Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
Хэргийн индекс | 128/2020/0420/З |
Дугаар | 128/ШШ2022/0316 |
Огноо | 2022-04-22 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2022/0316
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, шүүгч Б.Адъяасүрэн, Т.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Г***********” ХХК
Хариуцагч: “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ
Гуравдагч этгээд: “А***********” ХХК
Гуравдагч этгээд: “Б***********” ХХК нарын хоорондын маргааныг [MT1] хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б***********, Ц.Н***********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э***********, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цолмонгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч “Г***********” ХХК-иас “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 3/209 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах,
1.2. “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ, “А” ХХК нарын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн 1 дугаар “Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”,
1.3. “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ, “Б***********” ХХК нарын хооронд 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн байгуулсан 2 дугаар “Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах,
1.4. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ болон “А***********” ХХК-ийн хооронд 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 3 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх түр гэрээ”, “Автотээврийн үндэсний төв ТӨҮГ болон “Б***********” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 6 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-г тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох,
1.5. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын “А***********” ХХК, “Б***********” ХХК-ын хооронд байгуулагдсан 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 4 , 5 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-г тус тус хүчингүй болгуулахаар эцсийн байдлаар тодорхойлон маргаж байна.
1.6. Шүүхийн хэлэлцүүлгийн шат эхлэхээс өмнө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас эцсийн байдлаар дээрх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаагаа илэрхийлсэн болно.
Хоёр: Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч “Г***********” ХХК[1] нь 15 жилийн хугацаанд хот хоорондын нийтийн тээвэрлэлтийн үйлчилгээг үзүүлсээр ирсэн бөгөөд Улаанбаатар - Баян-Өлгий аймгийн Өлгий сум - Улаанбаатар чиглэлд даваа, лхагва, баасан, ням гарагуудад 13 цаг 00 минутад зорчигч тээврийн үйлчилгээг гүйцэтгэдэг байжээ[2].
2.2. Гэтэл “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ өөрийн эрх хэмжээний хүрээнд судалгаа хийж, иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан цагийн сонголтыг зохимжтойгоор бий болгож төсөв дэх нөхцөл байдлыг чанаржуулах үүднээс Баян-Өлгий аймаг руу зорчигч тээврийн үйлчилгээг үзүүлэх зөвшөөрлийг 2 аж ахуйн нэгжид нэмж олгожээ.
2.3. Уг шийдвэрээ гаргахаас өмнө Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо ГҮТББ-аас 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулсан Зам тээврийн хөгжлийн яам, сайд, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ, Тээвэрчдийн төлөөлөл зэрэг 24 хүний бүрэлдэхүүнтэй уулзалтад танилцуулсан.
2.4. Мөн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 3/209 “Цагийн давтамж нэмэгдүүлэх тухай” албан бичгээр[3] “Г***********” ХХК-д энэ талаар сонсгол зохион байгуулах талаар мэдэгдсэн байна.
2.5. “Г***********” ХХК-иас тус мэдэгдэлд 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 11 дугаар албан бичгээр хариу хүргүүлэхийн[4] сацуу Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооны тэргүүнд хандан “...Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ нь дангаараа бусдын эрх ашгийг хохироосон шийдвэр гаргах боллоо. Иймд гишүүн байгууллагынхаа нийтлэг эрх ашгийг үндэс болгон...Зам тээврийн яам болон хууль хяналтын зохих байгууллагуудад эрх нь зөрчигдсөн аж ахуйн нэгжүүдийг төлөөлөн хандаж зохих шийдвэрийг гаргаж өгнө үү...” гэх хүсэлтийг гаргасан[5].
2.6. Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо ГҮТББ дээрх хүсэлтийн дагуу холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд “цагийн давтамж нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн, хоёр аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээг хүчингүй болгуулахаар удаа дараа хандсан хэдий ч “Г” ХХК-ийн тавьсан шаардлага бүрэн хангагдахгүй байжээ.
