Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2023/00015

 

 И-И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн

2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 144/ШШ2022/00047 дугаар шийдвэр,

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 203/МА2022/00034 дүгээр магадлалтай,

“И-И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“И Т” ХХК-д холбогдох

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр Цагаан хаданд сумын Засаг даргын 2018 оны А/74 дүгээр захирамжаар эзэмшиж буй 100,000 м2 газар дээр “И Т” ХХК-ийн явуулж байгаа үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, “И-И” ХХК-ийн эзэмшил газар дээр барьсан 8 төрлийн барилга байгууламжийг буулгаж, эзэмшил газрын хэсэг болох 98708,2 м2 газрыг чөлөөлөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн өмгөөлөгч Х.О нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Б.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Х.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “И-И” ХХК нь “И Т” ХХК-д холбогдуулан Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр Цагаан хаданд сумын Засаг даргын 2018 оны А/74 дүгээр захирамжаар эзэмшиж буй 100,000 м2 газар дээр “И Т” ХХК-ийн явуулж байгаа үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, “И-И” ХХК-ийн эзэмшил газар дээр барьсан 8 төрлийн барилга байгууламжийг буулгаж, эзэмшил газрын хэсэг болох 98708,2 м2 газрыг чөлөөлөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 144/ШШ2022/00047 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэгт заасныг баримтлан Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад суурьшлийн бүсэд И Т ХХК-д Ханбогд сумын Засаг даргын 2020 оны А/225 дугаартай захирамжаар эзэмшүүлсэн 4601009718 нэгж талбарын дугаар бүхий гаалийн хяналтын талбайн зориулалттай 14.5 га газраас Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/74 дугаартай захирамжаар И-И ХХК-д 46010008307 нэгж талбарын дугаартай гаалийн хяналтын талбай зориулалтаар эзэмшүүлсэн 10 га газрын 98708.2 квадрат метр газарт И Т ХХК-ийн явуулж буй үйл ажиллагааг зогсоож, чөлөөлөхийг даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “И Т” ХХК-аас 140.400 төгрөг гаргуулж И-И ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 203/МА2022/00034 дүгээр магадлалаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 144/ШШ2022/00047 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалт дахь ...зогсоож гэдгийн өмнө “хууль бус болохыг тогтоож, түүнийг” гэж нэмж оруулж, чөлөөлөхийг гэдгийн ард “И Т ХХК-д даалгасугай” гэж өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “И Т” ХХК-ийн давж заалдах гомдолд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч Х.О хяналтын гомдолдоо: “И-И” ХХК-ийн “И Т” ХХК-д холбогдуулан гаргасан Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хаданд тус сумын засаг даргын 2018 оны А/74 дүгээр захирамжийн дагуу эзэмшиж байгаа манай компанийн эзэмшил болох 100,000 м2 газар дээр явуулж байгаа “И Т” ХХК-ний үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгож, манай эзэмшлийн газар дээр барьсан 8 төрлийн барилга байгууламжийг буулгуулан, манай эзэмшил болох 98,708.2 м2 газрыг чөлөөлөхийг хариуцагч “И Т” ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022.03.16-ны өдрийн 144/ШШ2022/00047 дугаар шийдвэр болон Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.10.19 ний өдрийн 203/МА2022/00034 дугаар магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1 /анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн/-д заасан үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Тодруулбал: Нэхэмжлэгч “И-И” ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр дэх Цагаан хаданд тус сумын Засаг даргын 2018 оны А/74 дүгээр захирамжаар 100,000 м2 газрыг 15 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй байгаа болон хариуцагч “И Т” ХХК ч Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн дээрх байршил бүхий газарт мөн сумын Засаг даргын 2020.08.07-ны А/225 дугаар захирамжаар 14.5 га газрыг эзэмших эрхтэй байгаа, тухайн 2 компанийн эзэмшлийн газар нь 98,708.2 квадратын хэмжээтэй давхацсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ. Гэвч анхан шатны шүүх Өмнөговь аймгийн Ханбогд сумын засаг даргын 2020.08.07-ны А/225 дугаартай захирамжаар “И Т” ХХК-д 145,000 м2 газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчиж эзэмшүүлсэн тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч “И-И ХХК Иргэний хуулийн 106.1-д заасны дагуу хариуцагчийн хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч “И-И” ХХК-д маргаан бүхий газар эзэмшүүлсэн хүчин төгөлдөр шийдвэр байгаа учир түүний өмч байх ёстой гэсэн дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ. Эдгээрээс харахад анхан шатны шүүх дээрх 2 компанийн хооронд эзэмших эрхийн талаар маргаж буй Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хаданд байршилтай маргаан бүхий газрыг нэхэмжлэгч “И-И” ХХК өмч гэж тогтоосон байх бөгөөд давж заалдах шатны шүүх маргаан бүхий газрыг нэхэмжлэгч “И-И” ХХК хууль ёсны эзэмшигч нь гэж шийдвэрлэжээ. Эдгээр дүгнэлтүүдийг хариуцагч тал болох “И Т” ХХК хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул доорх үндэслэлүүдээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд: 1. Маргаан бүхий газрыг нэхэмжлэгч “И-И” ХХК-д 100,000 м2-ийн хэмжээгээр 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын засаг даргын 2018 оны А/74 дүгээр захирамж, хариуцагч “И Т” ХХК-д 145,000 м2-ийн хэмжээгээр 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын засаг даргын 2020 оны А/225 дугаар захирамж аль аль нь хүчин төгөлдөр байхад зөвхөн “И-И” ХХК-д олгосон шийдвэр хүчин төгөлдөр байгаа тул тухайн компанийн хувьд газар нь тэдний өмч гэж иргэний хэргийн шүүх дүгнэсэн нь буруу гэж үзэж байна. Учир нь Газрын тухай хуулийн 27.1 д: Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа,болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ. Мөн хуулийн 27.4-т: хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч “И-И” ХХК газар эзэмших эрхийн гэрчилгээгүй атал хууль ёсны эзэмшигч гэсэн дүгнэлт хийсэн нь буруу юм. 2. Газрын тухай хуулийн 60.1.1-д: Газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж байгууллага болон засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн засаг даргын дээд шатны засаг дарга шийдвэрлэнэ. Мөн хуулийн 60.2-т: Иргэн, аж ахуйн нэгж байгууллага газартай холбогдсон маргааны талаар 60.1.1-д заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл дээд шатны албан тушаалтан, эсхүл шүүх шийдвэрлэнэ гэсэн харьяалал тогтоосон байхад иргэний хэргийн шүүх шууд шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Энэхүү харьяаллаар шийдвэрлэснээр нэхэмжлэгч, хариуцагч нарт газар эзэмшүүлсэн засаг даргын захирамжуудын аль нь захиргааны хууль бус акт болох нь тогтоогдож хүчингүй болсны эцэст эзэмшил, өмчлөлийн асуудал шийдвэрлэгдэх учиртай. Гэтэл дээрх 2 захирамж аль аль нь хүчин төгөлдөр байхад нэхэмжлэгч тал болох “И-И” ХХК-ийн өмч гэж тогтоосон нь хууль буруу хэрэглэсэн шийдвэр болно. 3. Иргэдэд гэр бүлийн хэрэгцээнд зориулан өмчлүүлснээс бусад газар нь төрийн өмч бөгөөд Газрын тухай хуулийн 27.1-д зааснаар газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх зохицуулалттай. Ийнхүү Газрын тухай хуулиар улам илүү нарийвчлан зохицуулсан байхад иргэний хуулийн ерөнхий зохицуулалтыг хэрэглэн нэхэмжлэгч тал болох “И-И” ХХК-ний өмч гэсэн дүгнэлт хийж мөн адил хууль ёсны шийдвэрийн дагуу эзэмшиж байгаа “И Т” ХХК-д эзэмшүүлсэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын засаг даргын эзэмшлийг хууль бус гэж дүгнэн шийдвэрлэсэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн дээрх шийдвэр болон Өмнөговь аймгийн эрүү иргэний давж заалдах шатны шүүхийн дээрх магадлалыг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн шийдвэр гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр энэхүү хэргийг хянан үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.1-д заасны дагуу шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай: “И-И” ХХК-ийн, “И Т” ХХК-д холбогдуулан гаргасан Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хаданд тус сумын Засаг даргын 2018 оны А/74 дүгээр захирамжийн дагуу эзэмшиж байгаа манай компанийн эзэмшил болох 10,000 м2 газар дээр явуулж байгаа “И Т” ХХК-ийн үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгож, манай эзэмшлийн газар дээр барьсан 8 төрлийн барилга байгууламжийг буулгуулан, манай эзэмшил болох 98,708.2 кв.