Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2020/03199

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  О.Чулуунчимэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ............... тоот хаягт оршин суух Д овогт Д.Б /РД:00000000/-ын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, .............. тоот хаягт оршин суух С овогт Ц.М /РД:00000000/,

Хариуцагч: Улаанбаатар хот, ................. тоот хаягт оршин суух Х овогт Я.Г /РД:00000000/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 133.000.000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Га, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Э, хариуцагч Ц.М-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагч Я.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Га шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Д.Б нь өөрийн танил Ц.Мд 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 70.000.000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 4 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатайгаар, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн ба мөнгийг Ц.М-гийн ХААН банкин дах 0000000000 дугаарын дансанд шилжүүлсэн юм. Ц.М нь 70.000.000 төгрөгийн зээл авахдаа Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, ............ тоот хаягт байрлах 3 давхрын 000 тоот орон сууцуудыг барьцаалж, 2019-01-09-ний өдөр 40/07, 40/08 дугаарын орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Огт төлөлт хийгээгүй ба удаа дараа зээлээ төлөхийг шаардахад зээлийн гэрээний хугацаа сунгах хүсэлтэй байгаа. Зээлийн гэрээнд заагдсан алданги бус хүүгээ төлөөд явъя гэсний дагуу үндсэн зээл 70.000.000 төгрөг, 15 сарын хүү 63.000.000 төгрөг, нийт 133.000.000 төгрөг төлнө гэсэн бичгийг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр бичиж өгсөн тул энэ мөнгийг гаргуулж өгнө үү. Бичгээр гаргасан нэхэмжлэлд техникийн алдаа гараад 137.200.000 төгрөг гэж бичигдсэн шаардлага дээрээ 133.000.000 төгрөгөө бичсэн байгаа” гэв.

Хариуцагч Я.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Г гэдэг хүн М-гийн нөхөр мөн боловч энэ зээлийн гэрээнд хамааралгүй. Ямар нэг үүрэг хүлээгээгүй. Б-тай 2020 оны 4 дүгээр сард уулзаж байснаас өөрөөр таарч байгаагүй, намайг холбогдолгүй болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ц.М-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “70.000.000 төгрөг зээлж авсан нь үнэн. Уг зээлсэн мөнгийг Хан-Уул дүүргийн 00 дугаар хороонд байрлах барилгад зарцуулсан. Энэ барилга нь 2019-04-18-ны өдөр ашиглалтад орсон боловч борлуулалт хийгдэхгүй 2019 оны 6 дугаар сар хүрсэн. Ингээд  зээл, зээлийн хүүгээ төлж чадахгүй болоод Б-ад орон сууцыг 1 ам м.кв-ыг нь 1.200.000 төгрөгт тооцоод өгөх санал тавьж байсан удаатай. Б нь удаа дараа манай нөхөрт дарамт үзүүлж байсан учраас миний бие өөрийн санал тусгах боломжгүйгээр 2020-03-16-ны өдөр бичиг хийж өгсөн. Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхэд бэлэн байгаа ба 3 сарын хүүгээ үндсэн 70.000.000 төгрөгийн хамт төлөхөд бэлэн. 16 сарын хүүг нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ бичгийг сунгалт гэж үзэхгүй ба агуулгын хувьд уншихад төлнө гэсэн үг байхгүй. 70.000.000 төгрөгийн хүүг нийт 15 сараар бодоход 63.000.000 төгрөг болж байна гэсэн л утгатай байгааг шүүх анхаарч үзнэ үү. 12.600.000 төгрөгийн хүү төлөхийг зөвшөөрч байна. Хүү авах гэж байгаа бол бичгээр сунгалтын гэрээ хийсэн байхаас гадна аль аль талынх нь сунгах хүсэлт байх учиртай” гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Ц.М, Я.Г нараас  зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 133.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь үндсэн зээл 70.000.000 төгрөг, зээлийн сарын 6 хувийн хүүг 3 сараар тооцож, зээлийн хүүд 12.600.000 төгрөг тус тус төлөхийг зөвшөөрсөн, харин 50.400.000 төгрөгийн хүүг төлөхгүй гэж маргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч хэргийн үйл баримт, гэм буруу болон өөрийн шаардлага ба татгалзлаа нотлох үүрэгтэй болохыг тодорхойлсон.