2.7. Улмаар тус компаниас “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ыг ямар нэгэн эдийн засгийн тооцоо судалгаагүйгээр Авто тээврийн тухай хууль, Авто тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж, 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хот-Баян-Өлгий аймаг- Улаанбаатар хот чиглэлд цагийн давтамж нэмэгдүүлэхээр шийдвэр гаргаж, “А***********” ХХК, “Б***********” ХХК-тай Улаанбаатар хот-Баян-Өлгий аймаг-Улаанбаатар хот чиглэлд даваа, лхагва, пүрэв, бямба гарагуудад 10 цагаас Хот хоорондын нийтийн тээвэрлэлт зохион байгуулах, гүйцэтгэх гэрээг тус тус байгуулж хот хоорондын тээвэрлэлтийн үйлчилгээг үзүүлж байгааг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гарган маргасан болно.
Гурав: Нэхэмжлэлийн үндэслэлийн талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч тайлбар:
3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*********** шүүхэд болон хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...хариуцагч байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу манай чиглэлд шинээр цагийн давтамж нэмэгдүүлж 2 аж ахуйн нэгж байгууллагатай Хот хоорондын нийтийн тээвэрлэлт зохион байгуулах, гүйцэтгэх гэрээг байгуулснаар манай компанийн суудал ашиглалт ихээхэн хэмжээгээр багасаж үүнийг дагаад эдийн засгийн хямралд орох зорчигч тээврийн үйлчилгээг хэвийн явуулах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.
... Зам тээвэр хөгжлийн сайд Б.Э*********** Авто тээврийн үндэсний төв судалгаа тооцоог дахин сайн хийж дүгнэлт гаргах, Авто тээврийн үндэсний төв, Авто тээврийн бодлого хэрэгжилтийн зохицуулах газар, Зам тээврийн хөгжлийн төвтэй нийлээд нөхөн олговор авах шаардлагатай эсэхийг судлах, эргээд сайдад танилцуулахаар шийдвэрлэсэн[6].
... Гэтэл “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ нь сайдын өгсөн үүрэг даалгаврыг зөрчиж Зам тээвэр, хөгжлийн яаманд ажлын хэсэг байгуулаагүй. Дахин шинээр цагийн давтамж нэмэх боломжтой эсэхэд тооцоо судалгааг хийгээгүй байж Улаанбаатар хот-Баян-Өлгий аймаг-Улаанбаатар хот чиглэлд өглөөний 10 цагийн автобусыг нэмэгдүүлэхээр шийдвэрлэж гуравдагч этгээд нартай тээвэрлэлтийн гэрээ байгуулж, тээвэрлэлтийг гүйцэтгүүлсэн.
Гэрээ байгуулахдаа Зам тээвэр, хөгжлийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/24 дүгээр тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм”-ийн холбогдох заалтуудыг зөрчиж цагийн давтамж нэмэгдүүлэх шийдвэрийг гаргаж гуравдагч этгээдүүдтэй Хот хоорондын зорчигч тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээг байгуулсан.
Мөн “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ, нэхэмжлэгч компанитай байгуулсан Хот хоорондын зорчигч тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5-д заасныг зөрчиж тус гэрээнд өөрчлөлт оруулахгүйгээр тухайн чиглэлд цагийн давтамж нэмэгдүүлж шийдвэрлэсэнд гомдолтой байна...” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Цагийн давтамж нэмэгдүүлэхээс өмнө хот хоорондын нийтийн тээврийн ХХ02 дугаартай “Улаанбаатар-Баян-Өлгий аймгийн Өлгий сум- Улаанбаатар” чиглэлд “Г***********” ХХК, “Ц***********” ХХК-ууд нийт 49 тээврийн хэрэгсэлтэй хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлж байсан.
