Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 133/ШШ2022/00162

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 133/ШШ2022/00162

Говь-Алтай аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ш.Б-н нэхэмжлэлтэй

хариуцагч: А ХХК-д холбогдох

129,756,758 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.Б /цахимаар/, түүний өмгөөлөгч нар Н.Э /цахимаар/, Д.З /цахимаар/, хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Н.Б /цахимаар/, түүний өмгөөлөгч нар Х.Э /цахимаар/, Б.Б /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2016 онд А ХХКомпанийн хувьцаа эзэмшигчээр орж, 2016 оны 03 сарын 16-ны өдрөөс 2016 оны 09 сарын 18-ны өдөр хүртэл А ХХКомпанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Одоогоор А ХХКомпанийн 37 хувийг эзэмшдэг. Миний бие А ХХКомпанийн мах боловсруулах үйлдвэрийг ашиглалтанд оруулахын тулд өөрийн хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөрийг зарцуулж ирсэн. Гэтэл Н.Б нь А ХХКомпанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаанд компанийг их хэмжээний өр төлбөрт оруулж, Ш.Б намайг хувь хүн болон хувьцаа эзэмшигчийн хувиар маш их хохироож байна. Миний бие А ХХКомпанийн мах боловсруулах үйлдвэрийг ашиглалтанд оруулахын тулд өөрийн нэр дээр бизнесийн зээл авч, авсан зээлээ 100 хувь хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд мах боловсруулах үйлдвэр ашиглалтанд орох үед зээлийг компанийн хөрөнгөөр төлж барагдуулахаар гүйцэтгэх захирал Н.Б-тэй тохиролцсон. Гэтэл Н.Б нь үйлдвэрийн хөрөнгийг хувьдаа завшихын зэрэгцээ, авсан зээлээ төлөхгүй намайг их хэмжээний өр төлбөрт оруулан хохироож байна. Ш.Б би 2016 оны 04 сарын 18-ны өдөр Хаан банкнаас 2 жилийн хугацаатай, жилийн 21,6 хувийн хүүтэй 120,000,000 төгрөгийг зээлж компанийн мах боловсруулах үйлдвэрийг ашиглалтанд оруулах бүх үйл ажиллагаанд зарцуулсан. Үүнд: 1. Үйлдвэрийн тоног төхөөрөмж авахад 72,890,000 төгрөг, 2. 380-ын шугам татахад 4,000,000 төгрөг, 3. Үнэлгээ хийлгэхэд 666,000 төгрөг, 4. Хэлмэрч зуучлагчийн онгоцны билет 1,234,000 төгрөг, 5. Байгал орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэхэд 6,000,000 төгрөг, 6. Үйлдвэр ашиглалтанд оруулах бусад үйл ажиллагаанд үлдэгдэл төлбөрийг зарцуулсан. Мөн өөрийн зүгээс офиссын ком тавилга авахад 3,500,000 төгрөг, цемент болон бетон зуурмаг авахад 6,000,000 төгрөгийг зарцуулсан. Ш.Б миний нэр дээр авсан 120,000,000 төгрөгийн зээл болон хувийн зүгээс оруулсан мөнгийг А ХХКомпанийн тайланд тусгасан байдаг. А ХХКомпанийн зүгээс 4 удаагийн зээл төлөлт болох 31,723,200 төгрөгийг төлсөн. Миний бие өөрийн зүгээс бусад зээлийн төлбөрийг төлж барагдуулсан. Иймд Ш.Б миний өөрийн зүгээс үйлдвэрийн үйл ажиллагаанд зарцуулсан 9,500,000 төгрөг, бизнесийн зээлийн төлбөрт төлсөн үндсэн зээл болох 96,276,018 төгрөг, зээлийн хүү 23,980,740 төгрөг, нийт 129,756,758 төгрөгийг А ХХКомпаниас гаргуулж өгнө үү. Миний бие А ХХКомпанийн мах боловсруулах үйлдвэрийг ашиглалтанд оруулахын тулд Хаан банкнаас 120,000,000 төгрөгийг зээлж мах боловсруулах үйлдвэр ашиглалтад ороход дээрх мөнгийг төлж барагдуулна гэж гүйцэтгэх захирал Н.Б-тэй тохиролцож зээл авч өгсөн. Гэтэл одоо авсан зээлээ төлөхгүй намайг их хэмжээний өр, төлбөрт оруулан хохироож байна. Уг зээлээр тухайн үед үйлдвэрт шаардлагатай байгаа зүйлүүдийг авч байсан. Махны үйлдвэрийг ашиглалтад орохоор төлнө гэсэн боловч төлөөгүй би уг зээлийг өөрөө төлж барагдуулсан байгаа. Мөн би захирал байх хугацаандаа офиссын ком тавилга, захирлын ширээ сандал, хурлын 8 сандалтай хурлын ширээ зэргийг авч ирээд тавьсан байсан. Түүний мөнгийг мөн гаргаж өгөөгүй. Цэцэрлэгт зарсан сурагтай байна билээ. Мөн барилга барьж байх үедээ 120,000,000 төгрөг хүрэхгүй байсан учир надаар зуурмаг болон цемент авахлууж байсан. Тэр нь 6,000,000 төгрөг болсон байдаг. Энэ бүгдийг нэхэмжилж байгаа. Энэ бол тухайн онуудын тайлангуудад тусгагдаж явсан. Энэ мөнгөнүүдийн нийлбэр дүн болох 129,756,758 төгрөгийг А ХХКомпаниас гаргуулж өгнө үү гэж нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч байгуулллагын хууль ёсны төлөөлөгч Н.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: А ХХК хувьцаа эзэмшигчдийн хурлаар нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэн тохиролцож шийдвэрлэсэн уг нэхэмжлэлд байгаа 129,756,758 төгрөгийг А ХХК-иас иргэн Н.Б миний бие болон А-С ХХК-уудын хувьцаа эзэмшигчдийн хувьд төлж барагдуулсан тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би иргэн Ш.Б-тэй 2000 оноос хойш найз нөхөд байсан. 2012 онд би орон сууц барьж байсан. Тэр хооронд 62,500,000 төгрөгийг авч байсан нь үнэн. А ХХК-г 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би байгуулсан. 2016 онд Ш.Б А ХХК мах боловсруулах үйлдвэр барих гэж байгаа юм байна. Энэ үйлдвэрт би хөрөнгө оруулалт хийгээд хувьцаа эзэмшье гэж надтай тохиролцсон. 2016 оны 03 дугаар сарын 16-ны үед Хятад улсын Шинжаан Уйгарын компаниас санамж бичиг ирлээ. Үүний дагуу би компанийн 51 хувийг эзэмшээд энэ хөрөнгө оруулалтыг олж ирье гэж надад хүсэлт тавиад би 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр компанийнхаа 51 хувийг Ш.Б-д өгч 49 хувьтай болсон. Түүнээс хойш Ш.Б нь 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд хөрөнгө оруулалт нэрээр 98,204,192 төгрөгийг манай компанид оруулсан байдаг. Зээлсэн асуудал бол байхгүй гэв.

