийн 26:50 миунатаас 27:04 минутад “... өмнөх гэрч хөндлөнгийн байгууллагын хүн учраас заавал хууль тайлбарлах шаардлагагүй” гэсэн агуулга бүхий нөхцөл байдлыг гэрч Д.Д-д тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаагүй байна. Мөн гэрч Т.О-г шүүхээс асуусаны дараагаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “гэрчээс нэмэлт асуулт асууж болох уу” гэж шүүх хуралдаан даргалагчаас зөвшөөрөл авахад, даргалагчийн зүгээс “хүний асуултад дөрөөлөхгүй, асуулт хариултын үе шат дууссан” гэсэн нь мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Энэ үед асуулт хариултын үе дууссан талаар шүүх хуралдаан даргалагчаас мэдэгдээгүй байсан. Хуульд гэрчүүдийг хооронд нь харилцуулахгүй байлгах талаар шүүх хуралдаан даргалагч шаардлагатай арга хэмжээ авна гэж заасан байдаг. Гэвч шүүх хуралдаанд оролцсон гэрч Т.О, Д.Д нарыг хооронд харилцуулахгүй байлгах шаардлагатай бүхий л арга хэмжээг авах үүргийг хүлээсэн байтал уг арга хэмжээг авч чадаагүйн улмаас гэрчүүд хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тодорхойлж чадаагүй гэж үзэж байна.

7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-т “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон” гэж заасан үндэслэлийн тухайд

7.1. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4, Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 09 дүгээр тогтоолын 6-д заасны дагуу хариуцагч захиргааны байгууллага нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр гаргахаас өмнө тусгай зөвшөөрөл эзэмшигчид цуцлах үндэслэл бүрдсэн талаар мэдэгдэж, мэдэгдсэнээ баримтжуулсан байх үүргийг хүлээсэн бөгөөд уг үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгчийн зүгээс маргасан. Нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэлх хугацаанд ... “М цамхаг”-ийн 14 давхарт үйл ажиллагаа явуулсан байтал “М” ХК-ийн ажилтны мэдүүлэгт үндэслэж манай байгууллагын албан ёсны хаягжилтыг үгүйсгэж дүгнэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.

7.2. Хэрэгт авагдсан хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар нэхэмжлэгч нийт хувьцааны 37.5 хувийг “М” ХХК эзэмшдэг болох нь тодорхой байх бөгөөд манай компанийн үйл ажиллагаа явуулдаг М цамхаг нь тус компанийн харилцан хамаарал бүхий компанийн өмчлөлд байдаг болох нь нийтэд илэрхий үйл баримт юм бөгөөд гэрч Т.О-ын “Э” ХК-ийн ресепшнээс авсан мэдээлэлд үндэслэн нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлийг үгүйсгэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Энэ тохиолдолд гэрч Т.О-ын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, “М” ХК-ийн 2022 оны 09/227 тоот албан бичиг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлтэй зөрчилдөж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь М цамхагийн 14 давхарт үйл ажиллагаа явуулдаг эсэхийг шүүх нотлох баримтыг цуглуулах үүргийнхээ хүрээнд тодруулах бүрэн боломжтой байсан. Үзлэг хийх юм уу, М компаниас тодруулж шалгах боломжтой.

7.3. Мөн нэхэмжлэгч нь Геологи, уул уурхайн кадастрын нээлттэй мэдээллийн санд байнгын холбоо барих утас болон майл хаягийг бүртгүүлсэн байх бөгөөд дээрх мэдэгдлийг хаягийн асуудалтай байгаа бол мэдээллийг ашиглан мэдэгдэх бүрэн боломжтой байсан төдийгүй хангалттай хугацаа байсан. Энэ талаар ажил хариуцсан мэргэжилтэн болон хариуцагчаас шалгалгүй орхигдуулсан. Манай компанийн зүгээс хариуцагчийн баталсан хуулийн этгээдийн тодорхойлолт гэсэн маягтыг бөглөж, бүртгүүлж байсан болохыг ч тодруулж шалгаагүй.

7.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... нэхэмжлэгч нь геологи, хайгуулын зардалд 2.2 тэрбум төгрөг зарцуулсан талаарх нотлох баримттай танилцсан. Монголын ихэнх компаниуд хайгуулын зардалдаа ийм төсөв суулгаж чадаагүй” гэсэн байна. Дээр дурьдсанаар нэхэмжлэгч нь геологи, хайгуулын зардалдаа их хэмжээний хөрөнгө, санхүү зарцуулсан бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар, тус орд газар нь улс орны болон орон нутгийн эдийн засагт хэрхэн нөлөө үзүүлж байгаа, хичнээн хүнийг ажлын байраар хангах техник эдийн засгийн үндэслэлийг ч бодит байдалд тогтоон тухайн хэрэгт ач холбогдол бүхий баримтыг шүүх нотлох баримтаар цуглуулж бүрдүүлээгүй нь учир дутагдалтай болсон гэж үзэж байна.