2019 оны байдлаар Улаанбаатар-Баян-Өлгий аймгийн Өлгий сум- Улаанбаатар чиглэлийн дундаж суудал ашиглалт 76 хувьтай байгаа нь өмнөх оноос 6.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
...Аймгийн Засаг дарга, Мэргэжлийн хяналтын газар, “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ, орон нутгаас сонгогдсон гишүүдийн байр суурь бүгд манай нутагт давтамж нэмж, өрсөлдөөнийг бий болгож өгөөч гэж байхад зөвхөн би явна гэсэн байр сууринаас хандаж болохгүй юм. Үүнийг хурлаар шийдвэрлэсэн асуудал.
Нэхэмжлэгч нь манайх алдагдалтай гэдэг ч энэ талаараа тооцоо судалгаатай гаргасан ямар ч баримт байдаггүй. Коронавирусын нөхцөл байдал, улсын хорио цээрээс шалтгаалан сүүлийн 3 жил зорчигч тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээ багассан.
Эднийх 15 жил үйлчилж байгаа ч үйлчилгээ нь сайжраагүй. Өрсөлдөөнийг бий болгосноор иргэдэд үйлчилж байгаа үйлчилгээний хүртээмж сайжирна. “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ өөрсдийн эрх хэмжээний үндсэн дээр тооцоо судалгаанд үндэслэн шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Иргэд, орон нутгийн засаг захиргааны байгууллага, автотээврийн үйлчилгээ хүсэгчдийн удаа дараагийн санал, хүсэлтийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас Захиргааны ерөнхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу “сонсох ажиллагаа”-г удаа дараа явуулахад нэхэмжлэгч нэхэмжлэгч өөрөө, өөрийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахаар оролцоогүй, оролцохыг хүсээгүй, түүгээр үл барам ачаа тээвэрлэлтийн цагийн давтамжийг нэмэгдүүлэхийг хүлээн зөвшөөрч, өөрсдөө оролцох хүсэлт зэргээ зохих журмын дагуу илэрхийлж байсан.
... 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ”Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГазар “А***********” ХХК, “Б***********” ХХК нарын хооронд байгуулсан ХХНТ005/2020, ХХНТ006/2020 дугаар гэрээний үйлчлэл дуусгавар болсон.
...Нэхэмжлэгч нарын хувьд хууль зөрчлөө гэсэн зүйл байдаггүй. Эдний компани цэвэр эдийн засгийн боломжоо алдсан гэж гомдсон. Хот доторх, хот хоорондын тээврийн үйлчилгээ нь чөлөөт эдийн засгийн дагуу өрсөлдөөн.
... 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанд “Г***********” ХХК-ийн захирал н.Э*********** эдгээр компаниудыг энэ чиглэлд үйл ажиллагаа явуулахад манай компанийн зүгээс татгалзах зүйл байхгүй гэсэн ч одоо хууль бусаар цагийн давтамжийг нэмэхийг зөвшөөрсөн гэж ярьж байгаа нь онцгүй юм.
Тус хурлаар энэ асуудлыг маш ач холбогдолтойгоор ярьсан болохоос Баян-Өлгий аймагт байх 2 компанийн асуудалтай ямар ч хамааралгүй. Тухайн хурлаар Ховд аймагт 1, Увс аймагт 1, Баян-Өлгий аймагт 2 компани нэмэгдэж орж ирсэн...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Дөрөв: “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 3/209 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
4.1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэжээ.
4.2. Маргаж буй 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 3/209 дугаар мэдэгдэл бүхий албан бичиг нь дээр дурдсан хуульд заасан захиргааны актын үндсэн шинжүүдийг бүхэлд нь хангасан захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй.
4.3. Учир нь уг албан бичиг зохицуулалт агуулж, үүрэгжүүлсэн захиргааны акт байх тул түүнийг гаргах шийдвэр гаргах ажиллагаанд Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон захиргааны үйл ажиллагааны үндсэн болон тусгай зарчмууд үйлчилнэ.