 

Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Хаан банкны 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ16/62 дугаартай зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн БГХ16/62 дугаартай барьцааны гэрээ,

-Ш.Б-н Хаан банкны - тоот зээлийн дансны хуулга,

-Ш.Б-с 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гомдлын хуулбар,

-2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Л.Л-с ирүүлсэн хариу мэдэгдэх хуудсын хуулбар,

-Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 186 дугаар мэдэгдэх хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Ш.Б-н -, - тоот данснуудын 2016.01.01-2016.12.31-ний өдрийг хүртэл хугацааны дансны хуулга

-А ХХК, А-С ХХК-ийн хооронд 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

- А ХХК, А-С ХХК-ийн хооронд 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан Компанийн эрх шилжүүлэх гэрээ-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-А ХХК-ийн гүйцэтгэх захирал өөрчлөх шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-А ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаар тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Ш.Б, Н.Б нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан 130,000,000 төгрөгийн зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Нэхэмжлэгч Ш.Б-н - цахим хаягаас ирүүлсэн А ХХК-ийн 2017 оны 04 дүгээр улирлын тайлан гэх excel файл.

 

Хариуцагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-А ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-А ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 0020/002 дугаар тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-БНХАУлсын ШУӨЗОрны барилга үйлдвэрлэлийн цэргийн 13 дугаар ангийн дэргэдэх Дун-Ань олон улсын ложистикийн компани Монгол Улсын Говь-Алтай аймгийн мах боловсруулах үйлдвэртэй гадаад худалдааны чиглэлээр хамтран ажиллах төслийн санамж бичиг гэх хятад, монгол бичвэр бүхий баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.

