Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 203/МА2022/00034

 

 

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 19 өдөр Дугаар 203/МА2022/00034 Даланзадгад сум

 

 

 

 

*******-ий нэхэмжлэлтэй,

*******-д хариуцагдах

иргэний хэргийн тухай

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 144/ШШ2022/00047 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******-д холбогдох,

Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2018 оны а/74 дүгээр захирамжаар эзэмшиж буй 100000 мкв газар дээр *******-ийн явуулж байгаа үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, *******-ий эзэмшил газар дээр барьсан 8 төрлийн барилга байгууламжийг буулгаж, эзэмшил газрын хэсэг болох 98708,2 мкв газрыг чөлөөлөхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн агуулга:

1.а. Нэхэмжлэлийн шаардлага:

Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2018 оны а/74 дүгээр захирамжаар эзэмшиж буй 100000 мкв газар дээр *******-ийн явуулж байгаа үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, *******-ий эзэмшил газар дээр барьсан 8 төрлийн барилга байгууламжийг буулгаж, эзэмшил газрын хэсэг болох 98708,2 мкв газрыг чөлөөлөхийг хариуцагчид даалгах тухай

1.б. Нэхэмжлэлийн үндэслэл:

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн а/19 дүгээр захирамжаар тус аймгийн Ханбогд сумын Цагаан хаданд 10 га талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай ******* зориулалтаар эзэмших эрхтэй болсон.

2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр А/1492 дугаар захирамжийг Аймгийн Засаг дарга ******* Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д гэж заасантай нийцүүлэн гаргаж, өмнө нь Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хаданд газар эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүдийн хавсралтад заасан газруудыг захирамжийн 3 дахь заалтаар 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж шийдвэрлэхийг Ханбогд сумын Засаг даргад үүрэг болгосон.

Ингээд 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Идэр-интернэшнл ХХК нь газар эзэмшигчийн талаас, Ханбогд сумын Засаг даргын тамгын газрын дарга ******* газар ашиглуулагчийг төлөөлж талууд ...эзэмшиж байгаа газрыг ашиглах орон нутагтай хамтран ажиллах 2018/08 дугаар гэрээ байгуулж сумын Засаг дарга батламжилсан.

Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалт болон Аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Газар эзэмших эрх шинээр олгох тухай А/74 дүгээр захирамж гаргаж, анх аймгаас олгосонтой адил нөхцөлөөр газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

Тухайн захирамжийн дагуу бид 2018 оны 04 сарын 09-ний өдөр Газрын даамал Наранхүүтэй Цагаанхад руу газар дээр нь очиж заалган Эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зургийг мэргэжлийн Гурван Хорол ХХК-аар хийлгэж сумын газрын албанд өгсөн.

Манай компани нь тухайн эзэмшил газраа авто зогсоол хэлбэрээр ашиглан зохих хууль журмын дагуу дуудлага худалдааны үнэ болон газрын төлбөрийг сум орон нутгийн дансанд төлж ирсэн бөгөөд төлбөрийн аливаа зөрчилгүй.

Гэтэл манай эзэмшлийн газарт 2020 оны 11 дүгээр сараас дур мэдэн барилга байгууламж барьж эхэлсэн ба хууль бус үйлдлээ зогсоохыг удаа дараа шаардсан боловч эс биелүүлж ирсэн тул Ийзи-транспорт ХХК-ийн явуулж буй үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож, Идэр-интернэшнл ХХК-ий эзэмшил газрыг чөлөөлөхийг *******-д даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

2.а. Хариуцагч Ийзи Транспорт ХХК-ийн татгалзал, татгалзлын үндэслэл:

Манай ******* нийтдээ 14,5 га газрыг хууль ёсных нь дагуу эзэмшсэн. Газрын хуульд газрын гэрчилгээгээр газар эзэмшүүлэх эрх үүснэ гэж заасан байгаа. Тэгэхээр манайх бол хууль ёсоор эзэмшсэн газар дээрээ хашаа бариад тэр хашаан дотроо юмаа барьж байгаа. Энэ бол Идэр-интернэшнл ХХК-ийн эрхэнд халдаад байгаа зүйл ерөөсөө байхгүй. ******* бол өөрөө очиж сайн дураараа очиж өөрсдийн эзэмшээгүй газар дээр сайн дураар гүйж очиж юм бариагүй.

Сумын Засаг дарга 14,5 га газрыг эзэмшүүлнэ гээд зарыг тавиад дуудлага худалдааных нь анхны үнийг аваад байгаль орчны үнэлгээг нь хийлгээд Газрын хуулийн дагуу албан ёсоор эзэмшсэн.

Харин Ханбогд сумын Засаг Даргаас давхардуулж олгосон гэх асуудлыг ярьж болж байгаа. Энэ бол Ханбогд сумын Засаг дарга буюу захиргааны байгууллага өөрөө шийдэх асуудал. 2012 онд аймгийн Засаг даргын эдний компанид газар эзэмшүүлсэн захирамж бол захиргааны илт хууль бус акт.