4.4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “А***********” ХХК-иас Авто тээврийн үндэсний төвийн даргад 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 14[7], 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 09 дүгээр[8], 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 18 дугаар[9], 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 32 дугаар албан бичгүүдээр“... Ө-И-Өчиглэлд нэмэлт маршрут хэрэгтэй...уг маршрутад үйлчлэх зөвшөөрөл олгож өгөх...”[10], “Б***********” ХХК-иас Авто тээврийн үндэсний төвийн даргад хандан 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 61 дүгээр албан бичгээр[11] “...Ард иргэдийн хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхолд тулгуурлан...Ө-И-Ө чиглэлийн өглөөний хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ явуулах...дэмжиж өгнө үү...”, 2019 оны 12 дугаар сарын 23-ын өдрийн 72 дугаар албан бичгээр “...Ө-И-Өчиглэлд хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний асуудлыг маш богино хугацаанд шийдвэрлэж өгнө үү...”,[12] гэж, Баян-Өлгий Засаг дарга 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1-01/1053 албан бичгээр “...тус аймаг нь хүн ам ихтэй, орон нутагт шилжиж суурьших, зорчих хөдөлгөөн өдөр тутам нэмэгдэж, жил ирэх тусам Улаанбаатар хот руу зорчих зорчигчдын тоо эрс нэмэгдэж байна.
... “Б***********” ХХК, “А***********” ХХК-иуд нь нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх ангилал, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага MNS 501252011 стандартыг хангасан байна. Иймд Ө-И-Ө чиглэлд өглөөний зорчигч тээврийн үйлчилгээг эрхлэх зөвшөөрлийг олгож өгөхийг хүсье...”[13] тус тус хүсэлт гарган хандаж байжээ.
4.5. Дээрх тулгамдаж буй нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-аас Авто тээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4 “...тээвэрлэлтийн үйл ажиллагаа, ...мөрдөн дүрэм, журам...тэдгээрийн биелэлтийг хангуулах, 6.1.11 “...мэдээллийн нэгдсэн сан байгуулж, холбогдох байгууллагыг байнгын мэдээллээр хангах, ажлыг зохион байгуулах...”, бүрэн эрхийнхээ хүрээнд Хот хоорондын ХХ17 дугаартай “Ө-И-Ө 10 цагийн давтамж нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байна.
4.6. Хариуцагч энэхүү шийдвэрээ гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасан ”хууль үндэслэх” захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг баримталж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д ”Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүргийг хэрэгжүүлсэн.
4.7. Мөн хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу тухайн шийдвэрийг гаргахын өмнө “Г***********” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндөж болзошгүй этгээд гэж тодорхойлон тэдэнд урьдчилан мэдэгдэж, санал, тайлбар гаргах боломж олгосон.
4.8. Гэвч нэхэмжлэгчээс тухайн шийдвэр гарснаар өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхолд хэрхэн нөлөөлөх, ямар үр дагавар бий болохыг харуулсан өөрт байгаа тодорхой баримтуудыг бүрдүүлж захиргааны байгууллагад гаргаж өгөөгүй.
4.9. 2020 оны 01 дүгээр сарын 16-ний өдрийн “Хот хоорондын нийтийн тээврийн “Ө-И-Ө ”, “Улаанбаатар хот-Ховд аймаг Жаргалант сум-Улаанбаатар хот” болон “Улаанбаатар хот-Увс аймаг Улаангом сум-Улаанбаатар хот” чиглэлд тээвэрлэлтийн давтамж нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлаар уулзалтад Зам тээврийн хөгжлийн сайд Б.Э*********** “...Тэгээд та нарын өгсөн зузаан цаас рейс нэмэх шаардлагатай гэж үзээд байдаг. Энэ нөхцөл байдлуудаа үзээд Автотээврийн Үндэсний төв олгогдсон эрхийнхээ дагуу асуудлаа шийдээд яваарай. Хэрвээ хууль бус байвал та нар өөрсдөө үүний хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Үнэхээр судалгаатай зөв явах ёстой, дүрэм журамтай байгаа бол тэрнийхээ дагуу явна биз. Ийм байдлаар өнөөдрийн асуудлынхаа шийдвэрийг гаргая...” гэж ярьсан байх ба энэ үйл баримттай холбогдуулан Авто тээврийн төв судалгаа, тооцоог дахин сайн хийж, дүгнэлтээ гаргахаар шийдвэрлэсэн байна.
