Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 389

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Энхтуул,

улсын яллагч: М.Очбадрах,

шүүгдэгч: Н.Х-, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Х-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2002000520069 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н.Х-, .... өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ....... тоот регистртэй,

Шүүгдэгч Н.Х- нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 8.2288 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг, мөн өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 44 дүгээр байрны 99 тоотод “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 0.1003 грамм цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Н.Х- шүүх хуралдаанд: “...Би өнгөрсөн 2-3 сарын хугацаанд их ойлгож авсан. Буруу зүйл хийсэн. 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр миний ээж бурхан болсон. Би яллах дүгнэлтэнд дурдагдсан Б-ийн мэдүүлэг худлаа ярьж байна. Би энэ хэргийг үйлдсэнээрээ бүх үүрэг хариуцлагыг үүрээд гаръя гэж хэлсэн. Намайг Солонгост байхад ээжийн бие муу байна гэхээр нь Монголд ирсэн. Ирснээсээ хойш буруу хүмүүстэй нийлж буруу замаар явсан нь миний буруу...” гэв.

Гэрч А.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр манай найз О-ын төрсөн өдөр болсон юм. Тэгээд намайг О- өөрөө төрсөн өдөртөө урихаар нь тухайн өдөр 18 цагийн үед хороололд байрлах Б-ийн гэрт очиход Б-, О-, Ү-, Э-, Б-, Б-, М-, Б-, Х-, Б- нар ирчихсэн төрсөн өдрийн ширээ засчихсан сууж байсан. ...Б-, М- нараас бусад нь буюу Х-, Ү-, Б-, О-, Б-, Б-, Б-, Э- нар О-ын гэрийн тагтан дээр гараад тамхины цаасанд боосон “Өвс” гэх ургамлыг бие биедээ дамжуулаад татаад байхаар нь би бас сонирхоод хэд хэдэн удаа татчихсан юм. ...Мандала хотхонд байхад С- ирээд, нэг их удалгүй 00 цаг өнгөрөөгөөд бид хоёр хамт харихаар гараад явсан. Тухайн үед С- архи дарс огт уугаагүй, машинаараа намайг хүргэж өгсөн. ...би яваад очтол О-ын гэрт цагдаа нар ирчихсэн, нөгөө хэдийг бариад явчихсан гэрт нь шалгалт хийж байсан. Тэгээд төд удалгүй Х-оо миний араас орж ирсэн. Х-оо орж ирэхдээ гартаа төмөр хайрцагтай зүйл барьчихсан ороод ирсэн. Тэгтэл цагдаа нар Х-оог бариад ...төмөр хайрцагийг үзэхэд дотор нь “Өвс” гэх мансууруулах үйлчилгээтэй ургамал байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 111/,

Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр манай гэрээс гарч ирсэн цаасанд боосон Өвс шиг зүйл бол манай найз Х-ын авчирсан өвс байгаа юм. Яагаад өмнөх мэдүүлэг дээрээ хэлээгүй юм бэ гэвэл яг хэн авчирсаныг мэдэхгүй байсан. Харин хэргийн дараа Х-, О- бид хоёрт хэлэхдээ “...танай гэрээс хураагдсан цаасанд боосон жаахан өвсний үлдэгдэл бол өмнөх өдөр буюу О-ын төрсөн өдөр дээр гаргаж ирж татсан өвсний үлдэгдэл байгаа юм. Би явахдаа бас жааханг нэмээд цаасанд боогоод үлдээчихсэн юм. Та нарыг татаж магадгүй гэж бодоод үлдээсэн байсан юм” гэж бид хоёрт хэлсэн. ...Тэгээд бас 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр манай гэрт цагдаа нар ирчихсэн байхад Х- гаднаас хаалга тогшоод орж ирэхдээ гартаа төмөр хайрцагтай зүйл бариад орж иртэл, цагдаа нар тэрийг нь аваад үзэхэд дотор нь өвс байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 122/,