Бид нар шүүхэд өгсөн хариу тайлбартаа газар эзэмшилтэй холбоотой иргэд хоорондын маргааныг тухайн сумын Засаг дарга шийднэ. Тийм учраас манайх бол өөрсдийн эзэмшлийн бус гэрчилгээгүй, актгүй тийм газар юм бариагүй учраас үүнийгээ нотлоод ийм учраас энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн ийм хариу тайлбар өгсөн байгаа гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэгт заасныг баримтлан Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр Цагаан хад суурьшлийн бүсэд *******-д Ханбогд сумын Засаг даргын 2020 оны А/225 дугаартай захирамжаар эзэмшүүлсэн 4601009718 нэгж талбарын дугаар бүхий гаалийн хяналтын талбайн зориулалттай 14.5 га газраас Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/74 дугаартай захирамжаар Идэр-интернэшнл ХХК-д 46010008307 нэгж талбарын дугаартай гаалийн хяналтын талбай зориулалтаар эзэмшүүлсэн 10 га газрын 98708.2 квадрат метр газарт *******-ийн явуулж буй үйл ажиллагааг зогсоож, чөлөөлөхийг даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ийзи Транспорт ХХК-аас 140,400 төгрөг гаргуулж Идэр-интернэшнл ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч Ийзи Транспорт ХХК-ийн давж заалдах гомдлын агуулга:

4.а. Шүүх хэргийн харьяалал зөрчсөн гэсэн дүгнэлтийн талаар:

Иргэний хэрэг шүүхэд^хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 -д Энэ хуулийн зорилт нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн маргааныг шүүх иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан.

Харин Газрын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 -д Энэ хуулийн зорилт нь газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино, 60 дугаар зүйлийн 60.1-д Газартай холбогдон үүссэн дараах маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ:... 60.1.2.газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, ...-ын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга, 59 дүгээр зүйлийн 59.1-д Газар чөлөөлүүлэх, албадан нүүлгэхэд цагдаагийн байгууллага дараах үүрэгтэй: 59.1.1 .хууль, гэрээнд заасан үндэслэлээр газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болсон, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн, ашигласан бол албадан нүүлгэх тухай Засаг даргын шийдвэрийн биелэлтийг хангах гэж заасан.

Нэхэмжлэгч Идэр-интернэшнл ХХК болон хариуцагч манай компани газар эзэмших харилцаанаас үүссэн маргаан хийж байгаа. Өөрөөр хэлбэл газар нь төрийн өмч бөгөөд эзэмшигч этгээд нь төрийн зөвшөөрлөөр тодорхой хугацаагаар газрыг эзэмшиж байгаа нөхцөлд тэдний хоорондох маргааныг зохих шатны Засаг дарга шийдвэрлэх бөгөөд шийдвэрийн биелэлтийг цагдаагийн байгууллага хариуцна.

Газар эзэмших эрх нь Засаг даргын захирамж гармагц үүсдэг эрх биш юм. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.3-д Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 27.4.Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж хуульд заасан. Үүнээс үзэхэд гэрээ, гэрчилгээтэй болсны дараа сая газар эзэмших эрх нь хэрэгждэг онцлогтой. Нэхэмжлэгч нь газар эзэмших эрхтэй гэж анхан шатны шүүх үзсэн нь үндэслэлгүй. Түүнчлэн иргэний хэргийн анхан шатны шүүх өөрт хамаарахгүй асуудлыг хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу байна.

Энэ талаар манай компани маргасан боловч анхан шатны шүүх шийдвэрийнхээ тодорхойлох хэсэгт нь дурдаагүй, хэргийн харьяаллын талаар маргасан бидний тайлбарт дүгнэлт өгөөгүй тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадсангүй.

4.б. Нэхэмжлэгчид шаардах эрх үүсээгүй буюу нэхэмжлэл гаргах эрхгүй гэсэн дүгнэлтийн талаар:

Нэхэмжлэгч Идэр-интернэшнл ХХК Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27,1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасны дагуу газар эзэмших эрхийн хүчин төгөлдөр гэрчилгээгүй. Энэ нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсэгт заасны дагуу Идэр-интернэшнл ХХК газар эзэмших эрхгүй болохыг харуулж байна.

Газар эзэмших эрхгүй этгээдэд шаардах эрх үүсэхгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 -д Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь зөвхөн хуульд заасан эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах эрхтэй.

Харин хууль ёсны дагуу эрх үүсээгүй байхад шаардах эрхгүй гэж үзнэ. Хүчин төгөлдөр гэрчилгээгүй этгээдийг газар эзэмшигч гэж үзээд, нэхэмжлэл гаргах эрхтэй, шаардах эрхтэй гэж үзээд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.

4.в. Шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэсэн дүгнэлтийн талаар:

Нэхэмжлэгч Идэр-интернэшнл ХХК-ийн зүгээс манай газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандаагүй, манай компанийн газар эзэмших эрх хүчин төгөлдөр байгаа. Өөрөөр хэлбэл манай компани газар эзэмшигчийн ямар ч эрхийг зөрчөөгүй.

Хэрэв Засаг дарга нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчиж, газрыг давхардуулан олгосон юм бол энэ нь Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан юм.

Анхан шатны шүүхийн шийдвэрт захиргааны байгууллагын сонсох ажиллагаа явуулсан баримтыг захиргааны байгууллагын шийдвэр гэж үзсэн нь буруу байна.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 3ахиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно.

