Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2021/00090

 

  2021           01             15                                              183/ШШ2021/00090

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Чулуунчимэг  даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

      Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ..................  байрлах Хан-Уул дүүргийн НДХ УТҮГ /РД:000000/-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн ............байрлах “Б” ХХК /РД:00000000/-д холбогдох

        нийгмийн даатгалын шимтгэлийн өр болон түүнд ногдох алданги 42.921.780 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагчийн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн НДХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус хэлтэстэй харилцагч “Б” ХХК нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т “Өмчийн бүх хэвшлийн аж ахуй нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн албан журмаар даатгуулна”. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16.1-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан датгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын дансанд шилжүүлнэ”. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйл “Ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүргийн” 17.1.1 дэх хэсгийн “Албан журмаар даатгуулагч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээнэ” гэсэн заалтуудыг тус тус зөрчин 2020-09-16-ны өдрийн байдлаар 2019 оны 4 дүгээр сараас 2020-08-31-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсний улмаас 30.086.988 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 12.834.792 төгрөг, нийт 42.921.780 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна. Дээрх зөрчлийн улмаас тус компанийн даатгуулагчдын “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай” хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйл “Хууль тогтоомж зөрчигчид хүлээх хариуцлага” 20.4-т “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 10.17.3-т заасны дагуу “Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Мөн тайлбар хэсэгт энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 354 дүгээр “Дүрэм, журам батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм”-ийн 3 дахь хэсгийн 3.3.1-т заасан “Нийгмийн даатгалын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс шимтгэлийн өр, авлага үүссэн, нийгмийн даатгалын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийг зөвшөөрөөгүй, дутуу төлсөн, торгууль, алдангийг төлөхөөс татгалзсан, зайлсхийсэн зэрэг тохиолдолд даатгуулагчийн хууль ёсны эрх ашгийг хангах зорилгоор ажил олгогч, даатгуулагчийн төлбөл зохих шимтгэл, алданги, торгуулийг төлүүлэхээр Нийгмийн даатгалын байгууллага нь шүүхэд нэхэмжлэл гаргана” гэсэн заалтуудыг тус тус үндэслэн 42.921.780 төгрөгийг “Б” ХХК-иас гаргуулж шимтгэл, алдангийг барагдуулж өгнө үү. Зөрчлийн хэрэг нээх эрх байгаа ч нээсэн хойно дуудахаар байгууллагууд ирдэггүй тул хуулийн энэ заалтыг хэрэгжүүлэх хэцүү байдаг. Хариуцагч шүүх дээр ч албадан ирсэн гэв.

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийг 2020-09-18-ны өдөр гаргасан атлаа 2020-05-06-ны өдөр буюу олон сарын өмнө итгэмжлэл авсан. Тухайн итгэмжлэл нь яг энэ хэрэгт орох итгэмжлэл эсэх нь ойлгомжгүй байна. Алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Алдангийн асуудал бол Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэгдэж байгаа болохоор шүүхийн харьяаллынх биш юм. Үндсэн өр 30.086.988 төгрөг байгаа гэдэг нь үнэн гэв.

         Шүүх хуралдаанаар хариуцагчийн тайлбарыг  сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн НДХ нь хариуцагч “Б” ХХК-нд холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр болон түүнд ногдох алданги 42.921.780 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагаас 30.086.988 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 12.834.792 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

        Хан-Уул дүүргийн НДХт бүртгэлтэй “Б” ХХК нь 2019 оны 4 дүгээр сараас 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 30.086.988  төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, улсын байцаагчийн албан шаардлага, талуудын тайлбараар  нотлогдож байна.

        Тиймээс “Б” ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-т зааснаар хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй байна.

        Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн НДХийн улсын байцаагчаас 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 00000000 дугаартай улсын байцаагчийн акт, 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр улсын байцаагчийн акт тус тус үйлдэж, хугацаандаа төлөгдөөгүй шимтгэл, алдангийг  нөхөн төлүүлэх арга хэмжээ авсан боловч биелэгдээгүй,

“Б” ХХК -тай 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр уулзаж өр барагдуулах талаар гэрээ байгуулсан боловч энэхүү гэрээгээр тохирсон хугацаандаа төлбөрөө төлж барагдуулаагүй болох нь зохигчдын тайлбар, Хан-Уул дүүргийн НДХийн улсын байцаагчийн албан шаардлага, мэдэгдэл, талуудын нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ зэргээр тогтоогдож байна.

     Хариуцагч “Б” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч байгууллагаас Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасан төлөгдөөгүй шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулах үндэслэлтэй боловч Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж, Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

        Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 10.17.3 дахь хэсэгт нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох бөгөөд энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасны дагуу уг арга хэмжээг нийгмийн даатгалын байцаагч харьяалан шийдвэрлэх эрхтэй байна.

Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн НДХийн хариуцагч  “Б” ХХК-иас Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар алданги тооцож 12.834.792 төгрөгийн алданги гаргуулахаар нэхэмжилсэн нь шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байна. 

        Иймд хариуцагч “Б” ХХК-иас 2020 оны 8 дугаар  сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийн үлдэгдэл 30.086.988 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  Хан-Уул дүүргийн НДХт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12.834.792 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул хариуцагчаас нэхэмжлэлийн үнийн дүнг хангасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 308.385 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.       

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118  дугаар зүйлүүдийг удирдлага болгон                   

ТОГТООХ нь:

      1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-иас 30.086.988 /гучин сая наян зургаан мянга есөн зуун наян найман/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн НДХ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12.834.792 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 308.385  төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.         

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            О.ЧУЛУУНЧИМЭГ