Гэрч Ц.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 02 дугаар сарын 09-ний орой төрсөн өдрөөр нь очсон. Дараа нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны орой очсон юм. Гэхдээ хэрэг болсны дараа О-ын гэрээс гарч ирсэн цаасанд боосон өвсийг Х- О-ын төрсөн өдрөөр авчирсан гэдгийг сүүлд нь мэдсэн. Энэ талаар яаж мэдсэн бэ гэвэл Х-оо өөрөө ч авчирсан гэдгээ хэлсэн, хамт байсан хүмүүс ч Х-оог авчирсан гэдгийг ярьж байсан юм, тэрнээс гадна 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Х-оо цагдаад баригдахдаа төмөр саванд өвс хийчихсэн О-ын гэрт ирээд цагдаад баригдсан байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 126/,

Гэрч П.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...цагдаагийн газар ирээд мэдүүлэг өгөөд явж байхад Х-оо бид нарт хэлэхдээ “О-ын гэрээс гарч ирсэн цаасанд боосон өвс бол миний та нарыг татвал татаг гээд үлдээчихсэн өвс байгаа юм, би угаасаа үнэн зөвөөр нь мэдүүлгээ өгсөн байгаа, сая миний биенээс төмөр хайрцагтай өвс гарч ирсэн, тэрийг хураалгачихлаа” гэж бид нарт яриад байсан. Тэгээд би тэр өвсийг хэнийх байсаныг мэдсэн юм” гэсэн мэдүүлэг /хх 1-н 133/,

Гэрч С.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...миний төрсөн өдөр дээр архи уугаад сууж байхдаа тамхи татахаар болсон юм. Тэгтэл Х- биеэсээ өвс гаргаж ирээд, цаасанд боогоод бид нар татсан, гэхдээ манай эхнэр Б-, М- хоёр татаагүй, бусад нь бүгд татах шиг болсон. Тухайн үед Х- жаахан өвс гаргаж ирээд, бид нар хамтдаа хэрэглээд дуусчихсан болохоор үзлэг хийх үед гарч ирсэн өвсний талаар мэдэх зүйл байхгүй байсан учраас яг хэнийх нь өвс гэдгийг мэдэхгүй байсан юм. Тэгтэл 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Х- манай эхнэр Б- бид хоёрт хэлэхдээ “уучлаарай танай гэрээс гарч ирсэн цаасанд боосон жаахан өвс бол миний өвс байгаа юм, би явахдаа та нарыг татах байх гэж бодоод жаахан үлдээгээд явсан юм” гэж эхнэр бид хоёрт хэлсэн. Тэгэхээр нь би Х-т уурлаад “чи яах гэж ийм зүйл авчирсан юм бэ, Ү- Б- бид гурав саяхан хар тамхитай тэмцэх хэлтэст шалгагдаж байгаад зөрчлөөр Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт шалгагдаад дуусаагүй байхад, дахиад ийм асуудалд оруулчих юм, чи цагдаагийн байгууллагад үнэнээ хэлээрэй, манай гэрт өвс авчирсан гэдгээ хэлээрэй, бас чи хэнээс өвс авсан юм бэ, тэр хүнээ зааж өг гэхэд чи танихгүй миний өвс авсан хүн одоо Монголд байхгүй байгаа, Солонгост байгаа, мань чинь өчигдөр цагдаад үнэнээ хэлчихсэн байгаа гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 145/,

Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр О-ын гэрээс гарч ирсэн цаасанд боосон жаахан өвсийг манай найз Х- бид нарт татвал татаг гэж бодоод үлдээсэн юм гэж бид нарт хэлсэн. Тэгэхээр нь би яах гэж ийм зүйл авчирсан юм бэ, чи яг хэнд үлдээсэн юм бэ гэж асуухад, би яг тэрэнд энэнд үлдээгээгүй, та нарыг татаж магадгүй гээд дунд чинь үлдээсэн юм гэж хэлээд байгаа юм. Тэгэхээр О-, Б- нарын гэрээс гарч ирсэн өвс бол Х-ын өвс болж таарч байгаа юм. Х- өөрөө яг энэ талаараа хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 149/,