27.2.Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ... Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага шийдвэр гаргахын өмнө сонсох ажиллагаа явуулдаг бөгөөд сонсох ажиллагааны дараа шийдвэрээ хуульд нийцүүлэн гаргана. Сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдэл нь захиргааны акт биш. Үүнийг иргэний хэргийн анхан шатны шүүх ойлгохгүй, мэдэхгүй байгаа нь захиргааны эрх зүйн талаарх мэдлэг чадвар дутсаных болов уу, Монгол Улсын Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны/-ийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Засаг дарга эрх хэмжээний хүрзэнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана гэж заасан, Өөрөөр хэлбэл Засаг дарга шийдвэр гаргахдаа захирамж хэлбэрээр гаргадаг. Гэтэл манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Засаг даргын захирамж гараагүй байхад сонсох ажиллагааны мэдэгдлийг шийдвэр гэж үзэж байгаа нь буруу юм. Анхан шатны шүүхийн шийдвэрт: ...Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримтаас Ханбогд сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/225 дугаартай захирамжаар Ийзи Транспорт ХХК-д 145000 квадрат метр газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэснийг зөрчиж эзэмшүүлсэн нь тогтоогдож байна ... гэж захиргааны байгууллага буюу Засаг даргын шийдвэрийг хууль зөрчсөн талаар дүгнэлт хийжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж, Захиргааны ерөнхий хуулийн 5 л\таар зүйлийн 5.1-д Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно: 5.1.1 Төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага гэж, 37 дугаар зүйлийн 37.1-д "Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж тус тус заасан. Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдаад 18 жил өнгөрсөн. Энэ хугацаанд аль хэргийг захиргааны хэргийн шүүх, аль хэргийг иргэний хэргийн шүүх шийдвэрлэх вэ гэдэг асуудал нэгэнт тогтсон. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага хууль зөрчсөн эсэх маргааныг захиргааны хэргийн шүүх шийддэг байтал иргэний хэргийн шүүх Засаг даргын захирамжийг хууль зөрчсөн болохыг тогтоогоод сууж байгаа нь Монгол Улсын шүүх эрх мэдлийг урвуугаар ашиглаж байгаа хэрэг юм.

4.г. Шүүх ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан гэсэн дүгнэлтийн талаар:

Захиргааны байгууллага манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгоогүй, захиргааны хэргийн шүүхээс ч ямар нэгэн шийдвэр гараагүй байхад манай компанийн эзэмшлийг хууль бус хэмээн үзэж Иргэний хуулийн 106.1, 106.4 дэх хэсэгт зааснаар газрыг чөлөөлөхийг даалгасан нь буруу байна.

Тодруулбал анхан шатны шүүх 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.4-т Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэсэн хуулийн заалтыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн. Тэгсэн атлаа Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн манай компани Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээтэй учраас хууль ёсны эзэмшигч мөн гэж мэтгэлцэж байгаа нь хууль зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт хийсэн.

Эндээс анхан шатны шүүх манай газар эзэмших эрхийг хууль ёсны гэж хүлээн зөвшөөрсөн болох нь харагдаж байна.

Тэгвэл яагаад Иргэний хуулийн 106.1, 106.4 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн юм бэ? Шүүхийн шийдвэр уншаад ойлгох хэмжээнд логикийн зөрчилгүй байх ёстой.

Гэтэл логикийн зөрчилтэй дүгнэлт хийснээс үзэхэд шүүх ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл манай компани хууль ёсны газар эзэмших эрхтэй юм бол Идэр-интернэшнл ХХК-ийн газар эзэмших эрхийг бас зөрчсөн байж таарахгүй, харин Засаг дарга зөрчсөн үү үгүй юу гэдэг асуудал үүснэ.

Захиргааны байгууллага албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу Захиргааны хэргийн шүүх уг маргааныг шийдвэрлэх учиртай.

4.д. Шүүх газрын давхцалтай болохыг үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоосон гэжээ. Нэхэмжлэгч Идэр-интернэшнл ХХК хувийн кадастрын компаниар кадастрын зураг хийлгэсэн. Харин манай компанийн кадастрын мэдээлэл албан ёсны нэгдсэн мэдээлэлд орж баталгаажсан болно. Нэхэмжлэгчийн кадастрын мэдээлэл Монгол Улсын газрын кадастрын мэдээллийн санд орж баталгаажаагүй. Хувийн компаниар юу ч хийлгэж болно шүү дээ. Дээрээс нь газар яг ямар хэмжээгээр давхцаж байгаа болохыг тогтоох нь геодизи зураг зүйн тусгай мэдлэгтэй мэргэжилтэн, мэргэжлийн байгууллагын хийх ажил бөгөөд шүүх газрын давхцалын хэмжээг шинжээч томилохгүйгээр өөрөө тогтоож байгаа нь буруу юм.

4.е. Шүүхийн шийдвэрийн үндэслэлийг тайлбарлаагүй гэсэн дүгнэлтийн талаар:

Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгтээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт заасныг баримталжээ. Гэтэл шийдвэрийн үндэслэх хэсэгт тус заалтыг яагаад баримталсан болох үндэслэл нь бичигдээгүй байна. Өөрөөр хэлбэл шүүх яагаад ямар хуулийг баримталж шийдвэрлэж байгаагаа үндэслэх хэсэгтээ заавал дурдах үүрэгтэй. Эс бөгөөс энэ нь зохигчдод таавар болон үлдэнэ. Шүүх яагаад энэ хуулийн заалтыг баримталж шийдвэрлэсэн бэ гэдгийг өөрсдөө бодож ол гэж байгаа юм шиг хандах нь буруу. Энэ нь хууль тайлбарлан хэрэглэх шүүхийн үүргийг зөрчиж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн болон миний эрх зөрчигдсөн учраас би шүүхэд хандсан байгаа. Ер нь бол энэ 2012 оноос эхлэлтэй маргаан гарсан байдаг. 2017 онд хуучин Засаг дарга ******* сум орон нутгийн газрыг аймгаас олгосон нь буруу байна гэсэн захирамжийг гаргаад, эдний үйл ажиллагааг түр зогсоогоод 2018 онд шинэчлэн А/74 захирамж гаргасан юм. Ингээд манай компани шав тавилт гээд бэлтгэл ажлаа хийгээд байж байсан чинь ковид өвчин гарч улмаар Цагаан хад нь улсын онцгой объект гэдэг утгаараа нэлээн хорио цээртэй байсан. Энэ үед 2020 оны төгсгөлөөр эдний компани 225 тоот захирамжаар авсан гээд 2020 оны сүүлээр манай талбай дээр ороод ирсэн. Энэ ямар учиртай юм бэ үүнийхээ учрыг олоо гээд манайх өөрсдөд нь сануулж хэлсэн. Манай хашаа руу ороод ирж байгаа чинь болохгүй ээ, хамаагүй юм барьж босгож болохгүй гэж хэлсэн. Суманд бас хандсан сумаас эдний компанид буруу олгосон юм байна гэдгээ хэлсэн. Манайд газар олгосон захирамж, эдний компанид олгосон захирамжийн талаар би маргаагүй. Гэтэл ингээд давхардуулаад олгосон байгаагаас манай компанийн болон миний эрх ашиг зөрчигдөж байгаа учраас иргэний шүүхэд хандаад явж байгаа. Шүүхэд үзлэг хийлгэх хүсэлт гаргаад үзлэг хийж, яах аргагүй газрын давхцал байна гэдгийг тогтоосон. Энэ компанийн үйл ажиллагааг зогсоож өгөөч гэж хандсаны дагуу үйл ажиллагааг нь зогсоох тухай шүүхийн шийдвэр гарсан боловч эднийх хүч түрэмгийлэн орж ирсэн. Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх үйл ажиллагааг үл хүндэтгэн хариуцагч компани нь үйл ажиллагаагаа явуулсаар байсан. Миний зүгээс анхан шатны шүүхийг энэ хэргийг зөв шийдвэрлэсэн гэж үзэж байгаа ба хариуцагч талын давж заалдах гомдол гаргаж буй зургаан үндэслэлийг үндэслэлгүй гэж үзэж байгаа гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн 144/ШШ2022/00047 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэж байна. Хариуцагч тал 6 үндэслэлээр давж заалдах гомдол гаргадаг. Үндэслэл тус бүр дээр тайлбар хэлье.

Нэгдүгээр үндэслэл нь харьяалал зөрчсөн гэдэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд шүүхэд мэдүүлэх эрхийг томьёолж өгсөн байгаа. Монгол улсын хууль, нэгдэн орсон хуульд заасан эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа этгээд эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах эрхтэй. Нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр энэ эрхээ хэрэгжүүлнэ гэж заасан. Идэр Интернэшнл компанийн хуульд заасан энэ эрхийнхээ хүрээнд хувьд Ийзи Транспорт компанид холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа өөрсдөө тодорхойлж нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийг хэнээр татах вэ гэдэг бол мөн нэхэмжлэгчийн диспозетив эрх байгаа. Ийзи Транспорт ХХК нь Газрын тухай хуульд заасан зарчмыг зөрчөөд манай газар дээр ороод ирчихлээ. Энэ компанийг манай газраас чөлөөлж өгөөчээ гэж бид нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байгаа. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг өөр агуулгаар мушгиж гомдлоо гаргасан байгаа. Бид Ийзи Транспорт ХХК-д газар эзэмшүүлсэн тэр захиргааны акттай маргаагүй. Манай компанийг газар эзэмшихдээ гэрээ, гэрчилгээ байхгүй гээд нэг үндэслэл гаргаад байдаг. Энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй, хэрвээ ийм дүгнэлт хийсэн бол харин шүүх өөрөө харьяаллын зөрчил гаргасан болно. Захиргааны хэргийг иргэний шүүх шийдвэрлэж байгаа хэрэг болно. Энэ дээр гэрээ байна уу, гэрчилгээ гарсан байна уу, захиргааны акт хууль бус байна уу гэдэг дээр иргэний хэргийн шүүх дүгнэлт хийхгүй. Ийм учраас шүүхийн харьяаллын талаар гаргасан гомдлын үндэслэл бол үндэслэлгүй байна гэж үзэж байгаа.

Хоёрдугаарт, Газрын тухай хуулийн 27.1, 27.4 дэх хэсэгт зааснаар Идэр Интернэшнл компанийг газар эзэмших эрхгүй, шаардах эрх үүсэхгүй гэсэн агуулгаар давж заалдах гомдлоо гаргадаг. Гомдлын яг энэ хэсэг нь өөрөө шүүхийн харьяалал зөрчөөд байгаа юм. Манай компанийг газар эзэмших эрхтэй юу үгүй юу гэдэг дээр иргэний хэргийн шүүхээр дүгнэлт хийлгэх гээд байдаг. Гэтэл энэ нь захиргааны хэргийн шүүхийн хамаарах асуудал гэдгийг тодруулж хэлэх шаардлагатай юм аа. Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан, шүүх хуралдааны үед шинжлэн судлагдсан, талуудын хоорондоо мэтгэлцсэн зэрэг баримтын хүрээнд шийдвэрээ гаргасан. Ямар баримтуудыг үндэслэсэн бэ гэдгийг түрүү шүүгч хэрэг илтгэх явцад нэлээн дэлгэрэнгүй танилцуулсан. Тодруулж хэлбэл, Идэр Интернэшнл ХХК-д 2018 онд 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлсэн байна. Ийзи Транспорт ХХК-д 2020 онд газар эзэмшүүлсэн байна. Цаг хугацааны хувьд дараа эь эзэмшүүлсэн юм байна гэдгийг хэлсэн. Мөн газрын давхцалын талаарх нотлох баримтыг мөн шинжлэн судалсан. Ханбогд сумын Засаг дарга Нэхийтийн сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн албан бичиг байдаг. Тухайн албан бичиг нь Ийзи Транспорт ХХК-д олгосон газар нь Идэр Интернэшнл компанид олгосон газартай давхацсан байна. Ийм учраас танайд өөр газар эзэмшүүлье гэж хавсралтаар олгох боломжтой газрын зургийг гаргаж ирүүлсэн баримт мөн хэрэгт авагдсан ба шинжлэн судлагдсан байгаа юм. Эдгээр баримтыг үндэслээд анхан шатны шүүх нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.4-т заасан нөхцөл байдал үүссэн байна гэдэг агуулгын хүрээнд гаргасан анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байна гэж үзэж байгаа.