м газрыг чөлөөлөхийг хариуцагч “И Т” ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийг хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн: Өмнөговь аймгийн Ханбогд сум дах сум дундын шүүхийн 2022.03.16-ны өдрийн 144/ШШ2022/0047 дугаартай шүүхийн шүүхийн шийдвэр, Өмнөговь аймаг дах эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.10.19-ний өдрийн 203/МА2022/00034 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1 /анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн/ дэх хэсэгт заасан үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Тодруулбал: Нэхэмжлэгч “И-И” ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр дэх Цагаан хаданд тус сумын Засаг даргын 2018 оны А/74 дүгээр захирамжаар 10,000 м2 газрыг 15 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй байгаа болон хариуцагч “И Т” ХХК ч Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн дээрх байршил бүхий газарт мөн сумын Засаг даргын 2020.08.07-ны А/225 дугаар захирамжаар 14.5 га газрыг эзэмших эрхтэй байгаа, тухайн 2 компанийн эзэмшлийн газар нь 98,708.2 м2 хэмжээтэй давхацсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ. Гэвч анхан шатны шүүх Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2022.08.07-ны А/225 дугаартай захирамжаар “И Т” ХХК-д 145,000 м2 газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31.3-т заасныг зөрчиж эзэмшүүлсэн тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч “И-И” ХХК Иргэний хуулийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч “И-И” ХХК-д маргаан бүхий газар эзэмшүүлсэн хүчин төгөлдөр шийдвэр байгаа учир түүний өмч байх ёстой гэсэн дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ. Эдгээрээс харахад анхан шатны шүүх дээрх 2 компанийн хооронд эзэмших эрхийн талаар маргаж буй Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хаданд байршилтай маргаан бүхий газрыг нэхэмжлэгч И-И ХХК-ийн өмч гэж тогтоосон байх бөгөөд давж заалдах шатны шүүх маргаан бүхий газрыг нэхэмжлэгч “И-И” ХХК-ийн өмч гэж тогтоосон байх бөгөөд давж заалдах шатны шүүх маргаан бүхий газрыг нэхэмжлэгч “И-И” ХХК-ийн хууль ёсны эзэмшигч нь гэж шийдвэрлэжээ. Эдгээр дүгнэлтүүдийг хариуцагч тал болох “И Т” ХХК хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул доорх үндэслэлүүдээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. 1. Маргаан бүхий газрыг нэхэмжлэгч “И-И” ХХКомпанип 100,000 м2-ийн хэмжээгээр 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2018 оны А/74 дүгээр захирамж, хариуцагч “И Т” ХХК-д 145,000 м2 хэмжээгээр 15 жилийн хугацаатай Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2020 оны А/225 дугаар захирамж аль аль нь хүчин төгөлдөр байхад зөвхөн “И-И” ХХК-д олгосон шийдвэр хүчин төгөлдөр байгаа тул тухайн компанийн хувьд газар нь тэдний өмч гэж иргэний хэргийн шүүх дүгнэсэн нь буруу гэж үзэж байна. Учир нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ. Мөн хуулийн 27.4 дэх хэсэг хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч “И-И” ХХК газар эзэмших эрхийн гэрчилгээгүй атал хууль ёсны эзэмшигч гэсэн дүгнэлт хийсэн нь буруу юм. 2. Газрын тухай хуулийн 60.1.1 дэх хэсэгт “Газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга шийдвэрлэнэ. Мөн хуулийн 60.2 дах хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж байгууллага газартай холбогдсон маргааны талаар 60.1.1-д заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл дээд шатны албан тушаалтан, эсхүл шүүх шийдвэрлэнэ гэсэн харьяалал тогтоосон байхад иргэний хэргийн шүүх шууд шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Энэхүү харьяаллаар шийдвэрлэснээр нэхэмжлэгч, хариуцагч нарт газар эзэмшүүлсэн Засаг даргын захирамжуудын аль нь захиргааны хууль бус акт болох нь тогтоогдож хүчингүй болсны эцэст эзэмшил, өмчлөлийн асуудал шийдвэрлэгдэх учиртай. Гэтэл дээрх 2 захирамж аль аль нь хүчин төгөлдөр байхад нэхэмжлэгч тал болох “И-И” ХХК-ний өмч гэж тогтоосон нь хууль буруу хэрэглэсэн шийдвэр гэж үзэж байна. Одоогийн байдлаар манай компаний гаргасан Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2018 оны А/74 дүгээр захирамжийн “И-И” ХХК-тай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэгдэх ажиллагаа явагдаж байгаа болно. Иргэдэд гэр бүлийн хэрэгцээнд зориулан өмчлүүлснээс бусад газар нь төрийн өмч бөгөөд Газрын тухай хуулийн 27.1-д зааснаар газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх зохицуулалттай. Ийнхүү Газрын тухай хуулиар улам нарийвчлан зохицуулсан байхад Иргэний хуулийн ерөнхий зохицуулалтыг хэрэглэн нэхэмжлэгч тал болох “И-И” ХХК-ний өмч гэсэн дүгнэлт хийж мөн адил хууль ёсны шийдвэрийн дагуу эзэмшиж байгаа “И Т” ХХК-д эзэмшүүлсэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж дүгнэн шийдвэрлэсэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн дээрх шийдвэр болон Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн дээрх магадлалыг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн шийдвэр гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр энэхүү хэргийг хянан үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.1-д заасны дагуу шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгч нь хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.

7. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2022.12.16-ны өдрийн 001/ШХТ2022/01437 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

8. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлын агуулгаар шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

9. Нэхэмжлэгч “И-И” ХХК өөрийнх нь хууль ёсны эзэмшлийн газар дээр хариуцагч “И Т” ХХК-ийн явуулж буй үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, газар дээр барьсан 8 төрлийн барилга байгууламжийг буулгах, эзэмшил газрын 98,208.2 м2 газрыг чөлөөлөхийг хариуцагч “И Т” ХХК-д даалгахыг хүссэн нэхэмжлэлийг гаргажээ.

10. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулахдаа хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг анхаараагүйгээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэнгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасан үндэслэл тогтоогдсон тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

11. Хэрэгт байгаа баримтаар, нэхэмжлэгч “И-И” ХХК нь Өмнөговь аймгийн Засаг даргын 2012.01.13-ны өдрийн А/19 дүгээр захирамжийн дагуу Ханбогд сумын Цагаан хадад 10 га талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай гаалийн хяналтын талбайн зориулалтаар эзэмшиж байсан ба тус аймгийн Засаг даргын 2017.12.28-ны өдрийн А/1492 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгосон 2012 оны захирамжийг хүчингүй болгосон боловч 3 сарын дараа буюу Ханбогд сумын Засаг даргын 2018.03.28-ны А/74 дүгээр захирамжаар 10 га газрыг 15 жилийн хугацаагаар дахин олгож, газар эзэмших гэрээ байгуулсан, уг шийдвэр хүчин төгөлдөр болох нь тогтоогджээ.

Гэвч үүнээс хойш буюу 2 жилийн дараа Ханбогд сумын Засаг дарга 2020.08.07-ны өдрийн А/225 дугаар “газрын хэмжээ өөрчлүүлэх тухай” захирамжаар “И Т” ХХК-д 14,500 м2 газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн боловч энэ газар нь нэхэмжлэгч “И-И” ХХК-ийн эзэмшил газартай давхардсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй.

12. Дээрх тохиолдолд нэхэмжлэгч хариуцагч нар аль аль нь зохих этгээдийн шийдвэрийн дагуу эзэмших эрхийг олж авсан боловч хэнийх нь эзэмшил хууль ёсных, хэнийх нь эрхийг хүчингүй болгох эсэх асуудал нь Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын асуудал бөгөөд ийм нөхцөлд эзэмшлийн зүйлийг чөлөөлүүлэх маргааныг шийдвэрлэх боломжгүй болохыг хоёр шатны шүүх анхаараагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.7-д зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, иргэний хэрэг үүсгэсэн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.4-т “эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” гэж зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх зэрэг процесс журмыг хуулиар тогтоосон байна.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл зохигчийн хэн аль нь Захиргааны хэргийн шүүхэд хандаагүй, шүүхээр шийдвэрлэгдэж байгаа нөхцөл байдал байхгүй боловч иргэний хэргийн шүүх Засаг даргын захирамжийн алиныг нь ч хүчинтэй гэж дүгнэх боломжгүй тул энэ маргааныг шийдвэрлэх үндэслэл бүрдээгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид олгосон газрыг хариуцагчид давхардуулан олгосон тухай баримт, мөн Ханбогд сумын Засаг даргын сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдэлд “...“И Т” ХХК-д олгосон 4601009718 дугаар бүхий газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчиж олгогдсон, хэсэгчлэн давхацсан тул газрыг шилжүүлэн өгөх боломжтойг дурдаж, сонсох ажиллагаа явуулах” агуулга бүхий баримтаар талуудын хооронд газар эзэмших эрхийн маргаан байгаа нь тодорхой байхад эрхийн асуудлыг шийдвэрлэхээс өмнө энэ маргааныг шийдвэрлэх хуулийн үндэслэлгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар зүйлийн 117.1-д заасан журмыг агуулгын хувьд хэрэглэх нь зохистой байжээ.

13. Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 144/ШШ2022/00047 дугаар шийдвэр, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 203/МА2022/00034 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “И Т” ХХК-д холбогдох хууль ёсны эзэмшлийн газар дээр явуулж буй үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, газар дээр барьсан 8 төрлийн барилга байгууламжийг буулгах, эзэмшил газрын 98,208.2 м2 газрыг чөлөөлөхийг даалгахыг хүссэн нэхэмжлэгч “И-И” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                     ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                        Х.ЭРДЭНЭСУВД

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Г.АЛТАНЧИМЭГ

                      ШҮҮГЧИД                                                        Н.БАЯРМАА

                                                                                               П.ЗОЛЗАЯА

                                                                                               Б.МӨНХТУЯА