Хүний биед үелэг хийсэн тэмдэглэлд: “...Х- ... “Өвс гэх бодис байгаа” гэж хариулан өмсөж явсан куртикний халааснаас хар өнгийн төмөр хайрцагтай өвс мэт зүйл гаргав. Уг төмөр хайрцаганд хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт 1 ш, тогоо болгож дугуйлсан бохирлогдсон мөнгөлөг цаас, өвс гэх бодиснууд байв. Уг өвс мэт зүйлийг зиплок түгжээ бүхий гялгар уутанд хийж жинлэхэд 9.5 грамм болж байв” гэжээ. /хх 1-н 13-15/,

Биологийн дэж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл: “...мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх тест ашиглах талаар тайлбарлан тестний битүүмжлэлийг харуулан задалж зориулалтын саванд шээсний дээж авч тестыг зааврын дагуу ашиглан үр дүнг хүлээв. ...Н.Х- нь Делта-9 Тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэсэн байна гэх утгыг урьдчилсан байдлаар заасныг тэмдэглэлд тусгав” гэжээ /хх 1-н 16-17/,

Шинжээчийн 1057 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн зүйл шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн зиплок түгжээ бүхий уутанд Н.Х- хураасан эд зүйл 2020.02.10 гэж хаягласан зиплок түгжээ бүхий гялгар ууттай уутны хамт 6.4635 г, цэвэр жин нь 8.288 г өвс, ургамал мэт зүйл, AV 636671 серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэрт, тогоо болгож дугуйлсан мөнгөлөг цаас, L-CARNITINE      360 гэсэн бичиглэлтэй хар өнгийн төмөр хайрцаг зэрэгт тус тус дельта-9-тетрагидроканбинол /delta-9-tetrahydrocannabinol/ илрэв. Шинжилгээнд ирүүлсэн “Х- 2020.02.10” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол //THC/ илрэв. Дельта-9-тетрагидроканбинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг” гэжээ. /хх 1-н 159-163/,

Шинжээчийн 1055 тоо дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн зүйл шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн зиплок түгжээ бүхий уутанд “БГД 18х 44-99 тоотоос хураасан эд зүйлс” гэж хаягласан дэвтрийн цаасанд боосон цэвэр жин нь 0.1003 гр өвс ургамал мэт зүйл, AE6936462 серийн дугаартай хуйлсан дотор хэсэг нь бохирлогдсон 20 төгрөгийн дэвсгэрт зэрэгт дельта-9-тетрагидроканбинол /delta-9-tetrahydrocannabinol/ илрэв. Шинжилгээнд ирүүлсэн NJ9685281 серийн дугаартай хуйлсан 100 төгрөгийн дэвсгэртэд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. Дельта-9-тетрагидроканбинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг” гэсэн дүгнэлт /хх-н 166-169/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 207 тоот дүгнэлтэд: “...Н.Х- нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт шинж үгүй байна. Н.Х- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ...сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. ...хэрэг үйлдэгдсэн гэх өдрүүдэд сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна. ...эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна. ...эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. ...сэтгэц идэвхит эм бодисоос хамааралтай болсон гэх шинж баримт үгүй байна” гэсэн дүгнэлт /хх 1-н 239-240/,

Сэжигтэн, яллагдагчаар Н.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Очирбодын гэрээс цаасанд боосон өвс гарч ирсэн нь үнэн. Тэр өвсийг би урьд орой нь үлдээчихсэн юм. Надад ямар нэгэн зорилго гэхээр зүйл байхгүй, харин тухайн үед бүгд архи уусан, тамхи татаад нилээд согтуу байсан болохоор би явахдаа өөрт байсан төмөр савтай өвснөөс жааханг цаасан дээр тавиад үлдээсэн юм. ...Солонгос Улсад байхдаа танилцаж байсан, Б- гэх хүн надад өгөхөөр нь юм бодолгүй авчирсан юм, харин дотор нь өвс байсныг сүүлд нь мэдсэн. ...2019 оны 9 дүгээр сарын сүүлээр таарсан. Б- одоо Монгол Улсад байхгүй. Солонгос Улсад байгаа. ...Тогтоолтой танилцсан асууж тодруулах зүйл байхгүй. Дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хх 1-н 243, 2-н 12-13, 17-18/,   