7.5. Захиргааны ерөнхий хуульд заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг үндэслэл хамаарна гэж нэхэмжлэгч талаас үзэж байгаа бөгөөд нэхэмжлэгч геологи, хайгуулын төрийн захиргааны байгууллагад баталгаажуулсан зардлын талаар баримтыг хариуцагчийн судалгааны хэлтсээс бүрдүүлэх ёстой байсан. Маргаан бүхий шийдвэрийн хяналтын дагалдах хуудас авагдаагүй, шүүхээс тухайн нотлох баримтыг болон төлбөр төлөлтийн бүртгэлтэй холбоотой хувийн хэрэг нээх, хяналтын хуудас үүсгээгүй байгаад дүгнэлт хийлгүй, энэ талаарх баримтыг цуглуулах, үнэлж дүгнэх ажиллагааг хийгээгүй байна. Захиргааны хяналтын дагалдах хуудаст тухайн шийдвэрийг гаргахад оролцсон оролцоог тусгаж өгдөг бөгөөд төлбөр төлөлттэй холбоотой асуудал хариуцсан албан тушаалтан ямар санал гаргасан эсэх нь хэрэгт авагдсан баримтуудаар тодорхойгүй байна. Мөн нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр, алдангид төлсөн төлбөр нь ... газрын төсөл болон лицензийн орлогод албан ёсоор бүртгэгдсэн эсэхийг шалгагдаагүй байна.

7.6. Маргаан бүхий шийдвэрээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй гэсэн үндэслэлээр гарсан атлаа хэрэгт авагдсан баримтуудаар тухайн маргаан бүхий захиргааны актыг гаргахаас цаг хугацааны хувьд өмнө тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр, алдангийн хамт төлж энэ талаараа төрийн захиргааны байгууллагад мэдэгдсэн нь хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн эзэмшигчийн хувьд шүүхээс энэ асуудалд ямар ч дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн. Мөн нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2035 он хүртэл байгааг ч тооцож тогтоогоогүй, зохих дүгнэлт хийгдээгүй байна. Зүй нь шүүхээс тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр, алдангийг нэхэмжлэгч нь төлсөн байтал ямар үндэслэлээр уг төлбөрүүдийг төлөөгүй гэж, бүртгэхгүй байгаа болох талаар шүүхээс нотлох баримт цуглуулаагүй байна.

7.7. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцох үндэслэлийг хуульчилсан байна. Гэтэл шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “төлбөр төлөхөд цаг хугацаа их шаардагдахгүй” гэх тайлбарт үндэслэн шилжүүлэг хийснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцох агуулга бүхий дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй. Манай компанийн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2035 он хүртэл хүчинтэй, тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үед тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хадгалсаар ... мэдээллийн болон зураг зүйн системд хүчин төгөлдөр бүртгэлтэй байхад, төлбөр төлснөөс хойш захиргааны акт гарах бүх шаардлагыг зөрчин шууд цуцалж шийдвэрлэсэн нөхцөл байдалд шүүхээс ямар ч дүгнэлт хийгдээгүй. Шүүхээс энэ талаарх холбогдох баримтуудыг цуглуулаагүй, тодорхойлолтуудыг аваагүй, үзлэг хийгээгүй, санхүүгийн албанаас төлбөр төлөгдсөн байсан эсэх лавлагаа аваагүй нь шүүхээс дүгнэлт хийх боломжийг хязгаарласан байна. Тухайн үед ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хариуцагчаас зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, гаднаас алба хаагчдаас өөр хүн нэвтрүүлэхгүй байх, ажилтан, албан тушаалтан нь тодорхой хуваарийн дагуу ээлжээр ажиллах зэрэг нөхцөл байдалтай байсан. Нэхэмжлэгчийн зүгээс цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт хоцроон төлөх, бүртгүүлэх ажил явагдсаныг зохих ёсоор шалгаж дүгнээгүй гэж үзэж байна.

8. Нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн эрх хүчинтэй байх хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр, алдангийг төлсөн холбогдох баримтаа тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хамт төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн боловч уг асуудлыг шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүйг гаргаж маргаан бүхий 457 дугаар шийдвэр гаргасныг шүүх анхаараагүй.