4.10. Гэтэл нэхэмжлэгчээс цагийн давтамж нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлыг “нөхөн олговор авах шаардлагатай эсэхийг судлах” ажлын хэсэг байгуулах[14] асуудалтай хамаатуулан тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
4.11. Нөгөөтээгүүр Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А069 дугаар “дэмжлэг хүсэх тухай” албан бичгээр хүргүүлсэн Баян-Өлгий аймгийн хот хоорондын нийтийн зорчигч үйлчилгээний өнөөгийн байдал, үйлчилгээний хүртээмж, соёл, цагийн давтамж, тулгамдаж буй асуудлын талаар хийсэн судалгааны танилцуулга[15], 2019 оны 08 дугаар сарын 29-ний байдлаар ХХ02 дугаартай “Ө-И-Ө ” чиглэлд зорчиж буй зорчигчдоос судалгаа авч[16], энэ чиглэлд шинээр цагийн давтамж нэмэх боломжтой эсэхэд тооцоо судалгааг 2020 оны 02 дугаар сарын 01-ний байдлаар хийсэн[17] зэргээс үзвэл хариуцагчийг дахин шинээр цагийн давтамж нэмэх боломжтой эсэхэд тооцоо судалгааг хийгээгүй байж Ө-И-Ө чиглэлд өглөөний 10 цагийн автобусыг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн гэж буруутгах боломжгүй юм.
4.12. Түүнчлэн Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/24 дүгээр тушаалаар баталсан “Авто тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм”-ийн 2 дугаар хавсралтын 3 дугаар зүйлийн 3.3.4-т “зорчигч тээврийн тухайн чиглэлд тээвэрлэлтийн эрэлт зайлшгүй нэмэгдэн, суудал ашиглалтын коэффициентийн дундаж 0,90-ээс доош тохиолдолд цагийн давтамж нэмэгдүүлэхгүй”, 3 дугаар зүйлийн 3.3.7-д “ улс, хот хооронд, орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч нь хот хоорондын болон орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээг гурваас доошгүй жил эрхэлсэн ажлын туршлагатай байна”, 4 дүгээр зүйлийн 4.1.2.7-д “улс, хот хооронд, орон нутгийн зорчигч тээврийн тухайн чиглэлд тээвэрлэлтийн эрэлт нэмэгдээгүй, суудал ашиглалтын коэффициентийн дундаж 0,90-ээс доош тохиолдолд цагийн давтамж нэмэгдүүлэхгүй” гэж заасан байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т “тухайн зах зээлд өрсөлдөгч гарч ирэхийг хориглосон буюу хязгаарласан, эсхүл түүнийг зах зээлээс шахан гаргахад чиглэсэн” гэж 13.2.7-д “аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн” гэж тус тус заасныг зөрчиж байна гэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/2066 дугаар “Арга хэмжээ авах тухай” албан бичигт дүгнэжээ.
4.13. Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн “хэрвээ цаашид цагийн давтамж нэмэх шаардлагатай бол манай компани давтамжаа нэмээд явах бололцоотой”[18] гэх санал дээрх хуульд нийцэхгүй байна.
4.14. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...сүүлийн 3 жилийн дунджаар Улаанбаатар хот-Баян-Өлгий аймаг-Улаанбаатар хот чиглэлд суудал ашиглалт 63-65 хувь, парк ашиглалт 31 хувьтай буюу алдагдалтай ажиллаж байгаа...” гэснийг Дэлхий нийтэд коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын тархалт гарч, түүнээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн, хязгаарлалт тогтоож байсантай холбон тайлбарлахаар байна.