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хойшлуулашгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх 1-н 5-6/, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 1-н 7-12/, Н.Х-ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 88-100/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 1-н 108/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 244, 248, 2-н 26-28, 55-56/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Н.Х- нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 8.2288 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг, мөн өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 44 дүгээр байрны 99 тоотод “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 0.1003 грамм цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, гэрч А.Г-ын: “...Х-, Ү-, Б-, О-, Б-, Б-, Б-, Э- нар О-ын гэрийн тагтан дээр гараад тамхины цаасанд боосон “Өвс” гэх ургамлыг бие биедээ дамжуулаад татаад байхаар нь би бас сонирхоод хэд хэдэн удаа татчихсан юм. ...би яваад очтол О-ын гэрт цагдаа нар ирчихсэн, нөгөө хэдийг бариад явчихсан гэрт нь шалгалт хийж байсан. Тэгээд төд удалгүй Х-оо миний араас орж ирсэн. Х-оо орж ирэхдээ гартаа төмөр хайрцагтай зүйл барьчихсан ороод ирсэн. Тэгтэл цагдаа нар Х-оог бариад ...төмөр хайрцагийг үзэхэд дотор нь “Өвс” гэх мансууруулах үйлчилгээтэй ургамал байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 111/, гэрч Б.Б-ийн: “...2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр манай гэрээс гарч ирсэн цаасанд боосон өвс шиг зүйл бол манай найз Х-ын авчирсан өвс байгаа юм. ...хэргийн дараа Х-, Очибролд бид хоёрт хэлэхдээ “...танай гэрээс хураагдсан цаасанд боосон жаахан өвсний үлдэгдэл бол өмнөх өдөр буюу О-ын төрсөн өдөр дээр гаргаж ирж татсан өвсний үлдэгдэл байгаа юм. Би явахдаа бас жааханг нэмээд цаасанд боогоод үлдээчихсэн юм. Та нарыг татаж магадгүй гэж бодоод үлдээсэн байсан юм” гэж бид хоёрт хэлсэн. ...Тэгээд бас 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр манай гэрт цагдаа нар ирчихсэн байхад Х- гаднаас хаалга тогшоод орж ирэхдээ гартаа төмөр хайрцагтай зүйл бариад орж иртэл, цагдаа нар тэрийг нь аваад үзэхэд дотор нь өвс байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 122/, гэрч Ц.М-ын: “...хэрэг болсны дараа О-ын гэрээс гарч ирсэн цаасанд боосон өвсийг Х- О-ын төрсөн өдрөөр авчирсан гэдгийг сүүлд нь мэдсэн. Энэ талаар яаж мэдсэн бэ гэвэл Х-оо өөрөө ч авчирсан гэдгээ хэлсэн, хамт байсан хүмүүс ч Х-оог авчирсан гэдгийг ярьж байсан юм, тэрнээс гадна 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Х-оо цагдаад баригдахдаа төмөр саванд өвс хийчихсэн О-ын гэрт ирээд цагдаад баригдсан байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 126/, гэрч П.Б-гийн: “...цагдаагийн газар ирээд мэдүүлэг өгөөд явж байхад Х-оо бид нарт хэлэхдээ “О-ын гэрээс гарч ирсэн цаасанд боосон өвс бол миний та нарыг татвал татаг гээд үлдээчихсэн өвс байгаа юм, би угаасаа үнэн зөвөөр нь мэдүүлгээ өгсөн байгаа, сая миний биенээс төмөр хайрцагтай өвс гарч ирсэн, тэрийг хураалгачихлаа” гэж бид нарт яриад байсан. Тэгээд би тэр өвсийг хэнийх байсанг мэдсэн юм” гэсэн мэдүүлэг /хх 1-н 133/, гэрч С.О-ын: “...Х- биеэсээ өвс гаргаж ирээд, цаасанд боогоод бид нар татсан, гэхдээ манай эхнэр Б-, М- хоёр татаагүй, бусад нь бүгд татах шиг болсон. Тухайн үед Х- жаахан өвс гаргаж ирээд, бид нар хамтдаа хэрэглээд дуусчихсан болохоор үзлэг хийх үед гарч ирсэн өвсний талаар мэдэх зүйл байхгүй байсан учраас яг хэнийхэн өвс гэдгийг мэдэхгүй байсан юм. Тэгтэл 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Х- манай эхнэр Б- бид хоёрт хэлэхдээ “уучлаарай манай танай гэрээс гарч ирсэн цаасанд боосон жаахан өвс бол миний өвс байгаа юм, би явахдаа та нарыг татах байх гэж бодоод жаахан үлдээгээд явсан юм” гэж эхнэр бид хоёрт хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 145/, гэрч Б.Б-ын: “...2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр О-ын гэрээс гарч ирсэн цаасанд боосон жаахан өвсийг манай найз Х- бид нарт тавал татаг гэж бодоод үлдээсэн юм гэж бид нарт хэлсэн. Тэгэхээр нь би яах гэж ийм зүйл авчирсан юм бэ, чи яг хэнд үлдээсэн юм бэ гэж асуухад, би яг тэрэнд энэнд үлдээгээгүй, та нарыг татаж магадгүй гээд дунд чинь үлдээсэн юм гэж хэлээд байгаа юм. Тэгэхээр О-, Б- нарын гэрээс гарч ирсэн өвс бол Х-ын өвс болж таарч байгаа юм. Х- өөрөө яг энэ талаараа хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 149/, Хүний биед үелэг хийсэн тэмдэглэлд: “...Х- ...”Өвс гэх бодис байгаа” гэж хариулан өмсөж явсан куртикний халааснаас хар өнгийн төмөр хайрцагтай өвс мэт зүйл гаргав. Уг төмөр хайрцаганд хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт 1 ш, тогоо болгож дугуйлсан бохирлогдсон мөнгөлөг цаас, өвс гэх боиснууд байв. Уг өвс мэт зүйлийг зиплок түгжээ бүхий гялгар уутанд хийж жинлэхэд 9.5 грамм болж байв” гэжээ. /хх 1-н 13-15/, шинжээчийн 1057, 1055 тоот дүгнэлтүүд, эд мөрийн баримтаар хураагдсан /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж/ байгаа 8.2288 грамм цэвэр жинтэй, 0.1003 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис... болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Н.Х-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Х- нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас бодит хохирол учраагүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

