Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 752

 

 

 

 

 

 

 

 2020          06            09                                           2020/ДШМ/752                           

 

 

Н.Х-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Батзориг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Бадрал,

            шүүгдэгч Н.Х-, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 389 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Х-, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2002000520069 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Н-гийн Х, Улаанбаатар хотод 1992 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, хойд эцгийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбэ 0 дугаар гудамжны 0000 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/

Н.Х- нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 8,2288 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, мөн энэ төрлийн 0,1003 грамм жинтэй бодисыг Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 44 дүгээр байрны 99 тоотод бусдад өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас Н.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Н.Х-ыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа сэтгэцэд нөлөөт бодис болон эд зүйлийг устгаж, АЕ6936462 серийн дугаартай Монгол Улсын 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, АV6366671 серийн дугаартай Монгол Улсын 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт зэргийг Монгол банкинд шилжүүлж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Н.Х-, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон шүүгдэгч Н.Х- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... ээж минь эгч бид хоёрыг өсгөх гэж амьдралын хар бараан дундуур нугаралгүй зүтгэж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан. Энэ хугацаанд ээжийгээ мөнхийн амьдрах юм шиг төсөөлж явжээ. Ээжийгээ гэрийнхээ хаалгаар намайг дуудаад ороод ирнэ гэж өөрийгөө тайтгаруулж, хувь тавилантайгаа бага багаар эвлэрсэн ч, миний эгчийн утасны цаанаас орилон уйлж байсан гансрах дуу хоолой одоо ч чихэнд минь сонсогдсоор байна. Үе тэнгийн залуус боловсролтой болох гэж суралцаж байхад би ээждээ туслах гэж Улаанбаатарын гудамж, Нарантуул зах дээр хар ажил хийж, Солонгос Улсад ажиллаж байсан. Ээжийгээ эдгэрэшгүй өвчтэйг сонсоод 2019 оны 05 сард буцаж ирсэн. Гудамжны хүнд хэцүү амьдрал дунд хүүхэд насаа өнгөрөөсөн миний хувьд гоё ганган хувцас өмсдөг болж өөрчлөгдөхөд надад найз байхгүй байгааг мэдэрсэн. Энэ л үед сайхан хандсан хүн бүрийг найз гэж ойлгож сэтгэлээ уудлан ярих нь надад чухал байсан. Гэвч би өнгөрсөн 90 хоногийн дотор олон зүйлээ алдсан гэж ойлгож,  ирээдүйд олон сайхан зүйл хийж бүтээх зөв зам надад байгааг мэдэрсэн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдийг хэрэглэж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Н.Х- эхнээсээ энэ гэмт хэргийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. Өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж, цаашид гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ илэрхийлсэн. Иймд шүүгдэгч Н.Х-ын хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэв.

Прокурор Э.Бадрал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан шүүгдэгч Н.Х-т 1 жил хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Н.Х-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд шүүгдэгч Н.Х- нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 8,2288 грамм “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, мөн энэ төрлийн 0,1003 грамм бодисыг Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 44 дүгээр байрны 99 тоотод бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч А.Гэрэлт-Одын “... Хонгор, Үйлст, Баяраа, Билгүүн, Очирболд, Батбаяр, Биндэръяа, Энххишиг нар Очирболдын гэрийн тагтан дээр тамхины цаасанд боосон өвс гэх ургамлыг дамжуулаад татаад байхаар нь би бас сонирхоод хэд хэдэн удаа сорсон. Маргааш нь Хонгор орж ирэхдээ  төмөр хайрцаг бариад орж ирсэн. Мансууруулах өвс байсан” /1-р хх 111-112/,

гэрч Б.Баярцэцэгийн “... гэрээс гарч ирсэн цаасанд боосон өвс гэх зүйлийг Хонгор авчирсан. Хонгор хэлэхдээ “Танай гэрээс хураагдсан цаасанд боосон жаахан өвсний үлдэгдэл бол өмнөх өдөр Очирболдын төрсөн өдөр дээр миний гаргаж ирсэн өвсний үлдэгдэл юм. Та нарыг татаж магадгүй гэж бодоод үлдээсэн” гэсэн. Очирболдын төрсөн өдөр болоход хүмүүс ирнэ гээд гэрээ маш сайн цэвэрлэсэн тул ийм зүйл байгаагүй гэдгийг сайн мэдэж байна. Хонгор гаднаас хайрцагтай зүйл барьж орж ирснийг цагдаа үзэхэд өвс байсан юм” /1-р хх 121-122/,

гэрч Ц.Мандахбаярын “... Очирболдын гэрээс гарч ирсэн цаасанд боосон өвсийг Хонгор, Очирболдын төрсөн өдрөөр авчирсан гэдгийг сүүлд мэдсэн. Хонгор өөрөө авчирсан гэдгээ хэлсэн. 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хонгор цагдаад баригдахдаа төмөр саванд өвс хийчихсэн, Очирболдын гэрт ирээд цагдаад баригдсан” /1-р хх 126/,

гэрч П.Баяраагийн “... Очирболдын төрсөн өдрөөр бүгд архи ууж байсан. Тэр үед  хэний өвс гэдгийг мэдээгүй. Харин цагдаад мэдүүлэг өгч байхад гэрээс гарч ирсэн цаасанд боосон өвсийг Хонгор үлдээсэн гэдгээ хэлсэн” /1-р хх 132-133/,

гэрч С.Очирболдын “... Хонгор өвс гаргаж ирээд бид нар татсан. 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хонгор хэлэхдээ “Уучлаарай, танай гэрээс гарч ирсэн цаасанд боосон жаахан өвс минийх байгаа юм, би явахдаа та нарыг татах байх гэж бодоод үлдээсэн” гэж хэлсэн” /1-р хх 145/ гэх,

гэрч Б.Батбаярын “... Очирболдын гэрээс гарч ирсэн цаасанд боосон жаахан өвсийг Хонгор үлдээсэн гэж бид нарт хэлсэн” /1-р хх 139-140/,

 шүүгдэгч Н.Х-ын “... 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Очирболдын гэрээс гарч ирсэн цаасанд боосон өвсийг би урьд орой нь үлдээсэн юм. Тухайн үед явахдаа өөрт байсан төмөр савтай өвснөөс жаахан цаасанд боогоод тэнд байсан хүмүүсийг хэрэглэх байх гэж бодоод үлдээсэн. Төмөр хайрцагтай өвсийг 2019 оны 09 дүгээр сард Солонгост байхдаа танилцсан Батбаяраас авсан” /1-р хх 242-243/ гэх мэдүүлгүүд,

хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 13-15/, 

шүүгдэгч Х.Хонгороос хураан авсан 8,2288 грамм өвс, AV636671 серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэрт, тогоо хэлбэртэй дугуйлсан тугалган цаас, “L Carnitine 360” гэсэн бичигтэй төмөр хайрцаг, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 44 дүгээр байрны 99 тоот орон сууцнаас хураан авсан дэвтрийн цаасанд боосон 0,1003 грамм өвс, АЕ6936462 серийн дугаартай хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт зэргээс дельта-9 тетрагидроканнабинолын агууламж илэрсэн болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1057, 1055 дугаартай дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 159-163, 166-169/,

мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /1-р хх 5-6/,

эд мөрийн баримт хураан авах тогтоол /хх 29/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Анхан шатнаас шүүхээс шүүгдэгч Н.Х-ыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн талаар хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт үндэслэл бүхий хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу түүнийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон гэж давж заалдах шатны шүүх үзсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 389 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Х-, өмгөөлөгч Л.Ган-Очир нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

 

                                    ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                           М.ПҮРЭВСҮРЭН