Иймд дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 3/209 дугаар шийдвэр нь зорилгодоо нийцсэн байх бөгөөд түүнийг хүчингүй болгох хууль зүйн бодит үндэслэл тогтоогдсонгүй.
Тав: “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ болон “А***********” ХХК-ийн хооронд 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 3 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх түр гэрээ”, “Автотээврийн үндэсний төв ТӨҮГ болон “Б***********” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 6 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх түр гэрээ”-г тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд:
5.1. Зам, тээврийн хөгжлийн сайд Автотээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.10-д заасан бүрэн эрхийн хүрээнд 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Гэрээгээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний жагсаалт батлах тухай” 76 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаараа гэрээгээр гүйцэтгэх Хот хоорондын зорчигч тээвэрлэлтийг зохион байгуулах үйлчилгээг “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т шилжүүлжээ.
5.2. Хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “А***********” ХХК-тай “Ө-И-Ө ” чиглэлийн хот хоорондын нийтийн тээвэрлэлтийн үйлчилгээг Лхагва, Бямба гарагуудын 10:00 цагийн давтамжаар гүйцэтгүүлэхээр 3 дугаар “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх түр гэрээ”-г 3 сарын хугацаагаар, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “Б***********” ХХК-тай “Ө-И-Ө ” чиглэлийн хот хоорондын нийтийн тээвэрлэлтийн үйлчилгээг Даваа, Пүрэв гарагуудын 10:00 цагийн давтамжаар гүйцэтгүүлэхээр 6 дугаар “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх түр гэрээ”-г 3 сарын хугацаагаар тус тус байгуулсан байна.
5.3. Уг гэрээг хариуцагч Авто тээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.11-д “тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан байгуулж, холбогдох байгууллагыг байнгын мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах” заасан бүхэн эрхийнхээ хүрээнд байгуулжээ.
5.4. Учир нь “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Зорчигч тээврийн тасгийн 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Ө-И-Ө ” чиглэлтийн тээвэрлэлтийн судалгаагаар[19] уг чиглэлийн зорчигч урсгал 2017 онд 27,852, 2018 онд 34,016, 2019 онд 36,652, 2020 оны эхний хагас жилийн байдлаар 17,893 болж нэмэгдсэн байх бөгөөд тус чиглэлд үйл ажиллагаа явуулдаг “Г” ХХК-ийн суудал ашиглалт 76 хувьтай, 2019 оны байдлаар нийт 293 удаа нэмэлт тээврийн хэрэгслээр зорчигч тээвэр хийсэн, “Г***********” ХХК нь тус чиглэлийн зорчигч тээврийн үйлчилгээг явуулахдаа замын хөдөлгөөний дүрэмд заасан хурдны зөвшөөрөгдсөн хэмжээг 9318 удаа хэтрүүлсэн, 2 удаа зөрчил гаргасан, 6 техникийн саатал үүссэн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон.
5.5. Улмаар хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын 2019 оны А/218 дугаар тушаалаар байгуулагдсан “Улс, хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагуудын хүсэлтийг хууль тогтоомжид заасан шаардлага болон холбогдох дүрэм, журам, стандартын хүрээнд судалж дүгнэлт гаргах” ажлын хэсгийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар хуралдаан[20]-аар хэлэлцэн “...”А***********” ХХК, “Б***********” ХХК-тай “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах гүйцэтгэх гэрээ”-г байгуулахаар шийдвэрлэсэн болохыг шийдвэрийн үндэслэх хэсгийн дөрөвт дэлгэрэнгүй дүгнэсэн болно.
5.6. Энэхүү гэрээг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эс зөвшөөрч Зам тээвэр, хөгжлийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/24 дүгээр тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм”-ийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж маргасан.
