Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2023/00016

 

Ш.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 03 дугаар сарын 17-ны  өдрийн 133/ШШ2022/00162 дугаар шийдвэр,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 206/МА2022/00030 дугаар магадлалтай,

Ш.Бын нэхэмжлэлтэй

“А С Н” ХХК-д холбогдох

129,756,758 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн төлөөлөгч Н.Б, түүний өмгөөлөгч Х.Э нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Ж.Д, хариуцагчийн төлөөлөгч Н.Б, хариуцагчийн өмгөөлөгч Х.Э, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Ш.Б нь “А С Н” ХХК-д холбогдуулан 129,756,758 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны  өдрийн 133/ШШ2022/00162 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “А С Н” ХХК-иас 62,566,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 67,189,958 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 806,734 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А С Н” ХХК-иас нэхэмжлэлийн хангагдсан шаардлага болох 62,566,800 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 470,784 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Бд олгож шийдвэрлэжээ.

3. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 206/МА2022/00030 дугаар магадлалаар Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 133/ШШ2022/00162 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “62,566,800” гэснийг “128,766,615” гэж, “67,189,958” гэснийг “990,143” гэж, 2 дахь заалтын “62,566,800” гэснийг “128,766,615” гэж, “470,784” гэснийг “801,783” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, хариуцагч “А С Н” ХХК-ийн төлөөлөгч Н.Б нь давж заалдах гомдлоосоо татгалзсан болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 493,900 төгрөгийг, мөн хуулийн 164 дүгээр зүйлийн 164.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “А С Н” ХХК-ийн төлөөлөгч Н.Бын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 470,784 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгч Н.Б, түүний өмгөөлөгч Х.Э нар хяналтын гомдолдоо: ...Магадлалыг анхан шатны шүүх давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж шийдвэрлэсэн гэсэн үндэслэлүүдээр эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: 1. Давж заалдах гомдол гаргах эрхгүй этгээд давж заалдах гомдлыг гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д: “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрт зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах эрхтэй.” гэж заасан. Давж заалдах гомдол гаргасан өмгөөлөгч Ж.Д нь анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй бөгөөд гомдол гаргах эрхгүй. Анхан шатны шүүхээс танилцуулсан давж заалдах гомдлыг өмгөөлөгч Ж.Д дангаар гаргасан байсан энэхүү гомдлыг хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчид танилцуулж, тайлбар авсан. Д өмгөөлөгч хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэх хүртэл хугацаанд өмгөөлөгчөөр оролцоогүй болох нь Хавтаст хэргийн 171-р талд нэхэмжлэгч Ш.Бын гаргасан хүсэлт, хавтаст хэргийн 172-174-р талд авагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр нотлогдоно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.3-т:” Давж заалдах гомдол гаргахад энэ хуульд заасан журмыг баримтлаагүй бол шүүх гомдлыг хүлээн авахгүй бөгөөд энэ тухай шүүгч захирамж гаргана.” гэж заасны дагуу анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй өмгөөлөгч Ж.Д-н гаргасан гомдлыг шүүх хүлээж авах үндэслэлгүйг хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа дурдсаар байхад Ховд аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчиж гомдлыг хүлээн авч, шийдвэрлэсэн нь буруу байна. 2. Анхан шатны шүүх давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх үндэслэлийн тухайд: Шүүх талуудын хооронд Зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнээд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д: “заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрлийн тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан. Нэхэмжлэгч Ш.Б нь 2016.04.16-ны өдөр ХААН банктай 120,000,000 төгрөг зээлэхээр тохиролцож, зээлийн гэрээ байгуулан, уг зээлийг эхнэр Дэнсмаагийн ХААН банк дахь ...................... тоот дансаар авсан байна. /1хх-11-14/ Нэхэмжлэгч Ш.Б нь зээлдэж авсан 120,000,000 төгрөгөө хариуцагч “А С Н” ХХК-д зээлдүүлсэн тухай зээлийн гэрээ байхгүй бөгөөд энэ мөнгөнөөс “А С Н” ХХК-ий дансанд нэг ч төгрөг шилжүүлээгүй бөгөөд тэдний хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Анхан шатны шүүх шийдвэртээ: “Хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Н.Б-с Ш.Б нь компанид /хувьцаа/-ны хөрөнгө оруулалт хийж байна гэж хэлэн хувьцаа эзэмшигч Н.