Гуравдугаарт, сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон нь нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн гэдэг агуулгаар гомдлоо тайлбарладаг. Манай газар дээрээ эднийх харуулын байр, ажилчдын байр барих гээд анх ирэхэд л манай компанийн зүгээс учир зүйг нь олъё гэж Ийзи Транспорт компанид анхнаасаа хэлж, албан бичгийг өгч байсан. Гэтэл Ийзи Транспорт компани өөрөө илт түрэмгийлж орж ирээд хүний газар дээр барилга байгууламжууд барьж эхэлсэн. Ингээд сумын Засаг даргад манайх энэ асуудлаар хандсан. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т зааснаар бид гомдлоо гаргасан. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга сонсох ажиллагаа явуулах мэдэгдлээ хүргүүлээд сонсох ажиллагааг явуулсан. Ингэж сонсох ажиллагаа явуулахдаа Газрын тухай хууль зөрчөөд бид Идэр Интернэшнл компанийн газар дээр танайд газар олгочихсон байна. Танайд өөр газар олгоё, энэ газрыг нь чөлөөлөө гэдэг агуулгаар сонсох ажиллагаа хийгдсэн байх. Сонсох ажиллагаа гэдэг мань захиргааны шийдвэр биш гэж хариуцагчийн төлөөлөгч хэлдэг. Захиргааны шийдвэр гэж бид хэлээгүй. Сонсох ажиллагаа бол захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагааны нэг хэсэг. Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ. Дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлнэ, эсхүл оролцогчийн гаргасан өргөдөл гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлнэ. Мөн хуулийн 24-р зүйлд шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг захиргааны байгууллага тогтоох ёстой. Энэ бодит нөхцөл байдлыг тогтоох гэдэгт юуг хамааруулж үзэх вэ гэхлээр ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийнэ, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээдэг. Ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох үйл ажиллагаа гэхлээр мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар сонсох ажиллагаа. Оролцогчийг сонсож, тайлбар гаргуулна гэж заасан. Өөрөөр хэлбэл захиргааны шийдвэр гаргах ажиллагаа бол сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлснээр эхэлсэн байна гэж үзэж байгаа юм. Энэ захиргааны ажиллагаа дуусах хүртэл бид ямар ч байсан өөрсдийн эрх ашгийг хамгаалуулъя, ингэхийн тулд эзэмшил газар дээрээс сүүлд эзэмших эрх авсан энэ газраас чөлөөлүүлье гэдэг агуулгаар иргэний хэргийн шүүхэд хандсан нь шүүхийн харьяалал зөрчсөн асуудал биш юм.

Дөрөвдүгээр үндэслэл нь захирамжийг хүчингүй болгоогүй, энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй гэдэг асуудлыг хэлдэг. Хариуцагч нь эрхийн гэрчилгээтэй юү, газар эзэмших эрх нь хүчинтэй юү гэдэг дээр анхан шатны шүүх дүгнэлт хийх нь харьяалал зөрчсөн асуудал болно гэдгийг түрүү хэлсэн. Иймд учраас харьяалал зөрчсөн гэх гомдлын үндэслэл нь буруу байна гэж үзэж байгаа юм. Шүүхийн шийдвэрийн агуулгад зөрчилдсөн юм уу, логик уялдаагүй зүйл байхгүй. Шүүх зөвхөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрээ гаргасан. Энэ талаар ч маргалдаж мэтгэлцсэн зүйл байхгүй гэдгийг хэлье.

Тавдугаарт, Газрын байршлыг тогтоохдоо мэргэжлийн шинжээч оролцуулаагүй ба ач холбогдолгүй нотлох баримтыг үнэлсэн гэдэг. Ханбогд сумын Засаг даргын албан бичиг түүний хавсралтаар, угаасаа давхцал нь тогтоогдчихсон. Мөн газрын үзлэгээр ч давхцалтай нь тогтоогдсон. Давхцал байна байхгүй гэдэг дээр хариуцагч тал маргаж байгаагүй, шинжээч томилуулах тухай хүсэлт гаргаж байгаагүй. Нэхэмжлэгч, хариуцагч хэн аль тал нь давхцалтай байгаа гэдэг зүйлийг шүүх хуралдаан дээр ярьдаг. Хэрвээ давхцалын асуудлаар маргаж байсан бол шинжээч томилуулах эрх нь нээлттэй л байсан. Энэ хэрэг 2 жил шахуу шүүхээр явж байна. Газрыг давхардуулаад олгочихсон юм байна, хэн хэн нь гэрчилгээтэй гэдэг зүйлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь ярьдаг. Иймээс 5 дахь үндэслэл бас шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж чадахгүй гэж хэлмээр байна.

