Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/00451

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/00451

 

 

ХУД НДХ-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2021/00090 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ХУД НДХ хариуцагч Б.Э.АХХК-д холбогдуулан гаргасан нийгмийн даатгалын шимтгэлийн өр болон алдангид нийт 42 921 780 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

  Нэхэмжлэгч ХУД НДХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус хэлтэстэй хариуцагч Б.Э.АХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т Өмчийн бүх хэвшлийн аж ахуй нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн албан журмаар даатгуулна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16.1-т Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан датгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын дансанд шилжүүлнэ. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйл Ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүргийн 17.1.1 дэх хэсгийн Албан журмаар даатгуулагч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээнэ гэсэн заалтуудыг тус тус зөрчин 2020-09-16-ны өдрийн байдлаар 2019 оны 4 дүгээр сараас 2020-08-31-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсний улмаас 30 086 988 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 12 834 792 төгрөг, нийт 42 921 780 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна. Дээрх зөрчлийн улмаас тус компанийн даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйл Хууль тогтоомж зөрчигчид хүлээх хариуцлага 20.4-т Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлий 10.17.3-т заасны дагуу Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Мөн тайлбар хэсэгт энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 354 дүгээр Дүрэм, журам батлах тухай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм-ийн 3 дахь хэсгийн 3.3.1-т заасан Нийгмийн даатгалын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс шимтгэлийн өр, авлага үүссэн, нийгмийн даатгалын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийг зөвшөөрөөгүй, дутуу төлсөн, торгууль, алдангийг төлөхөөс татгалзсан, зайлсхийсэн зэрэг тохиолдолд даатгуулагчийн хууль ёсны эрх ашгийг хангах зорилгоор ажил олгогч, даатгуулагчийн төлбөл зохих шимтгэл, алданги, торгуулийг төлүүлэхээр Нийгмийн даатгалын байгууллага нь шүүхэд нэхэмжлэл гаргана гэсэн заалтуудыг тус тус үндэслэн 42.921.780 төгрөгийг Б.Э.АХХК-иас гаргуулж шимтгэл, алдангийг барагдуулж өгнө үү. Зөрчлийн хэрэг нээх эрх байгаа ч нээсэн хойно дуудахаар байгууллагууд ирдэггүй тул хуулийн энэ заалтыг хэрэгжүүлэх хэцүү байдаг. Хариуцагч шүүх дээр ч албадан ирсэн гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийг 2020-09-18-ны өдөр гаргасан атлаа 2020-05-06-ны өдөр буюу олон сарын өмнө итгэмжлэл авсан. Тухайн итгэмжлэл нь яг энэ хэрэгт орох итгэмжлэл эсэх нь ойлгомжгүй байна. Алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Алдангийн асуудал бол Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэгдэж байгаа болохоор шүүхийн харьяаллынх биш юм. Үндсэн өр 30 086 988 төгрөг байгаа гэдэг нь үнэн гэжээ.

 

