Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/00337

 

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/00337

 

 

 

Д.Б-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Нямбазар,Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2020/03199 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.М-, Я.Г- нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 133 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантуяа, өмгөөлөгч Ж.Энхтуяа, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимэд, Д.Очирдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б- нь өөрийн танил Ц.М-д 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 70 000 000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 4 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатайгаар, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн ба мөнгийг Ц.М-гийн ХААН банкин дах 5029943287 дугаарын дансанд шилжүүлсэн юм. Ц.М- нь 70 000 000 төгрөгийн зээл авахдаа Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо. Биокомбинатын 79/1 байрны 2 давхрын 208 тоот хаягт байрлах 3 давхрын 302 тоот орон сууцуудыг барьцаалж, 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 40/07, 40/08 дугаарын орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Огт төлөлт хийгээгүй ба удаа дараа зээлээ төлөхийг шаардахад зээлийн гэрээний хугацаа сунгах хүсэлтэй байгаа. Зээлийн гэрээнд заагдсан алданги бус хүүгээ төлөөд явъя гэсний дагуу үндсэн зээл 70 000 000 төгрөг, 15 сарын хүү 63 000 000 төгрөг, нийт 133 000 000 төгрөг төлнө гэсэн бичгийг 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр бичиж өгсөн тул энэ мөнгийг гаргуулж өгнө үү. Бичгээр гаргасан нэхэмжлэлд техникийн алдаа гараад 137 200 000 төгрөг гэж бичигдсэн шаардлага дээрээ 133 000 000 төгрөгөө бичсэн байгаа гэжээ.

Хариуцагч Я.Г- шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Я.Г- гэдэг хүн Ц.М-гийн нөхөр мөн боловч энэ зээлийн гэрээнд хамааралгүй. Ямар нэг үүрэг хүлээгээгүй. Д.Б-тай 2020 оны 4 дүгээр сард уулзаж байснаас өөрөөр таарч байгаагүй, намайг холбогдолгүй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.М- шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 70 000 000 төгрөг зээлж авсан нь үнэн. Уг зээлсэн мөнгийг Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байрлах барилгад зарцуулсан. Энэ барилга нь 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ашиглалтад орсон боловч борлуулалт хийгдэхгүй 2019 оны 6 дугаар сар хүрсэн. Ингээд зээл, зээлийн хүүгээ төлж чадахгүй болоод Д.Б-ад орон сууцыг 1 м.кв-ыг нь 1 200 000 төгрөгт тооцоод өгөх санал тавьж байсан удаатай. Д.Б- нь удаа дараа манай нөхөрт дарамт үзүүлж байсан учраас миний бие өөрийн санал тусгах боломжгүйгээр 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр бичиг хийж өгсөн. Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхэд бэлэн байгаа ба 3 сарын хүүгээ үндсэн 70 000 000 төгрөгийн хамт төлөхөд бэлэн. 70 000 000 төгрөгийн хүүг нийт 15 сараар бодоход 63 000 000 төгрөг болж байна гэсэн л утгатай байгааг шүүх анхаарч үзнэ үү. 12 600 000 төгрөгийн хүү төлөхийг зөвшөөрч байна. Хүү авах гэж байгаа бол бичгээр сунгалтын гэрээ хийсэн байхаас гадна аль, аль талынх нь сунгах хүсэлт байх учиртай гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.М-гээс зээлийн гэрээний үүрэгт 82 600 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 50 400 000 төгрөгийг болон хариуцагч Я.Г-т холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 822 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.М-гээс 570 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-ад олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Б-ын итгэмжпэгдсэн төлөөлөгч Г.Гантуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Гэрээний дагуу шаардвал үндсэн зээл 70 000 000 төгрөг, 3 сарын хүү 12 600 000 төгрөг, алданги 41 300 000 төгрөг, нийт 123 900 000 төгрөгийг шаардах эрхтэй юм. Ц.М- нь дээрх бичигт гарын үсэг зурж баталгаажуулснаас гадна шүүх хуралдаан дээр ч өөрийн гарын үсэг, бичгийн хэв болохоо илэрхийлсэн байхад шүүхээс бодит үнэлэлт өгөлгүй хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хариуцагч нь 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн бичгийн талаар шүүхэд ямар нэгэн байдлаар хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Хариуцагч Я.Г- нь хариу тайлбартаа "...уг орон сууцны худалдан борлуулах эрхийг итгэмжлэлээр 100 хувь Ц.М-д олгосон..." гэдэг боловч хавтаст хэрэгт итгэмжлэлийн талаарх баримт авагдаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт заасанчлан хариуцагч нар нь гаргасан тайлбараа нотлох ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй, хариу гомдлын шаардлага гаргаагүй байхад шүүх шийдвэр гаргахдаа энэ талаар анхаарч хууль зүйн ач холбогдол бүхий дүгнэлт хийхээс зайлсхийж дээрхи гэрээнүүдээр Я.Г- нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг биелүүлэхэд хамтран оролцсон, гэр бүлийн гишүүний нөхрийн хувьд Ц.М-гийн авсан 70 000 000 төгрөг барилгын ажилд хөрөнгө оруулалт хийгдэж байсныг мэдэж байсан байгаа юм. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч Ц.М-, Я.Г- нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 70 000 000 төгрөг, 16 сарын зээлийн хүү 67 200 000 төгрөг, нийт 133 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Я.Г- бүхэлд нь эс зөвшөөрч, хариуцагч Ц.М- нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг буюу 82 600 000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх 50 400 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч Д.Б-, хариуцагч Ц.М- нар 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Д.Б- нь 3 сарын хугацаатай 70 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй зээлдэгч Ц.М-д зээлдүүлэх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож төлөхөөр тохиролцсон ба зээлдүүлэгчээс зээлийн гэрээний зүйл болох 70 000 000 төгрөгийг зээлдэгчийн дансанд шилжүүлснээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар байгуулагдсан байна. /хх-ийн 5, 11/