5.7. Гэвч тус тушаал нь захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлийн 2020 оны 02 сарын 12-ны өдрийн №5 дугаарт нийтлэгдсэн[21] нь нийтэд илэрхий үйл баримтаар тогтоогдож байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ” гэж зааснаар уг гэрээ байгуулагдах үед хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж эхлээгүй байжээ.
Зургаа. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын “А***********” ХХК, “Б***********” ХХК-ын хооронд байгуулагдсан 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 4 , 5 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын “А***********” ХХК, “Б***********” ХХК-ын хооронд байгуулагдсан 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 4 , 5 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ” нь “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын “А***********” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын “Б***********” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 12 дүгээр сарын 27-ны өдрийн 2 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ” байгуулагдснаар үйлчлэл дуусгавар болсон тул нэгэнт дуусгавар болсон гэрээг хүчингүй болгох хууль зүйн боломжгүй ба дээрх гэрээнүүд хууль бус байсан болох хуульд заасан үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Долоо. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын “А***********” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын “Б***********” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 12 дүгээр сарын 27-ны өдрийн 2 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
7.1. Авто тээврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “тээвэрлэлтийг иргэний болон энэ хуульд нийцсэн гэрээний дагуу гүйцэтгэнэ”, 15 дугаар зүйлийн 15.6-д “тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй гэрээ байгуулж ажиллана” гэжээ.
7.2.Хариуцагчаас дээрх хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжтэй “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээг байгуулсныг хууль бус гэж үзэх үндэслэл, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдсонгүй.
7.3. Өөрөөр хэлбэл хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас ”Автотээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасны дагуу өмнө хийсэн “Ө-И-Ө ” чиглэлийн тооцоо, судалгаа, тээврийн эрэлт, хэрэгцээнд үндэслэсэн тооцооллыг тус чиглэлд үйлчилгээ эрхэлдэг бусад аж ахуйн нэгжийн цагийн давтамжийг давхцуулахгүйгээр гуравдагч этгээд “А***********” ХХК, “Б***********” ХХК-уудтай гэрээ байгуулсан нь уг дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.2.6 дахь хэсэгт нийцсэн байна.
Найм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлүүдээр, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Авто тээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.11, 9 дүгээр зүйлийн 9.1, 15 дугаар зүйлийн 15.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г***********” ХХК-ийн гаргасан “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 3/209 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ, “А***********” ХХК нарын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн 1 дугаар “Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”, “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ, “Б***********” ХХК нарын хооронд 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн байгуулсан 2 дугаар “Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ болон “А***********” ХХК-ийн хооронд 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 3 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх түр гэрээ”, “Автотээврийн үндэсний төв ТӨҮГ болон “Б***********” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 6 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-г тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын “А***********” ХХК, “Б***********” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 4 , 5 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ
[1] 1Хавтас хэргийн 20, 30-33 хуудас
[2] 1Хавтас хэргийн 33-47 хуудас
[3] 1Хавтас хэргийн 12 хуудас
[4] 1Хавтас хэргийн 13-14 хуудас
[5] 1 хавтас хэргийн 15-16 хуудас
[6] 1 Хавтас хэргийн 1-2 хуудас
[7] 1 Хавтас хэргийн 150 хуудас
[8] 1 Хавтас хэргийн 151 хуудас
[9] 1 Хавтас хэргийн 148 хуудас
[10] 1 Хавтас хэргийн 149 хуудас
[11] 1 Хавтас хэргийн 147 хуудас
[12] 1 Хавтас хэргийн 146 хуудас
[13] 1 Хавтас хэргийн 152 хуудас
[14] 1 Хавтас хэргийн 61 хуудас
[15] 1 Хавтас хэргийн 158-162 хуудас
[16] Нотлох баримтаар ирүүлсэн 176 хуудас бор хавтастай баримт
[17] 2 Хавтас хэргийн 196-204 хуудас
[18] 1 Хавтас хэргийн 53 хуудас
[19] - 2Хавтаст хэргийн 196-199 хуудас
[20] - 2Хавтаст хэргийн 185-195 хуудас