Зургаадугаарт, шүүх шийдвэрийн үндэслэлээ таавар болж орхисон, хуулийн ямар заалт барьснаа тодорхой дурдсангүй гэдэг. Миний хувьд харин ч шийдвэрийн үндэслэл маш тодорхой болсон гэж харж байгаа. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчөөд давхцуулж олгогдсон байна. Ийм учраас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөд байна гэдгийг үндэслэх хэсэгтээ тодорхой бичсэн. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 нь газар эзэмшигчид бас хамаарна гэсэн зохицуулалт байдаг учраас энэ заалтыг баримталсан. Эдгээр нь хууль ёсны байх шаардлагыг хангасан гэж үзэж байгаа. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Хэргийн харьяалал зөрчөөгүй учир анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ямар нэгэн байдлаар шийдвэрлэх ёстой. Захиргааны шүүхэд ямар нэгэн маргаан тухайн үед гараагүй байсан учраас Иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хүрээнд бид Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг үндэслэж шийдвэрээ гаргасан. Нотлох баримт үнэлэх тал дээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй гэж үзсэн. Гомдол нь өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2-т заасан шаардлагыг хангасан уу гэдэг асуудлыг шүүх бүрэлдэхүүн тодруулж хараасай гэж хүсэж байна. Гомдол гаргаж буй этгээд нь ургийн овог болон эцгийн нэр, өөрийн нэрийг бичээд гарын үсгээ зурахаар хуульчилсан байдаг. Гэтэл гомдол гаргагч нь Ийзи Транспорт компанийг төлөөлж Улаанбаатар хот Баянзүрх дүүрэгт хаягтай ******* гэж бичсэн байдаг боловч гарын үсэг нь гэсэн хүний гарын үсэг байгаа. Энэ нь процессын хуульд заасан гомдлын шаардлагыг хангаж байна уу, 162.3-т заасантай нийцэж байна уу гэдэг дээр дүгнэлт хийж өгнө үү. Энэ дээр бас нэг зүйлийг хэлэхэд Ийзи Транспорт компанийн эцсийн өмчлөгч нь 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар өөрчлөгдсөн байгаа. Манайх энэ газарт тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийсэн. Одоо гаалийн хяналтын талбайгаар ашиглаж байгаа нөхцөл байдлыг харгалзаж үзээчээ гэж сая хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа хэллээ. Гэтэл Ханбогд сумын шүүхээс 69.1-т заасан захирамж гарсан. Захирамж дээр Идэр Интернэшнл компанийн эзэмшлийн газар дээр явуулж буй үйл ажиллагааг бүрэн зогсоохыг хариуцагч Ийзи Транспорт компанид даалгасугай гэж гарсан байхад шүүхийн шийдвэрийг илтэд зөрчиж байна. Энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл энд үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн шүүгчийн хүчин төгөлдөр захирамж байна. Хамгийн гол нэг зүйл нь Газрын тухай хуулийн нэг суурь зарчим байгаа. Хэнд эхэлж газар эзэмших эрх үүснэ, тэр хүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах цаг хугацааны дарааллын асуудал байгаа. Анхан шатны шүүх яг хуулийн энэ зарчимд нийцүүлж шийдвэрээ гаргасан. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 32.4 бүртгэлийн процестой холбоотой асуудлыг зохицуулсан. Бүртгэлд хүлээн авсан он сар өдөр цаг минутаар тэмдэглэнэ гэж байгаа. Яагаад гэвэл хэн түрүүлж хүсэлт гаргасан, хэнд нь түрүүлж газар эзэмших эрх үүсэх вэ гэдэг асуудлыг нарийвчлан зохицуулахын тулд цаг минутаар тэмдэглэдэг. 2018 онд авсан газар дээр аль 2 жилийн дараа очиж эзэмших эрх авчихаад бид хууль ёсоор газар эзэмшигч мөн гэж ярих нь хэр зохистой вэ. Хоёрдугаарт, захиргааны байгууллагын актын талаар давхар энд маргаан явж байгаа. Захиргааны хэргийн шүүхэд Ийзи Транспорт компани акттай холбоотой нэхэмжлэл гаргаад явж байгаа. Захиргааны хэргийн шүүх хэн нь газар эзэмших эрхтэй вэ, эрхгүй вэ гэдгийг тусдаа шийдвэрлэнэ. Харин иргэний хэргийн шүүх бол газрын тухай хуульд заасан саяны суурь зарчимд үндэслээд хэн нь хэнийх нь газар дээр очиж буучихаад байна, энэ газрыг чөлөөлье гэдэг шийдвэрээ л гаргах ёстой гэж үзэж байгаа. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сая шүүгчээс хэрэг илтгэх үед манай давж заалдах гомдлыг бүрэн уншиж танилцуулсан учраас дахин дэлгэрэнгүй тайлбарлах шаардлагагүй байх. Гомдлын үндэслэлд тодотгож хэлэх зүйлийг л хэлье. Юуны өмнө нэмж хэлэх зүйл гэвэл би уг нь шүүх хуралдаанд биеэр ирж оролцох байсан боловч 7 хоногийн өмнө миний бие амаржсан учраас шүүх хуралдаанд биечилж оролцох боломжгүй болсон. Тэгээд анхнаасаа энэ хэрэг дээр намайг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оруулаад явчихсан учраас компанийн зүгээс намайг цахимаар оролцоод явчихаа гэсэн учраас ингэж орж байгааг тайлбарлаж хэлье. Гомдлын тодруулга болгож хэлэхэд манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчинтэй байгаа. Захиргааны хэргийн шүүхээс манай газар эзэмших эрхийг, захирамжийг хүчингүй болгосон, лиценз цуцалсан зэрэг талаар ямар нэгэн шийдвэр гараагүй. Ийм байхад манай компанийг хууль бус эзэмшигч гэж үзэж Иргэний хуулийн 106.1, 106.4-т заасныг хэрэглэж шийдвэр гарсан нь буруу юм. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн агуулгаар гомдол гаргасан байгаа. Анх иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, давж заалдах шатны шүүхээс процессын алдаа байна гэдэг үндэслэлээр анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Тэгээд анхан шатны шүүх дахин шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдсэн байдаг. Манай компани бол энэ газар дээр 2012 оноос хойш үйл ажиллагаа явуулаад тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд хашаа, үл хөдлөх хөрөнгө зөндөө барьсан. Одоо яг гаалийн хяналтын тасалгааны зориулалтаар ашиглаад явж байгаа, тэнд ид ажил өрнөж байгаа. Танайх энэ газрыг эзэмшиж, ашиглаа гээд зөвшөөрөл олгоогүй байхад нь манай компани үйл ажиллагаагаа эхлүүлсэн зүйл байхгүй. Яг хууль ёсных нь дагуу Засаг даргын захирамжаар олгосон дараа нь үйл ажиллагаа эхлүүлсэн. Тийм учраас энэ нөхцөл байдлыг харгалзаж үзн үү. Тэнд одоо яг улсын болон хувьсгалын ажил ид өрнөж байгаа гэдгийг хэлэх гэсэн юм. Өөр тайлбаргүй. Нэгдүгээрт, манай компанийг хууль бусаар газар эзэмшиж байгаа гэдэг. Гэтэл манайх бол хууль ёсоор энэ газрыг эзэмшиж байгаа гэрчилгээ, гэрээ нь байна. Идэр Интернэшнл компанийн хувьд 2012 онд энэ газрыг эзэмшсэн байдаг. Тэгээд 2018 оны шинээр А/74 тоот Засаг даргын захирамж гарсан байгаа. Манайх 2020 онд эзэмшсэн. Тэгэхээр энэ хугацаанд гэрчилгээгээ гаргаж авах боломж байсан. 2012 оноос хойш эднийх газрыг ерөөсөө зориулалтын дагуу ашиглаагүй. Тэгээд яалт ч үгүй гаалийн хяналтын талбай хэрэгтэй байгаа учраас энэ газрыг дахин эзэмшүүлсэн байгаа юм. Газрыг дуудлага худалдаанд оруулахад манайх газрын анхны үнийг төлөөд, хууль ёсны дагуу эзэмшсэн. Урьд нь манайх өөр газар эзэмшээд зарж байсан тохиолдол байхгүй гэсэн нэмэлт тайлбарыг хэлмээр байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Өмнөговь аймгийн давж заалдах шатны иргэний шүүх хуралдаанаар Идэр Интернэшнл ХХК-ны нэхэмжлэлтэй Ийзи Транспорт ХХК-нд хариуцагдах Идэр Интернэшнл ХХК-ны эзэмшлийн газарт Ийзи Транспорт ХХК-ны явуулж буй үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоох, газар чөлөөлөхийг Ийзи Транспорт ХХК-д даалгах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцээд гаргасан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 03 сарын 16-ны өдрийн 144/ШШ2022/00047 тоот шийдвэрийг хариуцагч талын давж заалдсан гомдлоор хянав.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д заасныг баримтлан шүүх гомдлын үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзэв.