 

Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримтууд:

-Хас банкнаас ирүүлсэн А ХХК, Н.Б нарын 2016.01.01-2020.12.31-ний өдрийг хүртэлх хугацааны дансны хуулгууд,

-Хаан банкнаас ирүүлсэн А ХХК, Н.Б нарын 2016.01.01-2020.12.31-ний өдрийг хүртэлх хугацааны дансны хуулгууд,

-Төрийн банкнаас ирүүлсэн Н.Б нь данс эзэмшдэггүй талаарх тодорхойлолт болон А ХХК-ий 2016.01.01-2020.12.31-ний өдрийг хүртэлх хугацааны дансны хуулгууд,

-Голомт банкнаас ирүүлсэн А ХХК нь данс эзэмшдэггүй талаарх тодорхойлолт болон Н.Б-н 2016.01.01-2020.12.31-ний өдрийг хүртэлх хугацааны дансны хуулга,

-Капитрон банк, Худалдаа хөгжлийн банк, Ариг банк, Чингис хаан банк, Богд банк, Транс банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас ирүүлсэн А ХХК, Н.Б нар нь данс эзэмшдэггүй талаарх тодорхойлолт,

-А ХХК-иас ирүүлсэн тус компанийн 2016, 2017, 2018, 2019-2020 оны санхүү байдлын тайлан, Орлогын дэлгэрэнгүй тайлан, Өмчийн өөрчлөлтийн тайлан, Мөнгөн гүйлгээний тайлан,

-Хаан банкнаас ирүүлсэн Ш.Б-н 2016.11.01-2017.06.01 хүртэл хугацааны дансны хуулгууд,

-Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн А ХХК-ийн хувийн хэрэг,

-Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн А ХХК-ийн 2017 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайлан, тодруулга,

-Хариуцагч А ХХК-ийн өмгөөлөгч Х.Э-с ирүүлсэн А ХХК-ийн 2017 оны санхүүгийн тайлан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 62,566,800 төгрөгийг гаргуулж, үлдэх 67,189,958 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Ш.Б нь А ХХК-д холбогдуулан үйлдвэрийн үйл ажиллагаанд зарцуулсан 9,500,000 төгрөг, бизнесийн зээлийн төлбөрт төлсөн үндсэн зээл болох 96,276,018 төгрөг, зээлийн хүү 23,980,740 төгрөг, нийт 129,756,758 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч А ХХК-ий захирал Н.Б нь ...2016 онд Ш.Б А ХХК мах боловсруулах үйлдвэр барих гэж байгаа юм байна. Энэ үйлдвэрт би хөрөнгө оруулалт хийгээд хувьцаа эзэмшье гэж надтай тохиролцсон. 2016 оны 03 дугаар сарын 16-ны үед Хятад улсын Шинжаан Уйгарын компаниас санамж бичиг ирлээ. Үүний дагуу би компанийн 51 хувийг эзэмшээд энэ хөрөнгө оруулалтыг олж ирье гэж надад хүсэлт тавиад би 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр компанийнхаа 51 хувийг Ш.Б-д өгч 49 хувьтай болсон. Түүнээс хойш Ш.Б нь 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд хөрөнгө оруулалт нэрээр 98,204,192 төгрөгийг манай компанид оруулсан байдаг. Зээлсэн асуудал бол байхгүй... гэж татгалзжээ.

Нэхэмжлэгч Ш.Б нь 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Хаан банкнаас ЗГ16/62 дугаар зээлийн гэрээгээр 120,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор, жилийн 21.6%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 6-10 дахь тал/

Нэхэмжлэгч нь дээрх зээлийг хариуцагч А ХХК-ий үйл ажиллагаанд зарцуулах зорилгоор авсан. Учир нь тухайн үед А ХХК болон Н.Б нарт зээл олдохгүй байсан гэж тайлбарлаж байна.

Харин хариуцагч нь дээрх мөнгийг Ш.Б-с зээлээгүй, компанид хөрөнгө оруулсан тул зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, буцаан төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад:

Н.Б нь А ХХК-ийг нь 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 1 гишүүнтэй, 1,020.00 мянган төгрөгийн өөрийн хөрөнгөтэй үүсгэн байгуулсан байна.