Шүүх: Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Э.АХХК-иас 30 086 988 /гучин сая наян зургаан мянга есөн зуун наян найман/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХУД НДХт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12.834.792 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Э.АХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 308 385 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 10.17.3-т заасны дагуу Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Мөн тайлар хэсэгт Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцох а уг алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.15 дах заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ гэж заасан. Захиргааны хэргийн шүүх нь албан тушаалтны гарсан шийдвэр нь хувь хүн, хуулийн этгээдийн эрхийг зөрчсөн харилцааг хүлээн авч шийдвэрлэдэг ба тус хэлтсийн зүгээс захиргааны шүүхэд нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг төлүүлж, хариуцлагыг тооцох боломжгүй байна. Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зөрчлийн хэрэг нээн прокурорт хянуулах ажиллагаанд Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 6 сарын 27-ны өдрийн А/54 дугаар тушаалын хавсралт болох Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн хэлбэрийн жагсаалт эрх зүйн баримтад улсын байцаагчийн акт, алданги тооцох маягт байхгүй байгаа нь зөрчлийн туай хуулиар нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шимтгэлийг төлүүлж төлөөгүй нөхцөлд үүссэн хариуцлагыг ногдуулах боломжгүй нөхцөл үүсгэж эрх зүйн чадамжгүй болгож байна. Иймд Засгийн газрын 2014 оны 354 дүгээр Дүрэм, журам батлах тухай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Нийгмийн даатгалын байгууллагын дүрмийн 3 дах хэсгийн 3.3.1-д заасан Нийгмийн даатгалын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс шимтгэлийн өр, авлага үүссэн, нийгмийн даатгалын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийг зөвшөөрөөгүй, дутуу төлсөн, торгууль, алдангийг төлөхөөс татгалзсан, зайлсхийсэн зэрэг тохиолдолд даатгуулагчийн хууль ёсны эрх ашгийг хангах зорилгоор ажил олгогч, даатгуулагчийн төлбөл зохих шимтгэл, алданги, торгуулийг төлүүлэхээр Нийгмийн даатгалын байгууллага нь шүүхэд нэхэмжлэл гаргана гэснийг үндэслэн тус хэлтсийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс 2020 оны 5 сарын 06-ны өдрийн 321 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн төлөөлөгч гэх М.Алтангэрэлд олгосон итгэмжлэл нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр итгэмжлэл биш байна. Тус итгэмжлэлийн агуулгаас харахад ажил олгогч гэх ойлголт нь тодорхойгүй, М.Алтангэрэл гэх хүн нь уг маргаанд төлөөлөх эрхтэй эсэх нь тодорхойгүй байна. Мөн нэхэмжлэгч байгууллага нь 2020 оны 9 сарын 18-ны өдөр нэхэмжлэлийг шүүхэд гаргасан атлаа, итгэмжлэл нь 2020 оны 5 сарын 06-ны өдөр олгосон нь хариуцагчийн төлөөлөгч гэх М.Алтангэрэл нь тус хэргийг хянан шийдвэрлэхэд байгууллагаа төлөөлөх эрхгүй байсныг нотолж байна. Шүүх хуралдааны явцад хариуцагчаас удаа дараа дээрх тайлбарыг тавьсан хэдий ч шүүхээс тухайн маргаанд нэхэмжлэгчийг М.Алтангэрэл нь төлөөлөх эрхтэй гэж үзсэн нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэхээр байна. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч байгууллагыг төлөөлөх эрхгүй этгээдийг оролцуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэрээс 30 086 988 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч ХУД НДХ нь Бэрэнконстракшн энд автомэншн ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын хугацаандаа төлөөгүй шимтгэл 30 086 988 төгрөг, түүнд тооцогдох алданги 12 834 792 төгрөг, нийт 42 921 780 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч алдангид холбогдох хэсгийг эс зөвшөөрсөн тайлбар гаргасан байна. /хх 1-2, 34/

 

Хэрэгт Улсын Нийгмийн даатгалын Ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, шимтгэл чөлөөлөлтийн тайлан, Дансны зарлагын гүйлгээг зогсоож, ,төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах тухай мэдэгдэл, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр, 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Шимтгэлийн өр барагдуулах тухай албан шаардлага, 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ, зохигчдын тайлбар зэргээс үзвэл, хариуцагч нь 2019 оны 04 дүгээр сараас 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны шимтгэл 30 086 988 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй үйл баримт тогтоогджээ. /хх8-21/

Энэ нь хариуцагч  Бэрэнконстракшн энд автомэншн ХХК-ийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-т заасан хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэл болно.

Анхан шатны шүүх алданги 12 834 792 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Учир нь, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйтэй холбоотой алданги тооцогдсон буюу үүрэг хариуцлага үүссэн гэдэг байдлыг нотлосон баримт хэрэгт авагдаагүй байна. Мөн Зөрчлийн тухай хуульд алдангийг тооцох буюу зөрчлийг хянан шийдвэрлэх эрхийг иргэний хэргийн шүүхэд олгоогүй, шүүхийн эрх хэмжээ биш байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд шүүх хуралдаанд оролцсон гэх тайлбар, гомдол гаргасан байх боловч ХУД НДХ даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Жавзандулам нь 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 321 дугаартай албан бичгээр М.Алтангэрэлд итгэмжлэл олгосон нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байх тул энэ талаарх давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй юм. /хх4/

Эдгээрээс үзэхэд, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар үнэлж, тухайн маргаанд хамааруулан үндэслэл бүхий дүгнэлт хийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, алдангид холдбогдох шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Дээрх үндэслэлээр зохигчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2021/00090 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Э.АХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308 385 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД  А.МӨНХЗУЛ

 

Б.НАРМАНДАХ