8.1. Анх 2005 онд 60 жилийн хугацаатайгаар олгож байсан ба Ашигт малтмалын тухай хуулийн 26.5-д заасны дагуу 2007 онд гэрчилгээг шинэчлэн 30 жилийн хугацаатайгаар олгосон.

8.2. Үүнээс үзэхэд тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2035 онд дуусгавар болох бөгөөд дээрх нөхцөл байдалтай холбогдуулан нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтүүдийг хариуцагч нь ямар үндэслэлээр шийдвэрлэхгүй орхигдуулсан болохыг шалгаж тогтоох, энэ талаар нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй байсан.

9. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э-аас гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

 

2. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлүүдэд бүрэн дүгнэлт хийгээгүй, тэдгээр үндэслэлүүдэд хамаарах шаардлагатай баримтыг хэрэгт цуглуулаагүй, зарим асуудлаар дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан ямар баримт нотолгоонд үндэслэж байгаа талаар тайлбар дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүй байна.

 

2.1. Иймд шүүх хэргийн оролцогчдын маргаж буй үйл баримтын талаарх эрх зүйн зохицуулалтуудыг тодруулж, хариуцагчийн шийдвэр үйл ажиллагаа тэдгээрт нийцсэн эсэх, уг шийдвэр үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй.

 

3. Нэхэмжлэгч Б ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 457 дугаар шийдвэрийн Б ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...манай компани 2021 онд коронавируст халдварын тархалт буюу хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн 17 дахь жилийн төлбөрөө хоцроон төлсөн талаар тайлбар, нотлох баримтаа 2021 оны 11 дүгээр сарын 9, 11 дүгээр сарын 17-ны өдрүүдэд албан бичгээр хүргүүлсээр байхад хариуцагчаас тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргахдаа хоцроон төлсөн бодит нөхцөл, түүний үндэслэлийг тогтоогоогүй, шийдвэрийн талаар урьдчилан мэдэгдээгүй, тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тайлбар баримт гаргуулж, оролцоог нь хангаагүй, мөн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 457 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалсан талаарх мэдэгдлийг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 8/5248 албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлсэн боловч маргаан бүхий актыг хуульд заасан журмын дагуу одоо хүртэл гардуулаагүй байгаа” гэх зэргээр тайлбарлан маргажээ.

 

3.1. Хэрэгт авагдсан баримтаар Б ХХК нь ашигт малтмалын ашиглалтын MY-010224 дугаартай тусгай зөвшөөрлийн 17 дахь жилийн төлбөрийг алдангийн хамт төлж, төлбөр төлсөн баримтыг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 21/001 дугаар албан бичгээр хүргүүлсэн, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 457 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй гэсэн үндэслэлээр MY-010224 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

 

3.2. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана, 56.3-т Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл  эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ, 56.4-т Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж, эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ гэж заасан.

 

3.3. Хариуцагч ашигт малтмал газрын тосны газраас 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 4/3495 дугаар албан бичгээр  тус компанид төлбөрөө төлсөн тухай нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг мэдэгдсэн уг мэдэгдлийг хэзээ хүргүүлсэн нь баримтаар тогтоогдоогүй байна.

 

3.4. Тодруулбал, уг мэдэгдлийг Монгол шууданХХК-ийн Баримт бичиг хүлээлцэх дэвтрийн бүртгэлд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Моннис цамхагийн 14 давхар гэсэн хаягаар явуулахаар бүртгэсэн хэдий ч заасан хаягт ийм компани байхгүй учраас 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 11:03 цагт Ашигт малтмал газрын тосны газрын бичиг хэргийн ажилтан Д.Д-д буцаан гардуулсан гэсэн байхад анхан шатны шүүх ...нэхэмжлэгч Б ХХК-ийг мэдэгдэл хүлээн аваагүй гэж зөвтгөх, шуудан хүргэгчийг мэдэгдлийг түүнд гардуулаагүй гэж буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

 

4. Мөн дээрх үйл баримттай холбогдуулан шүүхээс Ашигт малтмал, газрын тосны газрын архив, бичиг хэрэгт үзлэг хийхээр шийдвэрлэж, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр тус газрын тусгай зөвшөөрлийн нэгдсэн системд болон баримт бичигт өдөр үзлэг хийхдээ уг ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, 41.4, 41.5 дахь заалтуудыг зөрчсөн байна.

 

5. Захиргааны ерөнхий хуулийн 43.5-д Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно гэж заасан бөгөөд шүүх ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн тухай болон тусгай зөвшөөрөл цуцалсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн эсэх талаар нотлох баримт шаардахад хариуцагчаас өөрийн байгууллагын цахим хуудас”-аар мэдэгдсэн гэж холбогдох баримт ирүүлжээ.

