Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2021/00179

 

2021          01             25                                              183/ШШ2021/00179

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Чулуунчимэг  даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ..............  байрлах Нийслэлийн Хан-Уул дүүргийн НДХ, ТБАГУТҮГ /РД:0000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ................ тоот хаягт  байрлах “Н” ХХК /РД:000000/-д холбогдох

нийгмийн даатгалын шимтгэлийн өр болон түүнд ногдох алданги 37.113.852 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ   нь:

        Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн НДХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэмэлт тайлбартаа: Тус хэлтэстэй харилцагч “Н” ХХК нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай  хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” мөн нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т “Өмчийн бүх хэвшлийн аж ахуй нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн албан журмаар даатгуулна". Нийгмийн даатгалын тухай хуулийн 16.1-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын дансанд шилжүүлнэ”. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйл “Ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүргийн” 17.1.1 дэх хэсгийн “Албан журмаар даатгуулагч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд ногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээнэ” гэсэн заалтуудыг тус тус зөрчин 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсний улмаас 24.742.568 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 12.371.284 төгрөг, нийт 37.113.852 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна. Дээрх зөрчлийн улмаас тус компанийн даатгуулагчдын “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай” хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны толон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйл "Хууль тогтоомж зөрчигчид хүлээх хариуцлага” 20.4-т ‘‘Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 10.17.3-т заасны дагуу "Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Мөн тайлбар хэсэгт Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна”. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 354 дүгээр “Дүрэм, журам батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм"-ийн 3 дахь хэсгийн 3.3.1-д заасан “Нийгмийн даатгалын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс шимтгэлийн өр, авлага үүссэн, нийгмийн даатгалын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийг зөвшөөрөөгүй, дутуу төлсөн, торгууль, алдангийг төлөхөөс татгалзсан, зайлсхийсэн зэрэг тохиолдолд даатгуулагчийн хууль ёсны эрх ашгийг хангах зорилгоор ажил олгогч, даатгуулагчийн төлбөл зохих шимтгэл, алданги, торгуулийг төлүүлэхээр Нийгмийн даатгалын байгууллага нь шүүхэд нэхэмжлэл гаргана” гэсэн заалтуудыг тус тус үндэслэн 37.113.852 /Гучин долоон сая нэг зуун арван гурван мянга найман зуун тавин хоёр/ төгрөгийг “Н” ХХК-иас гаргуулж шимтгэл, алдангийг гаргуулмаар байна. Нэмж хэлэхэд хэдийгээр нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлд хариуцлагын асуудлыг зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэнэ гэх боловч зөрчлийн хэрэг нээх эрх байгаа ч нээсэн хойно дуудахаар байгууллагууд ирдэггүй тул хуулийн энэ заалтыг хэрэгжүүлэх хэцүү байдаг, алдангиа иргэний шүүхээр шийдвэрлүүлмээр байна гэв.

            Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай компани нь 2002 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийг 2017 он хүртэлх хугацаанд төлж ирсэн байдаг. 2016 онд монголд эх орны үйлдвэрийн бэлэн гоймон үйлдвэрлэх шинээр үйлдвэр байгуулж, банкнаас зээл аван ажиллах хүчнийг нэмэгдүүлж ажилласан. Хэрэглэгчдийг эко хүнс хэрэглэх тал дээр илүү хандах болов уу гэсэн бидний хүлээлт талаар болж, нөгөө талаар томоохон супер маркетууд өөрсдөө гаднаас хямд бэлэн хоол ихээр оруулж ирдэг, мөн засаг төрөөс ард иргэдээ эрүүл хүнсээр хангах бодлого нь зөвхөн яриа төдий байдаг зэргээс энэ үйлдвэр нь явцгүй юм байна гэж ойлгогдоод бөөн өртэй л үлдлээ. Энэ хугацаанд ажиллаж байсан ажилчдын тоо нэмэгдсэний улмаас энэ нийгмийн даатгалын өрөнд орсон. Харин одоо 24.742.568 төгрөгийн үндсэн төлбөр дээр алданги 12.371.284 төгрөг, нийт 37.113.852 төгрөгийн өр нэхэмжилжээ. Үүнийг би яагаад ч хүлээн зөвшөөрч чадахгүй. Олон хүн ажиллуулж ажлын байраар хангасан чинь чиний хохь гэж үзэж байгаа мэт энэ нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Ажилчид нийгмийн даатгал төлөлгүй цалингаа авъя ,амьдрал хэцүү байна хэмээн учирлахад нэг удаа цалинг нь тэгээд тооцчихсон чинь ажлаас халагдахдаа миний нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлдөг хэмээн заргалдаж, компани 3.000.000 төгрөгөөр торгуулж байсан. Мөн захирал миний хувьд гэхэд л өчнөөн жил нийгмийн даатгалын шимтгэл төлөхдөө нэг ч удаа ямар нэгэн хөнгөлөлт /эрүүл мэндийн ч юм уу/ эдэлж үзээгүй, ажилчдадаа нийгмийн даатгалын шимтгэл төлөх ямар хэрэгтэй вэ гэсэн сэдвээр ярилцлага таниулга хийж өгөөч гэсэн хүсэлтийг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс удаа дараа тавьж байсан боловч нэг ч удаа ирж байгаагүй. Тэгээд ч одоогийн хүнд нөхцөлд үйл ажиллагаа явуулаагүй байгаа тул энэ нэхэмжлэлийг цуцалж өгнө үү гэв.

          Шүүх хуралдаанаар хариуцагчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн НДХ нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр болон түүнд ногдох алданги 37.113.852 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагаас 24.742.568  төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 12.371.284  төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдэрлэлээ.

        Хан-Уул дүүргийн НДХт бүртгэлтэй “Н” ХХК нь 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 24.742.568 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн улсын байцаагчийн албан шаардлага, 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 0000244 дугаартай мэдэгдэл, талуудын 2018-08-05, 2018-06-25-ны өдрүүдийн уулзалтын тэмдэглэлүүдээр нотлогдож байна.

        Тиймээс “Н” ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй байна.

        Нэхэмжлэгч ХУДНДХ-ийн улсын байцаагчаас 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр улсын байцаагчийн акт  үйлдэж, хугацаандаа төлөгдөөгүй шимтгэл, алдангийг нөхөн төлүүлэх арга хэмжээ авсан боловч биелэгдээгүй, “Н” ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 25, 2018 оны 8 дугаар сарын 05-ны өдөр тус тус уулзаж өр барагдуулах талаар гэрээ байгуулсан боловч энэхүү гэрээгээр тохирсон хугацаандаа төлбөрөө төлж барагдуулаагүй болох нь зохигчдын тайлбар, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн албан шаардлага, мэдэгдэл, талуудын нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцсон уулзалтын тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

        Хариуцагч “Н” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч байгууллагаас Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан төлөгдөөгүй шимтгэлийн  дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулах үндэслэлтэй боловч Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж, Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

        Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох бөгөөд энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувьтай тэнцэх хэмжээн алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасны дагуу уг арга хэмжээг нийгмийн даатгалын байцаагч харьяалан шийдвэрлэх эрхтэй байна.

Нэхэмжлэгч ХУДНДХ-ийн хариуцагч  “Н” ХХК-иас Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар алданги тооцож 12.371.284  төгрөгийн алданги гаргуулахаар нэхэмжилсэн нь шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байна. 

       Иймд хариуцагч “Н” ХХК-иас  2018 оны 10 дугаар  сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийн үлдэгдэл 24.742.568  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  Хан-Уул дүүргийн НДХт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12.371.284  төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

   Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул хариуцагчаас нэхэмжлэлийн үнийн дүнг хангасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж  281.662 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна. 

     Хариуцагчийн төлөөлөгч Б.Ө тайлбараа бичгээр хүргүүлсэн учир хэргийг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118  дугаар зүйлүүдийг удирдлага болгон                  

ТОГТООХ нь:

      1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Н” ХХК-иас 24.742.568 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн НДХ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12.371.284 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Н” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 281.662 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       О.ЧУЛУУНЧИМЭГ