Б надад бэлнээр болон дансаар мөн бусад байгууллагад тоног төхөөрөмж, ажил үйлчилгээний төлбөрт 94,290,000 төгрөг төлсөн гэж тайлбарласныг анхан шүүх хөрөнгө оруулалт гэж үзэх боломжгүй байна. Учир нь “А С Н” ХХК нь 4 удаа банкинд 31,723,200 төгрөгийн зээл төлөлт хийсэн нь нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж, -талуудын хооронд хүү тооцохоор харилцан тохиролцоогүй байна гэж тус тус дүгнэн, 62,566,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн энэхүү шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байгаа эсэхэд үнэлэлт өгөх үндсэн үүргээ умартан хэт нэг талыг баримталснаас талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа байгаа эсэх хэрэв зээлийн гэрээний харилцаа байгаа бол уг гэрээ нь хуульд нийцэж байгаа эсэх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага түүнийгээ нотолсон нотлох баримт байгаа эсэхэд үнэлэлт өгөх үүргээ биелүүлээгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т: Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээгээр бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.” гэж заасан. Хавтас хэрэгт хүү тооцохоор тохиролцсон гэрээ байхгүй байхад давж заалдах шатны шүүх хүү тооцон шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны байх шаардлагатай нийцсэнгүй. Улсын дээд шүүхийн тайлбарт Иргэний хуулийн 282 дугаар зүйлийг тайлбарлахдаа: “...Талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох ба хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан байна. Энэхүү зохицуулалт нь гагцхүү зээлдүүлэгчид хамааралтай байна.” гэж тайлбарласан. Иймд нэхэмжлэгч Ш.Б нь хөрөнгө оруулалт гэж хийсэн мөнгөө зээл гэж үзэж байгаа бол хүү тооцох гэрээг бичгээр хийсэн байх шаардлагатай. Энэ шаардлагыг хангаагүй тул хүү нэхэмжлэх эрхээ алдсан. Давж заалдах шатны шүүх Хүү тооцох үндэслэл болсон гэрээ байхгүй өөрөөр хэлбэл /нотлох баримт/-гүйгээр нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн нь хууль бус байна. 3. Давж заалдах шатны шүүх Магадлалынхаа хяналтын хэсгийн 8-д: “Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан ...нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлсэн, шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангасан байна.” гэж дүгнэжээ. Гэтэл нэхэмжлэгч Ш.Б хариуцагч “А С Н” ХХК-ий хооронд байгуулсан зээлийн гэрээ байхгүй. Зээлдүүлсэн гэх мөнгө компаний дансанд ороогүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д: “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.” гэж заасан байхад зээлдүүлэгчээс зээлдэгчид нэг ч төгрөгийг шилжүүлээгүй байхад давж заалдах шатны шүүх Магадлалдаа: “...Талуудын хооронд Зээлийн гэрээний харилцаа үүссэн, 120,000,000 төгрөгийг үйл ажиллагаандаа зарцуулсан нь нотлогдсон, буцаан төлөхөөр анхнаасаа тохиролцсон зэргээр бичгийн нотлох баримтгүйгээр хийсвэр дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д: “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.”, мөн зүйлийн 40.2-т: “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэснийг зөрчсөн. Энэхүү зөрчил нь анхан шатны шүүх давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн зөрчил бөгөөд хэргийг хяналтын журмаар хянуулах хууль зүйн үндэслэл болно. 4. Давж заалдах шатны шүүх магадлалынхаа хяналтын хэсгийн 1-д: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянасан гэжээ. Шүүх нэхэмжлэгчийн компанид оруулсан хөрөнгө оруулалтыг зээл гэж дүгнэж байгаа бол /Зээлийн гэрээ байхгүй/ нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны асуудал дээр хяналт хийх ёстой. Нэхэмжлэгч, хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч нар 1 компаний хувьцаа эзэмшигч нар болохоор нэхэмжлэгчийн авсан зээлийн хүүг түүнийг санхүүгийн боломжгүй үед төлөлцөж байснаа хариуцагч үгүйсгээгүй. Хариуцагчаас 2017.04.25-ны өдөр 8,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Нэхэмжлэгч 2021.09.15-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д: “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байна гэж заасан ба нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2020.04.25-ны өдрөөр дууссан байна. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д: “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.” гэж заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хөөн хэлэлцэх хугацааны дотор гаргаагүй нь түүний нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо: “...миний бие “А С Н” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулахын тулд өөрийн нэр дээр бизнесийн зээл авч, авсан зээлээ 100 хувь хөрөнгө оруулалт хийсэн...” гэж бичсэнийг өөрөөр хэлбэл түүний компанид хөрөнгө оруулалт хийж, хувьцаа эзэмших болсныг нотолж байгаа болно. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч нь хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.01.05-ны өдрийн 001/ШХТ2023/00038 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7. Хяналтын журмаар гаргасан хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийн хүрээнд хэргийг хянаж, магадлалыг хүчингүй болгон, шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв. Зохигч нь анхан шатны шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх явцад хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэхийг маргаагүй, энэ талаар мэтгэлцээгүй тул энэ талаарх гомдлыг хянан хэлэлцэх үндэслэлгүй болно.