Харин шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, түүнчлэн, Үндэсний аюулгүй байдлын эсрэг түүнд хохирол, хор уршиг учруулах нөхөн төлөх боломжгүй хор уршигтай болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Н.Х-ын гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Х- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Н.Х-т ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 01 жил хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тэнсэж өгнө үү гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч Н.Х-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хадгалсан, бусдад өгсөн, уг бодисоо хэрэглэсэн, уг гэмт хэргийн улмаас Үндэсний аюулгүй байдал болон олон нийтийн эрх ашигт учрах хор уршиг зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй  гэж үзлээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, Үндэсний аюулгүй байдалд хор уршиг учруулах тул бусдад төлөх бодит хохиролгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг үндэслэлээр ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй гэж шүүх үзлээ.

Мөн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх заалт нь шүүхэд үүрэг болгосон заалт биш бөгөөд хэрэглэж болохыг хуульчилсаныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х-т шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж/ байгаа 8.2288 грамм цэвэр жинтэй, 0.1003 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас 1 ширхэг, L-Carnitine 360 гэсэн бичиглэлтэй хар өнгийн төмөр хайрцаг 1 ширхэг зэргийг устгах, AЕ6936462 серийн дугаартай Монгол Улсын 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, AV6366671 серийн дугаартай Монгол Улсын 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг зэргийг Монгол банканд шилжүүлэхийг тус тус Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Х-ыг “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х-ыг 01 жил хорих ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х-т оногдуулсан 01 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж,

          - /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж/ байгаа 8.2288 грамм цэвэр жинтэй, 0.1003 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас 1 ширхэг, L-Carnitine 360 гэсэн бичиглэлтэй хар өнгийн төмөр хайрцаг 1 ширхэг зэргийг устгах,

          - AЕ6936462 серийн дугаартай Монгол Улсын 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, AV6366671 серийн дугаартай Монгол Улсын 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг зэргийг Монгол банканд шилжүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

          7. Шүүгдэгч Н.Х-т шүүгчийн захирамжаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсаныг хүчингүй болгосугай.

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

          9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Х-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ч.ОТГОНБАЯР