Улмаар 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл компанийн өөрийн хөрөнгө болон гишүүдийн тоонд өөрчлөлт ороогүй байх бөгөөд А ХХК-ийн ерөнхий захирал Н.Б-н захиалгаар хийсэн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Мах боловсруулах үйлдвэрийн үнэлгээний тайланд мах боловсруулах үйлдвэрийн барилгыг 305,292.0 мянган төгрөгөөр, хашаа, инженерийн байгууламжийг 226,540.9 мянган төгрөг, газар эзэмших эрхийг 40,000.0 мянган төгрөг нийт бодит үнэлгээг 571,832.9 төгрөгөөр үнэлжээ. /2 дугаар хавтаст хэргийн 184-191 дэх тал/

Мөн тэр өдрөө буюу А ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаар тогтоолоор ...1.А ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь 571,832,900 төгрөг ба нэг бүр нь 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 571,832 ширхэг энгийн хувьцаа байна. Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 51 хувь буюу 291,635 ширхэг энгийн хувьцаа эзэмшигч нь Ш.Б, 49 хувь буюу 280,197 ширхэг энгийн хувьцаа эзэмшигч нь Н.Б  байна. 2. Алтайн сүрлэг нуруу ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ш.Б-г  2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн томилсугай... гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 177 дахь тал/

Тодруулбал, Хаан банкнаас 120,000,000 төгрөгийн зээл авахаас өмнө буюу 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Ш.Б нь А  ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 51 хувийн хувьцаа эзэмшигч болсон байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б нь А ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаар тогтоолоор Ш.Б-д компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 51 хувь буюу 291,635 ширхэг энгийн хувьцааг эзэмшүүлэхдээ Ш.Б-с 291,635,665 төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэж тохиролцсон, хожим нь энэ үүргээ биелүүлэхээр банкнаас зээл авч, хөрөнгө оруулалт хийсэн, одоо ч хөрөнгө оруулалтаа бүрэн хийгээгүй гэж,

Харин нэхэмжлэгч Ш.Б нь 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээгээр 130,000,000 төгрөгийг Н.Б-д бэлнээр өгч компанийн хувьцаа болгож гэрээ хийснийхээ дагуу 51 хувиа авсан. Тэгээд зөвхөн байшин, хашаа байсан учир дараагийн хөрөнгө оруулалтаа босгохын тулд /дэлхийн банкнаас 250,000,000 төгрөгийн зээл авахын тулд/ дахин үйл ажиллагаа явуулах шаардлагатай болсон. Тэгээд компани үйл ажиллагаа эхлээгүй байсан учир зээл авах ямар ч боломжгүй байсан. Н.Б өөрөө бас ямар ч банкнаас зээл авах боломжгүй байсан. Тэгээд ганц боломжтой нь би байсан учир миний нэр дээр зээл аваад үйлдвэрийн доторх тоног төхөөрөмжийг авсан гэж маргажээ.

Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээгээр Ш.Б  нь Н.Б-д 130,000,000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 04 сарын хугацаатай махны үйлдвэрт хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлэв. Зээлийн хугацаа нь зээлдэгч зээлийг бэлнээр хүлээн авсан үеэс эхлэн тоологдоно. Зээлийн хугацаанд хүүгүй зээлнэ гэж тохиролцжээ.

Хариуцагч Н.Б нь 2012 онд би орон сууц барьж байсан. Тэр хооронд Ш.Б-с 62,500,000 төгрөгийг авч байсан нь үнэн. 2016 онд Ш.Б А ХХК мах боловсруулах үйлдвэр барих гэж байгаа юм байна. Энэ үйлдвэрт би хөрөнгө оруулалт хийгээд хувьцаа эзэмшье гэж надтай тохиролцсон. 2016 оны 03 дугаар сарын 16-ны үед Хятад улсын Шинжаан Уйгарын компаниас санамж бичиг ирлээ. Үүний дагуу би компанийн 51 хувийг эзэмшээд энэ хөрөнгө оруулалтыг олж ирье гэж надад хүсэлт тавиад би 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр компанийнхаа 51 хувийг Ш.Б-д өгч 49 хувьтай болсон гэж тайлбарлаж байна.

Дээрх үйл баримтыг цаг хугацааны дарааллаар авч үзвэл:

1.            2012 онд Ш.Б болон Н.Б нарын хооронд 62,500,000 төгрөгийн өр үүссэн байсан бөгөөд Н.Б нь дээрх мөнгийг төлөөгүй,

2.            2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээгээр Ш.Б нь 130,000,000 төгрөгийг Н.Б-д хүүгүй зээлж, бэлнээр өгсөн гэх,

3.            2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр А ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 51 хувь буюу 291,635 ширхэг энгийн хувьцаа эзэмшигч нь Ш.Б байна гэж шийдвэрлэсэн,

4.            2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Ш.Б нь Хаан банкнаас ЗГ16/62 дугаар зээлийн гэрээгээр 120,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор зээлжээ.

Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна.

Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хувьцаа эзэмшигчдэд хэн хэдэн хувийн хувьцаа эзэмших асуудлыг шийдвэрлэсэн байхад шүүхээс уг шийдвэрт нь дүгнэлт хийх боломжгүй юм.