8. Нэхэмжлэгч Ш.Б нь “А С Н” ХХК-д холбогдуулан үйлдвэрийн үйл ажиллагаанд хувиасаа өгсөн 9,500,000 төгрөг, бизнесийн зээлийн төлбөрт төлсөн үндсэн зээл 96,276,018 төгрөг, зээлийн хүү 23,980,740 төгрөг, нийт 129,756,758 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо “...“А С Н” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болж, 2016.03.16-2016.09.18-ны хооронд гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа Н.Бын гуйснаар ХААН банкнаас 2016.04.18-ны өдөр 120,000,000 төгрөгийг зээлж авч, уг мөнгийг “А С Н” ХХК-ийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмжид зарцуулсан, хариуцагч нь зээлийг буцааж төлөхөөр тохирч зээлийн эргэн төлөлтөд 31,723,200 төгрөгийг төлсөн боловч үлдэх зээлээ төлөхгүй намайг их хэмжээний өр төлбөрт оруулан хохироож байна, мөн оффисын тавилга авахаар 3,000,000 төгрөг, бетон зуурмаг авахад мөнгө хүрэхгүй байна дараа өгье гэхээр нь 6,000,000 төгрөгийг тус тус хувиасаа өгсөн, одоо болтол өгөөгүй, хариуцагч тавилгаа бусдад зарсан сураг байна, иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү...” гэжээ.

9. Хариуцагч “А С Н” ХХК-ийг төлөөлж захирал Н.Б нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, маргахдаа “...Ш.Б нь мах боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулалт хийгээд хувьцаа эзэмшье гэж надтай тохиролцсон. Ингээд компанийн 51 хувийг эзэмшээд энэ хөрөнгө оруулалтыг олж ирье гэж надад хүсэлт тавиад 2016.03.17-ны өдөр компанийнхаа 51 хувийг Ш.Бд өгч, би өөрөө 49 хувьтай болсон. Түүнээс хойш Ш.Б нь 2016.09.18 хүртэлх хугацаанд хөрөнгө оруулалт нэрээр 98,204,192 төгрөгийг манай компанид оруулсан байдаг, мөнгө зээлсэн асуудал бол байхгүй” гэж мэтгэлцсэн байна.

10. Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ гэж үзэж, анхан шатны шүүх хариуцагчаас 62,566,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх хариуцагчаас 128,766,615 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...Ш.Бын 120,000,000 төгрөгийн зээл 150,989,815 төгрөг болж хаагдсан байхад хохирол буюу зээлийн хүүд төлсөн 23,980,750 төгрөгийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай  гэж үзэж, 150,989,815 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 31,723,200 төгрөгийг хасч, үлдэх 119,266,615 төгрөг дээр нэхэмжлэгчээс оффисын ком тавилга авахад зарцуулсан 3,500,000 төгрөг, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэхэд зарцуулсан 6,000,000 төгрөг нийт 9,500,000 төгрөгийг нэмж хариуцагчийн биелүүлэх үүргийн хэмжээг 128,766,615 төгрөг...” гэж дүгнэжээ.

11. Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаантай харилцааг хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан шаардах эрхийг сонгосон нь оновчтой болсон боловч давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нь ХААН банкнаас авсан зээлийг компанид бүрэн зарцуулсан эсэх, зээлийн хүү болон хохирол төлөх үүрэг үүссэн эсэх эрх зүйн асуудлаар зохих дүгнэлтийг хийж чадаагүй, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцээгүй тул магадлалыг хүчингүй болгох хуулийн үндэслэлтэй.