 

5.1. Энэ талаар нэхэмжлэгчээс хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн гэж үзэж тус өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан 08 дугаар сарын 27-ны өдрөөс 09 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд мэдэгдэх ёстой байсан. Гэвч хариуцагчийн гаргаж өгсөн ААН төлбөрөө хугацаанд нь бүрэн төлж бүртгүүлэхийг мэдэгдэж байна гэх энэхүү мэдэгдэл нь 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 2085 дугаартайгаар хариуцагчийн цахим хуудаст байршсан байна. Энэ мэдэгдэл манай компанид хамааралгүй болох нь нийтлэгдсэн огноогоор нотлогдож байна. Мөн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай гэх мэдэгдэл нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хариуцагчийн цахим хуудаст 2160 дугаартай нийтлэгдсэн байх бөгөөд энэ нь цуцлах шийдвэр нэгэнт гарсны дараах мэдэгдэл байна гэж маргасан байхад шүүхийн шийдвэрт уг шаардан авсан баримтуудын талаар дүгнэлт огт хийгээгүй байна.

 

5.2. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчээс хариуцагчийн цахим хуудаст үзлэг хийлгэх хүсэлт гаргаж, энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу тусгай зөвшөөрөл цуцлахаас өмнө тусгай зөвшөөрөл эзэмшигчид зохих ёсоор мэдэгдсэн эсэх нь маргаан бүхий захиргааны актыг хуульд заасан журмын дагуу гаргасан эсэхийг нотлох ач холбогдолтой гэж үзсэн байхад хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

 

6. Түүнчлэн нэхэмжлэгч компаниас 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн АБ21/001 албан бичгээр ...MY-010224 тоот Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн 17 дахь жилийн төлбөр болон алдангийг коронавируст халдвар тархалтын нөхцөл байдал, тодруулбал энэ асуудлыг хариуцсан нягтлан бодогч нь коронавируст халдвараар хүндээр өвдөсний улмаас хожимдуулан төлсөн... тухай мэдэгдэж, мөн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн АБ21/003 албан бичгээр ...коронавируст халдварын тархалтын буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас компанийн үйл ажиллагаа тасалдаж, хэвийн ажиллах боломжгүй болсон нөхцөл байдлыг харгалзан үзэж, манай ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр хэвээр байлгаж  өгнө үү... гэх хүсэлтийг гаргаж байжээ.

 

6.1. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 457 дугаар шийдвэрээр тус компанийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэхээс өмнө 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр төлбөрийг алдангийн хамтаар төлсөн баримтыг захиргааны байгууллагад хүргүүлсээр байхад төлбөр төлсний дараа цуцалсан гэж маргаж байгаа энэ тохиолдолд хариуцагчаас маргаан бүхий шийдвэрийн хяналтын дагалдах хуудас /Захиргааны ерөнхий хуулийн 29.1,29.2-д заасан/, төлбөр төлөлтийн бүртгэлтэй холбоотой тэмдэглэл, оролцогчийн санал, сонсох ажиллагаа, гүйцэтгэл байгаа эсэх нь тодорхойгүй байна.

 

6.2. Иймээс  Б ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төсвийн орлогод албан ёсоор бүртгэгдсэн эсэх талаар тодруулах ажиллагаа хийгээгүй байх тул уг нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байна.

 

7. Дээр дурдсан браимтуудыг цуглуулсны үндсэн дээр шүүхийн өмнө талууд хэргийн нөхцөл байдал, түүний хууль зүйн үндэслэлийн талаарх өөрсдийн үзэл бодлын үнэн зөв болохыг илэрхийлэх боломжийг олгож, хэргийн оролцогч болон бусад оролцогч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэтгэлцүүлж, хэргийг шийдвэрлэх нь зүйд нийцэхээр байна.

 

7.1. Мөн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт гаргаж илэрхийлсэн байхад шүүх уг хүсэлтийг хэрхэн яаж шийдвэрлэснээ шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаагүй нь шүүх хуралдааны тэмдэглэлд өөрчлөлт оруулах тухай нэхэмжлэгчийн хүсэлт, түүнд өөрчлөлт оруулсан шүүх хуралдааны тэмдэглэл болон дуу-дүрсний бичлэгээр тогтоогдож байх тул анхан шатны шүүхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлсэн гэж үзэхгүй.

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э-ийн гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 307 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                    ШҮҮГЧ                            О.ОЮУНГЭРЭЛ

                                   

 

                                    ШҮҮГЧ                            Д.БААТАРХҮҮ

 

 

                                    ШҮҮГЧ                            Б.ТУНГАЛАГСАЙХАН