Ш.Б нь компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 51 хувь буюу 291,635 ширхэг энгийн хувьцааг эзэмшихдээ уг хувьцааны үнэ болох нь 291,635,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр харилцан тохиролцсон болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "хөрөнгө оруулалт" гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан, санхүүгийн тайланд туссан биет болон биет бус хөрөнгийг ойлгоно гэж,

Мөн хуулийн 5.1-д Хөрөнгө оруулалтыг Монгол Улсад дараах хэлбэрээр хэрэгжүүлнэ, үүнд:

5.1.1.хөрөнгө оруулагч дангаараа болон бусад хөрөнгө оруулагчтай хамтран аж ахуйн нэгж байгуулах;

5.1.2.хөрөнгө оруулагч хувьцаа, өрийн бичиг, бусад төрлийн үнэт цаасыг худалдан авах;

5.1.3.компанийг нэгтгэх, нийлүүлэх замаар хөрөнгө оруулалт хийх;

5.1.4.концесс, бүтээгдэхүүн хуваах, маркетинг, менежментийн болон бусад гэрээ байгуулах;

5.1.5.санхүүгийн түрээс /лизинг/-ийн болон франчайзийн хэлбэрийн хөрөнгө оруулалт хийх;

5.1.6.хуулиар хориглоогүй бусад хөрөнгө оруулалтын хэлбэрээр хөрөнгө оруулна гэж заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаар Ш.Б-н банкнаас зээл авч шилжүүлэн өгсөнийг компанийн хөрөнгө оруулалт гэж үзэх боломжгүй байна.

Харин нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн харилцааг зээлийн гэрээний харилцаа гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Учир нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт ...Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ... гэж заажээ.

Шүүх хуралдаанд хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.Б нь:

-Үйлдвэрийн тоног төхөөрөмж авахад 72,890,000 төгрөг,

-380-ын шугам татахад 4,000,000 төгрөг зарцуулсан,

-байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэхэд 6,000,000 төгрөг,

-оффиссын ком тавилга 3,500,000 төгрөг

-цемент болон бетон зуурмаг- 6,000,000 төгрөг

-Хэлмэрч зуучлагч онгоцны билет 1,234,000 төгрөг,

-Үнэлгээ хийлгэхэд 666,000 төгрөг, Нийт 94,290,000 төгрөгийг Ш.Б-с авч, А ХХК-ийн тоног төхөөрөмж, үйл ажиллагаанд зарцуулсан гэдгийг хүлээн зөвшөөрч, тухайн үнийн дүн дээр маргаагүй болно.

Хариуцагч нь дээрх мөнгийг Ш.Б-с зээлээгүй, харин компанид оруулсан хөрөнгө оруулалт байсан гэх боловч 4 удаагийн зээл төлөлт болох 31,723,200 төгрөгийг Ш.Б-н данс руу шилжүүлж байгаа үйлдлээс дүгнэхэд Ш.Б-с компанийн үйл ажиллагаанд зарцуулсан мөнгийг буцаан төлөхийг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Иймд Ш.Б-с авч, А ХХК-ийн тоног төхөөрөмж, үйл ажиллагаанд зарцуулсан 94,290,000 төгрөгөөс Ш.Б-д шилжүүлсэн 31,723,200 төгрөгийг хасч, нийт 62,566,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Б-д олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Харин үйлдвэр ашиглалтанд оруулах бусад үйл ажиллагаанд үлдэгдэл төлбөрийг зарцуулсан гэх боловч үүнтэй холбоотой баримтыг ирүүлээгүй, талуудын хооронд зээлийн хүү төлөхөөр харилцан тохиролцоогүй, хохирол учирсан нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хохирол буюу зээлийн хүүнд төлсөн 23,980,740 төгрөг, нийт 67,189,958 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2- Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй... гэж,

44.4-т Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Ш.Б-н цахим шуудангаар ирүүлсэн А ХХК-ийн 2017 оны санхүүгийн тайлангийн баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүх дээрх баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Учир нь уг баримт нь тухайн компанийн дарга болон нягтлан бодогчийн гарын үсэг зурагдаагүй, тамга тэмдгээр баталгаажуулаагүй байгаа болно.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А ХХК-иас 62,566,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 67,189,958 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Б-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 806,734 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас нэхэмжлэлийн хангагдсан шаардлага болох 62,566,800 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 470,784 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Б-д олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А ХХК-иас 62,566,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 67,189,958 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Б-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 806,734 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас нэхэмжлэлийн хангагдсан шаардлага болох 62,566,800 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 470,784 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Б-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