Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2020/03317

 

         2020           12             22                                              183/ШШ2020/03317

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч O.Чулуунчимэг  даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ................... тоот хаягт оршин суух Б овогт А.Ц /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .................... -т байрлах НШШГГ /РД:0000000/-т холбогдох

    Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Ц нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: НШШГГ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа миний өмчлөлийн Хан-Уул дүүрэг, ................ тоот хаягт байрлах 49.84 м.кв орон сууцыг дуудлага худалдаанд оруулах зорилгоор үнэлэхдээ хөндлөнгийн шинжээч томилуулан 92.204.000 төгрөгөөр үнэлүүлсэн байдаг. Монгол улсын Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудаас үнийн санал авна, үнийн саналын талаар тохиролцоогүй бол шинжээч томилж үнэлүүлэх тухай зохицуулалт байна. Гэтэл НШШГГ нь надаас үнийн санал аваагүй нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчсөнөөс гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан мэдэгдлийг 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр надад биш Б.С-д мэдэгдсэн. Мөн хуулийн 55.3-т заасан журмаар надад мэдэгдэж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтлөөгүй байна. Иймд тус үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/01537 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1529 дүгээр магадлалаар А.Ц-гээс 57.303.079 төгрөгийг гаргуулж Д ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг төлбөр төлөгч А.Ц-д удаа дараа мэдэгдэхэд сайн дураар биелүүлээгүй шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд Хан-уул дүүрэг, .............. тоот 49.84 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул Хан-уул дүүрэг, ................ тоот 49.84 м.кв талбайтай орон сууцыг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 20290119/02 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 20290119/03 дугаар тогтоолоор хураасан. Талуудад үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлэхэд төлбөр төлөгч А.Ц өмчлөгч Б.С нарт үнийн санал ирүүлээгүй ба 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр зарлан дуудахад ирээгүй бөгөөд талууд үнийн саналыг харилцан тогтоогоогүй тул 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 8/367 дугаар тогтоолоор шинжээч томилж, үнэлүүлэхэд 92.204.000 төгрөгөөр үнэлэгдсэнийг хуулийн хугацаанд мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан байх тул үнэлгээтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Ц нь  хариуцагч НШШГГт холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн “С” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мөн хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар хуульчилсан бөгөөд уг хугацааг алдсан явдал нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болох ба нэхэмжлэгч нь 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн үнэлгээний тайлантай 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр танилцсан /энэ талаар 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл хэрэгт авагджээ/ атлаа түүнийг эс зөвшөөрсөн гомдлоо 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр буюу хуулийн хугацааг хэтрүүлэн гаргасан байна.

 

            Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/01537 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 1529 дүгээр магадлалаар А.Ц-гээс 56.582.768 төгрөгийг гаргуулж Д ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Төлбөр төлөгч А.Ц 56.582.768 төгрөгийг сайн дураар төлөөгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч А.Ц, Б.С нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн ................ тоот хаягт байрлалтай 49,84 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй орон сууцыг Нийслэлийн  шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 20290119/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 20290113/03 дугаар тогтоолоор тус тус хурааж, шинжээчээр “С” ХХК-ийг томилж, үнэлгээ тогтоолгосон байх ба уг үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн байх ба зохигч талууд эдгээр асуудлаар маргаагүй байна.

Ингээд төлбөр төлөгч А.Цгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн ................ тоот хаягт байрлалтай 49,84 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй  байрны үнэлгээний талаарх саналыг талууд ирүүлээгүй тул 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 8/367  дугаар шинжээч томилох тухай тогтоолоор “С” ХХК-ийг шинжээчээр томилсон байна.

Ийнхүү шинжээч томилохдоо ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 4-180/28182 дугаартай үнийн саналаа ирүүлэх тухай мэдэгдлийг төлбөр төлөгчид  2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр баталгаат шуудангаар илгээсэн байх ба 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, түүнийг баталгаажуулсан фото зургийн хуулбараар төлбөр төлөгчийг дуудан ирүүлэх зарлан дуудах хуудсыг мөн хүргүүлсэн байх тул нэхэмжлэгчийн өөрөөс нь үнийн санал аваагүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

Хариуцагч байгууллага нь хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий хуулийн этгээдийг шинжээчээр томилж, уг байгууллагын үнэлгээ гаргах тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчин эрх, үүрэгтэйгээ танилцаж, “С” ХХК нь 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Хөрөнгө үнэлгээний тайлангаар дүгнэлт гаргаж, тус хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн хандлагын аргаар нийт 92.204.000 төгрөгөөр үнэлжээ.

Уг үнэлгээтэй нэхэмжлэгч 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр танилцаж,  нэхэмжлэгч нь 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр очно гэж бичсэн байх тул нэхэмжлэгчийн үнэлгээний тайлантай танилцуулж, санал аваагүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

       Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нь өөрийгөө эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг  баримтлан Хан-Уул дүүргийн ............... тоот хаягт байрлалтай 49,84 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй  байрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч А.Ц-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч А.Ц-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.4-т заасныг баримтлан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШЗ2020/15039  дугаартай захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                             О.ЧУЛУУНЧИМЭГ