Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/00295

 

 

 

 

 

 

 

 

 

А.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/03317 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Ц-гийн хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: НШШГГ- иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа А.Ц- миний өмч болох Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 43-95 тоот хаягт байршилтай 49.94 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах зорилгоор хөндлөнгийн шинжээч томилон 92 204 000 төгрөгөөр үнэлүүлсэн байна. Гэтэл НШШГГ- А.Ц- надаас үнийн санал авалгүйгээр миний өмчийг шинжээч томилон үнэлүүлсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцээгүй байна. Мөн НШШГГ- 2020 оны 08 сарын 27-ны өдөр мэдэгдлийг Б.Солонгод хүргүүлсэн байна. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасан журмаар А.Ц-д мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлт авч тэмдэглэл хөтлөөгүй байна. Иймд үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч тал хариу тайлбартаа: Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг төлбөр төлөгч А.Ц-д удаа дараа мэдэгдэхэд сайн дураар биелүүлээгүй учир Хан-Уул дүүргийн 3-р хороо, Шаравын гудамж, 43-р байрны 95 тоот 49.84 м.кв талбайтай орон сууцыг 2020 оны 04 сарын 17-ны өдөр битүүмжлэн, 2020 оны 08 сарын 07-ны өдөр хураасан. Талуудад үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлэхэд төлбөр төлөгч А.Ц-, өмчлөгч Б.Солонго нар үнийн санал ирүүлээгүй ба 2020 оны 04 сарын 17-ны өдөр зарлан дуудахад ирээгүй бөгөөд талууд үнийн саналыг харилцан тохиролцоогүй тул 2020 оны 08 сарын 18-ны өдрийн 8/367 дугаар тогтоолоор шинжээч томилж, үнэлүүлэхэд 92 204 000 төгрөгөөр үнэлэгдсэнийг хуулийн хугацаанд мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд гомдол гаргаагүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 3-р хороо, Шаравын гудамж, 43-р байрны 95 тоот хаягт байршилтай, 49.84 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206020995 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч А.Ц-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч А.Ц-гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Хариуцагч байгууллага нь үнэлгээний мэдэгдэл гэсэн бичиг баримтыг А.Ц-д баталгаат шуудангаар хүргүүлсэн гэсэн тайлбар гаргасан боловч албан ёсоор хүргүүлсэн болохоо нотолж чадаагүй. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасан шинжээчийг дүгнэлт гармагц 3 хоногийн дотор талуудад мэдэгдэж, тайлбар авч, тэмдэглэл хөтөлнө гэсэн ажиллагааг хийсэн болохоо мөн нотолж чадаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд мэдэгдэл хүргүүлнэ гэсэн ойлголт байхгүй болно. Гэтэл анхан шатны шүүх мэдэгдэл хүргүүлжээ хэмээн дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцээгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч А.Ц- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан, А.Ц- болон Б.Солонго нарын өмчлөлд бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Шаравын гудамж, 43-р байрны 95 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206020995 дугаарт бүртгэлтэй, 49.84 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 92 204 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлагыг гаргажээ.

 

Дээрх шаардлагын үндэслэлээ, А.Ц- надаас үнийн санал аваагүй, мөн мэдэгдлийг надад биш Б.Солонгод мэдэгдсэн учир үнэлгээг хүчингүй болгох үндэслэлтэй гэж тайлбарладаг бол хариуцагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан гэж маргадаг.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/01537 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 сарын 16-ны өдрийн 1529 дугаар магадлалаар хариуцагч А.Ц-гээс 56 582 768 төгрөг болон 440 863 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Даймонд очир ББСБ ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /1хх 3-7, 8-11/

 

Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлээгүйн улмаас хариуцагч байгууллага нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 сарын 19-ний өдрийн 183/ШЗ2019/13547 дугаар захирамж, мөн шүүхийн 2019 оны 11 сарын 19-ний өдрийн 183/ГХ2019/01153 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн 2019 оны 12 сарын 27-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, холбогдох ажиллагааг явуулжээ. /хх 27, 28, 34/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 04 сарын 17-ны өдөр битүүмжилж /хх 38-39/, 2020 оны 08 сарын 07-ны өдөр хураан авсан байна. /хх 45, 46-47/

 

Улмаар битүүмжилж, хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналаа 2020 оны 08 сарын 13-ны өдрийн дотор ирүүлэх тухай мэдэгдлийг А.Ц-д баталгаат шуудангаар хүргүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх 50/ Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.5 дахь хэсэгт зааснаар баримт бичгийг шуудан, харилцаа холбооны байгууллагад шилжүүлснээр түүнийг А.Ц-д хүргүүлсэнд тооцох тул надаас үнийн санал аваагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон хугацааны дотор төлбөр төлөгч А.Ц-гээс үнийн санал ирүүлээгүй учир төлбөр авагч Даймонд очир ББСБ ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтад тус тус нийцэж байна. /хх 51, 55/

 

Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээчин Сангийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий этгээд /хх 84/ байх ба Хөрөнгийн үнэлгээний тайлан-даа үнэлгээ гаргах болсон үндэслэл, үнэлгээний зорилго, үнэлгээнд ашигласан стандартыг дурдаж, үнэлж буй эд хөрөнгийн талаарх мэдээллийг тусган, үнэлгээг гаргасан арга, аргачлалыг нэг бүрчлэн тодорхой дурдсан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд нийцсэн гэж үзнэ. /хх 61-83/

 

Хөрөнгийн үнэлгээний тайланг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 2020 оны 08 сарын 27-ны өдөр хүлээн авсан /хх 59/ байх ба мөн өдрийн 4-180/30830, 4-180/30831 тоот мэдэгдлүүдийг баталгаат шуудангаар төлбөр төлөгч А.Ц-, өмчлөгч Б.Солонго нарт хүргүүлсэн байна. /хх 85, 86, 87/ Дараа нь 2020 оны 08 сарын 28-ны өдөр шинжээчийн гаргасан үнэлгээний талаар А.Цолмон, Б.Солонго нарт мэдэгдэж, мэдэгдлийн хувийг өгсөн боловч гарын үсэг зурахаас татгалзсан болох нь хэргийн 87 дугаар талд авагдсан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр нотлогдож байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзсан бол үндэслэлийг зааж, тусгайлан тэмдэглэнэ хэмээн заасан байх ба төлбөр төлөгч А.Ц- гарын үсэг зурахаас татгалзсан нь хуульд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахгүй байх, үнэлгээг хүчингүйд тооцох үндэслэл болохгүй.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч А.Ц- нь эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацааны дотор шүүхэд гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй. /хх 1-арын нүүрний дардас/

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/03317 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Д.НЯМБАЗАР