 

Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар хуулиар тогтоосон журам зарчмыг мөрдөж явагдсан, хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэх зүйлгүй, тэдний хуулиар тогтоогдсон эрхийг эдлүүлж, хэрэг хянан хэлэлцэх ажиллагаанд оролцуулж, тэдний мэтгэлцэх эрхийг бүрэн хангасан, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Идэр Интернэшнл ХХК нь эрх бүхий этгээдүүдээс /Ханбогд сумын Засаг даргын 2018.03.28-ны А/24 захирамжаар/ олгосон өөрийн эзэмшлийн газарт Ийзи Транспорт ХХК нь 2020 оны 11 сараас дур мэдэн хашаа барьж эхэлсэн, мөн барилга байгууламж барьсан асуудлыг хууль зөрчсөн гэж үзэн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж Ийзи Транспорт ХХК-ны үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоох, өөрийн эзэмшлийн газар дээр барьсан 8 төрлийн барилга байгууламжийг буулгахыг хариуцагчид даалгах, эзэмшил газрын хэсэг болох 98208,2 кв м газрыг чөлөөлөхийг хариуцагчид даалгахыг шаардаж, шүүхээс хүссэн байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг нотлохын тулд Ханбогд сумын Цагаан хадад 10 га талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай гаалийн хяналтын талбайн зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон Өмнөговь аймгийн Засаг даргын 2012 оны 01 сарын 13-ны өдрийн А/19 тоот захирамж, 2012 оны 02 сарын 09-ний иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Өмнөговь аймгийн Засаг даргын 2017 оны 12 сарын 28-ны өдрийн А/1492 тоот хууль бус шийдвэрийг хүчингүй болгох тухай захирамж, Ханбогд сумын Засаг даргын 2018 оны 03 сарын 28-ны А/74 тоот газар шинээр олгох тухай захирамж, /Идэр Интернэшнл ХХК-д 4601008307 дугаар бүхий 10 га газрыг 15 жилийн хугацаагаар олгосон тухай/ зэргийг нотлох баримт болгон ирүүлжээ.

 

Хариуцагч Ийзи Транспорт ХХК нь Ханбогд сумын Засаг даргын 2020 оны 08 сарын 07-ны өдрийн А/225 тоот захирамжийг ирүүлсэн байх бөгөөд газрын хэмжээ өөрчлүүлэх тухай агуулга бүхий энэ захирамжаар Ийзи Транспорт ХХК-д 14500 кв.м газрыг эзэмшүүлэхээр заажээ.