12. Хэрэгт байгаа баримтаас үзвэл нэхэмжлэгч Ш.Б болон Н.Б нарын хооронд 2015.12.08-ны өдөр 130,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан баримт байх боловч хариуцагч уг гэрээний дагуу мөнгө хүлээж аваагүй, бусдад үзүүлэхийн тулд ийм гэрээ байгуулсан гэсэн бол нэхэмжлэгч нь уг баримтыг хувьцааны үнийг төлсөн нотолгоо гэсэн тайлбар гаргасан, хариуцагч нь 2012 онд орон сууц барих үед нэхэмжлэгчээс 62,500,000 төгрөгийг авч байсан, тооцоо байгаа гэсэн тайлбар гаргасан, үүний дараа Ш.Б нь 2016.03.17-ны өдөр “А С Н” ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч болж, 2016.03.16-2016.09.18-ны хооронд гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа ХААН банкнаас 2016.04.18-ны өдөр 120,000,000 төгрөгийг зээлж авсан, компанид 98,204,192 төгрөгийг нь зарцуулсан, нэхэмжлэгч нь компанийн тавилга, бетон зуурмагийн үнэд нийт 9,500,000 төгрөгийг өгсөн талаар хариуцагч маргаагүй, хариуцагчаас 31,723,200 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, одоо “А С Н” ХХК-ийн 37 хувийн хувьцаа эзэмшигч нь Ш.Б, 63 хувийн хувьцаа эзэмшигч нь Н.Б байна.

13. Нэхэмжлэгч нь ХААН банкнаас авсан зээлийг хариуцагч буцааж төлөх ёстой, уг зээлийг өөрөө төлсөн, мөн компанийн тавилга, бетон зуурмагийн үнэд хувиасаа өгсөн 9,500,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзсэн бол хариуцагч зээлийн үүрэг үүсээгүй, нэхэмжлэгч нь хувьцаа эзэмшигчийн хувьд компанид хөрөнгө оруулсан гэж маргасан, энэ нь маргааны зүйл болжээ.

14. Энэ маргаанд талууд компанийн хувьцаа эзэмшигч хэвээр байгаа эсэх, хувьцааны үнийг төлсөн эсэх асуудал маргааны зүйл биш бөгөөд мөнгөн хөрөнгө шилжүүлсэн, уг мөнгийг буцааж төлөх үүрэг байгаа эсэх талаар маргаж мэтгэлцсэн, шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд дүгнэлт хийж нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-т заасан журмыг зөрчөөгүй гэж үзэв.

Анхан шатны шүүх “...Компанийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу Ш.Бын банкнаас зээл авч компанид шилжүүлэн өгснийг хөрөнгө оруулалт гэж үзэх боломжгүй, хариуцагч нь 94,290,000 төгрөгийг нэхэмжлэгчээс авч компанийн тоног төхөөрөмж, үйл ажиллагаанд зарцуулсан болохыг хүлээн зөвшөөрсөн, хариуцагч нь үүнээс 4 удаагийн төлөлтөөр 31,723,200 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу буцаан шилжүүлсэн үйл баримтаас дүгнэхэд үлдэх 62,566,800 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй” гэсэн дүгнэлт хийсэн нь хэрэгт байгаа баримтад тулгуурласан, үндэслэл бүхий болжээ.

Талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээ байхгүй ба нэхэмжлэгч Ш.Б нь зээлийг буцааж төлөх хугацааг хэрхэн тохирсон, уг хугацааг хариуцагч хэтрүүлсэн болохыг нотлоогүй тул зээлийн хүү, хохирол шаардах эрх зүйн үндэслэл бүрдээгүй, нотлогдсон хэмжээнд үүргийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. Нэхэмжлэгч Ш.Б нь ХААН банкнаас зээл авсан, уг мөнгөнөөс “А С Н” ХХК-ийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмжид зарцуулсан боловч зээлийг ямар хугацаанд буцааж өгөх, хүү төлөх эсэхийг “А С Н” ХХК-тай тохиролцсон буюу энэ талаар үүрэг үүссэн болохыг нотлоогүй тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хангах үндэслэлгүй байна.

15. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж, 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.” гэж, 282.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.” гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ.” гэж тус тус заасан.

Ердийн зээлийн гэрээг амаар байгуулж болох бөгөөд мөнгөн хөрөнгө шилжүүлсэн хүрээнд шүүх зээлийн хэмжээг 94,290,000 төгрөг гэж үзэж төлсөн 31,723,200 төгрөгийг хасч, үлдэх 62,566,800 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж үзсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг зөрчөөгүй байна. Шүүхийн уг шийдвэрт хариуцагч давж заалдах гомдол гаргаж байсан боловч гомдлоосоо татгалзаж байсан ба хариуцагч тал нь шийдвэрийг хэвээр үлдээх байр суурийг шүүх дээр илэрхийлсэн болно.

16. Дээрх үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ НЬ:

1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 206/МА2022/00030 дугаар магадлалыг хүчингүй болгож, Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 133/ШШ2022/00162 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 801,783 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Х.ЭРДЭНЭСУВД

                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Г.АЛТАНЧИМЭГ

                 ШҮҮГЧИД                                                              Н.БАЯРМАА

                                                                                              П.ЗОЛЗАЯА

                                                                                              Б.МӨНХТУЯА