Талууд зээлийн гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар маргаагүй, харин 2020 оны 3 сарын 16-ны өдрийн хариуцагч Ц.М-гийн гарын үсэг бүхий Ц.М-гийн зээлсэн 70 000 000 төгрөг, хүү нийт 15 сараар бодоход 63 000 000 төгрөг болно. Нийт 133.000.000 төгрөг болно" гэсэн агуулга бүхий бичмэл баримтаар зээлийн гэрээг сунгасан эсэх талаар маргажээ.

Зээлийн гэрээний нөхцөлд хүү бодох, үүргээ гүйцэтгээгүй бол алданги тооцох тухай тусгагдсан ба зээлдэгч гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч Д.Б- нь үндсэн зээл, хүүг хариуцагч Ц.М-гээс шаардах эрхтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн, шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үүрэгт 82 600 000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Гэрээг сунгах гэдэг нь Иргэний Хуулийн 72 дугаар зүйлийн 72.7 дахь хэсэгт хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно гэж зохицуулсан. Гэрээний нэг нөхцөл болох зээл ашиглуулах хугацааг гэрээгээр тогтоосон хугацаа дуусахаас өмнө талууд харилцан тохиролцож, сунгаж, үргэлжлүүлэх агуулга бөгөөд гэрээний хугацаа дууссанаас хойш гэрээг сунгасан гэж үзэх үндэслэлгүй тул Ц.М-гийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн бичгийг үндэслэн талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээг сунгасан гэж үзэх үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болно.

Я.Г-, Д.Б- нарын хооронд зээлийн гэрээ болон барьцааны гэрээ хийгдээгүй тул хариуцагч Я.Г-т холбогдох шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв ба Я.Г-ийн барьж буй барилгад Д.Б-аас зээлсэн Ц.М-гийн мөнгөөр хөрөнгө оруулсан нь зээл төлөх үүргийг хамтран хүлээх үндэслэл болохгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2020/03199 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 409 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

Н.БАТЗОРИГ