 

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн хариу тайлбар болон өөр бусад нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх ба хуралд оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүгчийн захирамждаа гаргасан гомдолдоо хариу тайлбараа хамт бичсэн талаараа тайлбарлаж байна.

 

Өөрийн эд хөрөнгийн эрх, эзэмших эрх зөрчигдсөн талаараа Идэр Интернэшнл нь Ханбогд сумын Засаг даргын сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдлийг шүүхэд ирүүлсэн байх ба энэ мэдэгдэлд Ийзи Транспорт ХХК-д олгосон 4601009718 дугаар бүхий газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчиж олгогдсон, хэсэгчлэн давхацсан, сонсох ажиллагаа явуулах талаар дурджээ.

 

Үүнээс гадна зохигчийн хүсэлтээр сум дундын шүүх нь үзлэг явуулж Идэр Интернэшнл ХХК болон Ийзи Транспорт ХХК-ны эзэмшил талбай нь давхцалтай байгаа тухай нотлох баримтыг бүрдүүлжээ. Газрын давхацсан хэсэгт хийсэн шүүхийн үзлэгээр 98708,2 кв.м талбай давхацсан талаар баримтжуулжээ.

 

Анхан шатны шүүх талуудын ирүүлсэн болон хүсэлтийн дагуу хийлгэсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудад үндэслэн шийдвэрлэсэн байгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцнэ.

 

Идэр Интернэшнл ХХК нь аймгийн болон сумын Засаг даргын захирамжаар 4601008307 дугаар бүхий 10 га газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшиж байсан болох нь нотлогджээ. Үүнийг өөрчилсөн, хүчингүй болгосон гэх ямар нэг эрх бүхий этгээдийн шийдвэр хавтаст хэрэгт авагдаагүй байна.

 

Нэгэнт хүчин төгөлдөр шийдвэр байгаа учир Идэр Интернэшнл ХХК -ны хувьд газар нь Иргэний хуульд зааснаар тэдний өмч байх ёстой. Үүнийг Монгол Улсын Иргэний Хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д тодорхойлжээ.

 

Нэгэнт эрх бүхий этгээд болох сумын Засаг даргын захирамжаар газар эзэмшсэн этгээдийг хууль ёсны эзэмшигч гэж үзэх ёстой.

 

Идэр Интернэшнл ХХК нь өөрийгөө уг газрын хууль ёсны эзэмшигч гэж үзэж, нөгөө талын үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоох, эрх сэргээлгэхтэй холбогдсон шаардлага нь Иргэний эрх зүйн харилцааны маргаан байх ба Засаг даргын захирамж хууль зөрчсөн эсэх талаар нэхэмжлэгч ч, хариуцагч ч хөндөж тавиагүй байна. Зохигчдын хэн алинд нь захиргааны хэргийн шүүхэд эрх бүхий этгээдийн нийтийг захирамжилсан шийдвэрийн талаар хандах эрх байгаа боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй атлаа захиргааны шүүхийн харьяаллын тухай тайлбарлаж байгааг давж заалдах шатны шүүхээс нотлох баримтын хэмжээнд авч үзэх боломжгүй.

 

Ийзи Транспорт ХХК -ны Ханбогд сумын Засаг даргын захирамжаар 2020 оны 11 сараас газар эзэмшсэн гэж мэтгэлцэж байгаа ч бусдын эзэмшил газрыг эзэмших эрх авсан үндэслэл шалтгаанаа тодруулаагүй байна.

 

Эд хөрөнгийн эзэмшлийн талаар шаардлага гарч маргаж буй тохиолдолд хэн нэгэн этгээд нь уг эд хөрөнгийг эзэмших эрхтэй бөгөөд тэрхүү эрх нь хууль ёсны дагуу болохыг нотлох шаардлага үндэслэл байх журамтайг Монгол Улсын Иргэний хуулийн 90 дүгээр зүйл ангид хуульчилжээ.

 

Тус заалтын 90.3 дахь хэсэгт хууран мэхлэх, хүч хэрэглэх замаар олж авснаас бусад тохиолдолд шинэ эзэмшигч тухай эд хөрөнгийн хувьд өмнөх эзэмшигчээс илүү эрхтэй бол шударга эзэмшигч нь шинэ эзэмшигчээс 90.2-д зааснаар шаардах эрх үүсэхгүй талаар зохицуулсан байна. Хариуцагч Ийзи Транспорт ХХК-ны хувьд уг газрыг эзэмших эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг татгалзсан ямар нэг нотлох баримтыг шүүхэд гаргаагүй гэж үзэхээр байна.

 

Иймд Ханбогд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэл бүхий болжээ. Гагцхүү шүүхийн зүгээс шийдвэрийн тогтоох хэсэгтээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлээрээ шаардсан 3 үндэслэлийн заримыг орхигдуулсан байх тул үүнийг тогтоосон найруулгын өөрчлөлтийг оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхив. Энэ хэрэгт төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 144/ШШ2022/00047 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалт дахь ...зогсоож гэдгийн өмнө хууль бус болохыг тогтоож, түүнийг гэж нэмж оруулж, чөлөөлөхийг гэдгийн ард Ийзи Транспорт ХХК-д даалгасугай гэж өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ийзи Транспорт ХХК-ийн давж заалдах гомдолд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ТӨМӨРБААТАР

 

ШҮҮГЧИД Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

Л.НЯМДОРЖ