Зохигчид 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 3 сарын хугацаатай 70.000.000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлдүүлэгч Д.Б нь зээлийг шилжүүлэх, зээлдэгч Ц.М нь зээлийг сарын 6 хувийн хүүгийн хамт буцаан өгөх, хэрэв хугацаа хэтрүүлбэл хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр тохирсон байна.

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй.

Зээлдүүлэгч Д.Б нь зээлийн гэрээний дагуу 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 70.000.000 төгрөгийн зээлийг зээлдэгч Ц.Мд шилжүүлсэн болох нь Хаан банкны 0000000000 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон хариуцагчийн тайлбараар нотлогдож байна.

Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж, гэрээний үнэн зөвийг нотариатчаар гэрчлүүлсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.3-т тус тус нийцсэн, хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэж үзэх үндсийг бүрдүүлж байна.

Зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг талуудын хэн алинд байсан, гэрээний дагуу нэхэмжлэгч 70.000.000 төгрөгийн зээл шилжүүлснийг хариуцагч хүлээн авсан, буцаан төлөх үүрэгтээ хариуцагч Ц.М маргаагүй.

Зээлдүүлэгч Д.Б нь гэрээний дагуу 70.000.000 төгрөгийн зээлийг шилжүүлсэн нь тогтоогдсон тул зээлдэгч Ц.М шилжүүлэн авсан зээлийн хэмжээгээр гэрээгээр хүлээсэн үүрэг буюу зээл, зээлийн хүү төлөх үүрэгтэй.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д заасан “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...шилжүүлэх, зээлдэгч нь ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг” хүлээдэг, “хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэснээр нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээл 70.000.000 төгрөг, 3 сарын хугацааны хүү 12.600.000 төгрөг, нийт 82.600.000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

Учир нь зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох ба хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан ба гэрээний талууд тохиролцож, гэрээний хугацааг сунгах эрхтэй, хугацааг сунгахдаа үндсэн гэрээний хугацаа дуусахаас өмнө сунгасан байхыг хууль шаарддаг. 

Иймд хэрэгт авагдсан 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Ц.М-гийн зээлсэн 70.000.000 төгрөг, хүү нийт 15 сараар бодоход 63.000.000 төгрөг болно. Нийт 133.000.000 төгрөг болно” гэх бичгийг үндэслэн талуудын хооронд байгуулагдсан  2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээг сунгасан гэж үзэх үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний хугацаа дууссан 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш 11 сарын дараа Ц.М нь “Ц.М-гийн зээлсэн 70.000.000 төгрөг, хүү нийт 15 сараар бодоход 63.000.000 төгрөг болно. Нийт 133.000.000 төгрөг болно” гэж бичсэн байх ба нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийг шаардах, эсхүл зээлийн гэрээний сунгасан хугацаа дуусмагц зээлийн гэрээний үүргийг шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан.

 

Хамтран хариуцагчаар тодорхойлсон Я.Гт холбогдох шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т  “үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заасан байна. Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан тул Я.Г, Д.Б нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй байна гэж үзлээ.

Шилжүүлэн авсан зээлээ юунд зарцуулах нь Ц.М зээлдэгчийн өөрийнх нь асуудал бөгөөд Я.Гийн барьж буй барилгад хөрөнгө оруулсан явдал нь зээлдүүлэгчийн өмнө Я.Гийг зээл төлөх үүрэг үүсэх үндэслэл болохгүй гэж үзнэ.

 

         Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж хариуцагч Ц.М-гээс 82.600.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгож, хариуцагч Ц.М-гээс 570.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Бад олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.М-гээс зээлийн гэрээний үүрэгт 82.600.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 50.400.000 төгрөгийг болон хариуцагч Я.Г-т холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  822.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.М-гээс 570.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-ад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ                                               О.ЧУЛУУНЧИМЭГ